Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/34

 

Н.У-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Б.Энхмэнд /цахимаар/,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг /цахимаар/,

          Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа /цахимаар/

         Хохирогч Ү.Т /цахимаар/

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжтай, шүүгдэгч Н.У-т холбогдох 2129000050051 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Н.У нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн үед Өмнөговь аймгийн Ц сумын төмөр замын өртөөний барилга дээр ажиллаж байхдаа “шүргэж тавцан дээрээс унагаах гэлээ” гэж Ү.Т-н дух хэсэгт резинэн алхаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь Н.У-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Н.У-т холбогдох эрүүгийн 2129000050051 дугаартай хэргийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт нэгтгэгдсэн болон тусгаарлагдсан хэрэг байхгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг, прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “Яллагдагч талаас 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Сум дундын прокурорын газарт хандаж, хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруугаа ойлгож байгаа, хохирогч Ү.Т-н нэхэмжилсэн 1.775.650 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэх үндэслэлүүдийг бичиж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ гаргаж өгсөн. Тухайн өдрөө прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай, сум дундын шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарган, 2021 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 14.00 цагт шүүх хуралдаан болж, хохирогчоос гаргасан өмгөөлөгч авах тухай хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 04 дүгээр сарын 22-ны өдрийн 14.00 цаг хүртэл хойшлуулсан.

Хохирогч Ү.Т-н өмгөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдааны өмнө шүүхэд майлээр хохирогчийн цалин тэтгэмжийн зөрүү ойролцоогоор 10.000.000 төгрөгийг Н.У-с нэхэмжилж байна гэх хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Ү.Т-с хохирол төлбөртэй холбоотой баримтууд /ХХ-91-92/ талд хохирогчоос 1.775.647 төгрөгийг нэхэмжилсэн талаарх хүсэлтүүд, /ХХ-93-123 талд/ хохирол төлбөртэй холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, манай талаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргахад, хохирол төлбөрийн хэмжээ нэмэгдээгүй урьд гаргаж өгсөн 1.775.647 төгрөгийн баримт хэвээрээ байсан.

Хохирогч Ү.Т-с шүүхийн шатанд цалин тэтгэмжийн зөрүүд ойролцоогоор 10 сая төгрөг нэхэмжилсэн боловч, хохирогчийн өмгөөлөгч нотлох баримтаа гаргаж өгөөгүй учир, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү гэсээр атал, шүүхээс шүүгдэгч Н.У-г 10.000.000 төгрөгийн хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлээгүй гэж үзэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарласан.

Хуульчид хэрэгт авагдсан хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтад үндэслэж, хуулийн шаардлага хангасан эсэхийг шалгаж, үнэлж дүгнэж хохирлын нийт тооцоог гаргадаг. Гэтэл хохирогч талаас 10 сая төгрөг нэхэмжилсэн ямар ч нотлох баримтгүй талаар түүний өмгөөлөгч мэдүүлсээр байтал .. шүүгдэгчийг хохирол төлбөр төлөх талаар илэрхийлсэнгүй гэж дүгнэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг хэт дордуулан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаасан нь хуулийн үндэслэлгүй байна. Иймээс хавтаст хэргийн хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан нөхцөл байдал, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж үзэж байгаа тул, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, анхан шатны журмаар хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны журам зөрчсөн гэх дараахи үндэслэлүүд тогтоогдож байна. Үүнд:

1. Прокуророос Н.У-т холбогдох хэрэгт яллагдагчийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хүлээн авч, хэргийг шүүхэд шилжүүлэхэд шүүх хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан нөхцөл хангагдаагүй гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан.

Шүүх хуралдааны шатанд шүүгдэгч Н.У нь хохирогчоос нэхэмжилж байгаа 10.000.000 /арван сая/ төгрөг болон бусад хохирлыг шүүх шийдвэрлэсэн тохиолдолд хохирлыг баримтаар нь төлнө гэж мэдүүлсэн,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нь: “10.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй орхих нь зөв” гэх тайлбар,

-хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяагаас:     “хохирлоо жич нэхэмжлэх, энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэхгүйгээр орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж өгнө үү” гэсэн тайлбар, хүсэлтийг гаргаж, тус тус нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтээсээ дээрх байдлаар татгалзсаар байхад шүүх хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байх хуульд заасан нөхцөл хангагдаагүй гэж үзэж, уг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Н.У нь прокурорын хяналтын шатанд хохирогч Ү.Т-д 1.775.650 /нэг сая долоон зуун далан таван мянга зургаан зуун тавь/ төгрөгийг нөхөн төлсөн ба шүүхийн шатанд хохирогчоос нэхэмжилсэн хохирлыг баримтын дагуу нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад шүүх нь “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх хэргийн бодит байдалд нийцэхгүй, үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүхийн дээрх дүгнэлт нь шүүгдэгч Н.У-н хувьд хохирогчоос нэхэмжилсэн хохирол нь үндэслэлтэй эсэх, нотлогдох эсэхийг үл харгалзан түүнийг бүрэн нөхөн төлөх, төлөөгүй бол өөрт холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжгүйд хүргэж, энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй” гэж заасныг ноцтой зөрчиж байна.

Түүнчлэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан прокурор хэргийн материалтай даруй хугацаанд танилцаж, шүүхэд шилжүүлэх болон мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар шүүх хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл даруй шийдвэрлэх боломжийг хууль бусаар хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна.

2. Шүүх хуралдааны шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа нь мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа явуулж, нотлох баримт шинээр цуглуулах, бэхжүүлэх, гэмт хэрэгт сэрдэгдсэн бусад этгээдийг олох, мөрдөн байцаалтын ажиллагааг өөр газарт хийх буюу нэмэлт бусад ажиллагаа явуулах шаардлагатай байхыг ойлгодог. Энэхүү ажиллагаа нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэн өөрчлөх, хэргийн бодит байдал эрс өөрчлөгдөх, хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлоход чиглэсэн онцлогтой ажиллагаа байдаг.

Яллах дүгнэлтэд гэмт хэрэг гарсан цаг хугацаа бичигдээгүй нь хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах үндэслэлд хамаарахгүй бөгөөд прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, шүүхээр хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар уг гэмт хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн болохыг нотолж, улсын яллагчаас санал, дүгнэлтээ гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хэзээ гарсныг шүүх хуралдааны явцад нотлох боломжтой, өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд техникийн шинжтэй, орхигдуулж бичсэн хугацааг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд тодруулан тогтоох, нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаа байна.

3. Хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байхад шүүх хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ шийдвэрийн “удирдлага” болгон захирамжилсан хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг, мөн хуулийн Гучин гуравдугаар бүлгийн заалт буюу 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалттай давхар баримталж, хэрэглэх ёсгүй хуулийн зүйл, хэсгийг хэрэглэжээ.

Иймд шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн, оролцогчийн эрхийг хязгаарласан зөрчил гаргасан гэж үзэж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаалгахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний зүгээс шүүгчийн захирамж 2 үндэслэлийг зааж хэргийг прокурорт буцаасан нь үндэстэй байна гэж үзэж байгаа.

Хохирогч Т өөрийн эрх ашгийг хамгаалж хууль зүйн хүрээнд нөхцөл байдал нэхэмжлэлийн учир холбогдлоо ойлгоогүй мэдэхгүй байсан. Иргэн бүрийн эрх зүйн боловсрол бүрэн хангалттай биш. Тийм боловсролыг ч иргэн бүрт олгоогүй. Иймд өмгөөлөгчийг шүүх хурал зарласнаас хойш авч богино хугацаанд танилцсаны үндсэнд мөрдөн байцаалтын шатанд ямар хохирол хэрхэн нэхэмжлэх эрхтэйгээ сайн мэдэхгүйгээс өвчтэй, ажлаа үргэлжлүүлэн хийх боломжгүй удаа дараа шинжилгээ хийж онош тодруулсан ч одоо болтол өвдөж зовиурлаад ухаан балартаж унадаг болсны шалтгаан эргэлзээтэй байгаа.

Хэдийгээр КТГ, МRI-н шинжилгээ зэргээр хүнд ноцтой гэмтлийн шинж тодорхойлогдоогүй ч одоо хүртэл биед нь илрэх зовиур шаналгааны шалтгааныг гэмтлийн дараахи толгой өвдөлт үлдэц урхаг гээд дахин дахин нарийвчилсан шинжилгээ хийлгэх, тархины эд эс дэмжих, сэргээх эмийг тогтмол хэрэглэхийг зөвлөж байна.

Дөрвөн сарын турш эмчилгээ, шинжилгээ физик сэргээн засах эмчилгээ, эм тариа хэрэглээд группэд орох ёстой боловч одоогийн шинжилгээний хариу группын заалтын нөхцөлд нийцэхгүй байгаа.

Цар тахлын улмаас улс орон даяар тавигдсан дэглэм хөл хорионоос хамааран нарийн шинжилгээ явж хийлгэж чадаагүй, үндсэндээ онош нарийн тогтоогдоогүй.

Ажлаа хийж чадахааргүй болоод цэргийн ангиас чөлөө хүссэн. Чөлөө удаан хугацаагаар олдох боломжгүй учир эргэн орох нөхцөлтэйгөөр халагдах өргөдөл бич гэсний дагуу бичиж өгсөн. Тиймээс зодуулсан өдрөөс хойш 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл 4 сар гаран акттай өвчтэй байсан тэр л хугацааны цалин хөлсний зөрүүг нэхэмжлэх эрхтэй.

Мөн төмөр замын бүтээн байгуулалтад ангийн захирагчийн тушаалаар томилогдож ажиллаж байсан. Түүнээс сар бүр 2 саяас 2200000 төгрөгийн цалин авдаг байсан. Тэр ажлаа хийж цалин мөнгөө авч чадаагүй хохирсон. Түүнийгээ нэхэмжлэх эрхтэй. Үүнийгээ нарийн тооцож гаргаж өгөх зорилгоор Зэвсэгт хүчний 338 дугаар ангиас цалингийн тодорхойлолт, актны мөнгө бодож олгосон тооцооны хүснэгт бүтээн байгуулалтын ажилд ажиллах үед авч байсан цалин түүнтэй адилтгах орлогын тооцооны хүснэгтийг хүссэн.

Өмгөөлөгч би захирагчийн туслах штабын дарга Ганболдтой ярихад цэргийн нууцлалын зэрэгтэй баримт учир шүүх, мөрдөн шалгаж, хянаж буй байгууллагын албан хүсэлтийг үндэслэн өгөх ёстой гээд хохирогч Түвшинжаргалд өгөөгүй учир энэ талаархи баримтыг шаардан гаргуулахыг хурлын өмнө, анхан шатны шүүхэд, хурлын дараа Ханбогд сумын сум дундын ерөнхий прокурорт тус тус хүссэн.

Уг баримтыг гаргуулчихвал бид хохирлоо нарийн тооцох боломжтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрүүгийн хэргийнх нь хамт нэхэмжлэлийг шийднэ гээд тодорхой заасан учир эрүүгийн хэргийг нь шийдэх үед хохирлын асуудлаа шийдүүлэх хүсэлтэй байна.

Яллах дүгнэлт яллах баримт учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь заалтад дурьдсан мэдээллийг бичсэн байх ёстой. Техникийн шинжтэй алдаа гэж үзвэл урьдчилсан хэлэлцүүлгийн явцад засуулах боломжтой. Шүүхийн шатанд шүүх өөрөө засварлана гэж байхгүй. Энэ талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, прокурорт гаргасан хохирогчийн хүсэлтийг хангах боломж олгоно уу гэжээ.

Прокурор Б.Энхмэнд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Шүүгдэгч маань 1 700 000 төгрөгийн хохирлыг төлсөн байсан. Прокурортой ял тохиролцож, ялыг хүлээн зөвшөөрсөн учир шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийг хэлэлцэх явцад хохирогч талаас хохирлын баримтыг гарган 10 000 000 төгрөг нэхэмжилсэн. Шүүх хуралдааны шатанд хохирогчийн өмгөөлөгч хүсэлтээсээ татгалзаад нотлох баримт хэлэлцэхгүй орхиё. Иргэний журмаар шийдвэрлэх боломжтой гэсэн. Шүүгдэгч шүүхээс тогтоосон хохирлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Гэтэл шүүх илэрхийлсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна.  Шүүгдэгч өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх эрхтэй. Энэ эрхийг хязгаарлаж байна гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хэргийн хүрээнд нотлогдон тогтоогдсон. Иймээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлгүй байна.

Тиймээс анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалд нийцээгүй шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Хэргийн хүрээнд 10 000 000 төгрөгийг нэхэмжилсэн талаарх баримт байхгүй. Зүгээр л нэхэмжилж байна гэдэг. Гэтэл шүүх төлөхөө илэрхийлэхгүй байна гэж үзсэн. Шүүгдэгчийн зүгээс нотлох баримт хангалттай бүрдүүлээд шүүхээс төлөхөөр шийдвэрлэвэл төлнө гэдэг. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “10 000 000 төгрөг нэхэмжилсэн тухай баримт байхгүй гэдэг нь үнэн. Цэргийн анги руугаа очих боломжгүй, тэгээд утсаар ярихад цэргийн нууц учир өгөх боломжгүй гэсэн. Ингээд шүүх хуралдаанаар 10 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэдгээ илэрхийлсэн. Гэтэл шүүгдэгч шүүх шийдсэн тохиолдолд би төлнө, шийдээгүй тохиолдолд төлөхгүй гэсэн учир шүүгч хэргийг буцаасан.” гэв.

Хохирогч Ү.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэндийн 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр бичсэн 17 дугаартай эсэргүүцэл болон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэгийн 2021 оны 05 дугаар сарын 05-ын өдөр бичсэн 43 дугаартай давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын ерөнхий прокурор Б.Энхмэнд нь 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 34 дугаартай тогтоолоор ...яллагдагч Н.У нь бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтсон байна. /хх-193/

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч нь Н.У-т холбогдох хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т “урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тов тогтоох нь зүйтэй” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 33.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Н.У-г шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар тогтож 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 2021/ШЗ/120 дугаартай “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай” захирамжийг гаргажээ. /хх-201/

Н.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокуророос ирүүлснийг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг баримтлан ял оногдуулах хурал зарлаж хэргийг шийдвэрлэхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлэн шүүх хуралдааныг товлон зарласан нь хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр тогтсон гэж дүгнэхээр байна.

Шүүхийн шийдвэрийг хянахад Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 /хх-227-229/ дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид “...Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянах үүрэгтэй ба дээрх нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянаж үзэхэд хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх” гэж заасан нөхцөл хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдож байна. Мөн ...яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг” тусгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа...” тусгана гэж заасныг зөрчиж хуулийн шаардлагад нийцээгүй яллах дүгнэлт үйлдсэн байна” гэж дүгнээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-т зааснаар прокурорт буцааж шийдвэрлэлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол, саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  6 дахь хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй байсан тул гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорын газарт буцаасан болно” гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг , 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36 дугаар бүлэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нь шүүгдэгч Н.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлээгүй бөгөөд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах боломжгүй гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасан урьдчилан хэлэлцүүлгийн үед хэргийг прокурорт буцаах талаар заасан заалтыг  баримтлан шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотолно” гэж заасан тул дээрх нотолбол зохих байдлыг нотлох үүргийг шүүхэд олгосон гэж үзлээ.

Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй тул ерөнхий прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаар тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЗ/127 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Н.У-т холбогдох 2129000050051 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрт анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР