Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 1328

 

 

 

 

 

 

 

 

 

                                     Ө.Э-ын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Туяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2019/01299 дугаар шийдвэртэй

                         

Нэхэмжлэгч Ө.Э-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Н” ХХК-д холбогдох

 

Ажлаас халсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.Э-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ө.Э- миний бие нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс “Н” ХХК-д хүний нөөцийн менежерийн ажил албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн. 1 сарын цалинг 900 000 төгрөг байхаар харилцан тохирсон. Ингээд ажиллаад удаагүй байхдаа буюу 2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр гэнэт бие өвдөж эмнэлэгт үзүүлж явсаар 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажилдаа ирээд ажил үүргээ гүйцэтгэж байтал хүний нөөцийн менежерийн ажлын байрны зарын дагуу анкет бөглөх гэсэн юм гэж нэг эмэгтэй ирсэн. Ямар учиртай зар хаанаас харсныг нь тодруулж асуутал biznetwork.mn сайтад хүний нөөцийн менежерийн зарыг 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн тавигдсан байсныг мэдсэн. Энэ тухай захирлаас тодруултал “цаашид бүтцийн өөрчлөлт хийж өөр шинэ менежментээр ажиллах төлөвлөгөөтэй байна, одоогоор хүний нөөцийн менежерийн шаардлага алга байна. Хийх шаардлагатай ажил үүргийг ерөнхий инженер, нягтлан бодогч, туслахдаа хуваарилж өгсөн” гэсэн тайлбар өгсөн. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч байгууллага тушаал гаргаж намайг ажлаас халсан. Тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт “ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон тогтоогдсон” гэж заасан байсан. Ажилтан мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд хийж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэдэг нь ажил олгогчийн зүгээс буюу тухайн байгууллагын удирдах зөвлөлийн ямар нэг шийдвэр буюу эрхийн акт гарахыг ойлгоно. Гэтэл хариуцагч байгууллага нь намайг ямар учраас ажлын ур чадварын хувьд албан тушаалд тэнцэхгүй гэж үзсэн нь тодорхойгүй байна. Ингээд намайг ямар ч үндэслэлгүй ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хариуцагч байгууллага надтай ямар нэг хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, байгууллагын дотоод журмыг ч танилцуулаагүй. Иймд миний бие “Н” ХХК-ийн захирлын 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Т1/17/19 тоот тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хүний нөөцийн менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, зохих бичилт хийлгүүлэх тухай шаардлагуудыг гарган шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Ө.Э- нь зарын дагуу манай байгууллага дээр ирж хүний нөөцийн менежерийн ажилд орсон. Тодруулбал нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс “Н” ХХК-д хүний нөөцийн менежерийн ажилд орсон. Уг ажлын байр нь байнгын ажлын байр мөн эсэх тал дээр бид маргахгүй. Гэхдээ 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс ажиллаж эхэлсэн ба нэхэмжлэгч Ө.Э- нь ердөө 8 өдөр л ажилласан байдаг. Бид Ө.Э-ыг нэг сарын 900 000 төгрөгөөр цалинжуулахаар харилцан тохирсон. Нэхэмжлэгч нь ажилд орсон цагаасаа эхлээд ажлаа хийгээгүй, хүний нөөцийн ажлаа хийж чаддаггүй, ажил хийх чадваргүй, мөн ажилд орсон цагаасаа ажлын хамт олонтойгоо таарамжгүй харьцааг үүсгэж эхэлсэн. Бас ямар ч чөлөө, зөвшөөрөл авалгүй ажлаа таслаад явчихдаг байсан. Ийм учраас түүнийг ажлаас халсан нь хууль зөрчөөгүй гэж хариуцагч үзэж байгаа. Нэхэмжлэгч нь бидэнтэй хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй. Манай байгууллага түүнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, дотоод журам зэргээ танилцуулах гэсэн ч тэрээр шалтгаангүйгээр гэрээ байгуулахаас зайлсхийж, дүрэм журамтай танилцаагүй. Ингээд ур чадварын хувьд тэнцэхгүй, хувийн зохион байгуулалтгүй байсан учир бид нэхэмжлэгчийг 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас халсан. Иймд манай зүгээс нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Ө.Э-ыг “Н” ХХК-ийн “хүний нөөцийн менежер”-ийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н” ХХК-иас 3 181 360 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Э-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Э-д ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт нь бичилт хийхийг хариуцагч “Н” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан Ө.Э- нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Н” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 65 852 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Наранбайгаль давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийтээгүй хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн алдаатай шийдвэр болсон гэж үзэж байна.

Учир нь манай байгууллагын албан бичгийн архивт нэхэмжлэгчийг ажилд томилсон тушаал байхгүй болно. Учир нь байгууллагын дотоод дүрэм журмын дагуу шинэ ажилтанг ажилд авахдаа Хүний нөөцийн менежер удирдлагад танилцуулж, хөдөлмөрийн гэрээ болон нэмэлт бусад гэрээ байгуулж, ажил албан тушаалын тодорхойлолтыг танилцуулж баталгаажуулсны дараа ажилд томилсон тушаалыг нь төлөвлөж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Нэхэмжлэгч Ө.Э- нь дээрх Т1/17/19 тоот тушаалын талаар тухайн үедээ ямар нэгэн гомдол гаргаагүй бөгөөд тухайн байгууллагад бодит байдал дээр ажиллаагүй, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр манай байгууллагад ирж, 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс ажлаа хүлээж авсан. 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагын шинэ жилийн үйл ажиллагаа болсон бөгөөд 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш ажилчид бүх нийтийн амралт гээд амарсан. 2019 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс 1 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл ажилласан хоног нийт 8 өдөр болно. 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр ажлын байранд толгой өвдөөд байна гэж гараад тэр өдрөө ирээгүй бөгөөд 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл ажилдаа ирээгүй, чөлөө зөвшөөрөл авсан, баталгаажуулсан зүйл байхгүй болно.

            Мөн манай байгууллагын зүгээс Ө.Э-ыг хөдөлмөрийн гэрээн дээр гарын үсэг зурж танилцахыг удаа дараа шаардаж байсан боловч ямар нэгэн шалтгаангүйгээр ажил тасалж энэ байгууллагад ажилд орох эсэх нь тодорхойгүй явсан тул бид хөдөлмөрийн гэрээ. ажил үүргийн тодорхойлолт, мөн ажилд томилох тушаалыг боловсруулж байснаас биш ямар нэгэн баталгаажуулсан зүйл байхгүй .

Ө.Э- нь энэ хугацаанд хүний нөөцийн менежерийн чиг үүрэг бүхий ажил үүргийн хуваарьт тусгасан ажил үүргээс хийж, хэрэгжүүлж байгаа байдал, ажлын арга зүй нь ёс зүйгүй хариуцлагагүй гэдгээ харуулсан үйлдэл гэж бодож байна.

Ө.Э- нь манай компанийн ажилтан биш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь ажилтны буруугаас болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас тогтоогдсон байна.

Хэдийгээр хөдөлмөрийн гэрээг байгуулаагүй боловч анхан шатны шүүхийн дүгнэснээр нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтны нэгэн адил эрхтэй байсан тохиолдолд байгууллагын дотоод журмыг дагаж мөрдөх үүрэгтэй болохыг анхан шатны шүүх бодитой дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Байгууллагын дотоод журмыг анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн бөгөөд түүнд ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тодорхой хугацаагаар тасалсан нь дотоод журмын хэм хэмжээний хувьд "ноцтой" зөрчил байхаар зохицуулсан. Ажил олгогчийн хувьд хөдөлмөрийн гэрээний биш дотоод журмын зохицуулалтын хэм хэмжээг удиртгал болгож шийдвэр гаргах ёстой байсан ч анхан шатны шүүхээс ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд ажилтан хөдөлмөрийн харилцаанд хариуцлага хүлээхгүй, хуулиас гадуур байх боломжтой мэтээр Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэж үзэж байна. Иймд шийдвэрийн нэхэмжлэгчийг ажилд нь буцаан томилсон хэсэг болон, нөхөн олговрыг олгохоор шийдвэрлэсэн хэсгүүдийг тус тус хүчингүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                            ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ө.Э- нь хариуцагч “Н” ХХК-д холбогдуулж 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Т1/17/19 тоот тушаалыг хүчингүй болгох, хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ. /хх 1, 16 дугаар тал/

 

            Хэргийн 45 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн №1484894 тоот нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараас үзэхэд Ө.Э- нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч “Н” ХХК-д хүний нөөцийн менежерийн ажилд орж, улмаар хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн Т1/17/19 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримт тогтоогдож байна.

 

            “Н” ХХК-ийн захирал 2019 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Т1/17/19 тоот ажлаас чөлөөлөх тухай тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг тус тус баримталсан байна. /хх 2 дугаар тал/

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “ ...Ө.Э- нь үүрэгт ажлаа хийх чадваргүй, зөвшөөрөлгүй ажлаа таслаад явдаг ба ажлын хамт олонтойгоо таарамжгүй харьцаатай учир ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй” гэж тайлбарлажээ.

           

            Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан “...ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон” гэдэг нь тухайн ажилтны мэргэжлээ эзэмшсэн түвшин, мэдлэг, түүнийгээ оногдсон ажил үүрэгтээ хэрэглэх чадвар болон дадал нь эрхэлдэг ажил, албан тушаалд тавигддаг бодит шаардлагад үл нийцэх, мэргэжил ур чадварын хувьд хоцрогдолтой байхыг ойлгох бөгөөд ажил олгогчийн зүгээс тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ө.Э- нь ажил олгогч “Н” ХХК-д хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалыг гүйцэтгэх ур чадваргүй гэх нөхцөл байдал хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдохгүй байгаа талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

            Хэргийн 90 дүгээр талд авагдсан “цалингийн тооцооны карт” гэх баримтаар нэхэмжлэгч Ө.Э- нь сарын 900 000 төгрөгийн цалинтай болох нь тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй байна.

 

            Шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тооцож нийт 3 181 360 төгрөгийг ажил олгогч байгууллагаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

            Мөн түүнчлэн, шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч байгууллагад нэхэмжлэгч Ө.Э-ын ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилтийг нөхөн хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

            Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 102/ШШ2019/01299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “Н” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 65 852 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Д.ЦОГТСАЙХАН

 

     ШҮҮГЧИД                               Т.ТУЯА

 

                                           Ц.ИЧИНХОРЛОО