Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 101/ШШ2023/02457

 

 

 

 

 

 

 

 

 

2023 05 17 101/ШШ2023/02457

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн РЮ*********** регистрийн дугаартай, Чингэлтэй дүүрэг, ** дүгээр хороо, ******** хороолол ** байрны ** тоотод оршин суух С.Э-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн РЙ********* регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** дугаар хороолол, ** байрны ** тоотод оршин суух М.Ч-д холбогдох,

Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** дугаар хороолол, ** дугаар байрны ** тоот орон сууцнаас албадан чөлөөлүүлэх, тус орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.П, Л.Н, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын хамт гаргасан тайлбартаа:

С.Э миний бие нь иргэн Г.С гэх хүнээс 2015 оны 05 дугаар сарын 13-ний өдөр БЗД-ийн *-р хороо, ** хороолол *** байр ** тоот дахь 4 өрөө 54 метр квадрат Ү-22****** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг урьдчилгаа 30 хувь төлөн Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлээр худалдан авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн. Гэвч банкны зээл сард төлөх хэмжээ 730000 /долоон зуун гучин мянга/ орчим төгрөг төлөх шаардлагатай тул өөрийн хамаатны дүү болох М.Ч гэх зээлийн төлөлтийг төлж байх хүнд амьдарч байх хугацаандаа нэг сард ноогдох нөхцөлтэйгөөр амаар тохиролцож өөрийн орон сууцандаа амьдруулсан билээ. Гэвч М.Ч нь амьдарч байх хугацааны байрны төлбөрийг байнга нэхүүлэх, хугацаа хожимдуулах зэргээр хэсэг хугацаанд төлж байсан ба сүүлд ковидын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан банкны зээлээ төлж чадахгүй байгаа иргэдийн зээлийг хойшлуулах талаар Засгийн Газраас хэрэгжүүлсэн зээлийн төлөлтийг хойшлуулах тухай хүсэлтэд миний бие хамрагдан өнөөдрийг хүртэл 28000, орчим төгрөгийн даатгалын төлбөрийн төлөлтийг хийлгэх замаар олон сар өөрийн байрандаа амьдруулсан. Гэтэл иргэн С.Э надад санхүүгийн хүндрэл үүсэн өөрийн орон сууцаа зарах гэтэл М.Ч нь байрыг минь чөлөөлж өгөхгүй өөрийн эзэмшил мэт дураараа хандаж миний орон сууц хэмээн намайг нэвтрүүлэхгүй дур мэдэн хууль бусаар эзэмшиж, ашиглах замаар /амьдарч/ нэхэмжлэгч миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж хохироосоор өнөөдрийг хүрлээ. Энэхүү байр нь миний хууль ёсны өмчлөлийн байр бөгөөд миний өмчлөх эрхэнд санаатайгаар халдаж буй М.Ч-ээс БЗД- ийн ** хороо, *** хороолол *** байр ** тоот дахь 4 өрөө 54 метр квадрат Y- 22*********** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө эд хөрөнгийг /орон сууц/ албадан чөлөөлүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд дурдаж байгаа байрны анхны эзэмшигч нь манай хамаатан болох О.О-д гэж хүн байсан. Дараагийн эзэмшигч нь миний аавын төрсөн ах болох Г.С гэж хүнд зарсан. Тухай үед Г.С нь банкны зээлээр авах шаардлага гарч зээл авахдаа хүү С.Э-ын нэр дээр зээл авснаас биш өөрт нь авч өгсөн байр биш, мөн өөрөө мөнгө төлж авсан байр биш юм. Урьдчилгаа 37,200,000 төгрөгийг өөрөө төлсөн мэтээр худал мэдүүлж залилангийн шинжтэй үйлдэл хийж байгаа тул урьдчилгаа төлсөн тухайн мөнгөө буцаагаад авсан. Тухайн үеийн С.Э талийгаач ах Г.С болон компанийн дансны хуулгыг шалгуулмаар байна. Талийгаач уг байрыг зээлээр авахдаа хүүгийнхээ нэр дээр л авсан болохоос захиран зарцуулах 100 хувь эзэмших эрх нь Г.С ахад байсан. Энэ бүхнийг талийгаач ахын төрсөн ах Г.С, Г.Г-г нар болон бусад ах дүү нар бүгд мэдэж байгаа мөн гэрчлэх болно. Талийгаач ах 2015 онд Д эгч рүү ярьж энэ байрыг авах уу зээлийг нь цааш төлөөд явж чадах уу гэж асуусан гэсэн. Д эгч зээлтэй учир авч чадахгүй гээд аваагүйг нотолно. Тэгээд тухайн он буюу 2015 онд намайг энэ байранд амьдар гээд би өдийг хүртэл амьдарч байна. 2020 оны сард над руу талийгаач ах залгаж дуудаад дүүгийнхээ хүүхдүүдэд тус болж энэ байраа өгч байна. Шилжүүлж аваад зээлийг нь төлөөд аваарай гэж хэлж байсан. Уг байрыг хамаатны болох О.О-д ахаас аавын маань төрсөн ах болох Г.С ах худалдаж авч 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрчилгээг авсан. Би энэ байранд талийгаач ахын хэлснээр л амьдарч зээлийг үргэлжлүүлэн хийж байснаас биш Э-той ямар нэг гэрээ хэлэлцээр хийж байгаагүй. Зээлийн төлбөр байрны ашиглалтын төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн. Ингээд 2021 онд Г.С ах маань бурхан болж тэрхүү аман гэрээ хэрэгжиж амжилгүй үгүйсгэгдэж Э шилжүүлэхгүй миний байр, миний өмч хэмээн маргаан үүсгэн хүндрэл учруулж байгаа тул тэр үеэс эхлэн би байрны төлбөр, зээлийг төлөхгүй байгаа. Э-ын өмчлөх эрхэнд санаатай халдаад байгаа юм байхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч С.Э-ын аав С нь миний аав Мөнхбатын төрсөн ах бөгөөд бид төрсөн ах, дүүгийн хүүхдүүд юм. Тус байрны анхны эзэмшигч нь Олзвойн Од гэж хүн байсан. Дараагийн эзэмшигч нь миний аавын төрсөн ах болох Г.С гэж хүн эзэмшиж байгаад 2015 оны 5 сард дүү Г.Сад зарсан бөгөөд С ах байрыг хүү С.Эын нэр дээр, Голомт банкны 8%-ийн зээлээр авснаас хойш Ч миний бие гэр бүлийн хамт амьдарч байна. Энэхүү асуудлыг С ах амьд ахуйдаа зохицуулж байсан бөгөөд 2020 оны 3 сард талийгаач ах С нь биднийг дуудаж уулзаад, "дүүгийнхээ хүүхдүүдэд тус болж энэ байраа өгч байна, шилжүүлж аваад зээлээ үргэлжлүүлж төлөөд яваарай" гэж хэлж байсан. Гэвч Э нь ямар нэг байдлаар шалтаг хэлж, зайлсхийсээр албан ёсны баримт үйлдэж чадахгүй явж байтал 2021 онд С ах маань нас барж, байр шилжих асуудал аман хэлцэл байдлаар үлдсэн. Төрсөн ах, дүүгийн хүүхдүүд учир Эод итгэж найдаж байсан нь миний алдаа болжээ. С.Э нь энэ байранд амьдарч байгаагүй, амьдрах шаардлага ч байгаагүй. Учир нь Э өөрөө тусдаа байртай байсан. Одоо ч тэр байрандаа амьдарч байгаа бөгөөд өөрийн байраа банк, санхүүгийн байгууллагад барьцаанд тавьж, зээл аваад, зээлээ төлж чадахгүйд хүрч, байраа хураалгах дээрээ тул аргагүй эрхэнд өөрийн нэр байгаа юм чинь гэсэн байдлаар энэ байрыг надтай булаацалдаж, шүүхэд хандсан.

Голомт банктай хийсэн 2015.05.19-ний өдрийн 3Г******** тоот Орон сууцны зээлийн гэрээ нь С.Э-ын нэрээр хийгдсэн боловч М.Ч миний бие 2015 оноос хойш тус байранд амьдарч, сар бүрийн байрны урсгал зардал болон банкны зээлийг төлсөөр ирсэн. Үүнийг С.Э нь үгүйсгэж, маргадаггүй. Монгол улсын Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор этгээдийг шударга эзэмшигч гэнэ, мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэсэн нь энэхүү сөрөг нэхэмжлэл гаргах үндэслэлээ тодорхойлж, тус шүүхийн 2022.08.08- ний өдрийн 101/ШЗ2022/******** дугаартай, Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай" шүүгчийн захирамжид ... сөрөг нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байна гэсэнтэй нийцүүлсэн болно. 2022.08.08-ний өдрийн 101/ш32022/******* дугаартай, Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай шүүгчийн захирамжид ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-д эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр" нэхэмжлэлийн үнийг тодорхойлж, мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй" гэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Голомт банкнаас 2022.08.30-ны өдрийн ******** дугаартай албан бичгийн хавсралтаар ирсэн баримтаар тухайн орон сууцыг 124,000,000 төгрөгөөр үнэлсэн байх тул улсын тэмдэгтийн хураамжийг тус мөнгөн дүнгээр тооцож, 777,950 төгрөгөөр төлж, сөрөг нэхэмжлэлийг дахин гаргаж байгаа болно. Иймд Иргэний хуулийн 90-р зүйлийн 90.1, 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг үндэслэж, М.Ч-г Баянзүрх дүүрэг, * хороо, ** хороолол, ** байр, ** тоот, улсын бүртгэлийн Ү-22********* дугаартай, үл хөдлөх хөрөнгийн 000417618 тоот гэрчилгээтэй, 54 м.кв талбай бүхий, 4 өрөө орон сууцны шударга эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хариуцагчаас гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж байгаа. Яагаад гэвэл хэрэгт цугласан нотлох баримтаар тус байрны өмчлөгч нь С.Э өөрөө байгаа. Яаж хүний өмчийг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр шударгаар эзэмшээд байгаа юм. Ийм ойлголт манай хууль эрх зүйд байдаггүй. Ойлгохгүй байгаа нь арга байхгүй. Ийм учир сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Б дүүргийн * байр, ** орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Г.С-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, Голомт банк ХХК-тай байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр ЗГ*********** дугаартай Орон сууцны зээлийн гэрээ, Голомт банк ХХК-ийн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Мемориалын баримт, С.Э-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үл хөдлөх эд хөрөнгийн жагсаалтын лавлагаа, Голомт банкны зээлийн дансны хуулга,

Хариуцагчаас М.Ч-ийнХаан банк дахь 58*************** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, М.Агийн Хаан банк дахь 50********** тоот дансны хуулга, Голомт банк ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 22, 2021 оны 3 дугаар сарын 18, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Мемориалын баримт-ууд, М.Агийн Хаан банк дахь 50******** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Голомт банк дахь М.А-гийн дансны хуулга, М.Ч-ийноршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Баянзүрх дүүргийн * дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Шүүхийн журмаар Б дүүргийн * байр, ** орон сууцны дэлгэрэнгүй лавлагаа, Голомт банк ХХК, С.Э нарын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ******** тоот Орон сууцны зээлийн гэрээ түүнтэй холбоотой баримтууд, гэрчээр Г.Г, Р.Б, М.Н нарыг асуусан тэмдэглэл, Ч фэйсбүүк хаягаас E фэйсбүүк хаягт бичсэн чатад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлийг тус тус бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Э нь хариуцагч М.Чд холбогдуулан Б дүүргийн * байр, ** орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь тус орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчийг Б дүүргийн * байр, ** орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа тул уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлж, хариуцагч нь уг орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тус тус тодорхойлсон тул шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийсэн болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээ хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, өмчлөгчийн хувьд шаардаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагаа орон сууц албадан чөлөөлүүлэх гэж тодорхойлсон.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлд өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулж хуулийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж зохицуулсан.

Хуулийн энэ зохицуулалтын дагуу шаардах эрхийг тодорхойлохдоо шаардах эрх бүхий этгээд нь эд хөрөнгийн өмчлөгч байх, бусдын хууль бус эзэмшилд байх гэсэн урьдчилсан нөхцөлүүдийг шалгаж тогтоох учиртай.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж заасан бөгөөд энэ утгаараа эд хөрөнгийг мөн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно гэж заасны дагуу олж авсан эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах, хамгаалах эрх бүхий этгээдийг өмчлөгч гэж ойлгоно.

Нэхэмжлэгч С.Э нь Б дүүргийн * байр, ** орон сууцыг 124,000,000 төгрөгөөр Г.Саас худалдан авч, урьдчилгаа 37,200,000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 86,800,000 төгрөгийг Голомт банкны зээлээр төлөхөөр тохиролцож 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд ийнхүү 2015 оны 5 дугаар сарын 19-ны өдөр Голомт банк ХХК-тай ЗГ************* дугаартай Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-22************** дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний дагуу уг орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 4-11 дэх талд/

Хариуцагч М.Ч нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа үндэслэлээ ... тус орон орон сууцыг миний аавын ах талийгаач Г.С***** банкны зээлээр авах шаардлага гарч, хүү С.Э-ын нэр дээр зээл авч авсан байр бөгөөд намайг тус орон сууцны зээлийг төлөөд амьдарч бай гэсний дагуу тухайн орон сууцыг шударгаар эзэмшиж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэрч Г.Г****** шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Г.С******* ах надад М.Ч-ийнаав н.М-д зээлийг үргэлжлүүлээд яв, цаашид зээлээ шилжүүлээд авна биз гэж хэлж байсан ... гэж, гэрч Р.Б мэдүүлэгтээ ... М.Ч-д байрыг өгнө гэдгийг манай охин надад хэлсэн. Охинд байрыг өгөх гэхэд өндөр зээлтэй гээд М.Чд өгсөн ... гэж, гэрч М.Н мэдүүлэгтээ ... энэ байранд 2015 оны 8 дугаар сараас нөхөртэйгөө хамт амьдарч эхэлсэн. Р.Б эгчтэй хамт амьдардаг байсан. Өнгөрдөг ах байрны зээлийг үргэлжлүүлж төлөөд байрыг аваарай гэдэг зүйл яригдсан ... гэж тус тус мэдүүлсэн. /х.х-ийн 150-153 дугаар талд/

Шүүхээс хариуцагчийн хүсэлтээр фэйсбүүкийн Ч хаягаас E хаягт бичсэн чатад үзлэг хийхэд үзлэгээр ... E гэсэн хаягаас 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 9 сар хүртэл гээд байсан 9 сар нь орохгүйн байна л даа 3 сар хойшлуулна гэсэн 6, 7, 8 гээд 3 сар юм байна л даа чангалах нь дээ ... одоо яанаа миний дүү гэсэн мессэжинд Чу Ка гэсэн хаягаас ... яахав дээ төлнө дөө 11, 12 сараас зээлээ өөр лүүгээ шилжүүлж авна даа гэсэн харилцан мессеж бичигдсэнийг бэхжүүлсэн /х.х-ийн 24-24 дахь талд/

Түүнчлэн, хэрэгт авагдсан баримтаар Голомт банк ХХК-нд 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Б дүүргийн * байр, ** орон сууцны зээлэнд 42,958,609 төгрөг төлөгдсөн байх боловч хариуцагчийн гаргаж өгсөн баримтаар тэрээр орон сууцны зээл гүйлгээний утгаар нийт 2,885,700 төгрөгийг төлсөн байх тул түүнийг орон сууцны зээлийг бүрэн хариуцан төлж байсан гэж дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 31-59, 200-205 дахь талд/

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж заасан.

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч М.Ч нь маргаан бүхий орон сууцанд өмчлөгч С.Эын зөвшөөрснөөр түүнтэй байгуулсан тодорхой хэлцэл, хүсэл зоригийн дагуу тухайн орон сууцыг хууль ёсоор эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Б дүүргийн * байр, ** орон сууцны зээлийг шилжүүлэн авах тухай талуудын хэн аль нь гэрээний санал гаргаж байсан ч тус хүсэл зориг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдох боловч тус зарчим мөн зүйлийн 91.2.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол хамаарахгүй юм.

Тодруулбал, хэн нэгэн этгээд үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байгаа тохиолдолд түүнийг өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар бүртгэл үнэн зөв байх зарчмын хүрээнд гагцхүү улсын бүртгэлд бүртгэгдсэн этгээдийг өмчлөгч гэж тооцох тул энэ тохиолдолд хариуцагчийг маргаан бүхий орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагчийн өмчлөгч бус этгээдийн зөвшөөрлөөр тус орон сууцанд амьдарч байгаа нь өмчлөгч С.Эын хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Иймд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Б дүүргийн * байр, ** орон сууцнаас хариуцагч С.Ч-ийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч С.Э-ын үндсэн нэхэмжлэлийг хангаж, хариуцагчийн уг орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б дүүргийн * байр, ** орон сууцнаас хариуцагч М.Ч-ийг албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Б дүүргийн * байр, ** орон сууцны шударга эзэмшигчээр тогтоолгох тухай хариуцагч М.Ч-ийнсөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас төлсөн 777,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ч-ээс 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Э-од олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ