Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 2025/ШЦТ/301

 

 

 

 

                                      2025/ШЦТ/301

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Б.Ж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.Жэд холбогдох эрүүгийн 2512000000242 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 24-ний өдөр А аймгийн Т суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт А аймгийн Т сумын 3 дугаар багийн Өндөр өтөг гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Б.Ж   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Өртөнт 4 дүгээр багийн нутаг Хэвх гэх газар иргэн М.Аийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

          *Эрүүгийн 2512000000242 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Хохирогч М.Аийн өгсөн:

               ...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Өртөнт 4 дүгээр багийн Хэвх гэх газар өвөө Д.Дг асран хамт байсан. Тэгтэл 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед манай гэрийн гадаа ***** АРН,эсхүл ***** АРН гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Т гэх хүн эхнэр хүүхдийн хамт Ж гэх нэртэй хүний хамт ирсэн. Би тухайн хүмүүсийг ер нь танихгүй. Дараа нь л нэр усыг нь олж мэдсэн. ...Гэрийн гадаа ирэхээр нь би гартал тамхи байна уу? гэхээр нь гэрээс ороод тамхи аваад Ж гэх хүн болон Т гэх хүнд аль алинд нь тамхилсан. Харин Ж гэх хүн нь надаас чи намайг таних уу гэж асуухаар нь би таныг танихгүй ээ ахаа, таньдаг бол таньдаг гэж хэлнэ шүү дээ гэсэн. Таныг танихгүй гэсэн чинь чи яахаараа намайг таньдаггүй юм, би энэ Буйлангийн хүн шүүдээ гээд миний баруун талын хөмсөг хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед миний хөмсөг сэтэрчихсэн. Би яг аль гараараа цохисон гэдгийг нь бол хараагүй. Өөр тийш харчхаад эргэж харж таарсан болохоор яг аль гар гэдгийг нь харж чадаагүй. Хажууд Т гэх хүн нь машины цонхоо онгойлгоод тамхиа татаад хараад сууж байсан. Миний нүүр лүү цохисныхоо дараа Ж гэх хүн нь надаас “Чи М ахын банди мөн биз дээ” гэж асуухаар нь мөн гэж хариулахад ахин миний баруун шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалахаар зөрүүлж заамдаж авсан. Гэхдээ би нэг ч удаа цохиогүй. Тэгтэл миний цавь хэсэг рүү өшиглөсөн. Би Т гэх хүнд нь хандан энэ хүнээ аваад яваач гэсэн чинь бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би хальт зайгаа аваад та намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь “Чи М ахын банди мөн биз дээ” гээд ахиад миний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. ...Намайг Ж гэх хүн нь зодох гэж дайраад байхаар нь би зугтаж холдсон. Тэгтэл Т гэх хүн Жг машиныхаа жолоочийн арын суудалд суулгаад аваад явсан. Намайг зодуулж байх үед Т гэх жүн нь салгах оролдлого огт хийгээгүй, харин сүүлд бол Ж гэж хэлж байсан л санагдаж байна. Машинаас Т гэх хүний эхнэр хүртэл огт болиоч бариач гэж хэлээгүй. Тухайн машиныг Т гэх хүний эхнэр барьж ирсэн. Тэгээд л машиндаа суугаад манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийш хөдлөөд явсан. Тухайн үед Ж гэх хүнийг заамдах үед архи үнэртэж байсан. Харин Т гэх хүнийг нь согтуу байсан гэж бодож байна. Тулж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний биед учирсан бүх гэмтлийг Ж гэх хүн учруулсан. Харин Т гэх хүн миний биед огт хүрээгүй. Би сэтгэцэд учирсан хохирлын хэмжээгээ тогтоолгох шаардлагагүй. Миний толгой өвдөж байна. Мөн баруун талын нүд бүрэлзээд байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг/хх-н 12-14 дүгээр тал/,

           *Гэрч Д.Э-гийн өгсөн:

               “...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн үед гэрийнхээ ойролцоо хонины бэлчээрт байсан. Тэгэхэд манай нутгийн Ж гэх хүн над дээр саарал өнгийн жижиг тэрэгтэй ирсэн. Ирэхдээ эхнэрийнхээ хамт ирсэн. Машинаасаа бууж ирэхдээ согтуу байсан ба жаахан агсраад байсан. Тэгсэн эхнэр нь хонины бэлчээрт миний хажууд нөхрөө үлдээчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хонины бэлчээр дээр хаячхаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэгсэн араас манай гэрт ирээд намайг гэрт хүргээд өг гээд байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгөх гээд явтал тэр хэнийх юм гээд манай ард байдаг айлыг заасан. Би М ахынх байгаа юм гэж хэлэхэд намайг тэдний гэрт хүргээд өг, би М ахыг хүндэлж явдаг юм гэсэн. Тэгээд очиж байх үед М гэх хүний хүүхэд А гэх дүү таарсан. Тэгээд А болон Ж нар хоорондоо муудалцсан. Хонины бэлчээр дээр Ж болон А нар таарсан.  Тэгтэл Ж гэх хүн Аээс тамхи байна уу? гэж асуухад байгаа гэрт очоод ав гэсэн. Тэгээд А гэр рүүгээ яваад араас нь би Ж болон өөрийн эхнэр О.Э-гийн хамт очсон. Тэгээд гэрийнх нь үүднээс хэсэг зайтай зогсоод байж байтал н.А гарч ирээд тамхи өгсөн. Харин Ж А нар тамхи татаад зогсож байснаа Ж гэх хүн нь “чи намайг таних уу? би танайхтай айл аймаг олон жил явсан, чи намайг танихгүй байна” гээд байсан. Харин А гэх залуу нь болохоор би таныг танихгүй ээ гээд байсан. Тэгтэл тамхи татаж зогсож байснаа юу юугүй барьцалдаад унахаар нь очоод салгах гэтэл Ж гэх хүн нь А гэх залууг цохих шиг л болохоор нь хартал баруун талынх нь хөмсөг хэсгээс цус гараад байх шиг байсан. Тэгээд би арай гэж салгаад машинд суулгаж авч явсан. Харин А, Ж гэх хүнийг цохих шиг л болсон. Хэзээ нь хаашаа нь яаж цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ л цохисон байх гэж бодож байна. Бүр хоорондоо зууралдаад салахгүй байсан. Би Ж гэх хүнийг сайн танина. Манайхтай олон жил айл аймаг байгаа хүмүүс. Жинхэнэ нэрийг нь Б.Ж гэдэг. Найз нөхөд, төрөл садны холбоо хамаарал байхгүй. Харин А бол мөн л нутгийн айл аймаг байдаг хүний хүүхэд болохоор ер нь л багаас нь мэднэ. Найз нөхөд, төрөл садны холбоо хамаарал байхгүй. Манай гэрт ирэхдээ согтуу байсан ба манай гэрт огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй ба анх ирэхдээ нэлээд согтуу байсан. Бараг л хөл дээрээ зогсож чадахгүй байдалтай байсан. Харин А гэх залуутай уулзахдаа овоо гайгүй сэргээд, архи нь гайгүй гарсан бололтой байсан. Надад өөрийнхөө тухай яриад л уйлаад байсан. Би ганцаараа хүн гээд л уйлаад байсан. Би бол огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 дүгээр тал/,

*Сэжигтэн Б.Жийн өгсөн:

...Би тухайн өдөр гэртээ архи ууж байгаад А аймгийн Т сумын Ө багийн Ар булаг гэх газар луу Д гэх ахын гэр рүү явж байгаад гэрт нь очилгүй малын бэлчээрт таарсан. Тэгээд хамт уух гэж байсан архиа хээр задалж уугаад нэлээд согтчихсон байсан. Тэгээд би Э гэх хүнээр гэр рүүгээ хүргүүлэх гэж явж байгаад замаараа Мт ахын гэрийн гадуур гарсан. Тухайн үед М.А гэрийнхээ гадаа байсан санагдаж байна. Тухайн үед би нэлээд согтсон байсан болохоор юунаас болж маргасан, яасан ийснээ сайн санахгүй байна. Тухайн өдрийн маргааш билүү, нөгөөдөр билүү бас сайн санахгүй байна. Миний утас руу Эгэх хүн залгаад чи хүнтэй зодоон хийсэн. Тэр хүн чинь чамайг цагдаад өгчихсөн байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрт нь яваад очтол аав ээж нь бол яагаад хүүхэд зоддог юм гээд уурлаж л байсан. Тэгээд чи шууд манай хүүтэй очиж уулздаа гэхээр нь би аймаг руу очиж М.Атэй уулзсан. Тэгсэн та намайг 5 удаа цохисон гэж хэлсэн. Харин Эгэх хүн надад утсаар хэлэхдээ чи 1 удаа цохиод, 1 удаа өшиглөсөн л гэж хэлсэн. Харин би энэ талаар огт санахгүй байгаа. Аймаг руу очиж М.Атэй уулзах үедээ өшиглөсөн гэх газрыг нь харахад зүүн талынх нь хөлийн өвдөгний дээд хэсэгт хүрэнтэж хөхөрсөн байдалтай байсан ба баруун талын хөмсөг хэсэг дээрээ хөвөн тавиад лентээр наасан байдалтай байсан. Би тухайн үйл явдлын талаар огт санахгүй байна. Бид хоёр өмнө ийм зүйл тохиолдож байгаагүй, би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаагаас гадна гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-н 22- 24 дүгээр тал/,

А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025.08.20-ны өдрийн АРХ0725/288 дугаартай “...1. М.Аийн баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Дээрх гэМтлүүд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-н 33-34 дүгээр тал/,

*Яллагдагч Б.Жийн өгсөн:

...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 46-47 дугаар тал/,

*Хохирогч М.А нь 2025.09.25-ны өдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй тусламж үйлчилгээ аваагүй талаарх баримт /хх-н 61 дүгээр тал/,

*Яллагдагч Б.Жээс хохирогч М.Аэд 300.000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хх-н 64 дүгээр тал/,

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

     Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Ө 4 дүгээр багийн нутаг Хэвх гэх газар иргэн М.Аийг шалтгаангүйгээр зодож, эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ж гэм буруутай болох нь хохирогч М.Аийн өгсөн: ...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Т сумын Ө 4 дүгээр багийн Хэвх гэх газар өвөө Д.Дг асран хамт байсан. Тэгтэл 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 22 цагийн үед манай гэрийн гадаа ***** АРН,эсхүл ****** АРН гэсэн улсын дугаартай цагаан өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Т гэх хүн эхнэр хүүхдийн хамт Ж гэх нэртэй хүний хамт ирсэн. Би тухайн хүмүүсийг ер нь танихгүй. Дараа нь л нэр усыг нь олж мэдсэн. ...Гэрийн гадаа ирэхээр нь би гартал тамхи байна уу? гэхээр нь гэрээс ороод тамхи аваад Ж гэх хүн болон Т гэх хүнд аль алинд нь тамхилсан. Харин Ж гэх хүн нь надаас чи намайг таних уу гэж асуухаар нь би таныг танихгүй ээ ахаа, таньдаг бол таньдаг гэж хэлнэ шүү дээ гэсэн. Таныг танихгүй гэсэн чинь чи яахаараа намайг таньдаггүй юм, би энэ Буйлангийн хүн шүүдээ гээд миний баруун талын хөмсөг хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед миний хөмсөг сэтэрчихсэн. Би яг аль гараараа цохисон гэдгийг нь бол хараагүй. Өөр тийш харчхаад эргэж харж таарсан болохоор яг аль гар гэдгийг нь харж чадаагүй. Хажууд Т гэх хүн нь машины цонхоо онгойлгоод тамхиа татаад хараад сууж байсан. Миний нүүр лүү цохисныхоо дараа Ж гэх хүн нь надаас “Чи М ахын банди мөн биз дээ” гэж асуухаар нь мөн гэж хариулахад ахин миний баруун шанаа хэсэг рүү цохисон. Тэгээд би өөрийгөө хамгаалахаар зөрүүлж заамдаж авсан. Гэхдээ би нэг ч удаа цохиогүй. Тэгтэл миний цавь хэсэг рүү өшиглөсөн. Би Т гэх хүнд нь хандан энэ хүнээ аваад яваач гэсэн чинь бууж ирэхгүй байсан. Тэгэхээр нь би хальт зайгаа аваад та намайг яагаад зодож байгаа юм бэ гэсэн чинь “Чи М ахын банди мөн биз дээ” гээд ахиад миний зүүн талын шанаа хэсэг рүү 2 удаа цохисон. ...Намайг Ж гэх хүн нь зодох гэж дайраад байхаар нь би зугтаж холдсон. Тэгтэл Т гэх хүн Жг машиныхаа жолоочийн арын суудалд суулгаад аваад явсан. Намайг зодуулж байх үед Т гэх жүн нь салгах оролдлого огт хийгээгүй, харин сүүлд бол Ж гэж хэлж байсан л санагдаж байна. Машинаас Т гэх хүний эхнэр хүртэл огт болиоч бариач гэж хэлээгүй. Тухайн машиныг Т гэх хүний эхнэр барьж ирсэн. Тэгээд л машиндаа суугаад манай гэрээс ертөнцийн зүгээр зүүн тийш хөдлөөд явсан. Тухайн үед Ж гэх хүнийг заамдах үед архи үнэртэж байсан. Харин Т гэх хүнийг нь согтуу байсан гэж бодож байна. Тулж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна. Миний биед учирсан бүх гэмтлийг Ж гэх хүн учруулсан. Харин Т гэх хүн миний биед огт хүрээгүй. Би сэтгэцэд учирсан хохирлын хэмжээгээ тогтоолгох шаардлагагүй. Миний толгой өвдөж байна. Мөн баруун талын нүд бүрэлзээд байна. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг, гэрч Д.Э-гийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 18-19 цагийн үед гэрийнхээ ойролцоо хонины бэлчээрт байсан. Тэгэхэд манай нутгийн Ж гэх хүн над дээр саарал өнгийн жижиг тэрэгтэй ирсэн. Ирэхдээ эхнэрийнхээ хамт ирсэн. Машинаасаа бууж ирэхдээ согтуу байсан ба жаахан агсраад байсан. Тэгсэн эхнэр нь хонины бэлчээрт миний хажууд нөхрөө үлдээчхээд яваад өгсөн. Тэгэхээр нь би хонины бэлчээр дээр хаячхаад гэр лүүгээ яваад өгсөн. Тэгсэн араас манай гэрт ирээд намайг гэрт хүргээд өг гээд байсан. Тэгээд гэрт нь хүргэж өгөх гээд явтал тэр хэнийх юм гээд манай ард байдаг айлыг заасан. Би М ахынх байгаа юм гэж хэлэхэд намайг тэдний гэрт хүргээд өг, би М ахыг хүндэлж явдаг юм гэсэн. Тэгээд очиж байх үед М гэх хүний хүүхэд А гэх дүү таарсан. Тэгээд А болон Ж нар хоорондоо муудалцсан. Хонины бэлчээр дээр Ж болон А нар таарсан.  Тэгтэл Ж гэх хүн Аээс тамхи байна уу? гэж асуухад байгаа гэрт очоод ав гэсэн. Тэгээд А гэр рүүгээ яваад араас нь би Ж болон өөрийн эхнэр О.Э-ийн хамт очсон. Тэгээд гэрийнх нь үүднээс хэсэг зайтай зогсоод байж байтал н.А гарч ирээд тамхи өгсөн. Харин Ж А нар тамхи татаад зогсож байснаа Ж гэх хүн нь “чи намайг таних уу? би танайхтай айл аймаг олон жил явсан, чи намайг танихгүй байна” гээд байсан. Харин А гэх залуу нь болохоор би таныг танихгүй ээ гээд байсан. Тэгтэл тамхи татаж зогсож байснаа юу юугүй барьцалдаад унахаар нь очоод салгах гэтэл Ж гэх хүн нь А гэх залууг цохих шиг л болохоор нь хартал баруун талынх нь хөмсөг хэсгээс цус гараад байх шиг байсан. Тэгээд би арай гэж салгаад машинд суулгаж авч явсан. Харин А, Ж гэх хүнийг цохих шиг л болсон. Хэзээ нь хаашаа нь яаж цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Гэхдээ л цохисон байх гэж бодож байна. Бүр хоорондоо зууралдаад салахгүй байсан. Би Ж гэх хүнийг сайн танина. Манайхтай олон жил айл аймаг байгаа хүмүүс. Жинхэнэ нэрийг нь Б.Ж гэдэг. Найз нөхөд, төрөл садны холбоо хамаарал байхгүй. Харин А бол мөн л нутгийн айл аймаг байдаг хүний хүүхэд болохоор ер нь л багаас нь мэднэ. Найз нөхөд, төрөл садны холбоо хамаарал байхгүй. Манай гэрт ирэхдээ согтуу байсан ба манай гэрт огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй ба анх ирэхдээ нэлээд согтуу байсан. Бараг л хөл дээрээ зогсож чадахгүй байдалтай байсан. Харин А гэх залуутай уулзахдаа овоо гайгүй сэргээд, архи нь гайгүй гарсан бололтой байсан. Надад өөрийнхөө тухай яриад л уйлаад байсан. Би ганцаараа хүн гээд л уйлаад байсан. Би бол огт архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан ... гэх мэдүүлэг, яллагдагч Б.Жийн мэдүүлэг, хохирогчийн биед  хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон А аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б-гийн 2025.08.20-ны өдрийн АРХ0725/288 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Ж нь хохирогч М.Аийн эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, баруун дээд зовхи, хамрын нуруунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.Ж нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.  

 

Иймд шүүгдэгч Б.Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч М.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.

Хэрэгт авагдсан мэдүүлгийн нотлох баримтаар хохирогч М.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар

 

            Шүүгдэгч Б.Жийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Жэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тухайн зүйл хэсэгт заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

       Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Б.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жийг 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж нь шүүхээс оногдуулсан 900/есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000/есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Шүүгдэгч Б.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

            7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Жэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ч.ЖАРГАЛАН