Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2023/02610

 

 

 

 

 

 

 

2023 05 17 101/ШШ2023/02610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

НЭхэмжлэгч: Монгол улсын иргэн ДО********** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр гудамж *** тоотод оршин суух Ж.Я-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЧН****** регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *** дүгээр байрны ** тоотод оршин суух Б.Э-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 24,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Я, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбартаа:

Миний бие Баянзүрх дүүргийн **** Худалдааны төвд архи, пиво, ус ундаа болон гурил, будааны лангуу түрээслэн ажиллуулдаг танил Б.Э нь бараа эргэлтийн мөнгө багадаад байна ахдаа хэдэн төгрөг хүүтэй зээлж туслаач ах нь социализмын үеийн хүн худал хэлж хуурамч зан гаргахгүй гэрээ хийгээд хугацаандаа өгнө гэж хоргоогоод байхаар нь итгээд за тэгвэл та нэхүүлээд байхгүй шиг тохиролцсон хугацаандаа өгөөрэй би хэдэн хүүхэдтэйгээ амьдардаг өрх толгойлсон эмэгтэй хүн шүү хүүгийн цалингийн зээлийн 13,000,000 төгрөг байна. Би айлын хашаанд амьдардаг хэдэн төгрөг нэмээд хашаа худалдан авах мөнгө шүү гэж хэлээд зээлсэн.

Б.Э-тай 2021 оны 10 сарын 08-ний өдөр 4290 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 13,000,000 төгрөг 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл зээлдүүлсэн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлээ эргэн төлөөгүй мөнгөө авъя гэхэд удахгүй харилцагч банкнаас пос машинаар мөнгө орж ирэхээр өгье хэмээн хойшлуулж 5, 6, 7 дугаар сарыг хүүг цувуулан 105,000 төгрөг дутуу төлсөн. 7 дугаар сарын сүүлээс утсаа авахаа больж 8 дугаар сард ажил дээр нь очиж уулзахад архи, пиво, ус ундааны лангуугаа зарсан, одоо гурил, будааны лангуугаа ажиллуулж байна. Архины лангууг ажиллуулж байсан охин Э нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилд орсон, хүргэн нийгмийн даатгалд ажилд орсон тэд маань тусалж дэмжээд удахгүй төлнө гэсэн боловч утас нь огт холбогдохоо больж 9 дүгээр сард ажил дээр нь очиход лангуугаа зараад хэл сураггүй алга болсон. Аргаа бараад хүүхдүүддээ хэлээд энэ хооронд би сэтгэл санааны гүн хямралд орж хүүтэйгээ зээлсэн мөнгөнөөс болж муудалцан гэр орноосоо хөөгдөн амьдрахад хүнд болсон. Хүү маань уурандаа үе үе гэртээ ирэхгүй, утсаа салгаад алга болох юм.

Б.Э-с болж би хүүгийнхээ ааш авирыг хүртэл эвдэж байна. Хүү маань та хүүгийнхээ хатуу хүтүү барилгын салбарт ажиллаж олдог хэдэн төгрөгийг таньж мэдэхгүй хүнд алдлаа гээд уйлах юм аргагүй шүү дээ. Иймд үндсэн зээл 13,000,000 төгрөг, гэрээнд заасны дагуу 2022 оны 7 дугаар сарын хүүгийн үлдэгдэл, 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг хүртэлх хүү 7,020,000 төгрөг, алданги 4,265,000 төгрөг нийт 24,285,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 2018-2022 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн **** Худалдааны төвд гурил будааны лангуу ажиллуулж байсан. Тус хугацаанд үйл ажиллагаа явуулж байх хугацаанд цар тахал болох ковид 19-ийн үе тохиож миний эрхэлж байсан үйл ажиллагаа 2020 оны эхэн үеэс доголдож эхэлсэн. Хатуу хөл хорионы үед хүнсний захуудын үйл ажиллагааг хааж, **** худалдааны удирдлагаас лангуу эзэмшигчдэд ямар ч түрээсийн хөнгөлөлт үзүүлээгүй мөн хатуу хөл хорионы үед ч түрээсээ авч байсан, тухайн үед хүнсний зах огт ажиллаагүй юм. Хүнсний захын үйл ажиллагаа 2020 оны сүүл үеэс овоо хэвийн болж эхэлсэн тухайн үед маш хүнд байдалд орсон гар дээр барааны эргэлтийн мөнгөгүйгээс үйл ажиллагаагаа зогсоохгүйн тул Ж.Я-аас хүүтэй мөнгө зээлсэн. Тухайн үед би бизнесийн үйл ажиллагаагаа зогсоочихгүй болгоно гэж итгэж байсан тул мөнгө зээлсэн. Мөн хүүг нь чадах чинээгээрээ төлж явсан. 2022 оны 9 дүгээр сараас хүмүүсийн хэл ам, хүүтэй мөнгөний дарамтаас болж эрүүл мэндийн байдал муудаж үйл ажиллагаа явуулж чадахаа больж хэвтрийн байдалтай нэг хэсэг ухаан санаа хэцүү болсон. Миний хувьд нэхэмжлэгчийн үндсэн мөнгө 13,000,000 төгрөгийг чадах чинээгээр хуваан төлнө. Харин сарын өндөр хүүнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн **** дугаар албан бичиг, 2021 оны 10 сарын 08-ний өдөр **** дугаартай Зээлийн гэрээ, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн **** дугаартай шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд зохигч талуудын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Я нь хариуцагч Б.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,285,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч 13,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13,000,000 төгрөг, зээлийн хүү 7,020,000 төгрөг, алдангид 4,265,000 төгрөг нийт 24,285,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... үндсэн зээл 13,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, хүү алданги төлөх эдийн засгийн боломжгүй тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж мэтгэлцсэн.

Зохигч талуудын хооронд 2021 оны 10 дугаар сарын 08-ний өдөр **** дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас зээлдүүлэгч Ж.Я нь 13,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргийг, нөгөө талаас зээлдэгч Б.Э нь 13,000,000 төгрөгийг 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр харилцан үүрэг хүлээсэн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Нэг талаас мөнгө зээлдүүлэх нөгөө талаас хүлээн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр харилцан хүсэл зоригоо илэрхийлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж зохицуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн 13,000,000 төгрөгийг буцаан төлөөгүйтэй маргаагүй тул үндсэн зээл 13,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-д Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.

Хуульд гэрээгээр талууд зээлийн гэрээнд хүү тогтоосон бол уг гэрээг бичгээр байгуулахаар заасан бөгөөд талууд зээлийн гэрээг 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл хугацаатай байгуулсан гэрээг энэ хугацаанаас хойш бичгээр сунгаагүй байх тул 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү тооцон шаардах эрхгүй юм.

Тодруулбал, нэхэмжлэгчийн 2022 оны 7 дугаар сарын хүүгийн үлдэгдэл, 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарыг хүртэлх хүү 7,020,000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас алдангид 4,265,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасантай талуудын дээрх тохиролцоо нийцсэн байна.

Тодруулбал, зээлийн гэрээний мөнгө болон гэрээгээр тохиролцсон хүү төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас зээлдэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр юм.

Иймд талуудын тохиролцоо Иргэний хуульд нийцэж байх тул зээлийн гэрээний хугацаа дууссан 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл алданги тооцоход 6,500,000 төгрөг гарч байх боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн хариуцагчаас шаардсан 4,265,000 төгрөгийн хэмжээгээр алдангийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй.

Дурдсан үндэслэлүүдээр, хариуцагч Б.Э-аас 17,265,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Яд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,020,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Э-аас 17,265,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Я-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 7,020,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 371,545 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-аас 244,275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Я-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ