Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/303

 

 

 

 

                                                                                        2025/ШЦТ/303

 

 

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Ч.Жаргалан даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Д.З

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Булган-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Д.З-дхолбогдох эрүүгийн 2512000290272 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 15-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, эдийн засагч мэргэжилтэй, Т сумын соёлын төвд номын санч ажилтай, ам бүл 6, эцэг, эх, 3 хүүхдийн хамт А аймгийн Т сумын Б багт оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Г овогт Д.З

 

                                                   Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                                                                                                                            

               Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Д.З нь 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд Хас банкны А салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтэн, байгууллагын кассын ажилтны албан үүргийг давхар итгэмжлэн хариуцаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, урьд бооцоот тоглоом тоглохдоо харилцагч Ж.Ааас зээлсэн мөнгөө буцаан авах зорилгоор байгууллагын үндсэн касст байсан бэлэн мөнгийг автомат тооцооны машинд хийж, хувь хүний данс руу шилжүүлж зарлага гаргах, мөн хамаатны дүү С.Бын дансыг ашиглан байгууллагын кассаас мөнгө шилжүүлж, буцаан өөрийн данс руу мөнгийг шилжүүлэн авч өөрийн тавьсан өрийг төлөх, мөн байгууллагын кассын сарын үлдэгдэл мөнгийг тааруулах зэргээр гүйлгээнүүдийг албан тушаалын байдлаа ашиглаж, байгууллагын кассын бэлэн мөнгөнөөс 27,479,920 төгрөгийн дутагдал үүсгэсэн, хохирогчид 27,479,920 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

           

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

             Шүүгдэгч Д.З нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Д-гийнөгсөн “...Салбарын байр нь их засварын ажил хийхээр болж 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр нүүж Саса-гийн барилга руу түрээсээр орж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Д.Зын зөрчил 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд санхүүгийн зөрчил үйлдсэн байна. Хас банкны харилцагч болон өөрийн хамаатны хүний дансыг ашиглаж байсан нь хяналт шалгалтаар тогтоогдсон бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр байгууллагын үндсэн кассыг тоолоход дутагдалгүй байсан. Үүний дараа 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хас банкны төвөөс зайны аудитын хяналт шалгалтаар Д.Зыг 1XBET цахим мөрийтэй тоглоомыг 2024 оны 06 дугаар сараас илүү давтамжтай тоглож байгаа нь хяналтаар илэрч төвөөс манайд ирсэн албан бичгийн дагуу үндсэн кассыг салбарын нягтлан бодогч Ц 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэнэт тоолоход 27,411,960 төгрөгийн дутагдал үүссэн. Манай салбар ажиллаад 6 жил болж байна. Өмнө ХААН банк, Төрийн банкны салбарт сум орон нутагт ажиллаж байсан. Өмнө ямар нэгэн асуудал гаргаж байгаагүй. 2024 оны 07 дугаар сарын сүүлээр салбарын нягтлан бодогч Ц ээлжийн амралтаа авсантай холбоотойгоор Д.З нь үндсэн кассыг хариуцан ажиллаж байсан. Тэрнээс өмнө үндсэн кассыг хариуцаж байгаагүй. Үндсэн кассын мөнгийг хувь хүний данс руу шилжүүлж эргээд өөрийн данс руу авдаг. Бусад төлөх төлбөрийг үндсэн кассаас төлдөг байсан нь тогтоогдсон. Манай банканд одоогоор учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Харин цалингийн зээлийн үлдэгдэлтэй байгаа ч тэрийгээ цаг тухайд нь хийж байгаа...” гэх мэдүүлэг/хх-ийн 46-48, 139-140 дүгээр тал/, Гэрч Ж.Аын ...Би 2024 оны 08 дугаар сарын сүүлээр У хотоос ирэх замд Д.З залгаад “эгчээ мөнгөний хэрэг байна та надад 9.000.000 төгрөгийг зээлээч” гэхээр нь би тухайн мөнгийг нь интернэт банкны нууц кодоо Зад өгөхөд З миний данснаас 9.000.000 төгрөгийг авч байгаа нь миний утсанд мессежээр ирсэн. Тухайн өдөр 5 дахь өдөр байсан бөгөөд 1 дэх өдөр мөнгийг өгөхөөр болоход нь би “4 хоногийн хүү өгөөрэй” гэж хэлсэн. Тэгээд 1 дэх өдөр нь би Хас банкин дээр очоод Заас надад өгөх мөнгийг хугацаагүй данс руу 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлж аваад би өөрөө хугацаатай хадгаламж руу шилжүүлж байсан. Тухайн үед хүү бодож өгсөн байх гэж бодож байна. Би одоо сайн санахгүй байна. Миний дансны хуулга дээр харагдах байх. Миний данс ******дугаартай данс байгаа. Өмнө 2024 оны 07 дугаар сард 3,000,000 гаруй төгрөгийг зээлж байсан. Тэр мөнгийг удалгүй өгөөд 07 дугаар сарын 17-ны өдөр 5,000,000 төгрөгийг зээлээд одоо болтол өгөөгүй байгаа учир би шүүхэд хандсан. Нутгийн хүүхэд болохоор нь зээлүүлж байсан. Мөн банканд ажилладаг болохоор итгэж байсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,  гэрч С.Бын ...Би 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр А аймгийн Э сумын 5 дугаар багийн нутагт байрлах гэртээ байхад З эгч залгаад “дансаар чинь мөнгө шилжүүлэх гэсэн юм дуудахаар ирээд гарын үсэг зуруулах хэрэг байна” гэж хэлсэн. Тэгээд үүний дараа удалгүй “мөнгө шилжүүлээд өг” гэхээр нь өөрийн интернэт банкийг ашиглаж 2 удаа З эгчийн өөрийнх нь өгсөн Хаан банк билүү Төрийн банкны дансанд шилжүүлж байсан. Миний дансаар зүгээр л орж гардаг байснаас миний данснаас дутсан зүйл байхгүй. Надаас мөнгө зээлж байгаагүй. ...Тэр үед л ашигласан тэрнээс хойш ашиглаагүй. Надад баримт дээр зурсан зүйл байхгүй. Зуруулна шүү гэж л ярьж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/, гэрч Б.Ц: ...2024 оны 07 дугаар сард манай нягтлан бодогч Ц эгч ээлжийн амралтаа аваад явсан. Манай банкны захирал бас амарсан байсан. Манай ээлжийн мэргэжилтэн Хажил хүлээлцэх акт гаргаж би Ц эгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэхээр болсон юм. Харин миний үндсэн касс хариуцсан харилцагчийн үйлчилгээний мэргэжилтний үүргийг Д.З хариуцан гүйцэтгэхээр ажил хүлээлцэх акт гарч байсан. 2024 оны 07 дугаар сарын дунд үеэр ажил хүлээлцэх акт гарсан санагдаж байна. ...ээлжийн амралтаа эдлэх үед тойрох хуудас зуруулдаггүй. Ээлжийн амралтын хүсэлтээ хүний нөөцийн программд шивээд ажлыг нь орлон гүйцэтгэх хүнд ажил хүлээлцэх акт бичиж өгдөг.... гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 дүгээр тал/, гэрч Б.Цийн ...Би А аймгийн Хас банкны салбас- нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд тухайн үед буюу 2024 оны 07 дугаар сарын сүүлээр ээлжийн амралтаа авч миний ажлыг Ц, харин Цын ажлыг Д.З хариуцан ажилласан. Ээлжийн амралтаа авч дуусаад 2024 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр ажилдаа орсон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Д.Зын үндсэн кассаас 67.940 төгрөгийн дутагдал гарахаар нь дутагдалд бүртгээд орхисон. Тэгээд 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хяналтын камерыг шүүхэд алдаатай гүйлгээ мэдэгдэхгүй байхаар нь ундны цагаар Зын үндсэн кассыг тоолоход 27.411.980 төгрөгийн дутагдал гарахаар нь би салбарын захирал Э.Дтанилцуулсан тухайн үед Заас яасан талаар асуухад хариу хэлэхгүй байсан бөгөөд тухайн өдөр үндсэн кассыг Цыг дуудаж хүлээлгэж өгөөд Зыг ажлаас нь түр түдгэлзүүлсэн. Мөн тухайн өдөр нь төв албанаас захиралд танай ажилтан Д.З нь цахим мөрийтэй тоглоом тоглож байгаа тул хяналт тавьж ажиллана уу гэж цахим шуудан ирсэн гэж захирал хэлж байсан. Би тухайн үед үндсэн кассад балансаар байх нийт бэлэн мөнгө болон бэлнээр байгаа мөнгийг тоолоход зөрүү гарч ирсэн. Манайхаас илрүүлсэн үйлдлийн Зайны хяналтын аудитын газар шалгаж дүрс бичлэгийн хийсэн байсан гэхдээ би тэр бичлэгийн үзээгүй. Шалгалтаар ирсэн хүмүүс Зыг теллер кассаасаа кармандаа хийгээд гарч байгаа талаар хэлж байсан. Би сүүлд сонсоход мөрийтэй тоглоом тоглодог байсан гэж дуулсан. З нь бусдын дансыг ашиглаж мөнгө шилжүүлж авсан байсан. Б гэх хүний данснаас зарлага гарсан ч тухайн өдрийн гүйлгээ хийсэн цаг минутаар шалгахад Зын урд хүн нь суугаагүй байхад гүйлгээ хийж байгаа нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсныг би харсан. Миний бодлоор бусдын дансанд орлого хийгээд буцаагаад зарлага болгож гаргаад кассад мөнгө дутахаар бэлэн мөнгөний машинаас мөнгө авч кассыг тааруулдаг байсан юм байна лээ. Би ажил хүлээлцэх акт үйлдэж хүлээлгэж өгдөг...” гэх мэдүүлэг /хх-ийн 146-148 дугаар тал/, ХАС банкны ажил хүлээлцсэн тухай акт баримтууд /хх-ийн 134-136 дугаар тал/, Мэргэнгүн аудит ХХК-ийн шинжээч А.Б-ын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэд “1.Д.З нь А аймгийн Э суманд үйл ажиллагаа явуулдаг ХАС банкны салбарын харилцагчийн үйлчилгээний мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа хариуцаж байсан кассаас 27.479.920 төгрөг дутаасан байна.” гэсэн /хх-ийн 90-114 дүгээр тал/, яллагдагч Д.Зын “...би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Маргахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн190-191 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Зын бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

          А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Зыг  бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

          Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

         Иймд шүүгдэгч Д.Зыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, захиран зарцуулан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Д.З нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Д.З нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан.

Шүүгдэгч Д.Зад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Д.Зын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр ял оногдуулах эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.Зад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                           ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Д-ийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Зыг 10,000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь шүүхээс оногдуулсан 10,000/арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1/нэг/ жил, 6/зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.З нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж хэрэгт авагдсан СД 1 ширхгийг хэрэгт хадгалсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Зад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН