| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0028/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-01-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
Улсын яллагч С.Энхням,
шүүгдэгч О.С*** нарыг оролцуулан шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.С***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сонгинохайрхан дүүргийн *** тоотод, ам бүл 3, аав, ээжийн хамт оршин суух, урьд 1 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэх,
*** овогтой О***ын С*** /РД: ***/;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.С*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, "***” нэртэй бааранд "найзыгаа өмөөрч очсон” хохирогч Б.М***ыг гараараа түлхэж газарт унагаан, хөлөөрөө зүүн нүд хэсэгт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хананд зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний дотор булан, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч О.С***ын шүүхийн бааранд ганцаараа ороход олон хүнтэй байсан учраас ширээнд шахаж суулгасан. Тэгээд талбай дээр гарч бүжиглэж байгаад буцаж суугаад пиво ууж байсан 2-3 залуутай муудалцаад байснаа санаж байна. Зодоон болсон явдлыг санахгүй байна. 11 сард цагдаагаас дуудахаар нь очоод хохирогчтой уулзсан. Хохирогчид 1,000,000 төгрөгийн хохирол төлбөр төлсөн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын сүүлээр Сонгинохайрхан дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт ганцаараа 2 ширхэг сэнгүр нэртэй лаазтай пиво уусан. Ингээд намайг цаг харахад гадаа харанхуй болчихсон орой болсон байсан. Тэгээд би баар ормоор санагдаад Толгойтоос такси бариад Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй баарны гадна буусан. Тэгээд тус газарт ганцаараа орсон ба 4 ширхэг шилтэй сэнгүр нэртэй пиво уусан. Тухайн өдөр баар их хүнтэй байсан болохоор ганцаараа сууж байсан хүмүүсийн ширээнд хүн шахаж суулгаад байсан. Гэтэл миний сууж байсан ширээний ойролцоо ширээнд олон залуучууд сууж байсан. Тэгэхэд надад зодуулсан гэх залууг тэнд сууж байсан эсэхийг мэдэхгүй байна. Би өөрөө согтууруулах ундааны зүйл хэрэглэдэггүй боловч тухайн үед би эхнэр, хүүхдээсээ салаад сэтгэл санаагаар хямарсан байсан. Тэгээд ганцаараа олон ширхэг пиво уусан байсан болохоор тухайн үед юу болсон талаар, мөн гэртээ яаж очсоноо санахгүй байгаа. Тэгээд би өглөө нь гэртээ сэрэхэд миний уруул дотор талдаа язарч, уруулын гадна талд бага зэрэг хавдсан байсан. Тэгээд би юу болсон талаар бодоод байсан чинь бааран дотор нэг залуутай маргалдаж байснаа хальт санасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
2. Иргэн Ж.Э***оос “Бусдад зодуулсан” гэх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 9-10 дахь тал),
3. Хохирогч Б.М***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би 2024 оны 04
дүгээр сарын 30-ны өдөр 2100 цагийн орчим гэрээс гарсан ба найз О***той уулзах зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "***" нэртэй баарны гадна 22 цагийн үед ирсэн. Тэгээд бид хоёр тус бааранд орж үйлчлүүлсэн. Тус газраас 4 ширхэг сэнгүр нэртэй пиво авч найзтайгаа хувааж уусан. Дараагаар нь бүжгийн талбайд манай найз О*** бүжиглэж байхдаа миний биед гэмтэл учруулсан залуутай маргалдсан. Гэхдээ зодолдоогүй. Тэгээд хэсэг хугацаанд салаад өөрсдийн сууж байсан ширээн дээр очиж суусан. Тэгээд 30 минутын дараа найз О*** бүжгийн талбайд бүжиглэж байхад нөгөө залуу дахиж очоод маргалдаж байсан. Тэгэхээр нь би очоод салгах гэтэл тухайн залуу намайг гараараа түлхэж газар унагаасан. Тэгээд намайг газар унасны дараагаар хөлөөрөө зүүн нүд рүү өшиглөсөн. Тэгээд би хэсэг хугацаанд газар ухаангүй хэвтсэн бөгөөд ухаан ороход миний өмсөж явсан хувцас цус мэт зүйлээр бохирдсон байдалтай байсан. Мөн миний зүүн нүдний зовхиноос цус гоожоод тогтохгүй байхаар нь найз О***ын утсаар цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөд цагдаагийн алба хаагч 103-т дуудлага өгөөд үзүүлж байгаарай гэж хэлсэн. Тэгээд 103-ийн эмч ирж үзээд оёдол тавих юм байна. Та шууд Гэмтлийн эмнэлэг орж үзүүлээд оёдол тавиулчих гэж хэлэхээр нь би шууд Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд миний санаж байгаагаар зүүн нүдний маань зовхинд 8 оёдол тавьсан шиг санагдаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
4. Гэрч Б.А***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний санаж байгаагаар 2024 оны 05 дугаар сард хувиараа бизнес эрхэлдэг иргэдийн дунд сагсан бөмбөгийн тэмцээн болсон. Тэгээд тэмцээнд оролцож дуусчхаад ажлынхаа хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” гэх нэртэй бааранд ирж үйлчлүүлсэн. Тус тэмцээнд О.С*** оролцсон бөгөөд хамт явж байсан...тэр өдөр хүнтэй зодолцсон эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дэх тал),
5. Гэрч С.*** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр ажлынхаа хамт олонтойгоо сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон бөгөөд ажлынхаа хүмүүстэй Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” нэртэй бааранд үйлчлүүлсэн. Тэгээд би хамт ажилладаг А***ын хамт тус баарны гадна тамхи татаад зогсож байхад урд өмнө нь тус газарт лангуу түрээсэлж байсан *** гэх залуу хажууд ирээд юм ярингаа хамт тамхи татсан. Тэгээд би нялх хүүхэдтэй болохоор удалгүй гэр лүүгээ явсан. Тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал),
6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камер шүүж ажилласан талаарх тэмдэглэл, 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 35-39, 56, 60 дахь тал),
7. Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай "...Б.М***ын биед зүүн ухархайн доод хананд зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний дотор булан, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 28-29 дэх тал)
8. Шүүгдэгч О.С***ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн "... Хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Худалдаа хөгжлийн банкны *** дугаартай дансны хуулга (хавтаст хэргийн 80 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 81 дэх тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 82 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 47 дахь тал), 692 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 80-91 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С*** нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо бичгээр илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч О.С*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, "***” нэртэй бааранд "найзыгаа өмөөрч очсон” хохирогч Б.М***ыг гараараа түлхэж газарт унагаан, хөлөөрөө зүүн нүд хэсэгт өшиглөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн ухархайн доод хананд зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний дотор булан, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний алимд цус харвалт, зүүн дээд зовхинд язарсан шарх, зүүн хацарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжны салстад язарсан шарх, цус хуралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.М***ын мэдүүлэг, гэрч Б.А***, С.Нямдарь нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Хоёр: Эрх зүйн дүгнэлт
Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж тунхаглаж хүний өмч, хөрөнгөтэй байх, түүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.
Шүүгдэгч О.С***ын хохирогч Б.М***ыг гараараа түлхэж газарт унагаан, хөлөөрөө зүүн нүд хэсэгт өшиглөж түүний Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч О.С***ын хохирогч Б.М***ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Хохирогчийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч О.С***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.М***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба тэрээр “надад баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие одоо зүгээр байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох шаардлагагүй” гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 33 дахь тал), мөн хохирогч Б.М***ын гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас авсан тусламж үйлчилгээний төлбөрт Эрүүл мэндийн даатгалын сангаас 246,300 төгрөгийн зардал гарсан (хавтаст хэргийн 92 дахь тал) байх тул Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.С***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгож шийдвэрлэв.
Харин хохирогч Б.М*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч О.С*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч О.С***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” санал гаргасан.
Шүүгдэгч О.С***ын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан О.С***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Тодруулбал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын санал нь хууль зүйн үндэслэлтэй тул шүүх хүлээн авч шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.С*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч О.С***т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36,3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогтой О***ын С***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч О.С***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эд мөрийн баримтаар хураагдан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.С*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг О.С***т сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч О.С***аас 246.300 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлсүгэй.
7. Хохирогч Б.М*** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР