| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/04564/И |
| Дугаар | 101/ШШ2023/02746 |
| Огноо | 2023-05-24 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2023/02746
2023 05 24 101/ШШ2023/02616
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ОЙ********** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, К ****-р байрны **** тоотод оршин суух Ө.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ЖЯ******** регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, * дугаар хороо ** дугаар хороолол, хд ** дүгээр байрны ** тоотод оршин суух Г.М-д холбогдох
Гэм хорын хохиролд 19,846,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.М, хариуцагч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 05 цаг 8 минутын үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Зүүн 4 замын хойд замд Г.М нь лексус 250 маркийн **-** УАО улсын дугаартай автомашиныг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2.13 хувь согтолттой жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, 11.14 жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэснийг тус тус зөрчиж миний тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай машины хойноос мөргөж эд хөрөнгийн хохирол учруулсан. Уг зөрчлийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр №********* дугаар шийтгэлийн хуудсаар 400,000 төгрөгөө торгосон. Ингээд миний бие хохирлоо авч чадаагүй тул автомашинд учруулсан хохирол 17,560,000 төгрөг, эвдэрсэн машины зээлийн хохиролд 1,309,117 төгрөг, замын зардал 190,000 төгрөг, эмчилгээний зардалд 534,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 245,000 төгрөг нийт 19,846,117 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
А Б ХХК нь авто ослын улмаас учирсан автомашины техникийн эвдрэл гэмтэл, хохирлын үнэлгээг гаргахдаа хохирогч, холбогдогч нарыг байлцуулсан төдий оролцуулж эвдрэлийн талаарх мэдээллийг бүрэн дүүрэн танилцуулж тогтоогоогүй бөгөөд тухайн үед миний бие хохирогчийн дайралт, шахалт болон ослын шокийн байдалтай учир явдлыг бүрэн ойлгож хариуцах чадваргүй үед үнэлгээний хуудас дээр гарын үсэг зуруулсан. Хохирлын үнэлгээ буюу эвдэрсэн эд ангиудын үнэ нь хэт өндөр ба өнөөгийн зах зээлийн бодит ханшаас зөрүүтэйгээр тогтоосон. 2023 онд үйлдвэрлэсэн буюу 9 жил замын хөдөлгөөнд оролцсон хуучин автомашиныг шинэ эд ангийн үнэ тусгаж оруулсан. Зарим эд ангиудыг сэргээн засварлах боломжтой байхад кузов, багаж, тэвшийг солих гэж тогтоосон.
Шинэ эд ангиудад дагалдаж иж бүрэн байдлаар худалдаалагддаг эд ангиудыг тусад нь салгаж үнэ нэмж тогтоосон. Тухайлбал: багажийн хойд шил арчигчийн мотор, багажийн амортизатор, хөөсөн хайрцаг, хар хайрцаг, түгжээний хуванцар хаалт зэрэг эд ангиуд нь арын хаалга багажтай иж бүрнээр зарагддаг. Мөн эвдрээгүй зарим эд ангиудыг тусгасан. Тухайлбал: хүүхдийн сандал, запаас дугуй, аккумлятор гэх мэт, будах зардал, ажлын хөлс зэргийг давхардуулсан зэрэг байдлууд хохирлын үнэлгээг бүрэн дүүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна.
Миний зүгээс А Б ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй, хохирлын талаар судалгаа хийхэд 10,000,000 төгрөгт багтах үнэлгээ гарч байна. Урьдчилсан байдлаар 4,000,000 төгрөгийг хохирогчид төлсөн тул 6,000,000 төгрөгийг зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс Г.М-ийн оршин суугаа хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэст Г.М-ийн гаргасан өргөдөл, Г.М-ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар, лексус 250 маркийн **-** УАО улсын дугаартай автомашины тээврийн хэрэгслийн хуулбар, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зөрчил хариуцсан байцаагчийн 2022 оны 6 дугаар сарын 21, 2022 оны 6 дугаар сарын 16, 2022 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн магадалгаанууд, Тээврийн цагдаагийн албаны Зам, тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагчийн 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн магадалгаа, Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 0409869 дугаартай шийтгэлийн хуудас, тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай автомашины гэрчилгээний хуулбар, Ө.Н-ийн жолооны үнэмлэхийн хуулбар, 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1011 дугаартай А Б ХХК-ийн Авто машин техник эвдрэл, хохирлын үнэлгээ, А Б ХХК-ийн Б О ХХК-нд хүргүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 595 дугаартай тодорхойлолт, Т ХХК, Ө.Н нарын хооронд байгуулсан 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээ, Нэткапитал финанс ББСБ ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 29-ны өдрийн *** дугаартай албан бичиг, 2022 оны 6 дугаар сарын 29, 2022 оны 6 дугаар сарын 28, 2022 оны 6 дугаар сарын 20, 2022 оны 7 дугаар сарын 02, 2022 оны 7 дугаар сарын 23, 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шатахуун худалдан авсан е-баримт, 2022 оны 8 дугаар сарын 01, 2022 оны 9 дүгээр сарын 15, 202 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн эмнэлгийн магадалгаа, 2022 оны 8 дугаар сарын 08-ны М ф ХХК-ийн е-баримт, 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдрийн Гялс төвийн е-баримт, **** ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 19-ны өрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Д**** ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн е-баримт, М****** ХХК-ийн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн е-баримт, Г*** эмнэлгийн рентген зургийн дүгнэлт, Д**** үүр эмнэлэгийн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн шинжилгээний баримт, Нэткапитал финанс ББСБ ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ******** дугаартай албан бичиг,
Хариуцагчаас Капитрон банк-ны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн төлбөрийн баримт,
Шүүхийн журмаар Итгэлт эстимэйт ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н нь хариуцагч Г.М-д холбогдуулан гэм хорын хохиролд 19,846,117 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 6,000,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.
Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан үндэслэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээр тодорхойлогдсон тул дээр дурдсан ерөнхий үндэслэлээр бус харин тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгө болон эрүүл мэндэд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 19,846,117 төгрөгийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
- Автомашинд учруулсан хохирол 17,560,000 төгрөг,
- Эвдэрсэн машины зээлийн хохиролд 1,309,117 төгрөг,
- Замын зардал бусад журмын хашааны зардалд 435,000 төгрөг,
- Эрүүл мэнд, эмчилгээний зардалд 534,000 төгрөг гэж тайлбарласан.
Автомашинд учруулсан хохирол 17,560,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Хариуцагч Г.М-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Ө.Н-ийн эзэмшлийн тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай автомашинд 17,560,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1011 дугаартай А Б ХХК-ийн Авто машин техник эвдрэл, хохирлын үнэлгээгээр нотлогдож байх бөгөөд уг үнэлгээг зах зээлийн ханшид нийцээгүй, бодитой тогтоогоогүй гэж хариуцагч маргасан. /х.х-ийн 19 дэх талд/
Шүүх хариуцагчийн хүсэлтээр Итгэлт эстимэйт ХХК-ийн шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Итгэлт эстимэйт ХХК нь тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай автомашинд үүссэн хохирлын 2022 оны 6 дугаар сарын зах зээлийн үнэлгээг 15,620,000 төгрөг гэж тогтоосон ./х.х-ийн 83-106 дахь талд/
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Шүүх хэрэгт авагдсан А Б ХХК, Итгэлт эстимэйт ХХК-ийн тус тус хохирлын үнэлгээг харьцуулан судлаад Итгэлт эстимэйт ХХК шинжилгээний объектын хувьд гагцхүү А Б ХХК-ийн үнэлгээнд үндэслэсэн харин А Б ХХК нь осол болсон тухайн цаг хугацаанд автомашиныг бодитоор үзсэний үндсэн дээр үнэлгээг тогтоосон тул А Б ХХК-ийн үнэлгээг бодит хохирлын хэмжээг тогтоосон гэж үзэв.
Иймд автомашинд учруулсан бодит хохирлын хэмжээ болох 17,560,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Эвдэрсэн машины зээлийн хохиролд 1,309,117 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай автомашиныг зээлээр худалдан авсан бөгөөд 2 сар журмын хашаанд байсны улмаас автомашинаа ашиглаж чадаагүй тул Нэткапитал финанс ББСБ ХХК-нд төлөх 2 сарын зээлийн төлбөрийг хариуцагчаас гаргуулна гэж тодорхойлсон.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь тоёота приус 40 маркийн **-** УАС улсын дугаартай автомашиныг Нэткапитал финанс ББСБ ХХК-нд барьцаалан 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэйгээр зээлж авсан байх бө сарын төлөлт нь 651,558.07 төгрөг бөгөөд 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр зээлээ бүрэн хааж дууссан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 28, 113 дахь талд/
Мөн тухайн осол болсноос хойш буюу 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр автомашинаа журмын хашаанаас хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 68 дахь талд/
Хэдийгээр, 2022 оны 6 дугаар сарын 14-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслээ ашиглаагүй болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх боловч тус автомашинаараа тодорхой орлого олж бусдад төлөх зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэдэг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.
Замын зардал бусад журмын хашааны зардалд 435,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгчийн замын зардалтай холбоотой хэрэгт гаргаж өгсөн шатахуун түгээх станцуудын баримтаар уг хохирол хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарсан зардал гэж эргэлзээгүй дүгнэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 34, 65 дахь талд/
Тодруулбал, шүүх гэм хорын хохирлыг тодорхойлохдоо хариуцагч гэм буруутай эсэх хариуцагчийн уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх буюу гэм буруу, хохирлын хооронд шалтгаант холбоо байгаа эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай бөгөөд шатахуун худалдан авсан нь хариуцагчийн гэм буруутай шууд шалтгаант холбоотой гэж дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй.
Харин нэхэмжлэгч нь 2022 оны 7 дугаар сарын 19-ны өдөр журмын хашааны төлбөрт 245,000 төгрөг төлсөн байх бөгөөд уг хохирол нь хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчээс гарах ёсгүй зардал гарсан байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэв.
Эрүүл мэнд, эмчилгээний зардалд 534,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ө.Н нь Д эмнэлэгт 2022 оны 6 дугаар сарын 14-нд баруун гараа гэмтээсэн хэмээн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр шинжилгээ хийлгэсэн байх клиникийн урьдчилсан оношийг баруун гарын шууны мэдрэлийн хам шинж гэж оношилсон мөн 2022 оны 7 дугаар сарын 29-ны өдөр Гялс төвд баруун бугуйн үений эгц болон ташуу байрлалын рентген зураг авхуулсан байх ба уг рентген зургийн дүгнэлтэд ... ясны деталь хэсэгт ташуу байрлалын зурагт үе дайрсан зөрөөгүй хугарлын шугаман өөрчлөлт тодорхойлогдоно. Бугуйн үений зай жигд бус нарийссан. Шинжилгээнд хамрагдсан сарвууны яснуудад өөрчлөлтгүй, сарвууны үеийн зайнууд хэвийн гэж тус тус оношилсон байна.
Нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан уг сөрөг байдал нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотойгоор үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, осол болсон цаг хугацаа болон эрүүл мэндэд учирсан сөрөг үр дагаврын талаар эмчлэгч эрүүл мэндийн байгууллагад нэхэмжлэгчийн өөрийн мэдэгдсэн байдал зэргээс үзэхэд ослын улмаас нэхэмжлэгчийн эрүүл мэндэд учирсан гэм хор гэж үзэх боломжгүй байна.
Иймд тус үзлэг, оношилгоо, эм хэрэгслийн төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Дурдсан үндэслэлүүдээр автомашинд учирсан хохиролд 17,560,000 төгрөг, журмын хашааны төлбөрт 245,000 төгрөг нийт 17,805,000 төгрөгийг хариуцагч хариуцах үүрэгтэй байх тул уг төлбөрөөс хариуцагчийн нэхэмжлэгчид төлсөн 4,000,000 төгрөгийг хасаж үлдэх 13,805,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,041,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Г.М-аас 13,805,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Н-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,041,117 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 277,736 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.М-аас 226,975 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ө.Н-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЯНЖИНДУЛАМ