Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2023/02746

 

 

 

 

 

 

2023 05 31 101/ШШ2023/02746

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн СЭ********* регистрийн дугаартай, Б дүүргийн 5 дугаар хороо, нарийн ** дүгээр гудамж * тоотод оршин суух Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын иргэн СИ***** регистрийн дугаартай, Б дүүрэг, ** дүгээр хороо, *** хороолол *** дүгээр байрны 59 тоотод оршин суух Ү.С-д холбогдох,

Түрээсийн гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Ү.С-тай 2021.12.03-ны өдөр машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулж Hyundai robex 3000LC-7A маркийн **-** УН улсын дугаартай экскаваторыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн хөлийн холбоо гэх газар байрлах жоншны уурхайд 2021.1.203-ны өдрөөс 2022.08.13-ны өдрийн хооронд түрээслэн ажилласан. Гэрээнд 1 сарын түрээсийн төлбөрийг 25,000,000 төгрөг байхаар тохирсон боловч түрээслэгч Ү.С нь түрээсийн төлбөрөө сар сард нь төлөлгүй удааж, нэхүүлж бага хэмжээний мөнгө төлдөг байсан. Мөн түрээсийн төлбөрөө удаа дараа шаардахад гараараа төлбөр төлөхөө илэрхийлсэн амлалт бичиг хийж өгч байсан.

Улмаар 2022.08.13-ны өдрийн байдлаар түрээсийн үлдэгдэл төлбөр 75,000,000 төгрөг болж хуримтлагдсан бөгөөд энэ төлбөрийг 2022.09.25-ны өдрөөс эхлэн 4 сарын хугацаанд буюу 2022.12.25-ны өдөр гэхэд төлж дуусахаар амлалт бичиг хийж өгсөн. Гэвч мөн л дээрх хугацааны дагуу эхний төлөлтийн хугацаа 2022.09.25-ны өдөр болсон боловч төлөхөөр тохирсон эхний 15,000,000 төгрөгийг одоо болтол төлөөгүй. Машин механизм түрээслэх түрээслүүлэх гэрээний 6.1-д Түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг түрээслүүлэгч талд өгнө. Төлбөрийг бүрэн барагдуултал түрээслүүлэгч талаас ажлыг 5 хоногийн хугацаагаар зогсоох бөгөөд зогсоосон хугацааг ажилласнаар тооцно гэж заасны дагуу 2023.03.1-ний өдрийн байдлаар түрээсийн төлөх хугацааг 177 хоногоор хэтрүүлсэн бөгөөд нэг хоногийн алданги 375,000 төгрөг, 177 хоногийн алданги 66,375,000 төгрөг тооцогдож байна. Иргэний хуулийн 232.4 алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн байдаг тул алданги 37,500,000 төгрөг нэхэмжлэх үндэслэлтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний 3.18-д заасны дагуу Ү.С нь түрээсийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 318.1-д заасны дагуу түрээсийн төлбөр 75,000,000 төгрөг алданги 37,500,000 төгрөг нийт 112,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй болжээ. Б.Б, Ү.С нар 2021.12.03-ны өдөр Машин, механизм түрээслэх гэрээ-г байгуулж, гэрээний 4.1-д зааснаар Б.Б нь 30 хоногт өдөрт дунджаар 10 мото/цаг ажиллахаар гэрээний үнийн дүн нь 25,000,000 төгрөг байхаар тохирсон байна. Гэрээний 5.1-д заасан Гэрээний хугацаа-г талууд тохиролцоогүй байх тул нэхэмжлэлд дурдсан ... 2021.01.23-ны өдрөөс 2022.08.13-ны өдрийн хооронд түрээслүүлэн ажилласан гэсэн нь үндэслэлгүй юм.

Б.Б нь экскаватораа Хэнтий аймгийн Баян-Адарга суманд байх жоншны уурхайд 2021.12.05-нд ачиж аваачиж, 2022.01.17-ныг хүртэл ажилласан. Монголын цагаан сарын үе таарсан учир уурхайгаа 01 дүгээр сарын 17-ноос буулгаж 2022 оны 03 дугаар сарын 13-ныг хүртэл бүх ажилчдаа амраасан. 2022 оны 3 дугаар сарын 13-нд эргэж уурхай гаргасан бөгөөд Б.Б нь 04 дүгээр сарын 03-ныг хүртэл 1 сар орчим ажилласан. Түүнийг ажиллах хугацаанд өдрийн 10 мото/цаг ажиллаагүй өдөрт дунджаар 4 мото/цаг орчим л ажиллаж байсан. Экскаватор нь эвдэрлээ гэж байнга зогсоно. Мөн цаг агаарын саатал орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагын шалгалт гэх мэт шалтгаанаар уурхайн ажлыг үе үе зогсоох шаардлага үүсдэг байсан. Б.Б нь алдаг оног талбай дээр ажил хийж байгаад 2022 оны 8 дугаар сард /өдрийг нь сайн санахгүй байгаа/ экскаватораа авч явсан байна.

Б.Б-г ажиллах хугацаанд түрээсийн төлбөрт түүний 57********* тоот дансанд болон Б.Б-н өөрийнх нь шилжүүлж болно гэсний дагуу бусад хүний данс руу нийт 51,660,000 төгрөгийг экскаватор түрээс гэсэн утгаар Ү.С нь шилжүүлсэн байхад нэхэмжлэлд ямар үндэслэлээр ... гэрээний 3.18-д заасны дагуу Ү.С нь түрээсийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байна гээд түрээсийн төлбөр 75,000,000 төгрөг, алданги 37,500,000 төгрөг нийт 112,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд:

Нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай албан бичиг, Ү.Сгийн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын тохироо буюу хэлэлцээр хийв, 2022 оны 6 дугаар сарын 28-нд Б-д, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Иргэн Б гэх гараар бичсэн баримтуудыг,

Хариуцагчаас Ү.С-гийн Хаан банк дахь 50*********,  У.Б-н Хаан банк дахь 50******** .Б-ийн Хаан банк дахь 50***** тоот данснуудын дэлгэрэнгүй хуулгуудыг тус тус гаргаж өгсөн нь хэрэгт авагдсан.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн урьд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Ү.Сд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 112,500,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүргийн дагуу хангуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... талуудын хооронд байгуулсан гэрээгээр гэрээний хугацааг тохиролцоогүй тул 2021.01.23-ны өдрөөс 2022.08.13-ны өдрийн хооронд бүтэн ажиллаагүй, алдаг оног ажилласан бөгөөд ажилласан хугацааны түрээсийн төлбөрт нэхэмжлэгчийн 57******* тоот дансанд болон Б.Б-н өөрийнх нь шилжүүлж болно гэсний дагуу бусад хүний данс руу нийт 51,660,000 төгрөгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн тул хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигч талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Машин механизм түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр нэг талаас түрээслүүлэгч Б.Б нь Hyundai 3000LC-7A экскаваторыг түрээслүүлэх, нөгөө талаас түрээслэгч Ү.С нь түрээсийн төлбөр төлөх үүргийг харилцан хүлээсэн болох нь хэрэгт авагдсан уг гэрээний хуулбараар тогтоогдож байна. /х.х-ийн 5-10 дахь талд/

Гэрээний агуулга талуудын илэрхийлсэн хүсэл зориг зэргээс үзэхэд нэхэмжлэгч Hyundai robex 3000LC-7A маркийн **-** УН улсын дугаартай экскаваторыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан багийн хөлийн холбоо гэх газар байрлах жоншны уурхайд операторчинтой нь шилжүүлэх, хариуцагч төлбөр төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний агуулгад нийцэж байна.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

Гэрээ байгуулагдсан үйл баримтын талаар талууд маргаагүй харин талуудын маргааны зүйл нь түрээсийн машин механизмын ажилласан хугацааны төлбөрийг төлсөн эсэх талаар маргаж байна.

Талууд хооронд байгуулсан гэрээний 4.1-д түрээсийн техникийг сард 30 хоног ажиллуулах ба техник өдөрт дунджаар 10 мото/цаг ажиллахаар харилцан тохирч гэрээний үнийн дүнг 25,000,000 төгрөг байх, 4.5-д талуудын эрх бүхий төлөөлөгчид гэрээний төлбөрийн урьдчилгаа 10,000,000 төгрөгийг гэрээ батлагдсан өдөр гэрээний 4.4-т заасан тээврийн зардлын хамт төлж, үлдэгдэл төлбөр болох 15,000,000 төгрөгийг техник хүлээн авч ажиллуулснаас хойш 15 хоногийн дараа төлөхөөр тохиролцов. Дараа сарын төлбөрүүд 15 хоногоор төлбөрөө урьдчилан төлөхөөр тохиролцов гэжээ.

Нэхэмжлэгч нь Hyundai robex 3000LC-7A маркийн **-** УН улсын дугаартай экскаваторыг түрээсэлсний төлбөр 75,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэж, хариуцагч нийт 51,660,000 төгрөгийг төлбөрийг бүрэн төлсөн гэж тус тус мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан Ү.Сгийн гараар бичсэн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын тохироо буюу хэлэлцээр хийв гэх баримтад Техникийн ажлын хөлс болох урьд сарын үлдэгдэл 23,000,000 сая төгрөгийг Бат-Эрдэнийн дансанд, 2022 оны 3 сарын 03 дотор 10,000,000 төгрөгийг хийнэ, үлдэгдэл 13,000,000 төгрөгийг 2022 оны 3 сарын 15-нд дуусгавар болохоор тохиров гэж, 2022 оны 6 дугаар сарын 28-нд Б-д гэх баримтад 2022 оны 3, 4, 5 сарын үлдэгдэл 34,000,000 төгрөгийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны дотор 100 өгөх 6 сарын 01-30 хүртэл тооцоо 25,000,000 төгрөгийн тус мөнгө бүрэн шилжсэн үед хамт дуусгавар болгохоор тохиров гэж, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Иргэн Бат-Эрдэнэ гэх баримтад ... манайх дээрх иргэнд 6, 7 сарын түрээс 41 сая төгрөг урьд үлдэгдэл 34 сая төгрөгийн хамт нийт 75 сая төгрөгийг 2022 оны 9-р сарын 25-нд 15 сая, 10-р сарын 25-нд 20 сая, 11-р сарын 25-нд 20 сая, 12-р сарын 25-нд 20 сая дээрх графикийн дагуу төлнө. Жич ажлын хөлсний тооцоо /техник/ болно гэжээ. /х.х-ийн 23-25 дахь талд/

Дээрх баримтуудаас үзэхэд хариуцагч Ү.С нь 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 75,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэгтэй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн гэж маргасан боловч хэрэгт авагдсан Ү.Сгийн Хаан банк дахь 50******,  У.Б-ийн Хаан банк дахь 5031758723, Б.Б-ийн Хаан банк дахь 50********* тоот дансны дэлгэрэнгүй хуулгуудаас үзэхэд сүүлийн байдлаар 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түрээсийн төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 26-40 дэх талд/

Тодруулбал, нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн 2022 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Ажлын тохироо буюу хэлэлцээр хийв, 2022 оны 6 дугаар сарын 28-нд Б-д, 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн Иргэн Б гэх баримтуудыг хариуцагч нь татгалзаж энэ талаарх баримтаа гаргаж мэтгэлцээгүй тул түүнийг түрээсийн төлбөрт 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзнэ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан.

Хуульд зааснаар түрээсийн гэрээний харилцаанд эд хөрөнгө хөлслөх гэрээний журмыг хэрэглэж болох бөгөөд Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-д хөлслөгч эд хөрөнгө ашигласны хөлсийг хугацаанд нь төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчид 75,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээнд зааснаар алдангид 37,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

Зохигч талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1-д түрээслэгч нь энэхүү гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ гэрээгээр тогтоосон хугацаанд багтаан бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг түрээслүүлэгч талд өгнө. Төлбөрийг бүрэн барагдуултал түрээслүүлэгч талаас ажлыг 5 хоногийн хугацаагаар зогсоох бөгөөд зогсоосон хугацааг ажилласнаар тооцно гэж тохиролцжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

Түрээсийн гэрээний төлбөр төлөх үүрэг нь тус гэрээний үндсэн үүрэг бол алданги нь гэрээний үүргээ биелүүлээгүй улмаас үүрэг гүйцэтгэгч талд хүлээлгэж буй хариуцлага оногдуулж буй талуудын тохиролцсон хариуцлагын хэлбэр бөгөөд энэхүү хариуцлагын тохиролцоо нь дээрх хуульд нийцсэн байх шаардлагатай.

Тодруулбал, үүрэг гүйцэтгэгч талд хариуцлага оногдуулахад гэрээгээр тохирсон хугацаа хэтрүүлсэн байх хариуцлагын хэмжээ хуульд заасан хэмжээнээс хэтрээгүй байх учиртай.

Гэтэл талууд түрээсийн гэрээний төлбөр төлөх хугацааг гэрээний 4.7-д түрээсийн гэрээний хугацаа дууссан болон гэрээний хугацаа дуусахаас өмнө техникийг түрээслүүлэгчид буцаан өгсний дараа талууд нь Тооцоо нийлсэн акт үйлдэж хоорондын зөрүү төлбөрийг нөгөө талдаа 1 /нэг/ хоногт багтаан бүрэн төлнө гэж тохиролцжээ.

Дээрх тохиролцоогоор үүрэг гүйцэтгэгчид хариуцлага хүлээлгэхэд талууд тооцоо нийлсэн байхаар тохиролцсон боловч ийнхүү тооцоо нийлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийг хариуцагчаас алданги шаардах эрхгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Ү.С-гаас 75,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 37,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болохыг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                           ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ү.С-гаас 75,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 37,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 720,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ү.С-гаас 532,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ