| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2023/01247/И |
| Дугаар | 101/ШШ2023/03100 |
| Огноо | 2023-06-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2023/03100
2023 06 19 101/ШШ2023/03100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн УУ******** регистрийн дугаартай, С дүүргийн * дугаар хороо, ** дугаар гудамжны * тоотод оршин суух Г.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын иргэн ЕЮ****** регистрийн дугаартай, Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух Д.Ш-д холбогдох,
Гэм хорын хохиролд 2,176,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ажлаа тараад орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, 2, ** байрны гадна зогсоолд өөрийн эзэмшлийн **-** улсын дугаартай lexus HS 250 маркийн автомашиныг байршуулан хоносон. 12 дугаар сарын 07-ны өглөөний 8 цагийн орчимд ажилдаа явахаар гарч ирэхэд машины урд купер хагарч унжсан, гэрэл угаагч хагарч эвдэрсэн байдалтай байсан болохоор 2, ** байрны СӨХ-нд асуудлаа тайлбарлан тухайн зогсоол руу чиглэсэн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 12 дугаар сарын 07-ны үүрийн 02 цаг 45 минутад гранд марк 2 загварын цагаан өнгийн автомашин ухрах үйлдэл хийх үедээ мөргөчихөөд явсан болохыг олж мэдсэн. Иймд би 2022 оны 12 дугаар сарын 07-ны 2 цагийн орчимд БЗД-ийн Замын цагдаагийн хэлтэст гомдлоо гаргаж өгсөн. Тус гомдлын дагуу БЗД-ийн Замын цагдаагийн хэлтсийн ажилтан Б нь тухайн зөрчил гаргасан автомашиныг **** УБЧ улсын дугаартай Д.Ш жолоодон явах үедээ осол гаргасан, ослын газрыг орхин явсан болохыг тогтоосон юм.
Замын цагдаагийн албаны зүгээс Д.Ш-д уг зөрчлийн хэрэг нээн холбогдох хууль журмын дагуу хариуцлага тооцсон бөгөөд хохирогчийн хохирлыг барагдуулах шаардлага тавьсан. Г.О миний бие Д.Ш-тэй холбогдоход хохирлыг барагдуулах боломжгүй гэж хариу өгсөн. Иймд өөрийн эд хөрөнгөд учирсан хохирол болох эд хөрөнгийн үнэлгээний газраас тогтоосон 1,950,000 төгрөг, үнэлгээний төлбөр 116,000 төгрөг, нэмэлт үнэлгээний зардал нийт 2,176,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
О-ийн машиныг би машинаараа мөргөсөн бол миний машинд гэмтэл сэв гарч ул мөр үлдэх ёстой. Миний машинд гэмтэл сэв байхгүй байгаа нь машинаараа О-ийн машиныг мөргөсөн гэдэг нь худал болохыг нотолж байна. О нь өөрөө машиныхаа гэмтэл хохирлыг тодорхойлсон нь хууль бус юм. Хохирогч, холбогдогч хоёрыг байлцуулан байцаагчийн тогтоосон актыг үндэслэн хохирол төлбөрийг тогтоох ёстой. Б нь дээр дурдсан ажиллагаа явуулалгүй О-ийн өөрийн гаргасан хохирол төлбөрийг төлүүлэхийн тулд хувийн сонирхлоор хууль бус ажиллагаа явуулж байгаагаа хаацайлж машин мөргөчхөөд зугтсан гэх шалтгаар миний машиныг байрных нь гаднаас барьцаалан 1 сар гаруй хугацаанд журмын хашаанд хийсэн. Зугтсан юм байхгүй. О-ийн машин гэмтсэн гэх 2022 оны 12 дугаар сарын 06-наас хойш 6 хоногийн дараа мөн сарын12-ны өдөр миний машиныг журамласан. Манай Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын 68 дугаар байрнаас О-ийн машин байсан гэх Амгалан хотхон хүртэл 50 орчим метрийн зайтай аль алиндаа харагдаж байдаг. Б намайг дуудаж аваачаад өрөөндөө бороохойдон эрүүдэн сүрдүүлээд 2 сая төгрөг төл тэгвэл чамтай яриа байхгүй гэсэн. О-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. О-ийн машины урд гупер болон гэрэл угаагч хагарсныг техникийн шинжээчээр тогтоолгох хүсэлттэй байна. Гэрэл угаагч хаана байж байгаад ямар үйлчлэлийн улмаас хагарсан гэдэг нь ойлгомжгүй байна гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Нэхэмжлэгчээс **-** улсын дугаартай lexus HS 250 маркийн автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн **** дугаартай Итгэлт хөрөнгө ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний дүгнэлт, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хариу мэдэгдэх хуудас, Д.Ш-ийн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст гаргасан тайлбар, Д.Ш-ийн иргэний болон жолооны үнэмлэхийн хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудас, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн магадалгаа, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
Шүүхийн журмаар А Б ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хариуцагчийн урьд гаргасан тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Д.Ш-д холбогдуулан гэм хорын хохиролд 2,176,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Д.Ш нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 05:00 минутын орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо О-2 хотхоны хойд замд тоёота гранд марк 2 маркийн **-** УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14.Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй, 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх гэснийг зөрчиж Г.О жолоочтой лексус НS маркийн **-** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж осол хэргийн газрыг орхиж явсан зам тээврийн осол гаргасан тул түүнийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар 50 оноо хасаж, 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан болох нь хэрэгт авагдсан Зөрчил шалган шийдвэрлэсэн ажиллагааны тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтны магадалгаа, шийтгэлийн хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /х.х-ийн 12-14 дэх талд/
Дээрх баримтуудаар хариуцагч Д.Ш нь хууль зөрчсөн гэм буруутай үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.4.4-т учруулсан хохирлыг арилгуулах аргаар зөрчигдсөн эрхийг хамгаална гэсэн зохицуулалт болон мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрх нь зөрчигдсөн этгээд гэм хор учруулсан гэм буруутай этгээдээс гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зохицуулсан нь гэм буруутай этгээдээс бусдад учруулсан гэм хорыг арилгах ерөнхий үндэслэл юм.
Хэн нэгний биеийн хүчний үйлчлэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад бусдад гэм хор учруулсан байх тул дээр дурдсан ерөнхий үндэслэлээр бус тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын тусгай зохицуулалтаар нэхэмжлэгч нь гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Энэ талаар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөд хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй юм.
Хариуцагч Д.Шийн гэм буруутай үйлдлийн улмаас Г.Оийн эзэмшлийн **-** улсын дугаартай lexus HS 250 маркийн автомашины урд купер баруун талдаа хагарсан, урд купер зүүн их гэрэл шүршигч хагарсан, зүүн урд их гэрэл шүршигчийн таг хагарч 1,950,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 4939 дугаартай Итгэлт хөрөнгө ХХК-ийн Авто машин техникийн үнэлгээний дүгнэлтээр нотлогдож байх бөгөөд хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. /х.х-ийн 6 дахь талд/
Шүүхээс дээрх үндэслэлээр Ашид билгүүн ХХК-ийг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчээр томилогдсон Ашид билгүүн ХХК нь **-** улсын дугаартай lexus HS 250 маркийн автомашины баруун урд гэрлийн ус шүршигч хагарч хугарч, урд купер урагдаж тасарсны улмаас 1,790,000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон./х.х-ийн 53-55 дахь талд/
Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус зохицуулсан.
Хуульд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд нь гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд нь сэргээх үүрэгтэй бөгөөд ийнхүү гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй юм.
Хэрэгт авагдсан шинжээчдийн дүгнэлтээр хохирлын үнэлгээ 160,000 төгрөгийн зөрүүтэй байх боловч нэхэмжлэгч нь шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахад татгалзахгүй гэж тайлбарласан тул автомашинд учруулсан бодит хохирлын хэмжээг Ашил билгүүн ХХК-ийн тогтоосон үнэлгээгээр тооцож 1,790,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарыг шүүхэд гаргасан боловч ийнхүү татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Итгэлт хөрөнгө ХХК-иар үнэлгээ хийлгэхэд гарсан зардал 116,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч 116,000 төгрөгийг төлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул уг шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явцад томилогдсон шинжээчийн зардалд төлсөн 110,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан бөгөөд шүүх уг зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хуваарилах тул нэхэмжлэлийн шаардлагаар шийдвэрлээгүй болохыг дурдав.
Дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Д.Шээс 1,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 386,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Шээс 1,790,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Оэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 386,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52,556 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шээс улсын тэмдэгтийн хураамжид 43,590 төгрөг, шүүхийн зардалд 110,000 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Г.Оэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Б.ЦОЛМОНГЭРЭЛ