| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06582/И |
| Дугаар | 101/ШШ2023/03373 |
| Огноо | 2023-07-05 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/03373
2023 07 05 101/ШШ2023/03373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол Улсын иргэн ГЙ******** регистрийн дугаартай, Х дүүрэг, * дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух С.Ө-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 68******* регистрийн дугаартай, Б дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны * тоотод оршин байх Х Ф Ф И Т-нд холбогдох,
Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт гаргасан нэхэмжлэлдээ:
С.Ө миний бие Х Ф Ф И Т-нд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс талбайн менежерийн ажилд орж, ажил үүргээ гүйцэтгэж байсан. Мөн 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдөр харилцан хамаарал бүхий компани болох О-У ХХК-ийн гүйцэтгэх захирлаар намайг томилон ажиллуулсан. Ажиллаж байх хугацаанд 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн миний Тоёота прадо 120 маркийн **-** улсын дугаартай автомашиныг компанийн ажил үйлчилгээнд ашиглаж байхаар болж сард 2,500,000 төгрөгийн түрээс буюу эд хөрөнгө ашигласны хөлс төлөхөөр тохиролцсон. Тус компани нь БНХАУ-ын эзэнтэй, жонс экспорт тээврийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Дорноговь аймгийн Даланжаргалан суман дахь ачилт буулгалтын талбай, Айраг сум гэх мэтээр хөдөө орон нутаг руу байнга ажил үйлчилгээнд миний машиныг ашиглаж байсан. Машины ээлжийн засвар үйлчилгээ,эвдрэл гэмтлийг ч засаж янзлах мөнгө өгдөггүй, би өөрөө мөнгө гаргаж засвар үйлчилгээ, эвдрэл гэмтлийг засаж сэлбэдэг байсан. Тус компани нь миний машиныг ашиглах гэрээ байгуулаагүй бөгөөд миний машиныг үйл ажиллагаандаа тогтмол ашиглаж байсныг хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилнэ. Х Ф Ф И Т нь намайг ажлаас үндэслэлгүйгээр халсан бөгөөд үүгээр зогсохгүй тохиролцсон машины түрээс буюу эд хөрөнгө ашигласны төлбөрийг төлөхгүй хохироож байна. Иймд С.Өын миний өмчлөлийн Тоёота прадо 120 маркийн **-**улсын дугаартай автомашиныг ашигласны хөлс 12,500,000 төгрөгийг Х Ф Ф И Т-аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Өын өмчлөлийн Тоёота прадо 120 маркийн **-**улсын дугаартай автомашиныг ашигласны 12,500,000 төгрөгийг Х Ф Ф И Т-аас гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй. Х Ф Ф И Т нь С.Өтой автомашин ашиглах, нэг сарын 2,500,000 төгрөгийн хөлс төлөх нөхцөлтэй гэрээ байгуулж, байгаагүй бөгөөд автомашины хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. С.Ө нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, 42 дугаар зүйлийн 42.1-т Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасныг зөрчиж, худал нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Шүүхийн журмаар хариуцагч Х Ф Ф И Т-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртөгийн албан татварын цахим бүртгэл, нэхэмжлэгч С.Өын гар утсанд хийгдсэн бичлэг, фото зурагт тус тус үзлэг хийсэн тэмдэглэл, 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Г Э ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, гэрчээр Б.А, Б.У, БНХАУ-ын иргэн Z H нарыг асуусан тэмдэглэлийг бүрдүүлсэн нь тус тус хэрэгт авагдсан.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Ө нь хариуцагч Х Ф Ф И Т-нд холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Шүүх зохигч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг ... 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс эхлэн Х Ф Ф И Т-ийн хамаарал бүхий О-У ХХК-нд гүйцэтгэх захирлаар томилогдон ажилласан бөгөөд энэ хугацаанаас тус компани миний эзэмшлийн Тоёота прадо 120 маркийн **-**улсын дугаартай автомашиныг компанийн үйл ажиллагаанд ашиглаж, сар бүр хөлс 2,500,000 төгрөг төлөхөөр тохиролцсон тул эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 12,500,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгчтэй автомашин хөлслөх талаар ямар нэгэн хэлэлцээ тохиролцоо хийгээгүй тул хөлс төлөх үүрэггүй гэж тайлбарлан маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлээс үзэхэд эд хөрөнгө хөлсөлсөн гэж тайлбарласан тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.
Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.
Тус гэрээний гол нөхцлийн тохиролцоо нь нэг талаас хөлсүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх үүргийг нөгөө талаас хөлслөгч нь эд хөрөнгийг ашигласны хөлс төлөх үүргийг тус тус харилцан хүлээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигч-ийн тайлбар хэргийн нотлох баримтад хамаарах боловч нэхэмжлэгчийн миний эзэмшлийн автомашиныг 6 сар хөлсөлсөн гэх тайлбарыг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир зохигчдын тайлбар-аар гэрээ байгуулагдсан эсэхийг тодорхойлох боломжгүй тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудад дүгнэлт хийх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж, хариуцагчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим бүртгэл болон гар утсанд тус тус үзлэг хийлгэж, шүүхийн журмаар шинжээч томилуулж, гэрчээр Б.А, Б.У нарыг асуулгасан.
Гэрч Б.А шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Өлзий ах байхгүй үед хоол хүнс зөөх, жижиг сажиг ажилтай үед унаж явдаг байсан. Ажиллаж байсан хүмүүс ч унадаг байсан Дундговь аймгийн Баянжаргалан сум руу нилээн явж байсан. Ээлжлээд явдаг байсан. ... Компанийн машин байхгүй гэж захирал өөрөө ч тэгж хэлж байсан. Машинтай болох хүртлээ түрээслээд явья, эвдрэл гэмтэл гарах юм бол бензин хийгээд, эвдрэл гэмтлийг нь хариуцаад явна гэж хэлж байсан гэж, гэрч Б.У шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ... Түрээслэж байсан талаарх нарийн зүйлийг нь санахгүй байна. Ер нь бол манай албаны машин шиг л байсан. Энэ тэндээс жонш олборож талбай руу нийлүүлдэг байсан. Би талбай дээр ажилчдаа хариуцаж ажилладаг байсан. Бид талбай дээр хэрэгтэй зүйл гарвал машиныг нь унаад явчихдаг байсан ... гэж тус тус мэдүүлсэн.
Нэхэмжлэгч нь хариуцагч Х Ф Ф И Т-ийг копманийн үйл ажиллагаанд ашиглах автомашингүй байсан бөгөөд 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр автомашин зээлээр худалдан авсан гэх тайлбартай хариуцагч маргаагүй.
Шүүхээс хариуцагч Х Ф Ф И Т-ийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын цахим бүртгэлд үзлэг хийхэд 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн хугацаанд тогтмол бензин, шатахуун худалдан авсан болох нь тогтоогдсон. /х.х-ийн 29-80, 125-126 дахь талд/
Гэрчүүдийн мэдүүлэг болон дээрх баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшлийн Тоёота прадо 120 маркийн **-**улсын дугаартай автомашиныг хариуцагч Х Ф Ф И Т компанийн үйл ажиллагаанд ашиглахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэж гэрчээр БНХАУ-ын иргэн Z H-ийг асуулгасан боловч дан ганц уг гэрчийн мэдүүлгээр хариуцагчийн татгалзалыг эргэлзээгүй үнэн зөв гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээ дурдсан баримтуудаар талуудын хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1 хэсэгт зааснаар амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас **-**улсын дугаартай автомашиныг 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ны өдрийг хүртэл нэг сарын хөлсийг 2,500,000 төгрөгөөр тооцож 12,500,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан.
Хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Г э ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд Тоёота прадо маркийн автомашиныг ашигт малтмалын чиглэлийн компанид орон нутагт 2022 оны 5-10 сарын үед хөлслөн ашиглах зах зээлийн үнэлгээг сарын 2,740,000 төгрөг гэж тогтоосон байх тул нэхэмжлэгчийн нэг сарын хөлсийг 2,500,000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй. /х.х-ийн 88-95 дахь талд/
Харин нэхэмжлэгч нь 2022 оны 5 дугаар сарын 09-ны өдрөөс хариуцагч компанийн хамаарал бүхий компанид ажилл орсон үеэс автомашинаа ашиглуулсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч ийнхүү 2022 оны 5 дугаар сараас ажилд орсон үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн гар утсанд үзлэг хийхэд тогтоогдсон 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс хариуцагч Х Ф Ф И Т-ийн автомашин зээлээр худалдан авсан 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл 3 сараар тооцох нь зүйтэй гэж үзэв.
Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Х Ф Ф И Т-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Өод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Ф Ф И Т-аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Өод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 220,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Ф Ф И Т-аас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Өод олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба уг хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах 14 хоногийн хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ