Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/35

 

М.Т-д холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ган-Эрдэнэ /онлайнаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч М.Т-д холбогдох 2129000590049 дугаартай эрүүгийн хэргийг хяналтын прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч М.Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэйгээр 2021 оны 02 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Ө аймгийн Х суманд хамтран амьдрагч Б.Н-г гараараа цохин эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь яллагдагч М.Т-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч М.Т нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.0000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн эсэргүүцэлдээ: “...Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, шүүхийн шийдвэрт бичиг техникийн шинжтэй алдаа гаргаснаас шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзэн, эс зөвшөөрч, прокурорын эсэргүүцэл гаргаж байна. Учир нь:

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүхийн шийдвэрт шүүгдэгчид оногдуулсан торгох шийтгэлийн хэмжээг бичихдээ “800 нэгж буюу” гэж тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцэж байгаа мэт боловч “800.0000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж тогтоосон нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Торгох шийтгэлийн хэмжээг нэгжээр илэрхийлсэн дүн нь мөнгөн дүнгийн илэрхийллээс зөрүүтэй байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан: “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “....торгуулийн ял" гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “....торгох ял гэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн, мөн шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг хэдий хугацаанд, хэрхэн төлөх талаар заагаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих талаар дурьдаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэх заалтыг зөрчсөн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

-Шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт тодорхойгүй гэж үзэх үндэслэл болно.

-Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ...” гэж бичсэн боловч шүүгдэгчээс өгсөн мэдүүлгийг бичээгүй орхигдуулсан, хэргийн үйл баримтыг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг удаа дараа хуулбарлаж бичсэн зэрэг зөрчилтэй байгааг дурьдах нь зүйтэй.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна гэж үзлээ. Үүнд:

1. Шүүх торгох ял шийтгэхдээ торгуулийн ял гэж, ялын хэмжээг 500 нэгж заасан  зэрэг нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ” гэсэн зохицуулалттай нийцээгүй ойлгомжгүй бичиж, мөн 800 нэгж гэсэн атлаа 800.0000 төгрөг гэж торгох ялын мөнгөн дүнг бичсэн нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэснийг зөрчсөн байна.  

2. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж болох зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу явагдах бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэснээс үзвэл торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар ялтанд сануулах нь шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг гэж үзэхээр боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай шийдвэр гаргасан, гаргаагүй эсэхээс үл хамааран торгох ялыг биелүүлэх хугацааг ямар нөхцөл, шалтгааны улмаас тогтоогоогүй талаар заавал хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүх тогтоосноор ялтаны хувьд шүүхийн шийдвэрийг хэзээ, хэрхэн биелүүлэхийг ойлгож биелүүлэх, эс зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, нөгөө талаар эрх бүхий этгээд нь  ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зэрэг хууль зүйн үр дагавар үүснэ.  

3. Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах боловч шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ нь шийдвэр хууль ёсны байх, шударга ёсны зарчмын агуулгаар тодорхойлогдох бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар хууль зүйн дүгнэлт бичигдээгүй байна.  

Иймд дээрх үндэслэлээр бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Мөн шийтгэх тогтоол нь хуульд заасан шааардлагыг дараах байдлаар хангаагүй үйлдэгджээ. Үүнд:

1. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт бичигдсэн асуудлын дараалал, бичвэрүүд дэх цэг, таслал, давхар цэг гэхчилэн бичвэрийн тэмдэг хэрхэн тэмдэглэгдсэн байгааг үзвэл “...дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: ...” гэснээс ...дүгнэв. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:” гэх хүртэл бичигдсэн бүх бичвэрүүдийн ард “таслал” тэмдэг бичигдсэн байна. Цэг, таслал, давхар цэг гэх мэт тэмдэг бүр тодорхой үүрэгтэй болохыг шүүх анхаараагүйгээс өгүүлбэр хэзээ хэрхэн төгсөж, ямар утга агуулга илэрхийлж байгаа нь тодорхойгүй болжээ.

“Иймд хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч М.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэй хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв“ гэх өгүүлбэрээс өөрөөр ямар үйл баримт тогтоогдож байгааг заасан дүгнэлт шийтгэх тогтоолд бичигдээгүй.   

Дээрх дүгнэлтэд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжтэй” гэж бичигдсэн байх боловч гэмт хэргийн талаар заасан боловч  гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь ямар тохиолдолд гэмт хэрэгт тооцогдохыг хуульчилсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан ...үйлдэл нь байнгын шинжтэй” гэх шинжид хамаарч байгаа эсэх, хохирогчид ямар шалтгаанаар, ямар гэмтлийг хэзээ, хаана учруулсан талаар тухайлбал, хохирогчид сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон, хохирч байсан гэх нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй.  

Иймд шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг үйлдсэн газар, арга, хугацаа,  зэргийг нотлон хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй гэж үзэх бөгөөд энэ  шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал;, 2.4.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хуулийн мөн зүйлийн 3 дахь хэсгийн  3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зэргийг бичих хуулийн шаардлагыг хангаж үйлдэгдээгүй гэж үзнэ.

Шүүх “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх яллах болон цагаатгах нотлох баримтууд нь...” гэж бичсэн байх боловч шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар  тусгагдаагүй байх тул шүүхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтыг шинжлэн судлах ажиллагааг явуулаагүй гэж үзнэ.

Мөн шүүх ямар нотлох баримтыг яагаад хэрэгт хамааралтай гэж үзсэн үндэслэлээ бичээгүйгээс гадна хэрэгт авагдсан М.Т-г хамтран амьдрагч Б.Номинзулын үснээс зулгааж, мөр хэсэгт нь цохисон гэх үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 15/арван тав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан тухай уг шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн /2020 ЗШ/116 дугаар шийтгэвэрт шүүх дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах журамд нийцээгүй гэж үзнэ. /хэргийн 62 дугаар хуудас/

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх ба эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Яллах дүгнэлтийн агуулгаас М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэмт хэрэг үйлдсэн гэсэн үзсэн байхад шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх,     мөн шүүх хуралдаанд шүүгдэгч өмгөөлөгчгүй оролцсон байх боловч хэрэгт шүүгдэгч М.Т-н өөрийгөө өмгөөлөх тухай гаргасан хүсэлт байхгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул шүүгдэгчийг өмгөөлөх эрхээр хангаагүй гэх үндэслэл болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Т мэдүүлэхдээ:” гэж бичсэн боловч мэдээллийн талаар бичээгүй, хэрэгт ямар хамаарал, ач холбогдолтой болох нь тодорхойгүй “яллагдагч М.Т-н мэдүүлэг /хх-ийн 52,53-р хуудас/ ” гэж 2 удаа бичсэн бичвэр бичигджээ.

Шүүх шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дарааллын дагуу үйлдэхгүй байгаа зөрчил тухайлбал, хэзээ, хаана, ямар үйлдэл болсон, энэ үйл баримт нь гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж байгаа талаар заахгүй байх, шийтгэх тогтоол үг, үсгийн алдаатай, найруулгагүй бичих зэрэг алдааг удаа дараа гаргасаар байх тул дээрх алдааг дахин гаргахгүй байхад анхаарч ажиллахыг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, М.Т-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч М.Т-д урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                                  ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                          Ш.ТӨМӨРБААТАР