Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 158

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Жавхлан 

Улсын яллагч С.Батгэрэл,

Хохирогч Б.Шижирбат,

Шүүгдэгч Х.Цогт, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийг 153.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Тарвагачин овогт Хүрэлбаатарын Цогтод холбогдох эрүүгийн 201726020524 дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо нисэхийн хороолол, 61/2 байр 33 тоотод оршин суух хаягын бүртгэлтэй, одоогоор Баянгол дүүргийн 20 дугаар хороо 51-6-79 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Тарвагачин овогт Хүрэлбаатарын Цогт /РД:ЧН87013117/

 

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Х.Цогт нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк 2 хотхоны 301 дүгээр байрны 142 тоотод оршин суух иргэн Б.Шижирбаттай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад “цайны газар ажиллуулахаар өгсөн 2 сая төгрөг үрсэн байна” хэмээн маргалдаж “Сони” маркийн 43 инчийн зурагтыг заазуураар цохиж устгасан, “Тошиба” маркийн хөргөгчийг мөн заазуураар цохиж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Цогт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Шижирбат мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн найз Цогттой уулзаад архи пиво уусан.  Би Цогтоос 2 сая төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 20-ний хавьцаа аваад би өөрөө бага багаар хэрэглэж байгаад дууссан байсан. Дараа мөнгө орж ирэхээр нь болох байх гэж бодож байсан юм. Гэтэл Цогт мөнгөө нэхээд архиндаа согтчихсон ч байсан ба Цогт мөнгөө нэхээд байхаар нь би одоо мөнгө байхгүй байна гэхдээ  найз нь удахгүй өгнөө одоо байгаа юм энэ зурагт хөргөгч 2 байна гэж хэлэхэд би энэ зурагт, хөргөгчөөр нь яадаг юм бэ гээд Цогт гал тогооны өрөөнд байсан заазуур аваад эхлээд хөргөгчний гадна хаалга хэсгийг нь хэд хэд цохиод эвдэлсэн. Тэгээд би уурлаад маргалдаж байх үед миний гар зүсэгдсэн байсан. Тэр үед эмнэлэгт очоод үзүүлсэн.

Цогт бид 2-ыг маргалдаж байхад Борхүү хажууд байсан ба тийм айхтар зодоон нүдээн гээд байх зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй” гэв.

 

Гэрч Д.Борхүү мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр би гэртээ байж байгаад бага зэрэг маргаан болоод байхаар нь найз Шижирбатын гэрт очоод хоноод байж байтал маргааш нь 26-ны өдөр Шижирбат, Цогтоо нар орж ирээд хамт архи согтууруулах ундаа хэрэглэсэн байгаа. Тэгээд тэр өдрөө уугаад маргааш нь болсон ба 01 дүгээр сарын 31-ний өдөр Цогтоо бид 2-ын төрсөн өдөр зэрэг болох байсан учраас тэмдэглэж байсан байгаа юм. Тэгээд 27-ний өдөр архи ууж байгаад оройн нь маргаан болсон ба Цогтоо, Шижирбат бид 2 цайны газар ажиллуулах гэж ярилцаж байсан мөнгөө цуглуулж байсан ба Цогтоо Шижирбатад 2 сая төгрөг урьдчилаад өгсөн байсан юм байна лээ. Шижирбатын ээж Оросоос мөнгө явуулна гэж ярьж байсан харин миний мөнгө арай болоогүй нийт 6 сая төгрөгөөр жижиг бизнес хийхээр байсан юм. Гэтэл шинэ жилийн үеар Шижирбат мөнгийг нь хэрэглэчихсэн байсан юм байна лээ би бас хамт Шижирбаттай мөнгийг нь үрэлцсэн байсан юм. Тэгээд Цогтоо Шижирээг болохгүй бол би мөнгөө эргүүлж авъя гэхэд мөнгө байхгүй байсан учраас Шижирээ Цогтоод одоохондоо мөнгө алга байна ээж Оросоос мөнгө явуулах гэж байгаа хүлээж амжихгүй бл түр барьцаанд манай зурагт хөргөгч хоёрыг авахгүй юу даа гэхээр нь Цогтоо уурлаад би энэ зурагт хөргөгчөөр яадаг юм бэ гээд хөргөгчний хажууд байсан заазуурыг аваад хөргөгчний нүүрэн хэсэгийг нь цохиж эвдээд асаалттай гарч байсан зурагтыг мөн заазуураар цохиод эвдэлсэн. Ингэж эвдэлхээс өмнө Шижирээ болиулах гэж босч ирээд заазуурыг нь булаацалдаж ноцолдож байгаад гараа бага зэрэг зүсүүлсэн байсан байгаа. Шижирээ тэгээд эмнэлэг явлаа гээд гараад явсан ба Цогтоо бид 2 тэдний гэрт үлдсэн байгаа…” гэжээ. /хх 16 хуу/

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9 хуу/

Эд зүйлийн үнэлгээ /хх 27 хуу/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28 хуу/

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 30, 46 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Цогт нь 2017 оны 01 дүгээр сарын 27-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Голден парк 2 хотхоны 301 дүгээр байрны 142 тоотод оршин суух иргэн Б.Шижирбаттай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад “цайны газар ажиллуулахаар өгсөн 2 сая төгрөг үрсэн байна” хэмээн маргалдаж “Сони” маркийн 43 инчийн зурагтыг заазуураар цохиж устгасан, “Тошиба” маркийн хөргөгчийг мөн заазуураар цохиж бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Цогтын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Шижирбат /хх 15/, гэрч Д.Борхүү /хх 16/ нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-9/, эд зүйлийн үнэлгээ /хх 27/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 28/, Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт /хх 30, 46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул шүүгдэгч Х.Цогт нь бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

   Шүүгдэгч Х.Цогт нь анх удаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Х.Цогтыг анх удаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, учруулсан хохирлоо сайн дураараа төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   

1. Тарвагачин овогт Хүрэлбаатарын Цогтыг бусдын эд хөрөнгийг санаатай устгаж гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тарвагачин овогт Хүрэлбаатарын Цогтыг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Х.Цогт нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Х.Цогтод оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

6. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Цогтын батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ