| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/02031/И |
| Дугаар | 181/ШШ2023/02113 |
| Огноо | 2023-06-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 181/ШШ2023/02113
2023 06 30 181/ШШ2023/02113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МЧ ХХК -д холбогдох,
Гэрээний үүрэгт 44,398,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Ариунзаяа нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.А би МЧ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн П2-Е-01/11-103 дугаарт Орон сууц захиалан бариулах гэрээ-гээр Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10-р хорооны нутаг дэвсгэрт Поларис Апартмент-2 хотхоны Е блок, 1-р орц, 13-р давхар, 1302 тоот 61,45мкв 3 өрөө орон сууцыг 2023 оны 4-р улиралд хүлээн авахаар гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг 2 хуваан эхний төлөлтийг 2021 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр 11,000,000 төгрөг 2021 оны 10 дугаар сард 24,026,500 төгрөгийг төлөн нийт 35,026,500 төгрөгийг уг байгууллагын дансанд шилжүүлэн тус гэрээний хавсралт №01-т тусгасан график төлөлтийн хуваарийн дагуу 2021.10.29-ны өдрөөс эхлэн 2022.08.13-ны өдөр хүртэл арван нэгэн сарын хугацаанд cap бүр 852,000 төгрөгийг тус компаны дансанд төлж байсан ба нийт 44,398,500 төгрөгийн төлбөр төлсөн байна.
МЧ ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 002/181 тоот Санал хүргүүлэх тухай албан бичгээр санал тавьсан ба уг саналд байрны ашиглалтад орох хугацаа хойшлогдох, график төлөлтийн хуваарь болон тухайн байрны дотоод заслын асуудалд өөрчлөлт орсон. Уг саналыг хүлээн зөвшөөрөөгүй улмаас гэрээг захиалагч талын санаачилгаар 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Гэрээ цуцлах тухай протокол хөтлөн 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн П2-Е-01/11-103 дугаарт Орон сууц захиалан бариулах гэрээ цуцалсан. Гэрээ цуцлах тухай протокол-д гэрээний 5.12 дахь хэсэгт заасан торгуулийг суутгахгүйгээр төлсөн төлбөрийг олгох, тус төлбөрийг гэрээний 6.2.6 дахь хэсэгт заасан Хэрэв гэрээ цуцалцсанаас хойш энэхүү гэрээнд заасан орон сууцыг өөр этгээд захиалаагүй тохиолдолд дээр дурдсан төлбөрийг түүнээс хойш 180 хоногийн дотор олгоно гэж заасныг үндэслэн 90 хоногийн дотор /2022.12.05/-нд буцаан олгохоор шийдвэрлэсэн. МЧ ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 005 тоот Мэдэгдэх хүргүүлэх тухай албан бичгээр буцаан олголт болох 44,389,500 төгрөгийг 2023 оны 03 сарын 30-ны өдрийн дотор олгох боломжтой байна гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу тус компанид хэд хэдэн удаа шаардлага тавьсан ч хангах боломжгүй гэх хариу өгсөн.
Иймд МЧ ХХК-иас 44,389,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас 2021.09.08-ны өдрийн Орон сууц захиалан бариулах гэрээ, гэрээний хавсралт, МЧ ХХК-ийн 2022.07.26-ны өдрийн 002/181 дугаар албан бичиг, Г.Агийн хүсэлт, МЧ ХХК-ийн 2022.12.16-ны өдрийн Мэдэгдэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас нотлох баримт гаргаагүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь хариуцагч МЧ ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 44,398,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
Г.А нь МЧ ХХК-тай 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр П2-Е-01/11-103 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г байгуулж, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо Поларис Апартмент-2 хорооллын Е блокны 1 орц, 13 давхрын 61,45 м.кв талбайтай 3 өрөө бүхий 1302 тоот орон сууцыг 116,755,000 төгрөгөөр захиалан бариулах, МЧ ХХК нь орон сууцыг барьж, захиалагч талд 2023 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөхөөр, захиалагч Г.А нь гэрээ байгуулахад 35,026,500 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийн 81,728,500 төгрөгийг 2021.10.30-ны өдрөөс 2029.09.30-ны өдрийг хүртэл сар бүр 852,000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5-8х/
Гэрээний зүйл нь ирээдүйд бий болох орон сууц байх ба уг орон сууцыг шууд ашиглах боломжтойгоор нэхэмжлэгчид шилжүүлэх, хариуцагч нь үнэ төлөх агуулгатай тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах-худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна.
Уг гэрээний дагуу Г.А нь урьдчилгаа төлбөрт 35,026,500 төгрөгийг, мөн гэрээний хавсралтаар баталсан графикт төлөлтийн хугацаанд 2021.10.29-ний өдрөөс 2022.08.13-ны өдрийг хүртэл сар бүр 852,000 төгрөгийг буюу нийт 44,398,500 төгрөгийг МЧ ХХК-д шилжүүлсэн, МЧ ХХК нь орон сууцны барилгын ажлыг гэрээгээр тохирсон хугацаандаа гүйцэтгээгүй, барилгыг ашиглалтад ашиглалтад оруулаагүйгээс гадна гэрээнд өөрчлөлт оруулах саналыг 2022.07.26-ны өдөр бичгээр гаргасан байна. /хавтаст хэргийн 9 хуудас/
Г.А нь гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хүлээн зөвшөөрөөгүйгээс гадна талууд дээрхи гэрээг цуцалж, 2022.09.05-ны өдөр Гэрээ цуцалсан протокол-ыг үйлдсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн 2022.12.16-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11 хуудас/
Гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээний үүргийн зөрчлөөс гадна үүргийн зөрчилтэй холбоогүй ч гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар зохицуулсан.
Талууд 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр П2-Е-01/11-103 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ-г цуцалж, 2022.09.05-ны өдөр Гэрээ цуцалсан протокол-ыг үйлдсэн, уг протоколоор МЧ ХХК нь Г.Агийн төлсөн 44,398,500 төгрөгийг 2022.12.05-ны өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ.
Зохигч гэрээг цуцлахаар тохиролцсноор хариуцагч МЧ ХХК-д Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу Г.Ад 44,398,500 төгрөгийг буцааж өгөх үүрэг үүссэн.
Хариуцагч МЧ ХХК нь Гэрээ цуцалсан протокол болон 2022.12.16-ны өдрийн 005 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичигт заасан хугацаандаа Г.Ад 44,398,500 төгрөгийг олгоогүй байна.
Иймд МЧ ХХК-иас 44,398,500 төгрөгийг гаргуулж Г.Ад олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч МЧ ХХК нь нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч хариу тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч МЧ ХХК-иас 44,398,500 /дөчин дөрвөн сая гурван зуун ерэн найман мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 379,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч МЧ ХХК-иас 379,950 /гурван зуун далан есөн мянга есөн зуун тавин/ төгрөгийг гаргуулж Г.Ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА