| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 181/2023/02215/И |
| Дугаар | 181/ШШ2023/02156 |
| Огноо | 2023-07-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 181/ШШ2023/02156
2023 07 04 181/ШШ2023/02156
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П.Н-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э-д холбогдох,
160,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Ариунтунгалаг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Н нь Солонгос Улсаас гоо сайхны бараа бүтээгдэхүүн МУ-д оруулж ирээд, Нарантуул худалдааны төв, Шөнийн зах, Сандэй плаза, Булаг төв зэрэгт бөөнөөр болон ширхэгээр худалдан борлуулах ажлыг 2000 оноос өнөөг хүртэл хийж байгаа.
Э.Э ээж Алт, аав Энх нарын хамт гэр бүлээрээ Алтжин бөмбөгөр худалдааны төвд гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах наймааг эрхэлж иргэн П.Наас бараа бүтээгдэхүүнийг бэлэн мөнгөөр авч анх харилцагч болж, дараа нь зээлээр барааг өгч, дараа нь барааныхаа үнийг авах байдлаар харилцаж байсан.
2018 оны 5 дугаар сараас байнгын харилцагч Э.Э нь зээлээр бараа бүтээгдэхүүнийг авч, үнийг бүрэн төлөөгүйгээс өр авлага үүссэн. Тодруулбал, Э.Эгийн аав Энх 2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн падаанаар нийт 77,680,500 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Мөн 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн падаанаар 8,176,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан. Эдгээрийн үнэ нийт 85,856,500 төрөгөөс 10,000,000 төгрөгийг төлж, үлдэх 75,856,500 төгрөгийг төлөөгүй.
Дараа нь Э.Эгийн ээж Алт нь 2019 оны 12 сарын 03-ны өдөр падаанаар нийт 7,125,000 төгрөгийн хар цавуу авч, үүнээс 1,500,000 төгрөгийг төлж үлдэгдэл 5,625,000 төгрөгийг төлөөгүй, мөн 2019.12.07-ны өдөр 3,000,000 төгрөгийг төлж, зарим хар цавууг буцааж өгснөөр, хар цавууны үнэ 750,000 төгрөгийн үлдэгдэлтэй болж, нэмээд 25 нэр төрлийн нийт 65,975,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлээр авсан. Дараа нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 9 нэр төрлийн нийт 39,065,000 төгрөгийн бараа авсан. Ингээд өмнөх барааны 65,975,000 төгрөг, цавууны 750,000 төгрөг нийлээд барааны өр 105,790,000 төгрөг болсноос 6,500,000 төгрөгийг төлж 99,290,000 төгрөгийн өртэй болсон. Үүнээс: 2020 оны 1 сарын 30-нд 2,850,000 төгрөг, 2020 оны 2 сарын 19-нд 5,100,000 төгрөг, 2020 оны 6 сарын 3-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 6 сарын 4-нд 900,000 төгрөг, 2020 оны 6 сарын 5-нд 500,000 төгрөг, 2020 оны 2 сарын 20-нд 4,000,000 төгрөг, 2020 оны 3 сарын 9-нд 3,000,000 төгрөг, 2020 оны 5 сарын 4-нд 3,000,000 төгрөг, 2020 оны 5 сарын 16, 21, 27-нд тус тус 600,000 төгрөг, нийт 28,650,000 төгрөг төлж, 77,140,000 төгрөгийн барааны үлдэгдэл өртэй болсон.
2020 оны 6 сарын 6-ны өдөр nature 365 крем 80 ширхэг, нэг ширхэг үнэ 18,500 нийт 1,480,000 төгрөгийн бараа авснаар, үлдэгдэл 77,140,000 нэмж нийт 78,620,000 төгрөгийн үлдэгдэл өртэй. Үүнээс 2020 оны 6 сарын 8-нд 500,000 төгрөг, 2020 оны 6 сарын 13-нд 600,000 төгрөг, 2020 оны 6 сарын 15-нд 2,000,000 төгрөг, 2020 оны 6 сарын 19-нд 1,000,000 төгрөг нийт 4,500,000 төгрөг төлж, үлдэгдэл 74,120,000 төгрөгийн өртэй.
2020 оны 6 сарын 19-нд 3 төрлийн барааг 7,424,000 төгрөгөөр авч, нийт 81,544,000 төгрөгийн өртэй болсон. Үүнээс: 2020 оны 6 сарын 19-нд 450,000 төгрөг, 2020 оны 6 сарын 30-нд 550,000 төгрөг, 2020 оны 7 сарын 3-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 7 сарын 4-нд 600,000 төгрөг, 2020 оны 7 сарын 10-нд 1,100,000 төгрөг, 2020 оны 7 сарын 20-нд 1,000,000 төгрөг, 2020 оны 7 сарын 31-нд 850,000 төгрөг, 2020 оны 8 сарын 4-нд 850,000, 10,000,000 нийт 16,400,000 төгрөг төлж, өмнөх өр 81,544,000 төгрөгөөс хасагдаж 65,144,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон.
2020 оны 10 сарын 5-ны өдөр аав Энх нь 34 нэр төрлийн нийт 42,733,200 төгрөгийн барааг зээлээр нэмж авсан.
Ингээд Э.Э 2020 оны 8 сарын байдлаар барааны үлдэгдэл өр 65,144,000 төгрөг, 2019 онд 75,856,500 төгрөг, 2020 оны 10 сарын 5-ны өдөр 42,733,200 төгрөг нийт 183,733,700 төгрөгийн барааны үлдэгдэл өртэй байсан. Үүнээс 23,000,000 төгрөгийг төлж эцсийн байдлаар 160,000,000 төгрөгийн барааны үлдэгдэлтэй үлдэж, Э.Э нь 2022.08.09-ний өдөр зарагдаагүй барааг 2022 оны 8 сарын 30-ны өдөр бараагаар хүлээлгэн өгөхөө амлаж баримт бичиж өгсөн дахин 2022 оны 12 сарын 31-ны өдөр хүртэл хугацаа сунгаж баримт үйлдэж өгсөн боловч бараа болон мөнгө хүлээлгэж өгөөгүй.
Иймд Э.Эгаас зээлээр худалдан авсан барааны үнэ 160,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Би 160,000,000 төгрөгийн үнийн дүнд бараа материал /гоо сайханы бараа/ өгөхөөр харилцан ярилцаж бараа авсан. Цаг үеийн нөхцөл байдлаас эргэлтийн хөрөнгө үгүйдэж орлого удааширснаас үүдэж хугацаандаа бараа өгч чадаагүй. Иймд одоо хил гааль нээгдэж орлого маань хэвийн болж байгаа тул уг үнийн дүнтэй дүйцэх барааг хэсэгчилэн өгч 160,000,000 төгрөгийн барааг төлж барагдуулах болно. Мөн энэхүү үнийн дүнтэй дүүцэх барааг 2023.12.20-ны өдрөөс өмнө хэсэгчлэн өгөх хүсэлтэй байна.
2023 оны 08 сард 20,000,000 төгрөг, 2023 оны 09 сард 40,000,000 төгрөг, 2023 оны 10 сард 30,000,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сард 30,000,000 төгрөг, 2023 оны 12 дугаар сард 40,000,000 төгрөгийн барааг тус тус өгнө. Иймд 160,000,000 төгрөгийн барааг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Э.Эгийн гар бичмэл, тооцооны баримт 2 дэвтэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Э.Эд холбогдуулан 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2018 оны 05 сараас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд зээлээр гоо сайханы бараа бүтээгдэхүүн авч, үнийг бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр 160,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Э 160,000,000 төгрөгийн талаар маргаагүй боловч нэхэмжлэгчид 160,000,000 төгрөгийн бараа материал буцаан өгнө гэх тайлбарыг гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Э.Этай тохиролцсоны дагуу 2018 оны 05 сараас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр их хэмжээгээр хүлээлгэн өгсөн, хариуцагч Э.Э нь гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг хүлээн авч, үнийг хэсэгчлэн төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, барааны тооцооны падаан гэх дэвтрээр тогтоогдож байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн байна.
2. Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Нэхэмжлэгч П.Н нь хариуцагч Э.Эд 2018 оны 05 сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хугацаанд гоо сайханы бараа бүтээгдэхүүнийг хүлээлгэж өгсөн, Э.Э /аав Энх, ээж Алт/ нь гоо сайханы барааны бүтээгдэхүүнийг нэр төрөл, нэгж үнээр нь жагсааж, нийт үнийн дүнг нь тодорхойлох байдлаар хүлээн авсан болох нь хэрэгт хавсаргасан нэхэмжлэгчийн барааны тооцооны падаан гэх дэвтрээр тогтоогдож байна.
Хариуцагч Э.Э нь зээлээр авсан барааны үнийн зарим хэсгийг төлж, зарим хэсгийг төлөөгүй, нийт 160,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болохоо баталгаажуулсан баримтыг үйлдсэн байна. /хавтаст хэргийн 6 хуудас/
Хариуцагч Э.Э нь зээлээр авсан гоо сайханы барааныхаа үнийг төлөх үүрэгтэй бөгөөд зарим зарагдаагүй барааг хүлээлгэж өгөх хугацааг нэхэмжлэгчтэй тохиролцсон боловч уг хугацаанд бараагаа хүлээлгэж өгөөгүй тул барааны үнэ болох 160,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй юм.
Хариуцагч Э.Э нь үнийн дүнтэй дүйцэх бараа, материал өгөх-өөр тайлбар гаргасан талуудын тохиролцоонд нийцээгүй, түүний гэрээгээр хүлээсэн үүрэгт хамааралгүй байна.
Иймд хариуцагч Э.Э 160,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Нд олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хариуцагч Э.Э нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Э.Эгаас 160,000,000 /нэг зуун жаран сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Нд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн .1.1-д зааснаар П.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 957,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгаас 957,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА