Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2025//ЦШТ/286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Д аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гончигсумлаа даргалж,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ,

           Улсын яллагчаар Д.З,  

           Шүүгдэгч Д.М, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Д аймаг дахь прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.М холбогдох эрүүгийн *************** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн байцаалт:

           Монгол Улсын иргэн, .....................................................................

Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга: Яллагдагч Д.М нь 20** оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн С сумын 1 дүгээр баг 4 замын уулзвар орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х.Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

           Мөн 20** оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд тус тус оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Гэм буруугийн талаар:

Улсын яллагч Д.З шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт, тайлбартаа: “...Шүүгдэгч Д.М нь 20** оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөн 20** оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус тус тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтогдож мөн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 08 сарын хугацаагаар хасаж мөн Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба цагдан хоригдсон хоноггүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс гаргуулах зардалгүй болно гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

Шүүгдэгч Д.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дахиж ийм алдаа гаргахгүй, архи уухгүй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа дараах байдлыг харгалзан үзэж өгнө үү гэж хүсэж байна. М нь архи согтууруулах ундааны зүйлийг С суманд байх үедээ хэрэглэдэг. 08 сараас хойш Зүүнбаян багт хөдөө ах эгч хоёр дээрээ байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд эгч нь авчирсан. С суманд байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд дахин ийм хэрэгт холбогдох эрсдэлтэй. Торгуулийн ял өгөх боломжгүй энэ хүн нь өөрийн гэсэн мал, хөрөнгөгүй. Өмгөөлөгчийн хувьд санал болгож байгаа нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Дахин дахин ийм зөрчил гаргаж байгаа болохоор өөрт нь мэдрүүлэх нь ялын үр нөлөө болох байх гэж үзэж байна. Эрүүгийн хэргээр анх удаа шийтгэгдэж байгаа учраас хамгийн багаар буюу 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж өгнө үү гэсэн саналтай байна...” гэв.

-Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 45 дахь хуудасны тал),

-Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 20**/3Ш/*** дугаартай шийтгэвэр (хх-ийн 59-61 дэх хуудасны тал),

-Яллагдагч Д.М мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн "...Би Д ахын хамт 20** оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 13 цагийн орчимд Д аймгаас баруун тийш 50 км зайд байх айлаас хонь авахаар, Д ахын машинтай явсан /ямар маркийн тээврийн хэрэгсэл байсныг мэдэхгүй байна/. Мал авах айлдаа очоод айлын хүнтэйгээ 0.75 литрийн "Хараа" архи уухаар нь би, архинаас 3-4 уусан. Д ах машин барьж чадахгүй согтсон байхаар би, машиныг жолоодон Д аймаг руу ирээд, 4 замын уулзвар дээр явж байхад, урд талд явж байсан машины жолооч зогсоод, надтай уулзан чи согтуу байна гэж хэлээд цагдаа дуудсан, цагдаа дээр ирэн драгерь үлээсэн чинь 3.26% гарсан. ....Би 20** оны 08 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд жолоодсон. Мөн 20** оны 05 дугаар сарын 22-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаагийн алба хаагчид баригдсан. 20** оны 06 дугаар сарын 27-ны өдөр С сумын 1-р баг * баатрын хөшөөний зүүн урд байх эгчийнхээ гэрийг нүүлгэж өгчхөөд 19 цагийн орчимд найз Г зургаан баатрын ард талын тоглоомын сааданд тааралдсан. Г миний төрсөн өдөр болж байна хоёулаа ганц пиво ууя гэхээр Г авч явж байсан 2,5 литрийн Сэнгүүр пивыг ууж дуусгаад тоглоомын талбайн хойд талд байдаг дэлгүүрээс 0,5 литрийн Хараа нэртэй архи авч тоглоомын талбай дээр уусан. 20 цагийн орчимд Г салаад би Н сүлжээ дэлгүүрийн хойд талд шороон зам дээр мотоциклтой явж байгаад цагдаагийн алба хаагчид шалгуулсан. Цагдаагийн газарт ирж драгер үлээхэд 3,42% байсан..." гэх мэдүүлэг (хх-ийн 10, 54 дэх хуудасны тал) болон бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           Шүүгдэгч Д.М нь согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасны улмаас Д аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 09 сарын 24-ний өдрийн 20**/ЗШ/*** дугаартай шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулжээ.

Гэвч шүүгдэгч Д.М нь 20** оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн С сумын 1 дүгээр баг 4 замын уулзвар орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х.Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон,

           Мөн 20** оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд тус тус оролцсон үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Д.М нь 20** оны 05 дугаар сарын 22-ны өдөр Д аймгийн С сумын 1 дүгээр баг 4 замын уулзвар орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Х.Trail маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон, мөн 20** оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д аймгийн С сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах Н худалдааны төвийн орчим тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн улсын дугааргүй мотоциклыг жолоодон замын хөдөлгөөнд тус тус оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.      

           Шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           Тиймээс шүүгдэгч Д.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

           Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жил 08 сарын хугацаагаар хасаж Д аймгийн С сумын нутаг дэвсгэрээс 03 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргав.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Д.М нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, дахин ийм хэрэгт холбогдох эрсдэлтэй, торгуулийн ял өгөх боломжгүй, шүүгдэгч нь өөрийн гэсэн мал, хөрөнгөгүй. Өмгөөлөгчийн хувьд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэж тайлбар гаргав.

           Шүүгдэгч Д.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, эрхэлсэн ажил, тогтмол орлогогүй зэрэг байдлыг харгалзан өмгөөлөгчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал үндэслэлтэй гэж үзлээ. Харин дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

           Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

           Шүүгдэгч Д.М-д оногдуулсан ял, эрх хасах арга хэмжээний биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулах нь зүйтэй байна.

           Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Д М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хасаж, 340 /гурван зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 340 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Д аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.

4.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.ГОНЧИГСУМЛАА