Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

Улсын яллагч Б.Нямханд,

Шүүгдэгч, хохирогч Х.Батбилэг, түүний өмгөөлөгч Д.Гомбо /2130/,

Шүүгдэгч, хохирогч Х.Бямбажав, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг /2149/ нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Харнууд овогт Хоролжавын Батбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар, шүүгдэгч Бор Банзар овогт Хишигбаатарын Бямбажавыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 201726020289 дугаартай хэргийг 2017 оны 03  дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 1969 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, жанжин 11 гудамж 228а тоотод бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, 12 гудамжны 22 тоотод оршин суух, Арилдий ХХК-д засварчин ажилтай, Говь Сүмбэр аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн /хх 58/ 25 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сар хорих ялаар шийтгэгдэж байсан, Харнууд овогт Хоролжавын Батбилэг /РД:УО69101335/.

 

2. Монгол улсын иргэн, 1990 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, толгойтын 97 гудамж, 25а тоотод оршин суух, Арилдий ХХК-д засварчин ажилтай байсан, урд ял шийтгэлгүй, Бор Банзар овогт Хишигбаатарын Бямбажав /РД:ГП90060919/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр:

Шүүгдэгч Х.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арилдий ХХК-ийн үйлдвэрийн байранд Х.Бямбажавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Бямбажав нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арилдий ХХК-ийн үйлдвэрийн байранд Х.Батбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Х.Батбилэг мэдүүлэхдээ: “Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Учир нь бүх зүйл миний буруугаас болсон бөгөөд нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Х.Бямбажав мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд болсон асуудлын талаар бүх зүйлийн талаар ярьсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч, хохирогч Х.Бямбажав мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 18 цагийн үед ажлын газрын Батбилэг болон Мөөгий нартай ажил дээрээ боолиур угсрах гээд юм гагнаад байж байтал Мөөгий ахын нуруу өвдөөд байна гээд бид нарт ажлаас буух болоод би юм хийж байсан багажаа хураачаад хамт ажилдаг ахынхаа ажилд туслаад байж байтал, Батбилэг намайг түрүүний юм хийж байсан газарлуугаа явъя гэж дуудхаар нь би за энэ ажилд тусалчихаад очъё гэж хэлсэн чинь Батбилэг цаашаа яваад өгсөн юм. Тэгээд би нөгөө ажлын ахынхаа хийж байсан тоног төхөөрөмж угсарч байсан ажилд нь туслаад байж байтал Батбилэг дахин ирээд чи наанаа юу хийгээд байгаа юм хүний үгэнд орохгүй хаашаа пизда вэ гээд намайг тоног төхөөрөмжийн дээрээс заамдаж буулгаад боолиур хийж байсан өрөөрүүгээ дагуулаад явсан юм. Тэгээд нөгөө өрөөрүүгээ ороод чи хаашаа янзын пиздаа вэ хүний үгэнд орохгүй би энд юм хийгээд байна гэж намайг загинаж надтай маргалдаж байгаад миний өмсөж байсан цамцны захаар боогоод намайг унагаасан ба би ухаан алдаад уначихсан юм. Тэгээд би сэргээд босоод иртэл Батбилэг дахин намайг зодох гээд дайрхаар нь би зөрүүлэн өмсөж байсан фудволкоор нь боогоод унагаачихсан юм. Тэгсэн чинь Батбилэг дахиад намайг зодох гээд дайрхаар нь би дахин фудволкоор нь боогоод унагаачихсан чинь Батбилэг дахиад босож ирж байсан ба тэрнээс хойш би юу ч санахгүй байгаа нэг мэдэхэд би уг өрөөнөөс мөлхөөд гарсан, тэгтэл манай ажлын мастер Пүрвээ ирээд намайг түшиж босгоод авч гаргасан юм. Тэгээд манай ажилчид цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирээд намайг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний эрүүг хугарчихсан байна гэсэн юм. Тэгээд би нэгдүгээр эмнэлэгт 2017 оны 01 дүгээр сарын 17-ноос 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хэвтэн эмчлүүлэн хагалгаанд эрүүндээ 4 хадаас тавиулсан юм.

..зүгээр ажлаа хийж байгаад бусдад зодуулсандаа гомдолтой байна. Эмчилгээний зардалаа нөхөн төлүүлмээр байна. Одоогийн байдлаар 500,000 төгрөг хүнээс зээлээд хагалгаанд орсон байгаа...” гэв. /хх 18-19/

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч, хохирогч Х.Батбилэг мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 14-нд би үйлдвэрийнхээ үйзлийн өрөөнд ажлын газрын Мөнхнасан Бямбажав нартай уурын боолиур мантаажлах ажил хийж байтал 16 цагийн үед байсан байх Мөнхнасан миний бие өвдөөд байна би ажлаасаа тарлаа одоо юмаа хураачих гээд Мөнхнасан яваад өгсөн юм. Тэгтэл Бямбажав бас ажил хийлгүй гараад яваад өгсөн юм. Тэгээд би ганцаараа хана өрөмдөх гэтэл дриллийн гар нь эргээд миний гарыг хугалчих гээд байхаар нь би Бямбажаваар туслуулах гээд Бямбажавыг хайж үйзлийн өрөөнөөс гартал арьсны туршилтын өрөөнд Бямбажав манай манайч өвгөнтэй туршилтын барванд ус хийгээд байж байхаар нь би Бямбажавт хоёулаа ажлаа дуусгая дрилл гар хугалчих гээд байна гэж хэлсэн чинь Бямбажав чи юу юм бэ? ажлын цаг дуусчихаад байхад та намайг дарамталж ажил хийлгэдэг хэн юм бэ? гээд загинахаар нь би ажлын цаг хамаагүй өнөөдөр энэ ажлыг дуусгачих юм бол маргаашын ажил бэлэн болох гээд байна, хоёулаа үйзлийн өрөөрүү очъё дриллээр хана цоолход гар хугалахнуу яах нь уу өөрөө бодитоогоор үз гээд Бямбажавын хувцаснаас нь татаж яваад үйзлийн өрөөнд орсон юм. Тэгээд чи энэ ханыг өөрөө дриллдээд үз дрилл тэр байна гэхэд Бямбажав энэ харанхуй өрөөнд яах гэж дагуулж ирсэн юм бэ? та өөр санаатай намайг дагуулж ирсэн юм уу гээд хашиграад надтай барьцалдаад авсан ба Бямбажав чи өөрөө амьдаараа булуулах булшаа өөрөө оллоо гээд байж байтал гаднаас манай ажлын Бямба гэх залуу орж ирээд бид хоёрыг салгасан чинь Бямбажав дахиад намайг барьж аваад миний хувцасны захаар боосон тэгтэл дахиад Бямба салгасан ба Бямбажав намайг дахиад барьж аваад дахиад боогоод би ухаан алдаад газар шалан дээр унасан юм. Тэгээд би сэргээд бостол миний баруун гарт турбагаар ишилчихсэн 32-ийн түлхүүр баригдахаар нь би авч босож ирээд Бямбажавын ар далан дундуур нь нэг удаа цохисон. Тухайн үед Бямбажав намайг боож газар бетон шалан дээр унагааснаас болоод миний духны зүүн хэсэг шалбарсан, зүүн гар нэлэнхүйдээ хөхөрч няцарсан байсан ба би эмнэлэгт хандаагүй. Тэгээд 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Гэмтэлийн эмнэлэгт очиж толгойны зураг авахуулж байсан юм..” гэв. /хх 21-22 хуу/

 

Гэрч Б.Бямбадорж мэдүүлэхдээ: “2017 оны 01 дүгээр сарын 14-ний үдээш хойш 17 цагийн үед байсан байх манай арьс ширний үйлдвэрийн зааланд үйзлийн өрөө байдаг ба би ажлаа хийгээд явж байтал уг өрөөнд хоёр хүн чанга чанга дуугаар хэрэлдэж маргалдаж байгаа чимээ гарахаар нь би уг өрөөрүү яваад ортол Батбилэг Бямбажав хоёр хоорондоо хэрэлдээд зогсож байснаа Батбилэг нь Бямбажавынхаа цамцны захаар нь боогоод турба налуулаад ухаан алдуулаад суулгасан чинь Бямбажав босож ирээд Батбилэгийн цамцны захаар нь хоолойг нь боогоод шалан дээр унгаачихаар нь би дундуур нь ороод боль боль та хоёр бие биенийгээ нэг нэг удаа боогоод унгаачихлаа боль боль гэхэд Батбилэг нь босож ирээд тэр хоёр дахиад барьцалдаж аваад Бямбажав нь дахиад Батбилэгийг цамцны захаар нь хоолойг нь боогоод газар бетон шалан дээр нүүрээр нь угаачихаар нь би Бямбажавт хандаад боль гээд байхад чинь яаж байгаа юм бэ гээд хэлээд зогсож байтал Батбилэг босож ирээд будгийн хувинд хийчихсэн байсан сан техникийн багажнууд дундаас турбаан дээр гагнасан нагтнаа түлхүүрийг шүүрч аваад Бямбажавын ар нурууруу нь нэг удаа цохиод Бямбажав бетон шалан дээр нүүрээрээ ухаан алдаад уначихсан юм. Тэгээд Бямбажавыг татаад сэрээсэн чинь Бямбажав амнаас нь цус гойжож байсан ба Батбилэг хажуугаар нь зөрөөд хаалгаар гараад явчихсан юм...” гэжээ. /хх 23 хуудас/

 

Гэрч Б.Цэвээнпүрэв мэдүүлэхдээ: “..2017 оны 01 дүгээр сарын 14-ний орой 17 цагийн үед би үйлдвэрийн цех дотроо байж байтал манай ажилчдын нэг нь ирээд танай хоёр засварчин үйзлийн өрөөнд зодолдоод байна гэхээр нь би үйзлийн өрөөрүү очтол манай ажилчид үүдэн дээр нь зогсож байсан ба үйзлийн өрөөнөөс Бямбажав доошоо бөгтийчихсөн байдалтай, Батбилэгтэй хамт гарч ирж байсан тэгээд би гүйж очоод яасан юу болсон гэж асуухад Бямбажав би яг унах гээд толгой өвдөөд байна гэж хэлэхээр нь би нааш ир гээд дагуулаад хувцас солих өрөөрүү ороод тэр хоёроос юунаас болж маргав гэж асуухад Бямбажав Батбилэг намайг нүх цоололцсонгүй гээд зодлоо гэж хэлсэн Батбилэг нь болохоор сүртэй юм болоогүй нүх цоололцоод өгөөч гэж гуйж очоод маргаан болсон юм гэж хэлсэн ба тэр хоёр хоорондоо бие биенийгээ элдэвээр доромжлоод маргалдаад байхаар нь би өөрийн 90500190 дугаарын утаснаас Цагдаагийн 102 дугаарын утасанд дуудлага өгсөн юм. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан юм...” гэжээ./хх 14-15 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1592  дугаартай дүгнэлтэд: “1. Х.Бямбажавын биед эрүү ясны хоёрлосон хугарал, буйланд шарх, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, баруун хацар, дух, зүүн эгмэнд зулгаралт, хүзүүнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 29 хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2576  дугаартай дүгнэлтэд: “1. Х.Батбилэгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх 32 хуудас/

 

Шүүгдэгч, хохирогч Х.Бямбажавын эмчилгээ хийлгэсэн гэх 944,300 төгрөгийн баримтууд /хх6-12/

Шүүгдэгч, хохирогч Х.Батбилэгийн Компьютер томографи онош, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт /хх 33,55,56,61/ 

Шүүгдэгч, хохирогч Х.Бямбажавын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65,66,77/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Х.Батбилэг нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арилдий ХХК-ны үйлдвэрийн байранд Х.Бямбажавтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар биемахбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Х.Бямбажав нь 2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Арилдий ХХК-ны үйлдвэрийн байранд Х.Батбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож улмаар биемахбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь шүүгдэгч, хохирогч Х.Бямбажав /хх 18-19/, Х.Батбилэг /хх 21-22/, гэрч Б.Бямбадорж /хх 23/, Б.Цэвээнпүрэв /хх 14-15/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 1592  /хх 29/, 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 2576  дугаартай дүгнэлт /хх 32/, шүүгдэгч, хохирогч Х.Бямбажавын эмчилгээ хийлгэсэн гэх 944,300 төгрөгийн баримтууд /хх 6-12/, шүүгдэгч, хохирогч Х.Батбилэгийн Компьютер томографи онош, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суух хаягын тодорхойлолт /хх 33, 55, 56, 61/, шүүгдэгч, хохирогч Х.Бямбажавын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 65, 66, 77/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогджээ.

 

Хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Харнууд овогт Хоролжавын Батбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Бор Банзар овогт Хишигбаатарын Бямбажавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч нар анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм хор арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч Х.Батбилэг нь шүүгдэгч Х.Бямбажавтай сайн дураараа эвлэрсэн тул шүүгдэгч Х.Бямбажавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 65 см урттай, 3 см диаметр иштэй голдоо нүхтэй бор өнгийн 1 ширхэг төмрийг устгах, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Батбилэг нь хохирогч Х.Бямбажавт 1.050.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдлаа.

 

Шүүгдэгч Х.Батбилэгийн үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага, анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж учруусан хохирлоо төлж барагдуулан гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй гэх зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харнууд овогт Хоролжавын Батбилэгийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Бор Банзар овогт Хишигбаатарын Бямбажавыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Бор Банзар овогт Хишигбаатарын Бямбажавт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Харнууд овогт Хоролжавын Батбилэгийг 01 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Х.Батбилэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 65 см урттай, 3 см диаметр иштэй голдоо нүхтэй бор өнгийн 1 ширхэг төмрийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

6. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Х.Батбилэг нь хохирогч Х.Бямбажавт 1.050.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Х.Батбилэгт оногдуулсан 01 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х.Бямбажав, Х.Батбилэг нарын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ

ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ