Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/36

 

Ж.Г-т холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд

          Прокурор Д.Ган-Эрдэнэ /онлайнаар/,

          Нарийн бичгийн дарга О.Очмаа нарыг оролцуулан,

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Ж.Г-т холбогдох 2129000000009 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн,

Шүүгдэгч Ж.Г нь Өмнөговь аймгийн Ц сумын Нүүрс тээврийн авто замын 2 дахь километрт 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Ч.Н-г гараараа цохиж биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамрын хянга ясанд цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал, хамар, уруулд зулгаралт, баруун нүдний алим, дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, нуруу, зүүн өгзөгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Амармөрөн нь Ж.Г-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: “Шүүгдэгч Ж.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-т 500 /таван зуун/ нэгж буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулж, хохирогч Ч.Наранцогт хохирлын талаарх нотлох баримт ирүүлээгүйг дурьдаж, цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ж.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн болон хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг дурдаж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Б.Амармөрөн давж шаалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ: “...Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэрт бичиг техникийн шинжтэй алдаа гаргаснаас шийтгэх тогтоол хуулийн шаардлага хангаагүй, тодорхой, ойлгомжтой бус, шүүхийн шийдвэрийн үндэслэл, дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг илт зөрчсөн гэж үзэж, эс зөвшөөрөн, прокурорын эсэргүүцэл гаргаж байна.

1. Шүүх шийдвэртээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгосон нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа тус хуулийн зохицуулалтад нийцээгүй байна.

2. Шийтгэх тогтоолын 2 дахь хэсэгт: “....торгуулийн ял” гэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “....торгох ял гэнэ” гэж заасан хуулийн шаардлагыг зөрчсөн байна.

3. Шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг хэдий хугацаанд, хэрхэн төлөх талаар заагаагүй, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих талаар дурьдаагүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлээгүйгээс үүсэх хууль зүйн үр дагаврын талаар дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д: “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх” гэх заалтыг зөрчсөн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

4. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д: “....хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал....” гэж заасныг зөрчсөн байна.

5. Шүүгдэгчээс хохирогч Ч.Н-н нэхэмжилсэн 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нотлох баримт ирүүлээгүй гэж дурьдсан атлаа бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих тухай шийдвэр гаргаагүй нь мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,7-д: “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл....” гэж заасныг тус тус зөрчжээ.

6. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4, 5 дахь заалтад хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар давхардуулан дурьдаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй.

Дээр дурьдсанаас гадна шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн нэрийг “Ё.О” гэж зөрүүтэй бичсэн, бусад үг, үсгийн алдаатай, шинжээчийн дүгнэлтийн огноо, дугаарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын хамтарсан тушаалаар баталсан журам мэтээр дүгнэж бичсэн, шүүгдэгч шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон шалтгаан, үндэслэлийг заагаагүй зэрэг зөрчил байгааг тус тус дурьдаж байна.

Иймд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив.” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй байна.

Шүүх шийтгэх тогтоолдоо хүчингүй болсон Шүүхийн тухай хуулийг хэрэглэж, торгох ял шийтгэхдээ торгуулийн ял гэж, ялын хэмжээг 500 нэгж заасан нь Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн тусгай ангид заасан торгуулийн нэгж /цаашид “нэгж” гэх/-тэй тэнцүү хэмжээгээр мөнгөн төлбөр оногдуулахыг торгох ял гэнэ” гэсэн зохицуулалттай нийцээгүй, ойлгомжгүй бичсэн байна.

Шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт шүүгдэгчийн нэрийг Ё.О гэж бичиж, тогтоох хэсэгт шийдвэрлэсэн асуудлын талаар давхардуулан тусгасан нь шийдвэрийг хууль ёсны үндэслэл бүхий гэж үзэх боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан торгох ялыг хэсэгчлэн төлүүлж болох зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ юм. Торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсгүүдэд заасан журмын дагуу явагдах бөгөөд мөн хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т Энэ хуулийн 160.2-т заасан дагуу тогтоосон хуваарийг ялтан тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулна гэснээс үзвэл торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар ялтанд сануулах нь шийдвэр гүйцэтгэгчийн үүрэг гэж үзэж болохоор байна. Гэсэн хэдий ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана гэж заасан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай шийдвэр гаргаагүй тохиолдолд торгох ялыг биелүүлэх хугацааг ямар нөхцөл, шалтгааны улмаас тогтоогоогүй талаар заавал хууль зүйн дүгнэлт хийх үүрэгтэй.

Энэ нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн шаардлагад нийцнэ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэх хугацааг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүх тогтоосноор ялтаны хувьд шүүхийн шийдвэрийг хэзээ, хэрхэн биелүүлэхийг ойлгож биелүүлэх, эс зөвшөөрвөл давж заалдах журмаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх, нөгөө талаар эрх бүхий этгээд нь  ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх зэрэг хууль зүйн үр дагавар үүснэ.  

Гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах боловч шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэх үүрэгтэй. Энэ нь шийдвэр хууль ёсны байх, шударга ёсны зарчмын агуулгаар тодорхойлогдох бөгөөд шийтгэх тогтоолд энэ талаар хууль зүйн дүгнэлт бичигдээгүй байна.  

 Мөн шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг дараах байдлаар хангаагүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  “Хохирогч Ч.Н-н биед хөнгөн гэмтэл учруулсан шүүгдэгч Ж.Г-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна” гэснээс өөр дүгнэлт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг үйлдсэн газар арга, хугацаа,  зэргийг нотлон хэргийн бодит байдлыг тогтоож, уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хэрхэн хангаж тохирч байгаа талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал; 2.4.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт;, мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэгт хуулийн мөн зүйлийн 3 дахь хэсгийн  3.1.шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл зэргийг бичих хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

“Хохирогчид хөнгөн хохирол учруулсан” гэж үзэхдээ хохирогчийн биед хаана, ямар гэмтэл учирсан, энэ нь гэмтлийн ямар зэрэгт хамаарах тухай заагаагүйгээс гадна шинжлэн судалсан нотлох баримт гэх жагсаалтад яллах дүгнэлтэд бичигдсэн нотлох баримтуудыг дахин жагсааж бичээд, уг нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон үндэслэлээ “...хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэнд зөвд тооцож” гэсэн дүгнэлт хийсэн. Шүүх нотлох баримтууд нь хэрэгт ямар хамааралтай, ямар нотлох баримтыг яагаад ач холбогдолтой гэж үзсэн үндэслэлээ бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтыг үнэлэх, шалгах журамд нийцээгүй гэж үзнэ.

Дээрх үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-т заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх ба эдгээр ажиллагааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй болно.

Иймээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3,  39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокурорын эсэргүүцлийг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЦТ/55 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Ж.Г-т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.
  2.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 14.2, 14.3 дугаар зүйлд зааснаар хэргийг шүүхэд очих хүртэл хугацаанд шүүгдэгч Ж.Г-т урьд авсан  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  3.  Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

            

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.НАСАНЖАРГАЛ

                        ШҮҮГЧИД                                       Х.ГЭРЭЛМАА

                                                                                                                                   Ш.ТӨМӨРБААТАР