| Шүүх | Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Халзанхүүгийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 203/2021/0000/Э |
| Дугаар | 2021/ДШМ/37 |
| Огноо | 2021-07-06 |
| Зүйл хэсэг | 20.14.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2021/ДШМ/37
Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Прокурор Ц.Ариунжаргал,
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга: О.Очмаа нарыг оролцуулан
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/95 дугаар шүүгчийн захирамжтай, яллагдагч Г.Ц-д холбогдох 2028001390162 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн,
Яллагдагч Г.Ц нь зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 03 дугаар сараас 2020 оны 05 дугаар сараас 28-ны өдөр хүртэл Өмнөговь аймгийн Д сумын тоотод болон 2020 оны 05 дугаар сард Өмнөговь аймгийн Д сумын байранд байрлах “М” дотроос тус тус эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай “Ми ми” гэх нэршилтэй бодисыг худалдсан,
мөн 2018 оны 01 дүгээр сарын 26, 2018 оны 02 дугаар сарын 06, 2018 оны 02 дугаар сарын 27, 2019 оны 09 дүгээр сарын 25, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрүүдэд 5 удаагийн үйлдлээр БНХАУ-аас Өмнөговь аймгийн Г боомтоор зохих зөвшөөрөлгүйгээр эмийн түүхий эд болох “каффейн”-ийн агууламжтай “Ми ми” гэх нэршилтэй бодисыг биедээ нууж импортолж Монгол Улсын хилээр оруулж ирсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргал нь Г.Ц-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Г.Ц-д холбогдох 2028001390162 дугаартай эрүүгийн хэргийг Өмнөговь аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн тууш шугамтай дэвтрийн болон тугалган цаасанд боосон 6.8 грамм “ми ми”, ууттай 3.95 килограмм нунтаг “ми ми”, цагаан цаас болон тугалган цаасанд боосон 99 ширхэг “ми ми”, цагаан өнгийн хуванцар савтай 7.7 грамм “ми ми”, хар өнгийн ууттай 2585 грамм “ми ми”, цагаан өнгийн гялгар ууттай /шахмал бөөрөнхий хэлбэртэй/ бүтнээрээ 23 ширхэг, таллаж бутарсан 5 ширхэг цагаан өнгийн бодис 1 ширхэг, мөнгөлөг өнгийн цаасанд болон дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасанд боосон “ми ми” 3 ширхэг, дөрвөлжин шугамтай дэвтрийн цаасанд боосон “ми ми” 3 ширхэг, хөх өнгийн судалтай гялгар тортой нунтаг “ми ми”, дотроо цагаан өнгийн нунтаг зүйлээр бохирлогдсон өнгөгүй гялгар тор, “TG” гэсэн бичигтэй Хаан банкны виза карт 1 ширхэг, 20,000 төгрөгийн дэвсгэрт 134 ширхэг, 10,000 төгрөгийн дэвсгэрт 32 ширхэг, 5000 төгрөгийн дэвсгэрт 14 ширхэг, 1000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Отгон-Эрдэнэд даалгаж, яллагдагч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Ц.Ариунжаргал нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн эсэргүүцэлдээ:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эм, эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан. Дээрх гэмт хэргийн обьектив тал нь эмийн түүхий эдийг импортолсон, худалсан үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөх бөгөөд хор уршиг учирсан байхыг шаардаагүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байхаар хуульчилсан байна.
Түүнээс гадна Г.Ц нь “Ми ми” гэх бодисыг зохих зөвшөөрөлгүйгээр худалдахдаа 10, 10 граммаар жижиглэн савлаж, 10 граммыг 10.000-20.000 төгрөгийн хооронд, мөнгийг дансаар болон бэлнээр авч худалддаг нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд Г.Ц-г 2018 оны 03 дугаар сараас 2020 оны 05 дугаар сараас 28-ны өдөр хүртэл буюу 2 жил 2 сарын хугацаанд хэнд, хэдэн удаа, хичнээн хэмжээтэй бодис худалдсан болохыг тогтоох боломжгүй юм.
Яллагдагч Г.Ц-д холбогдох эрүүгийн 2028001390162 дугаартай хэрэгт мөрдөн байцаалт явуулах 4 дүгээр хугацааг 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан тогтоол гарч прокурорын байгууллагын нэгдсэн бүртгэлээс 21В дугаар авагдаж, өнгөн хувьд хадгалагдаж /гарын үсэг, тэмдэг дарагдсан хувь/ байгаа бөгөөд хэрэгт ерөнхий прокурорын гарын үсэг, тэмдэггүй тогтоол андуурагдан хавсаргагдсан байна.
Мөн прокуророос гарсан Г.Ц-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг мөрдөгч яллагдагч Г.Ц-д танилцуулж, гарын үсэг зуруулсан боловч мэдүүлэг авсан тэмдэглэлд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол” гэж хуулийн зүйл заалтыг буруу тусгасан зэрэг нь техникийн шинжтэй алдаа гарсан байх бөгөөд 21В дугаартай прокурорын тогтоолын нотлох баримтын шаардлага хангасан эх хувийг шүүхэд гаргаж өгөх боломжтой, мөн яллагдагч, түүний өмгөөлөгч нараас мэдүүлэг авахад гарсан бичиг техникийн шинжтэй алдааны талаар үгүйсгэсэн, маргасан асуудал гаргаагүй болно.
Иймд Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/95 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд буцаалгахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.
Прокурор Ц.Ариунжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь эм эмийн түүхий эд, био бэлдмэл үйлдвэрлэх, импортлох, түгээх үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан бол Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахаар заасан. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь хохирол, хор уршиг шаардаагүй, хэдий хэмжээгээр худалдсан болохыг нь нотлохыг шаардаагүй. Гэвч мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг гарсан байдлыг тогтоочихсон. Гэмт хэрэг гарсан байдал буюу Г.Ц нь 2018 оны 03 дугаар сараас эхлэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд мими гэх бодисыг Өмнөговь аймгийн Д суманд байрлах махны дэлгүүр дотроосоо зохих зөвшөөрөлгүй худалдаж байсан болох нь хавтаст хэргийн хүрээнд, мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон байхад шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас гадуур асуудал тавьж хэргийг прокурорт буцааж байгаа нь үндсэндээ хохирол, хор уршигийг тогтоо, үйлдлийг тогтоо гэж буцааж байгаа нь үндэслэлгүй байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол хавтаст хэрэг хавсаргагдсан. Энэ тогтоолтой яллагдагч танилцаад ойлголоо гээд гарын үсэг зураад мэдүүлэг өгсөн байдаг. Яллагдагчаас авсан мэдүүлэг дээрээ мөрдөгч техникийн шинжтэй .алдаа гаргаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл гээд бичсэнээ засаагүй явуулчихсан техникийн алдаа гарсан байна. Иймээс Г.Ц-д холбогдох хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж өгнө үү” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Наранцацрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжих байр сууринаас оролцож байна. Прокурорын гаргасан үндэслэл дээр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалын 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдөр бичсэн 04 дугаартай эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/95 /хх-156-157/ дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжид “...яллагдагч тухайн бодисыг хэзээ, хэнд, хэдэн удаагийн үйлдэл, давтамжтайгаар, хэчнээн хэмжээтэй бодисыг хэрхэн, яаж худалдсан талаарх үйл баримт тодорхойгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн/ буюу хэргийн талаар нотолбол зохих байдлыг тогтоогоогүй”, “Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ” гэх нотолбол зохих байдлын талаар ажиллагаа хийгээгүй байна” гэж тус тус дүгнэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд “...шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэм хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг нотолно” гэж заасан тул дээрх нотолбол зохих байдлыг нотлох үүргийг шүүхэд хуулиар олгосон гэж үзлээ.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.
Шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх үүрэгтэй тул хяналтын прокурорын “шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай” эсэргүүцлийг давж заалдах шатны шүүх хүлээн авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 2021/ШЗ/95 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Г.Ц-д холбогдох 2028001390162 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Г.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ТӨМӨРБААТАР
ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА
Н.НАСАНЖАРГАЛ