| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2023/01038/И |
| Дугаар | 142/ШШ2023/01014 |
| Огноо | 2023-07-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 142/ШШ2023/01014
| 2023 оны 07 сарын 17 өдөр | Дугаар 142/ШШ2023/01014 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг ******* ******* ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум ******* баг тоотод оршин суух, овогт /РД:/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч А.*******,
Хариуцагч Э.,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.т холбогдуулан 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2. Нэхэмжлэгч А.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... нь 2023 оны 02 дугаар сарын 05-нд надаас 1,400,000 төгрөг зээлж, А51 маркийн утас, ажлынхаа үнэмлэхийг барьцаанд үлдээж, 4 сард багтааж төлнө гэсэн боловч одоог хүртэл нэг ч төгрөг өгөөгүй. Тэгээд ажилдаа орж гарахад хэцүү байна гээд ажлынхаа үнэмлэхийг надаас гуйж авсан. Утас нь надад одоог хүртэл байна. Би олон утасдаад 100,000 төгрөг, 200,000 төгрөгөөр ч болов төлөөч гэхэд тэгнэ тэгнэ, би банкны өртэй байгаад байгаа, одоогоор мөнгөгүй байна гэдэг байсан. Тиймээс Э.аас 1,400,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Э. шүүх хуралдаанд яагаад худал хэлээд байгаа юм бэ?, би чамайг хүчээр гарын үсэг зуруулаагүй. Би чамтай уулзахад ганцаараа байсан. Чи хүүхдээ дагуулсан ирсэн биз дээ. Энэ хүн өөрөө тоглоом руу мөнгө авч орж байгаа юм. Тэр нь 1,400,000 төгрөг болсон гэв.
3. Хариуцагч Э. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Иргэн А.*******гаас ямар нэгэн мөнгө аваагүй. Харин энэ хүн 2023 оны 02 дугаар сарын 05-нд мөрийтэй тоглоом буюу покер тоглуулсан. Тухайн өдөр мөрийтэй тоглоом зохин байгуулж миний 800,000 төгрөгийн утсыг авсан. Би тэнд ямар нэгэн шахалтаар очиж тоглоогүй. Өөрийн хүсэл сонирхлоор очиж тоглосон. Өөрт байсан бэлэн 600,000 төгрөг, дансанд байсан 200,000 төгрөгөөр тоглоод алдсан. Мөн Samsung A51 маркийн гар утсаа *******д өгсөн нь үнэн. Би энэ хүнээс нэг ч төгрөг зээлж аваагүй. Харин энэ хүн надаас удаа дараа их хэмжээний мөнгө нэхсэн. Утсыг маань тоглоод хожигдсон гэж үзээд барьцаанд аваад үлдсэн. Би эхнэртээ гар утсаа алдсан гэж худал хэлсэн. Утсаар удаа дараа мөнгө нэхээд эхнэрийн хажууд хүнд байдалд оруулаад, хажууд нь эмэгтэй хүнтэй яриад байх хэцүү шүү дээ. ******* 3 дугаар сард дуудаад уулзъя гэсэн. Манай байрны ойролцоо 5-01 дүгээр байрны тэнд уулзсан. Тэнд хүчээр гарын үсэг зуруулсан. Машин дотор эрэгтэй хүмүүс байсан. Мөрийтэй тоглоом тоглодог хүмүүс зодож нүддэг, янз бүрийн байдлаар хэвлэл мэдээлэл ашиглаад нэр хүндэд халддаг гэсэн ойлголттой байсан. Үүнээс үүдэн би айж байсан учраас гарын үсэг зурсан, 1,400,000 төгрөг миний хувьд их мөнгө, би мөнгө огт зээлж аваагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна... гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2023 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн гараар үйлдсэн бичиг, А.*******гийн иргэний үнэмлэхийн хуулбарыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... нь 2023 оны 02 дугаар сарын 05-нд 1,400,000 төгрөг надаас зээл, өөрийнхөө самсунг А51 маркийн утас, ажлынхаа үнэмлэхийг барьцаанд үлдээж, ажлын үнэмлэхээ буцааж авсан боловч мөнгийг минь огт төлөхгүй байгаа тул Э.аас 1,400,000 төгрөг гаргуулж өгнө үү... гэсэн.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...А.*******гаас ямар нэгэн мөнгө зээлж аваагүй, А.******* 2023 оны 02 дугаар сарын 05-нд мөрийтэй тоглоом буюу покер тоглуулсан бөгөөд би өөрийн хүсэл сонирхлоор очиж тоглож, өөрт байсан бэлэн 600,000 төгрөг, дансанд байсан 200,000 төгрөгийг алдсан. Тэгээд Samsung A51 маркийн гар утсаа *******д 100,000 төгрөгт өгч тоглосон... гэсэн.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.т 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,400,000 төгрөгийг зээлсэн гэх үндэслэлээр нэхэмжлэл гаргаж, хэрэгт нотлох баримтаар өөрийн гараар бичсэн ...2023 оны 02 сарын 05, А.*******гаас 1,400,000 төгрөг зээлсэн ба 4 сард багтаан төлнө, мөнгө бэлнээр хүлээн авсан...ФА83073028, утас 99368233 гэх бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Нэхэмжлэгчээ гаргаж өгсөн дээрх баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна. Учир нь уг баримт нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлохгүй, уг баримтыг хариуцагч намайг хүчээр дарамталж гарын үсэг зуруулсан... гэж эс зөвшөөрч маргаж байна.
5. Нэхэмжлэгч А.******* нь хариуцагч Э.т 2023 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 1,400,000 төгрөг зээлсэн гэх боловч талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хариуцагчид 1,400,000 төгрөгийг хүлээлгэж өгсөн талаар баримтгүй, мөн ямар зорилго, зориулалтаар мөнгө зээлсэн, хариуцагч Э.ын гэх самсунг А51 маркийн гар утсыг ямар зорилгоор авсан, хариуцагч ямар зорилгоор гар утсаа түүнд өгсөн болохыг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
6. Иймд нэхэмжлэгч А.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний хариуцагч Э.аас 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7. Нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.*******гийн хариуцагч Э.аас 1,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ