| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
| Хэргийн индекс | 155/2023/00233/И |
| Дугаар | 155/ШШ2023/00624 |
| Огноо | 2023-06-07 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2023 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 155/ШШ2023/00624
| 2023 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 155/ШШ2023/00624 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б,
Хариуцагч: Ж,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхөр Ж.Мгээс өвлөн авах 17,920,000 төгрөг, нийт 71,680,000 (далан нэгэн сая зургаан зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2023/00233/и дугаар индекстэй, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Б (цахим), түүний өмгөөлөгч Б.Баттөр (цахим), Т.Хонгор (цахим), хариуцагч Д.Ж, түүний өмгөөлөгч Г.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Д.Жд холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхөр Ж.Мгээс өвлөн авах 17,920,000 төгрөг, нийт 71,680,000 (далан нэгэн сая зургаан зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие нь Солонгос улсад ажиллаж амьдарч байхдаа 2018 оны 5 дугаар сард нөхөр Ж.Мтэй танилцан дотносож, хамтын амьдралтай болсон. Миний нөхөр Ж.М надаас түрүүлэн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Монголдоо ирсэн бөгөөд намайг Монголдоо ир, эндээ хамтдаа амьдарцгаая гэж гуйсан учир би 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Монголд буцаж ирсэн. Нөхөр Ж.Мгийн тал 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр надад хадаг сүй тавьж, бид 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол гэдэг газарт хуримаа хийж, 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр бидний хүү М.И төрсөн. Миний том хүү Т.Т 2016 онд төрсөн бөгөөд миний эцэг, эхтэй хамт амьдарч байсан. Нөхөр, бид хоёр 2019 оноос хойш мал маллан амьдарч байсан бөгөөд 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нөхөр маань бусдын гарт амь насаа алдсан аймшигт явдал болж, бидний амьдралд нөхөж баршгүй гарз тохиосон. Талийгаач нөхрийг минь өнгөрсний дараа хадам аав Д.Ж манай гэр бүлийн эд хөрөнгө болох 263 толгой малыг өөрийн эзэмшилд авч, өөрийнхээ нэр дээр тоолуулан дураараа захиран зарцуулж эхэлсэн. Би энэ байдлыг хадмууддаа хэлж хүү, бид хоёр амьжиргаагаа залгуулах хэрэгтэй, энэ хөрөнгийн зохих хэсэг нь хүү, бид хоёрын өмч гэж ойлгуулах гэж оролдсон боловч огт хүлээн аваагүй. Биднийг хуримаа хийдэг жил буюу 2019 онд нөхөр маань А дансаар 189 толгой мал тоолуулсан. Бид хоёр хамтын хөдөлмөрөөрөө малаа өсгөн 2020 онд 208 толгой мал тоолуулсан.
Үүнд: Адуу 25, үхэр 30, хонь 101, ямаа 50. Бид 2021 оны хавар унага 6, тугал 6, ишиг 19, хурга 40, нийт 71 төл бойжуулсан. Манайх 2021 онд малаасаа хязаалан үхэр 1, хонь 5, ямаа 1-ийг хүнсэнд хэрэглэсэн. Унагатай гүү 3-ыг, нэг даагатай худалдан борлуулж, банкны зээлийн зарим хэсгийг төлж, нөхөр маань өөд болохоос өмнө манайх 263 толгой малтай үлдсэн. Малын А дансны 2020 оны бүртгэл болон хавар бойжуулсан төлийг нэмээд нийт 277 толгой малаас 2021 онд борлуулсан 14 толгой малыг хасаад нийт 263 толгой мал нөхрийг маань нас барахад байсан ба эдгээр малыг бүгдийг нь хадам аав Д.Ж хураан авсан. 2020 оны малын А дансаар бүртгэгдсэн бүх мал болон 2021 онд бойжуулсан 71 төл буюу нийт 277 толгой малыг үнэлгээний Ашид билгүүн ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд энэ үнэлгээ нийт 81,510,000 төгрөг болсон. Энэ үнийн дүнгээс 2021 онд борлуулсан мал болох хязаалан үхэр 1, хонь 5, ямаа 1, унагатай гүү 3, даага 1-ийн үнийг хасахаар 75,640,000 төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл манай гэр бүлийн 75,640,000 төгрөгийн үнэ бүхий малыг, манай нөхрийг өнгөрсний дараа хадам аав Д.Ж хурааж авсан юм. Талийгаач нөхөр, бид хоёр 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Хөх толгой-31-11 хаягт байрлалтай, 597м2 хашааны газартай болж, гэрчилгээг талийгаач нөхрийн нэр дээр гаргуулж авсан юм. Энэ газрыг мөн хадам аав Д.Ж хураан авсан, газрын гэрчилгээ хадам аавд байх ёстой, сүүлд сонсоход энэ газрыг зарсан сураг байсан, энэ газар 5,000,000 төгрөгөөр үнэлэгдэх газар байсан юм.
Дээр дурдсан 75,640,000 төгрөгийн үнэ бүхий мал, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий газар буюу нийт 80,640,000 төгрөгийн хөрөнгө бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Миний бие одоо хүү М.Игийн хамт Улаанбаатар хотод амьдарч байгаа бөгөөд гэр бүлийн дундын хөрөнгө болох 80,640,000 төгрөгийн хөрөнгөөс 2/3 буюу 53,760,000 төгрөгийн хөрөнгийг хүү М.Игийн хамт хуулийн дагуу авах ёстой. Талийгаач нөхөрт маань ногдох 26,880,000 төгрөгийн хөрөнгийн асуудалд өв залгамжлалын асуудал яригдах ба нөхрийн маань төрсөн эх нь бага байхад нь өөд болсон, одоо төрсөн эцэг Д.Ж байгаа тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар хүү М.И, хадам аав Д.Ж, бид гурав талийгаач нөхөрт ногдох хөрөнгийг тэнцүү хуваавал нэг хүнд 8,960,000 төгрөг ногдоно. Үүнээс хүү, бид хоёрын хувь 17,920,000 төгрөг тул гэр бүлийн дундын өмчийн хүү, бид хоёрт ногдох 53,760,000 төгрөг дээр энэ 17,920,000 төгрөгийг нэмвэл хүү, бид хоёрын нийт авах ёстой хөрөнгө 71,680,000 төгрөг болж байгаа юм.
Өвтэй холбоотой асуудлаар бид өвлөх эрхийн гэрчилгээ авахаар нотариатад хандаагүй, учир нь өв нээгдээд жил болоогүй байхад хадам аав дээр дурдсанчлан манай гэр бүлийн бүх дундын хөрөнгийг хураан авч, дур мэдэн захиран зарцуулсан, нялх хүүхэдтэй ганц бие эмэгтэй би мал ахуйн араас хөөцөлдөх боломжгүй хүчин мөхөстөж хадам аав маань хөрөнгүүдийг дур мэдэн захиран зарцуулсан тул тухайн хөрөнгүүд дээр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулсан ч ач холбогдлоо алдсан байсан. Миний бие 2 настай хүүгийнхээ ирээдүйг бодож энэ мөнгийг хадам аав Д.Жгээс гаргуулахаас аргагүй байдалд хүрч байгаа тул хариуцагчаас 71,680,000 төгрөг гаргуулж өгнө үү.
...Нэхэмжлэд дурдсанчлан 75,640,000 төгрөгийн үнэ бүхий мал, 5,000,000 төгрөгийн үнэ бүхий газар буюу нийт 80,640,000 төгрөгийн хөрөнгө бол Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө юм. Үүнээс хүү М.И, бид хоёрын хувь 2/3 буюу 53,760,000 төгрөг болж байгаа. Талийгаач нөхрийн хувь 1/3 буюу 26,880,000 төгрөг болж байгаа ба энэ үнийн дүнг хууль ёсны 3 өвлөгч болох миний бие, хүү М.И, эцэг Д.Жд хуваахад хүү, бид хоёрын хувь 2/3 буюу 17,920,000 төгрөг болж эцэг Д.Жд 8,960,000 төгрөг ногдож байгаа.
Ийм учраас би гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхрөөсөө хүү, бид хоёрын өвлөн авах 17,920,000 төгрөг буюу нийт 71,680,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагч Д.Ж хариу тайлбартаа: Талийгаач хүү Ж.М нь миний бага хүү байсан. Манайх Хөвсгөл аймгийн Түнэл сумын уугуул малчин айл. Би 1997 онд хүүгийнхээ хамт Орхон аймагт амьдардаг охиных руугаа явж хүүгээ сургуульд суралцуулж байсан. Ингээд хүү минь 2007 онд ахынхаа малыг харахаар нутагтаа буцаж ирсэн. Би 2008 онд Орхон аймгаас нүүж ирээд хамтран амьдрагчтай болсон. Ингээд хүү, бид гурав 2009 оноос хойш Түнэл сумын 1 дүгээр багийн нутаг Зуны голд амьдарч ирсэн. Энэ үеэс хүү минь ахынхаа малыг малласныхаа хөлсөнд нь авсан малаа авч өрх тусгаарлан, миний хамтран амьдрагч Бгийн малтай нийлүүлэн малаа маллан амьдарч байсан. Талийгаач хүү минь цэргийн алба хааж ирээд 2014 онд БНСУ руу явж, 4 жил орчим болоод 2018 онд миний бие ядруу байсан тул буцаж ирсэн. Хүү минь БНСУ-д ингэж амьдарч байх үедээ Р.Б гэж охинтой танилцсан юм билээ. Би хүүгээ БНСУ-д ажиллаж байх үед малыг нь маллаж байсан, мөн өөрийн тэтгэвэр дээрээс боломж бололцоогоороо мал худалдан авч байсан. Хүү минь БНСУ-аас ирээд одоо цаашид нутагтаа малаа маллаж амьдарна гэсэн тул би өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ мал зэргийг хүүдээ маллуулаад би байнгын эмчийн хяналтанд байдаг тул аймгийн төв рүү нүүж орж ирсэн. Ингээд хүү минь 2019 оноос хүний, өөрийн бүх малыг өөрийнхөө нэр дээр А данс нээж, нийт 189 толгой мал тоолуулж байсан. Энд миний болон Орхон аймагт байдаг охины минь, Улаанбаатар хотод байдаг хүүгийн минь мал ч гэсэн байдаг.
Миний хүү БНСУ-аас ирснийхээ дараа надад Р.Б гэх охинтой Солонгост байхдаа танилцсан. Надтай хамт мал маллаад хөдөө амьдрахыг зөвшөөрсөн гэж ярьсан. Хүү минь эхнэртэй болж, хамт мал маллан амьдарна гэсэнд миний тухайд баяртай байсан. Ингээд 2019 оны намар 10 дугаар сард хурим найраа хийж айл гэр болгоод би аймгийн төв рүү нүүж орж ирсэн. Бэр маань тэр өвлөө хөдөө өвөлжөөд 2020 оны 3 дугаар сард төрж, ач хүү М.Иг төрүүлсэн. Бэр маань төрөөд хүүгээ 6 сар орчим болгоод аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажилд орсон. Ингэж ажиллаж байх үед нь манай хамтран амьдрагч бид хүүг нь харж байсан. Бэр маань Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад 2021 оны 3 дугаар сараас хойш Түнэл сумын Хүүхдийн цэцэрлэгт сувилагчаар ажилд орсон ба хүү, бэр 2 минь хурим найраа хийснээс хойш нэг өвөл л хамт өвөлжсөн.
Хүү маань анх 2019 онд 189 толгой мал тоолуулсан. Үүний дараа жил 2020 онд 206 толгой мал тоолуулсан нь үнэн. Эдгээр мал нь бүгд талийгаач хүүгийн минь мал байгаагүй талаар дээр дурьдсан. Бэр минь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ намайг талийгаач хүүгийнхээ эд хөрөнгийг өөрийнхөө нэр дээр тоолуулан дураараа захиран зарцуулах эд хөрөнгийн зохих хэсгийг хүүгийнхээ болон өөрийнх нь өмч гэдгийг ойлгуулах гэж оролдсон боловч хүлээж аваагүй гэж бичжээ. Бэр маань нөхрөө нас барснаас хойш 2021 оны намар 8 дугаар сард нутаг руугаа явахдаа хүүгийн минь хэрэглэж байсан мөнгөн тоногтой эмээл, 5 ханатай гэр, иж бүрэн дотор тавилгын хамт мөн талийгаач хүүгийн минь оршуулгын зардал гэж Нийгмийн даатгалын байгууллагаас олгосон 11,500,000 төгрөгөөс надад 300,000 төгрөгийг өгөөд бусдыг нь аваад явсан. Үүний дараа 2022 оны намар би бэрдээ болон ач хүүдээ гэж 3 тугалтай үнээ, 1 шүдлэн үхэр, 2 тооны морь, унагатай, даагатай, гүү нийлээд 9 тооны адуу, нийт 11 тооны адуу, хонь, ямаа нийлээд нийт 40 толгой зэргийг өгсөн. Тухайн үед дээрх малыг бэрийн маань төрсөн ах Р.Мж гэж хүн цуглуулж авсан. Ингээд бэр маань дээрх эд хөрөнгөө яаж захиран зарцуулсан талаар мэдэхгүй. Дээрх мал эд хөрөнгийг бэрдээ өгсөн гэдгийг нутгийн ах, дүү нар болон төрсөн ах нь ч мэднэ. Үлдсэн нийт 160 орчим толгой малыг би өөрийн нэр дээр тоолуулсан. Намайг хүүгийнхээ нэр дээр байсан Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Хөх толгой-31 11 хаягтай байрлалтай 597м2 хашааны газрыг зарсан гэжээ. Уг хашааны газрыг би 2015 оны үед өөрөө сумын Засаг даргад өргөдлөө гаргаж эзэмшихээр авсан байсан. Энэ үед хүү минь БНСУ-д амьдарч байсан. Би хүүгээ ирснийх нь дараа гэр бүлтэй болохоос өмнө дээрх газраа нэр дээрээ шилжүүлж аваарай гэж ярьж байсан. Би талийгаач хүүгийнхээ эд хөрөнгөөс бэрдээ болон ач хүүдээ оногдох хэсгийг өгсөн. Хэдийгээр талийгаач хүүгийнхээ эд хөрөнгөөс бэр болон ачдаа өгсөн боловч ач хүүгээ нас биед хүрсэн хойно нь боломж бололцоогоор харж хандаж байна гэж боддог. Ач хүүгээ нас биед хүрэхийг нь би өөрөө харж чадахгүй байсан ч талийгаач дүүгийнхээ хүүг харж, хандаж, тусалж дэмжиж яваарай гэж хүү, охин хоёртоо захиж байдаг.
Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Р.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагчаас 50,000,000 (тавин сая) төгрөг аваад эвлэрэх санал тавьсан боловч зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би хүүхдээ төрүүлсний дараа талийгаач нөхөр Ж.Мтэй малаа маллаж байсан, дараа нь хүүхдийн цэцэрлэг, эмнэлэгт ажилладаг байсан ч байнга ирж, очин тусалдаг байсан. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч, хамт амьдарч, нэг ам бүлд бүртгэлтэй байсан, нөхрийгөө нас барсны дараа хамтын амьдралтай байснаа шүүхээр тогтоолгосон тул албан ёсны эхнэр, нөхөр мөн. Бид хоёр 2019 онд хамт амьдрахдаа манай нөхөр 189 толгой малтай ирж байсан, надад мал байгаагүй. Нөхрийгөө нас барсны дараа хадмууд намайг янз бүрээр доромжилж хөөсөн тул аргагүйн эрхэнд аав, ээж рүүгээ 2021 оны 8 дугаар сард явсан. Би амьдарч байсан монгол гэрээ дотор тавилгатай нь мөнгөн тоногтой эмээлийг авсан. Хариуцагчийн өгсөн гээд байгаа малыг аваагүй. Би нэхэмжлэлд бичсэн 71,680,000 төгрөгийн малыг, Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд бичсэн үнэлгээгээр үнэлж авна. Дээрх малыг нас, хүйсээр нь ялгаж мэдэхгүй байна, малын А дансанд бичигдсэн байгаа. Хүүхэд маань нялх байсан учраас Хөвсгөл аймаг руу явахад хүндрэлтэй байсан, хадам аав мал аваад зарсан байсан учраас өвлөх эрхийн гэрчилгээ аваагүй. Бидний газрыг хадам аав 800,000 төгрөгөөр зарсан гэж сонссон учир 5,000,000 төгрөгөөр үнэлж байгаа. Газрын гэрчилгээ н.В гэдэг хүнд байсан. Манай мал талийгаач нөхрийн том ах Ч.Мжийнд байсан, тэндээс хадам аав 2022 оны намар 11 дүгээр сард очиж авсан байсан, хэдэн тооны мал авсныг мэдээгүй.
Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхрөөсөө хүү, бид хоёрын өвлөн авах 17,920,000 төгрөг буюу нийт 71,680,000 төгрөгийг хариуцагч Д.Жгээс гаргуулж авна гэв.
4. Хариуцагч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний талийгаач хүү Ж.М багаасаа эхлээд айлын мал маллаж, хөлсөнд нь мал аваад энэ малын суурийг тавьж байсан. Би тэтгэврийн мөнгөөрөө мал авч нэмэрлэж байсан. Би шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Миний ач хүү М.И талийгаач Ж.Мгийн эд хөрөнгийн өвлөгч мөн. Р.Б явахдаа иж бүрэн тавилгатай, давхар бүрээстэй гэр, мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл авсан. Мөн 3 тугалтай үнээ, 1 шүдлэн үхэр, 2 тооны морь, унагатай, даагатай, гүү нийлээд 9 тооны адуу, нийт 11 тооны адуу, хонь, ямаа нийлээд нийт 40 тооны мал өгсөн. Р.Б өөрөө 9 тооны адуу, 2 тугалтай үнээ зарсан байсан. Талийгаач хүү маань ах Ч.Мжийнтой хамт өвөлжиж, мал нь тэдний малтай хамт байсан. Би 2022 оны 9 дүгээр сард Ч.Мжийнхоос 89 толгой хонь, 61 толгой ямаа, 20 толгой үхэр, бүгд 170 толгой мал үлдсэн байсныг авсан. Тус малыг нас хүйсээр нь ялгаж, дараах байдлаар үнэлж байна. Үүнд:
1. Үнээ 8*1,000,000 төгрөг=8,000,000 төгрөг, шүдлэн үхэр 4*800,000 төгрөг= 3,200,000 төгрөг, бяруу 2*400,000 төгрөг=800,000 төгрөг, тугал 6*200,000 төгрөг= 1,200,000 төгрөг, нийт 20 толгой үхэр. 2. Эм хонь 29 толгой*100,000 төгрөг= 2,900,000 төгрөг, эр төлөг 20 толгой*80,000 төгрөг=1,600,000 төгрөг, эм төлөг 20 толгой*80,000 төгрөг=1,600,000 төгрөг, хурга 20 толгой*35,000 төгрөг=700,000 төгрөг, нийт 89 толгой хонь. 3. Эр ямаа 10 толгой*120,000 төгрөг=1,200,000 төгрөг, эм ямаа 33 толгой*70,000 төгрөг=2,310,000 төгрөг, борлон 9 толгой*45,000 төгрөг= 405,000 төгрөг, ишиг 9 толгой*25,000 төгрөг=225,000 төгрөг, нийт 61 толгой ямаа байгаа. Би адуу аваагүй. Өвөл зуд болж мал үхэж хорогдсон. Нэхэмжлэгчийн ирүүлсэн зарим малын үнэлгээ өндөр байна. Би талийгаач хүүгийнхээ эд хөрөнгөөс Р.Б, ач хүү М.И нарт өгөх зүйлээ өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
5. Нэхэмжлэгчээс Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 155/ШЗ202/03959 дугаар шүүгчийн захирамж, тус шүүхэд 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэл, хүсэлт, иргэний үнэмлэх, Хөвсгөл аймгийн Түнэл сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон хүү М.Игийн төрсний гэрчилгээ, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн ажилтны олгосон хүү Т.Тийн төрсний гэрчилгээ, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон Ж.Мгийн нас барсны гэрчилгээ, Р.Бын талийгаач Ж.Мтэй хамтын амьдралтай байсан байдал тогтоолгосон тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02209 дугаар шийдвэр зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, Ж.Мгийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 он, 2020 оны тооллого-ын архивын хуулбарууд, Ж.Мгийн иргэний газар эзэмших эрхийн 000105243 дугаар гэрчилгээний хуулбар болон нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Ашид билгүүнХХК-ийн ТХҮ-122/3339 дугаар үнэлгээний тайлан, Чингэлтэй дүүргийн 21 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнүүд, (хавтаст хэргийн 6-23, 24, 102, 25-28, 29-32, 104-105 дахь тал)
6. Хариуцагчаас Ж.Ө-рын тайлбар, Д.Жгийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 он, 2022 оны тооллого-ын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд тус тус гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 187-200 дахь тал)
7. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Э.Р-с мэдүүлэг, хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр гэрч Х.Б, Ч.Мж, Б.Б-, Ж.Б-нараас мэдүүлэг тус тус авч, Р.Бын ХААН банкны ************* тоот дансны хуулга гаргуулан нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 182-185, 112-114, 132-133, 143-144, 134-141 дэхь тал)
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Р.Б нь хариуцагч Д.Жд холбогдуулан гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхөр Ж.Мгээс өвлөн авах 17,920,000 төгрөг, нийт 71,680,000 (далан нэгэн сая зургаан зуун наян мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна.
2. Шүүх нэхэмжлэлийн шаардлага нийт 71,680,000 (далан нэгэн сая зургаан зуун наян мянга) төгрөгөөс 16,070,000 (арван зургаан сая далан мянга) төгрөгийг хангаж, үлдэх 55,610,000 (тавин таван сая зургаан зуун арван мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талийгаач Ж.Мтэй 2019 оны 10 дугаар сард хуримаа хийж хамт амьдарсан, бидний дундаас 2020 оны 3 дугаар сард хүү М.И төрсөн, гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдралтай байсан байдлаа шүүхээр тогтоолгож, нэг ам бүлд бүртгэлтэй байсан тул бид албан ёсны эхнэр, нөхөр мөн. Ж.М 2021 оны 5 дугаар сард нас барж, хадам аав Д.Ж бидний малыг өөрийн өмчлөлд авсан. Талийгаач нөхөр, бид хоёр 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Хөх толгой-31-11 хаягт байрлалтай, 597м2 хашааны газартай болж, гэрчилгээг талийгаач нөхрийн нэр дээр гаргуулж авсан. Энэ газрыг хадам аав Д.Ж хураан авч, зарсан сураг байсан, газраа 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Иймд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхрөөсөө хүү, бид хоёрын өвлөн авах 17,920,000 төгрөг буюу нийт 71,680,000 төгрөгийг хариуцагч Д.Жгээс гаргуулж авна гэж тайлбарлав.
4. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний ач хүү М.И нь талийгаач Ж.Мгийн эд хөрөнгийн өвлөгч мөн. Р.Б явахдаа иж бүрэн тавилгатай, давхар бүрээстэй гэр, мөнгөн аяга, мөнгөн тоногтой эмээл авсан. Мөн 3 тугалтай үнээ, 1 шүдлэн үхэр, 2 тооны морь, унагатай, даагатай, гүү нийлээд 9 тооны адуу, нийт 11 тооны адуу, хонь, ямаа нийлээд нийт 40 тооны мал өгсөн. Р.Б өөрөө 9 тооны адуу, 2 тугалтай үнээ зарсан байсан. Талийгаач хүү маань ах Ч.Мжийнтой хамт өвөлжиж, мал нь тэдний малтай хамт байсан. Би 2022 оны 9 дүгээр сард Ч.Мягмар доржийнхоос 89 толгой хонь, 61 толгой ямаа, 20 толгой үхэр, бүгд 170 толгой мал үлдсэн байсныг авсан. Би талийгаач хүүгийнхээ эд хөрөнгөөс Р.Б, ач хүү М.И нарт өгөх зүйлээ өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлалаа.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
а. Талийгаач Ж.М, нэхэмжлэгч Р.Б нар 2018 оноос 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд хамтран амьдарч, тэдний дундаас 2020 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүү М.И төрсөн болох нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.2, 135.2.14-т заасны дагуу Хорхон овогт Р- Б нь 2018 оноос 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд Жгийн Мтэй хамтын амьдралтай байсан бөгөөд хүү М.И нь талийгаач Ж.Мгийн асрамжид байсныг тус тус тогтоосугай... гэх бичилттэй 182/ШШ2021/02209 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Түнэл сумын улсын бүртгэлийн ажилтаны олгосон РД: *****, хүүхдийн овог: Цагаануул, эцэг (эх)-ийн нэр: М, өөрийн нэр: И, хүү, 2020 оны ****ний өдөр Хөвсгөл, Мөрөн газар төрснийг Хөвсгөл, Түнэл төрсний бүртгэлд 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов. Эцгийн РД: рм, овог: Цагаануул, эцэг (эх)-ийн нэр: Ж, өөрийн нэр: М. Эхийн РД: ух, овог: Хорхон, эцэг (эх)-ийн нэр: Р, өөрийн нэр: Б гэх бичилттэй хүүхдийн төрсний гэрчилгээ зэрэг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтаар тогтоогдсон. (хавтаст хэргийн 19, 16 дахь тал)
б. Ж.М 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өдөр нас барсан тухай Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэгчээс олгосон №*********** дугаар нас барсны гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдож байна. (хавтаст хэргийн 18 дахь тал)
в. Нэхэмжлэгч Р.Б ...Талийгаач Ж.Мтэй 2019 оны 10 дугаар сард хуримаа хийж хамт амьдарсан, бидний дундаас 2020 оны 3 дугаар сард хүү М.И төрсөн, гэрлэлтээ батлуулаагүй боловч хамтын амьдралтай байсан байдлаа шүүхээр тогтоолгож, нэг ам бүлд бүртгэлтэй байсан тул бид албан ёсны эхнэр, нөхөр мөн... гэж тайлбарлаж байгаа боловч хуульд заасны дагуу тэд гэрлэгчид биш. Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг, 3.1.3-д гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг ойлгоно гэж тус тус заасан байх бөгөөд Р.Б, талийгаач Ж.М нар гэрлэлтээ бүртгүүлээгүй тул хамтын амьдралтай байсан байдлаа шүүхээр тогтоолгожээ.
г. Нэхэмжлэгч Р.Б, талийгаач Ж.М нар гэрлэгчид биш тул маргааны зүйл болох гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг буюу малыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох боломжгүй байна. Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг Иргэний хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д Гэр бүлийн хөрөнгө нь гэрлэгчдийн, гэр бүлийн бусад гишүүдийн хөрөнгөөс бүрдэнэ, мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараахь хөрөнгө хамаарна, 126.2.1-д гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө гэж заасан. Тодруулбал Гэр бүлийн тухай хуульд зааснаар албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн гэрлэгчдийн гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд хамтын хөдөлмөрөөр бий болсон эд хөрөнгө нь тэдний дундын өмч болно.
Шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгч Р.Бын ...Бид хоёр 2019 онд хамт амьдрахдаа манай нөхөр 189 толгой малтай ирж байсан, надад мал байгаагүй... гэх тайлбар, хариуцагч Д.Жгийн ...Миний талийгаач хүү Ж.М багаасаа эхлээд айлын мал маллаж, хөлсөнд нь мал аваад энэ малын суурийг тавьж байсан. Би тэтгэврийн мөнгөөрөө мал авч нэмэрлэж байсан... гэх тайлбараар Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2019 он, 2020 оны тооллого-ын баримтад Ж.Мгийн нэр дээр бүртгэгдсэн адуу 25 толгой, үхэр 30 толгой, хонь 101 толгой, ямаа 50 толгой, бүгд 206 толгой мал талийгаач Ж.Мгийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдлоо. (хавтаст хэргийн 20-23 дахь тал)
д. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж заасан бөгөөд талийгаач Ж.Мгийн хууль ёсны өвлөгч нь түүний хүү М.И, төрсөн эцэг Д.Ж нар мөн болох талаар зохигч маргаагүй.
Нэхэмжлэгч Р.Б нь өөрийгөө хууль ёсны өвлөгч, хариуцагч Д.Ж нь талийгаачийн эд хөрөнгөөс ач хүү М.И, нэхэмжлэгч Р.Б нарт ногдох хэсгийг өгсөн гэж маргаж байна.
Хариуцагч Д.Ж ...3 тугалтай үнээ, 1 шүдлэн үхэр, 2 тооны морь, унагатай, даагатай, гүү нийлээд 9 тооны адуу, нийт 11 тооны адуу, хонь, ямаа нийлээд нийт 40 тооны мал өгсөн. Р.Б өөрөө 9 тооны адуу, 2 тугалтай үнээ зарсан байсан... гэж тайлбарлаж байгаа ч энэ тухайгаа нотолж чадахгүй, холбогдох нотлох баримт ирүүлээгүй болно.
Талийгаач Ж.М, нэхэмжлэгч Р.Б нар хамтран амьдарч байсан тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу талийгаач Ж.Мгийн хууль ёсны өвлөгчид хамаарахгүй бөгөөд түүний эд хөрөнгөөс өвлөн авахаар Р.Б шаардах эрхгүй.
Харин нэхэмжлэгч Р.Б нь талийгаач Ж.Мгийн хууль ёсны өвлөгч хүү М.Ид түүний өмчлөлийн эд хөрөнгөөс өвлөн авахаар хариуцагчаас шаардах эрхтэй.
Шүүх хуралдаанд гаргасан талийгаач Ж.Мгийн өмчлөлийн малыг Ч.Мжийн эзэмшлээс 2022 оны 9 дүгээр сард хариуцагч өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон.
Нэхэмжлэгч Р.Б ...Малын А дансны 2020 оны бүртгэл болон хавар бойжуулсан төлийг нэмээд нийт 277 толгой малаас 2021 онд борлуулсан 14 толгой малыг хасаад нийт 263 толгой мал нөхрийг маань нас барахад байсан ба эдгээр малыг бүгдийг нь хадам аав Д.Ж хураан авсан... гэж нэхэмжилж байгаа ч энэ тухайгаа нотлож чадахгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй.
Мөн нэхэмжлэгч Р.Б нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болон Ч.Мжийнхоос хэдэн тооны ямар төрөл, нас, хүйсний малыг хариуцагч авсан талаар тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа тул Д.Жгийн ... Ч.Мжийнхоос үнээ 8 толгой, шүдлэн үхэр 4 толгой, бяруу 2 толгой, тугал 6 толгой, нийт 20 толгой үхэр, эм хонь 29 толгой эр төлөг 20 толгой, эм төлөг 20 толгой, хурга 20 толгой нийт 89 толгой хонь, эр ямаа 10 толгой, эм ямаа 33 толгой, борлон 9 толгой, ишиг 9 толгой, нийт 61 толгой ямаа, бүгд 170 толгой мал авсан... гэх тайлбараар талийгаач Ж.Мгийн өмчлөлийн дээрх нас, хүйсний, 3 төрлийн 170 толгой мал байгаа гэж дүгнэлээ. Дээрх мал тус бүрийн үнийг Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-122/3339 дугаар Үнэлгээний тайлан-гийн хохирлын үнэлгээгээр үнэлсэн. Тодруулбал тус үнэлгээний тайлангаар хохирлын үнэлгээг тооцоолохдоо амьд малын үнэ ханш, махны бөөний болон жижиглэнгийн үнэ ханшийг харьцуулж гаргасан нь өнөөгийн зах зээлийн бодит байдалд нийцсэн байна. (хавтаст хэргийн 25-28 дахь тал)
Дээрх малыг дараах байдлаар үнэлж байна. Үүнд: 1. Үнээ 8*1,200,000 төгрөг=9,600,000 төгрөг, шүдлэн үхэр 4*800,000 төгрөг=3,200,000 төгрөг, бяруу 2*400,000 төгрөг=800,000 төгрөг, тугал 6*200,000 төгрөг=1,200,000 төгрөг, нийт 20 толгой үхэр буюу 14,800,000 төгрөг. 2. Эм хонь 29 толгой*200,000 төгрөг=5,800,000 төгрөг, эр төлөг 20 толгой*100,000 төгрөг=2,000,000 төгрөг, эм төлөг 20 толгой* 100,000 төгрөг=2,000,000 төгрөг, хурга 20 толгой*50,000 төгрөг=1,000,000 төгрөг, нийт 89 толгой хонь буюу 10,800,000 төгрөг. 3. Эр ямаа 10 толгой*150,000 төгрөг= 1,500,000 төгрөг, эм ямаа 33 толгой*120,000 төгрөг=3,960,000 төгрөг, борлон 9 толгой*80,000 төгрөг=720,000 төгрөг, ишиг 9 толгой*40,000 төгрөг=360,000 төгрөг, нийт 61 толгой ямаа буюу 6,540,000 төгрөг, бүгд 170 толгой мал буюу 32,140,000 (гучин хоёр сая нэг зуун дөчин мянга) төгрөг.
Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1, 518 дугаар зүйлийн 518.1-д зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдэж, өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөхөөр зохицуулжээ. Талийгаач Ж.Мгийн өмчлөлийн 170 толгой мал буюу 32,140,000 (гучин хоёр сая нэг зуун дөчин мянга) төгрөгөөс түүний хууль ёсны өвлөгч мөн болох талаар маргаагүй учир хүү М.И, хууль ёсны өвлөгч эцэг Д.Ж нарт хуульд зааснаар адил тэнцүү хуваахад тус бүр 16,070,000 (арван зургаан сая далан мянга) төгрөг ногдож байна.
Нэхэмжлэгч Р.Б ...Талийгаач нөхөр, бид хоёр 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг, Хөх толгой-31-11 хаягт байрлалтай, 597м2 хашааны газартай болж, гэрчилгээг талийгаач нөхрийн нэр дээр гаргуулж авсан. Энэ газрыг мөн хадам аав Д.Ж хураан авсан, газрын гэрчилгээ хадам аавд байх ёстой, сүүлд сонсоход зарсан сураг байсан, газраа 5,000,000 төгрөгөөр үнэлж байна... гэж байгаа ч талийгаач Ж.Мд сумын Засаг даргын захирамжийн 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн А/83 тоот шийдвэрийг үндэслэн дээрх гэр, орон сууцны хашааны газрыг 15 жилийн хугацаатай олгосон тухай иргэний газар эзэмших эрхийн 000105243 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх бөгөөд тус газрыг худалдан борлуулж, бусдын эзэмшилд шилжүүлсэн талаар нотлох баримтгүй байна. (хавтаст хэргийн 102 дахь тал)
Иймд хариуцагч Д.Жгээс талийгаач Ж.Мгийн өвлөгдөх эд хөрөнгөөс 16,070,000 (арван зургаан сая далан мянга) төгрөг гаргуулан, түүний хүү М.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 (тавин гурван сая долоон зуун жаран мянга) төгрөг, талийгаач нөхөр Ж.Мгээс өвлөн авах 1,850,000 (нэг сая найман зуун тавин мянга) төгрөг, бүгд 55,610,000 (тавин таван сая зургаан зуун арван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгээс 16,070,000 төгрөгийн дүнд төлөх улсын тэмдэгтийн хураамж 238,300 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Бд олгохыг дурдлаа.
Хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтыг үнэлээгүй. Үүнд: 1. Нэхэмжлэгчээс ирүүлсэн иргэний газар эзэмших эрхийн 000105243 дугаар гэрчилгээний хуулбар нотлох баримтын шаардлага хангахгүй, давхардсан. 2. Хариуцагчаас ирүүлсэн Ж.Ө-ын тайлбар, Д.Жгийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 он, 2022 оны тооллого-ын архивын хуулбарууд, Хөвсгөл аймгийн Түнэл сумын Зуны гол багийн Засаг даргын тодорхойлолтууд зэрэг нотлох баримтууд тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй. 3. Шүүх зохигчийн хүсэлтээр гэрчээр Э.Р-, гэрч Х.Б, Ч.Мж, Б.Б-, Ж.Б- нараас тус тус авсан мэдүүлгийг давхар нотлох баримтгүй, Р.Бын ХААН банкны ****************тоот дансны хуулга тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. (хавтаст хэргийн 24, 187-200, 182-185, 112-114, 132-133, 143-144, 134-141 дэхь тал)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Жгээс талийгаач Ж.Мгийн өвлөгдөх эд хөрөнгөөс 16,070,000 (арван зургаан сая далан мянга) төгрөг гаргуулан, түүний хүү М.Ид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө 53,760,000 төгрөг, талийгаач нөхөр Ж.Мгээс өвлөн авах 1,850,000 төгрөг, бүгд 55,610,000 (тавин таван сая зургаан зуун арван мянга) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 516,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Жгээс улсын тэмдэгтийн хураамж 238,300 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч Р.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА