Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2023/03497

 

 

 

 

 

 

 

2023 07 21

101/ШШ2023/03497

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам би тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Г-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.О-д холбогдох,

 

13,429.23 доллар буюу 45,305,521.8 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Г.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б,

Хариуцагч Б.О,

Хариуцагчийн өмгөөлөгч А.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

 

Г.Г миний 2009 онд БНСУ-д Жинжу хотын Олон улсын их сургуульд сурахаар очсоноос хойш Солонгос улсад сурч, ажиллаж амьдрах болсон. Солонгос улсад байхдаа Г.Утай 2016 оноос дотно харилцаатай болж, хамтран амьдрах болсон. 2017 оны 05 сарын 23-ны өдөр том хүү Г.А, 2018 оны 04 сарын 28-ны өдөр бага охин Г.Н нар төрсөн. Г.У бид хоёр гэр бүлээ батлуулаагүй.

Миний бие нь визний хугацаа дуусаж Солонгос улсад хууль бусаар амьдарч байгаад баригдаж, 2021 оны 11 сарын 19-ний өдөр Солонгос улсаас намайг албадан гаргаж Монгол улсдаа ирсэн. 2021 оны 11 сарын 21-ний өдөр Г.У хоёр хүүхдийг маань араас явуулсан.

Солонгос улсад Г.Утай хамтран амьдарч байх хугацаандаа Монгол улсад байр авах зорилгоор мөнгө хуримтлуулж, би өөрийнхөө цалинг Г.Уын ХААН банкны данс руу хийдэг байсан. Уг дансанд би 2017 онд том хүүгээ төрснөөс хойших бүх цалингаа баригдаж ирэх хүртлээ хийдэг байсан. Бид хоёрын цуглуулсан мөнгөөр Г.Уын ээж Б.О өөрийнхөө нэр дээр орон сууц захиалгын гэрээ хийж, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, Элизабет хотхоны 220-р байр 158 тоот хаягт байршилтай 3 өрөө байрны урьдчилгаа төлбөрт 120,000,000 төгрөг хийсэн. Миний бие Солонгост байхдаа барилга дээр тоосго чулууны гоёлын өрлөг хийж сардаа 4-4,5 сая вонн / монгол мөнгөөр 10,0 сая гаран төгрөг/-ийн цалин авдаг байсан ба байрны үлдэгдэл төлбөрт сар бүрийн 4-ний өдөр 5,600,000 төгрөгийг Солонгосоос ирэх хүртлээ төлдөг байсан. Би цалингаа бүгдийг нь Уын дансанд хийдэг байсан ба өөрийн гэр бүлийнхэндээ нэг ч төгрөг явуулж байгаагүй. Мөнгө явуулах нь байтугай гэрийнхэнтэй ярихад л Г.У бөөн хэрүүл хийж, манай гэрийнхнээс намайг бүрэн харилцаа таслуулсан байсан.

Би Солонгосоос ирэнгүүтээ 2022 оны шинэ жилийн өмнө байраа өөрийн нэр дээр шилжүүлье, хамтран өмчлөгчөөр ч хамаагүй нэрээ оруулмаар байна, хүүхдүүдтэйгээ хамт байрандаа амьдармаар байна гэхэд Г.Уын ээж нь үгүй гэсэн ба угаасаа уг байранд амьдрах боломжгүй байсан. Учир нь уг байранд Г.Уын том эгч, дунд дүү нь 4 хүүхэдтэйгээ, бага дуу нь нөхөр 3 хүүхэдтэйгээ, ээжийнх нь хамт амьдарч байсны улмаас би 2 хүүхэдтэйгээ уг байранд амьдрах орон зай байгаагүй тул миний бие 2 хүүхдүүдээ аваад Дарханд ирж амьдарч байна.

Намайг Солонгосоос ирснээс хойш Ш.У нь надтай байнгын хэрүүл хийхээс өөр байдлаар харилцахаа больсон, өөрийнхөө байранд амьдрах гэхээр ээж, эгч дүү нар нь хөөж тууж, манай эгч чамаас бүх юм аа, хүүхдүүдтэйгээ хамт хуулиараа аваад сална, чи гуйлгачин болоод үлдэнэ гэх мэтээр намайг эсэн бусын муу үгээр хараадаг тул би уг хүмүүстэй дахиж уулзахаа байсан.

Байр маань Г.Уын ээжийн нэр дээр байрандаа захиалгын гэрээтэй учраас би ч орж чадахгүй болсон. Г.Уыг ирэхээр байрны асуудлыг би шийдүүлнэ. Одоо бол зөвхөн ээжид нь холбогдуулж нэхэмжлэл гаргаж байна.

Солонгост байхад Г.У нь" Байр авахад мөнгө хэрэг болно. Чи долларын дансанд байгаа мөнгөө ээжид өгчих гэхээр нь би 2019 оны 04 сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн ХААН банкны 51....... дугаарын долларын данснаас мөнгө авах эрхийг Б.От итгэмжлэлээр өгсний дагуу Б.О нь миний данснаас 13,509.57 долларын зарлага гаргаж авсан байдаг.

Гэтэл дээрх байдлаар миний хөрөнгөөр авсан байранд намайг оруулахгүй, миний нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэхгүй байгаа тул миний бие Б.Оээс 13,509 долларыг гаргуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Г.Г миний бие 2022.10.19-ний өдөр хариуцагч Б.Оээс 13,429 доллар гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэл гаргасан өдрийн 1 долларын төгрөгтэй тэнцэх ханш нь 3,373.65 төгрөг байх ба Монгол мөнгөөр нийт 45.305,521.8 төгрөг болж байгаа юм. Иймд 13,429.23 долларыг нэхэмжлэл гаргах үеийн ханшаар тооцож 45,305,521.8 төгрөгийг нэхэмжилж байгааг тодруулж байна.гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:

 

Хариуцагч Б.Оийн тайлбартай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хадам ээж болох Б.О нь миний долларын данснаас авсан долларыг хөрвүүлж 26,320,000 төгрөгийг өөрийнхөө эзэмшлийн ХААН банкны 50.......4 тоот 26,320,000 төгрөгийг шилжүүлж авсан байна. Харин 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 11,600,000 төгрөгийг 51........4 тоот дансанд 14,616,000 төгрөгийг 51..........3 тоот данс руу шилжүүлснээ миний хэлсний дагуу шилжүүлсэн гэдэг нь худлаа тайлбар байна. Би интернэт банкаараа 51........4 дансыг хийж үзэхэд Б.Д гэдэг хүний, 51..........3 тоот дансыг хийж үзэхэд Э.О гэж хүний данс байна. Би эдгээр хүмүүсийг танихгүй, эдгээр хүмүүс рүү мөнгө шилжүүл гэж хэлээгүй. Би Солонгост хангалттай өндөр цалин авдаг байсан тул надад Солонгост хүнээс вонн авах ямар ч шаардлага байгаагүй. Би Солонгост мөнгө олох гэж ажил хийж байсан болохоос монголоос мөнгө авах гэж ажиллаагүй. Хэрвээ надад мөнгө хэрэг болсон байлаа гэж бодоход би өөрийн аав, ээж, дүүдээ итгэмжлэл явуулах байсан. Хамтран амьдрагч Г.У хэлсний дагуу тууний ээжид итгэмжлэл явуулсан юм. Би хадам болох Б.Отэй ойр дотно байгаагүй, мессенжерээр ярих, захиа бичих зэргээр ерөөсөө харилцаж байгаагүй ба Г.У л ээжтэйгээ байнга холбогдож харьцдаг байсан. Би 2 хүүхэдтэй болсон цаашид амьдарна гэж боддог байсан учраас цалингаа бүгдийг нь Уын дансанд хийдэг байсан ба уг мөнгийг У захиран зарцуулдаг байсан. Намайг Солонгост хууль бусаар баригдаж хоригдож байхад наанаа хатаж үхээрэй гээд надад У нь зардлын мөнгө ч өгөөгүйн улмаас, манай ээж Д.Д Монголоос онгоцны билет захиалж намайг татаж авч байсан. Мөн 2 хүүхдээ татаж авахад зардлын мөнгө өгөхгүй болохоор нь би Солонгост байдаг найз Ш.Аээс мөнгө зээлж, Ш.Аээр хүүхдээ авчруулж байсан. Монголд ирэхэд миний мөнгөөр авсан миний байрны гэрчилгээнд би нэрээ оруулмаар оруулахгүй байгаа. Энэ бүхнээс харахад Г.У, түүний Б.О нар нь намайг яаж ч хохироож мэдэхээр хүмүүс байсныг би одоо л ойлгож байна. Иймд Г.У ээжтэйгээ юу ярьсан, хэнд яагаад мөнгө шилжүүлснийг би мэдэхгүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

2009 оны Солонгос улсад сургуульд сурахаар болж очоод Утай 2016 онд танилцаж хамт амьдрах болсон. 2021 онд Монголд ирсэн. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр долларын хадгаламжийн данснаасаа байр авах гээд Уын ээж болох От итгэмжлэлээр 13,429.23 долларыг авах эрхийг өгсөн. Баригдаж ирснээс хойш зан харилцаа нь өөрчлөгдөж эхэлсэн. 2017 оноос хойш мөнгө эхнэрийн мэдлээр явдаг байсан. Байрны урьдчилгаанд өгсөн үгүй нь мэдэгдэхгүй байна. Өөр хүний данс руу шилжүүлсэн зүйл яриад байгаа. 2 хүүхэдтэй тул мөнгөний асуудалд би оролцдоггүй байсан. Байрны урьдчилгаа хийсэн гэж бодож байсан. 2 хүүхэд надтай хамт байгаа. Одоогийн Монгол банкны долларын ханш 3,373.65 төгрөгөөр тооцоход 13,429.23 доллар буюу 45,305,521 төгрөг нэхэмжилж байгаа.

Орон сууцны гэрчилгээнд намайг хамтран эзэмшигчээр оруулаарай гэхэд О нь үгүй гэсэн. Уын дүүгийн нөхөртэй холбоотой байдаг. Одоо энэ байранд хүмүүс амьдарч байгаа юм билээ.

Долларын данснаас гаргаад урьдчилгаагаа бэлдэх гэж авсан. Байр авах гэж төлөвлөж байгаад От итгэмжлэл өгсөн. Долларын дансаа задлаад Монголд ирээд юм хийхэд амар гэж итгэмжлэл өгсөн. Захиран зарцуулах гэж итгэмжлэл өгсөн байгаа.

Солонгос улс руу байрны барьцаа 5,000,000 воныг би өөрөө төлсөн байсан. Өдөр болгон цалинтай байдаг тул Монголоос мөнгө авах ямар ч шаардлагагүй. Эвээр харьцах гэж үзсэн. Хүүхдүүд сургуульд орлоо гэхэд нас биед хүрсэн хүмүүс өөр өөрийн амьдралаар явна гэж хэлсэн.гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Монгол банкнаас лавлагаа авч нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон хариуцгагч нар нь Солонгос улсад амьдарч байхдаа мөнгөө хуримтлуулж байсан. Цалингаа хамтран амьдрагчийн дансаар авдаг байсан. Нэхэмжлэгчийн долларын дансыг цуцлах итгэмжлэлийг От өгсөн. О нь Д, О нар руу 26,000,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 9,000,000 төгрөгийг Уын данс руу шилжүүлсэн гэж байна. Хариуцагч нь итгэмжлэлийн дагуу захиран зарцуулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь 2 хүүхдээ орон байртай болгох гээд мөнгө шилжүүлсэн байхад одоо байраа ч олж авч чадахгүй байгаа тул Иргэний хуулийн 492.1.2 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзээд шаардаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.гэв.

 

2. Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г.Гийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь хүргэн болох Г.Г нь өөрийнх нь долларын данснаас мөнгө аваад буцаан Солонгод байгаа хүн рүү төгрөгөөр шилжүүлчих, тухай хүнд энд дараа вонн болгож өгнө гэсэн болно. Үүний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр түүний данснаас авсан долларыг төгрөгт шилжүүлэн өөрийн Хаан банкны эзэмшлийн 50.......4 тоот дансанд 26.320.000 төгрөгийг орлого болгон хийж Г.Гийн хэлсний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр 11.600.000 төгрөгийг 51........4 тоот данс руу, маргааш нь 14.616.000 төгрөгийг 51..........3 тоот данс руу тус тус шилжүүлж тухайн мөнгийг вонн болгон түүнд буцаан өгсөн болно.

Бодит байдал дээр миний зүгээс хүргэн Г.Гээс мөнгө авсан зүйл огт байхгүй бөгөөд түүний хүсэлтийг дагуу мөнгийг нь өөрөө дамжуулан түүний рүү буцаан явуулсан болно. Мөн тухайн хүүхдүүдийн гэр бүлийн маргааны талаар надад мэдэх зүйл байхгүй байх тул охин маань Монголд ирсэн хойно өөрсдөө учраа олоосой гэж хүсэж байна.

Иймд миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

 

2017 онд миний охин У намайг Солонгос улсад хүрээд ир гэхээр нь би очиж хүүхдийг нь харсан. Сална гэж огт бодоогүй. Гэр бүлийн асуудлаа өөрсдөө шийдэх байх. Надад итгэмжлэл өгсөн байгаа Хаан банканд очоод гарын үсэг зураарай гэхээр нь очиж зурсан. У маргааш нь над руу video call-аар залгаад байраа томруулах гээд барьцаа мөнгө хэрэгтэй байна гэхээр нь өгсөн данс руу нь шилжүүлсэн. Ярих үед Г цаана нь хоолоо хийгээд байж байсан. Оийн данс руу 26,320,000 төгрөг, Дын данс руу 11,600,000 төгрөг шилжүүлээд, 3000 доллар үлдсэн байсныг 2021 онд Уын данс руу шилжүүлсэн. О нь 2016 онд хилээр гарсан гэхээр намайг 2019 онд очиход БНСУ-д байсан гэж харагдаж байна. Солонгост амьдрах байрны төлбөртөө л төлсөн гэж хэлсэн. 2 хүүхдээ сална гэж огт бодоогүй.

Байранд яагаад амьдардаг гэхээр У байр авах гэж байгаа гээд мөнгө нь хүрэхгүй байгаа болохоор нь Налайх дүүрэгт байгаа байрыг зараад Элизабет хотхоны байрыг авсан. Төмөр замын 2 өрөө байраа түрээслээд надтай цуг манай хүү байгаа. Би энэ байранд 50,000,000 төгрөг оруулсан. Байрны үлдэгдэл мөнгө нь Г, О нар Солонгос улсаас ирүүлсэн мөнгө юм.

У, Г.Г нар эвлэрсэн юм шиг байсан. Өөр нэмж хэлэх зүйлгүй. гэв.

 

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад өнөөдөр энэ асуудлыг шийдэх боломжгүй гэж үзэж байна. Уын данснаас мөнгө орж ирсэн. Г нэхэмжлэх эрхтэй эсэх нь тодорхойгүй. 13,000 доллар зөвхөн Гийн мөнгө гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй. Гийн данснаас орж ирсэн бол бид маргахгүй байсан. Хамтран амьдрагчийн мөнгө энэ дунд байгаа. Удахгүй У нь Монголд ирнэ. Гэр бүлийн асуудлаа гэр бүлдээ шийдэх байх гэв.

 

3. Нэхэмжлэгч нь хавтаст хэргийн 3-14, 25-26, 29 дүгээр хуудсанд авагдсан баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн,

хариуцагчаас 33, 44-47, 73-77, 79-82, 112 дугаар хуудсан авагдсан баримтуудыг гаргаж өгсөн,

шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хавтаст хэргийн 57-60, хариуцагч талын хүсэлтээр хавтаст хэргийн 91-92 дугаар хуудсан авагдсан баримтуудыг бүрдүүлсэн,

шүүхийн санаачилгаар хавтаст хэргийн 106-107, 109 дүгээр хуудсанд авагдсан баримтыг бүрдүүлсэн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г.Г нь хариуцагч Б.От холбогдуулан 13,429.23 доллар буюу 45,305,521.8 төгрөг гаргуулах шаардлага гаргаж,

Хариуцагч нь уг мөнгийг төгрөг болгож Б.Дд 11,600,000 төгрөг, Э.От 26,320,000 төгрөг, Уын дансанд 8,390,000 төгрөг тус тус шилжүүлсэн тул төлөхгүй гэж маргажээ.

3. Нэхэмжлэгч Г.Гийн хугацаатай хадгаламжийн Хаан банкин дахь 51....... ам.долларын данснаас 2019.04.04-ний өдөр БНСУ, Сөүл хотоос олгосон итгэмжлэлээр Б.О захиран зарцуулсан үйл баримт тогтоогдсон. /хх-12, 45-47/

4. Мөн өдөр Б.Оийн Хаан банкин дахь төгрөгийн дансанд 26,320,000 төгрөгөөр орлогын гүйлгээ хийгдэж, үүнээс Б.Дын Хаан банкин дахь 51........4 данс руу 11,600,000 төгрөг Га-н Г вон татах гэсэн утгатай, 2019.04.05-ны өдөр Э.Оийн Хаан банкин дахь 51..........3 данс руу 14,616,000 төгрөг, 2021.06.21-ний өдөр Г.Уын 51...........22 данс руу 8390,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх-33, 59, 79-81/

5. Нэхэмжлэгч нь БНСУ-д хараар ажиллаж бүх цалин мөнгөө Уын дансаар авдаг байсан, 2 хүүхэдтэй болсон тул байр авах зорилгоор хадгаламжинд байсан дансан дахь мөнгөө нэг болгоё гээд Уын хэлснээр ээж От хадгалуулж байрны мөнгөнд өгөхөөр итгэмжлэлээр шилжүүлсэн гэж тайлбарладаг.

Хариуцагч Б.О нь тухайн өдөр охин Г.У Солонгосоос видео дуудлага хийж, цаана нь хүргэн болох нэхэмжлэгч Г.Г хүүхдээ хооллоод сууж байсан. Охин Г.У дээрх хүмүүст мөнгө шилжүүл гэсний дагуу хэлсэн данс руу мөнгийг нь хийж үлдсэн мөнгийг 2021 онд Г.Уын дансанд хийсэн гэж тайлбарлаж байна.

6. БНСУ, Сөүл хотоос .../хаягийг галиглан бичсэн/ Гаын Г /рд/-ээс Улаанбаатар, Баянгол *** хороо, 2 хороолол, Энхтайван өргөн чөлөө гудамж *** байр ** тоот хаягт байх, ****** регистртэй Б овогтой От, Г.Г миний Хаан банкны долларын 51....... дугаартай хадгаламжийн дансны хугацааг цуцлах бэлэн мөнгө авах захиран зарцуулах эрхийг Б.От олгон итгэмжлэв гэсэн итгэмжлэлийг Гадаад харилцааны яамны консулын газраар гэрчлүүлсэн байна. /хх-45-47/

Уг итгэмжлэлийн дагуу хариуцагч Б.О нь нэхэмжлэгч Г.Гийн Хаан банкин дахь долларын хадгаламжаас зарлагын гүйлгээ хийсэн байна.

7. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд итгэмжлэлийн дагуу мөнгө захиран зарцуулах эрхийг олгосон харилцааг Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т заасан үүргийн харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Дээрх 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай олгосон итгэмжлэлийн хугацаанд хариуцагч нь дансан дахь мөнгийг захиран зарцуулсан гүйлгээ хийж итгэмжлэлд заасан үүргийг гүйцэтгэсэн байна.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэсэн ба утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана гэж заасан.

Итгэмжлэлд хадгаламжид байсан мөнгийг байрны төлбөрт шилжүүлэх, эсхүл Г.О өөртөө хадгалж байх талаар заагаагүй, зөвхөн мөнгө авах захиран зарцуулах эрхийг Б.От олгосон байна.

Улмаар хариуцагч Б.О нь өөрийн төрсөн охин болох нэхэмжлэгчийн хамтран амьдрагч Г.Уын хэлснээр бусдын дансанд, үлдэх мөнгийг Г.Уад шилжүүлсэн байгаа тул хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй юм.

8. Харин нэхэмжлэгч нь өөрийн хамтран амьдрагч Г.Утай Монголд байр авах зорилгоор хуримтлуулсан мөнгө, эд хөрөнгийн маргаантай бол түүнийгээ тусад нь шийдвэрлүүлэх ба энэ хэрэгт хариуцагчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтэд хэлснээр Г.Уыг иртэл хэргийг шийдвэрлэхгүй байх үндэслэл байхгүй гэж үзсэн.

Иймд хариуцагч Б.От холбогдох 13,429.29 ам.доллар буюу 45,305,521.8 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

9. Улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 384,478 төгрөгийг улсын орлогод үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасантай нийцнэ гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т зааснаар хариуцагч Б.Оээс 13,429.29 ам.доллар буюу 45,305,521.8 /дөчин таван сая гурван зуун таван мянга таван зуун хорин нэгэн төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн /384,340+138/=384,478 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ