Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2023/03374

 

 

 

 

 

 

 

 

 

2023 07 05

 

 

 

 

 

 

 

 

 

101/ШШ2023/03374

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.Н-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.П-д холбогдох,

 

Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Т.Н,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Т.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Т.Н миний бие иргэн П.Оээс 21 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Их Дарь-Эх, **** гудамжны ** тоот хаягт байршилтай, 18........65 нэгж талбарын дугаартай, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, Г-22...........60 тоот улсын бүртгэлийн эрхийн дугаартай газрыг худалдан авсан. Т.Н миний бие дээрх газар дээрээ 2022 оны 9 сард газрын кадастр хийлгүүлэхэд манай газрын 27 м.кв талбай бүхий газар манай хашааны зүүн тал болох ** тоот айлын хашаа руу орсон байдалтай байсан. Энэ үеэс хойш ** тоот айлтай олон удаа уулзаж хашаагаа одоо байгаа байрлалаасаа дотогш 27 м.кв татаж барихыг шаардсан. Энэ шаардлагыг ** тоот хашааны эзэн хүлээн аваагүй бөгөөд бидний хооронд үл ойлголцол гарах болсон. Уг ** тоотод иргэн Б.Э оршин сууж амьдардаг бөгөөд түүний өмчлөлийн газар болно. Түүний хууль бус эзэмшилд байгаа миний өмчлөлийн 27 м.кв талбайтай газрыг албадан чөлөөлж өгнө үү. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дахиж газрын кадастрыг Баян өлгий капитал ХХК-иар хийлгүүлсэн болно.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Дарь эх 1 гудамжны ** тоотод байрлах газрын 36 м.кв газрыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү.

2021 оны 09 сард газар худалдаж авахад зарсан хүн нь бичиг баримтыг үзүүлээд хэмжээндээ байгаа гэж хэлээд худалдаж авсан. Байшин барих гээд газраа хэмжихэд хэмжээндээ хүрэхгүй байсан. Кадастрын албанд хандахад хариуцагчийн хашаа руу 36 м.кв газар орсон байсан тул газраа чөлөөлүүлэх хүсэлтэй байна. Анх 27 м.кв байсан сүүлд 36 м.кв гэсэн дүгнэлт гарсан. Тэр орчинд хүүхэд тоглох тоглоомын талбай байхгүй.

Орчин нөхцөл сайн болоод манай орчин муудна гэж байна. Манайх ч мөн муудаж байгаа. Үнэхээр орчин нөхцөл муудах гээд байгаа бол байшингаа нураагаад сайжрах боломжтой.

Газраа л чөлөөлүүлж авах хэрэгтэй байна. Барилгаа барьж эхэлнэ гээд банкнаас зээл авсан байгаа. гэв.

 

2. Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Э миний биед холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны **** сарын 30-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Б.Э миний бие УБ, БЗД, 2 хороо, 2 хэсэг Их дарь эхийн 1 гудамжны ** тоот хаягт байрлах, 000.........7 тоот гэрчилгээний дугаартай, Г-22............4 тоот улсын бүртгэлийн дугаартай, 18.........................68 тоот нэгж талбарын дугаартай 187 мкв талбай бүхий газрыг 2021 оны 3 дугаар сарын 19-ны өдөр Ч.Н гэх иргэнээс худалдаж авсан. Одоо газар миний нөхөр болох Д.Пын нэр дээр байдаг.

Д.Пын нэр дээрх тухайн газрын кадастрын зураг нь газрын албаны архивд хадгалагдаж байгаа кадастрын зурагтай адилхан байна. Энэ хоёр кадастрын зургийг харахад нэхэмжлэгч Т.Нын газартай давхцаагүй байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан Т.Нын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Пт /итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э/ холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай" шаардлага бүхий иргэний хэрэгт нэхэмжлэгчээс 2023 оны 05 сарын 26-ны өдөр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Уг газрыг миний бие Ч.Н гэх иргэнээс худалдаж авсан бөгөөд гэрчилгээний дагуу 187 мкв талбайтай. Тус газар дээр манай байшин байдаг. Одоогийн байдлаар үлдсэн сул газар 1 машин орох л газар байгаа. Хашаанд 1 машин ороод цаана нь илүү газар үлддэггүй. Амьдралын наад захын хэрэгцээ болох хүүхэд тоглох (бага насны 2 хүүхэдтэй) авто машин байрлуулах (1 машинтай) байшиндаа чөлөөтэй орж гарах боломжгүй болно. Хашааны эргэн тойронд нийтийн эзэмшлийн талбай буюу засмал зам байдаг. Удаа хугацаагаар машин байрлуулах, хүүхэд тоглох ямар ч боломжгүй. Ийм хариуцагч талаас нэхэмжлэгч Т.Нт 36 мкв талбай газар өгөх бодит нөхцөл боломж байхгүй тул зах зээлийн ханшаар тооцон төлбөрийг барагдуулах боломжтой. Шүүхээс хариуцагч талыг эрх бүхий этгээдээр үнэлгээ хийлгэх боломжтой гэсэн учир Хөрөнгө эстимэйт ХХК-иар тухайн 36 мкв газрын зах зээлийн ханшийн үнэлгээг хийлгэсэн. Үнэлгээний дүнд тус 36 мкв газрын зах зээлийн ханшийн үнэлгээ нь 9,425,300 төгрөг болсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж 36 мкв газрыг зах зээлийн ханшийн үнэлгээний дүгнэлтээр гарсан мөнгөн дүнгээр дүйцүүлэн өгөх боломжтой байна.

Мөн нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан тайлбартаа Миний зүгээс хариуцагчтай шүүхэд хандахаас өмнө удаа дараа холбоо барьж, миний газрыг хууль бусаар ашиглаж байгаа талаар мэдэгдэж, ямар нэгэн шийдэлд хүрэх саналыг гаргаж байсан болно. Гэвч түүний зүгээс огт хүлээж аваагүй бөгөөд надтай хэрүүл маргаан хийж, дайрч давшлах болсон тул би шүүхэд хандсан гэсэн байсан. Миний бие 2022 оны 9-р сарын эхний 7 хоногт эмнэлэг дээр төрөх гээд нөхөртэйгөө байж байх үед хажуу айлын хүн кадастрын хүнтэй орж ирсэн байна. Юу болоод байгаа юм болоо гэж ээж маань утсаар хэлж анх удаа бид энэ тухай сонссон. Сонсоод шууд гэр лүүгээ очиход манай газрыг танайх хашаалсан байна, газраа өг өгөхгүй бол байшинг чинь шүүхийн шийдвэрээр буулгуулж газраа чөлөөлж авна гэж хэлээд удалгүй гадас сүхтэй орж ирээд өөрийнхөө газрыг тэмдэглэж байна гээд үгийн зөрүүгүй шууд гадас зоож эхэлсэн тэр өдрөөс энэ тухай мэдсэн. Мөн өмнөх зарсан эздээс нь асуухад ямар ч давхцал байхгүй. Улсаас өмчлүүлж өгсний дагуу байгаа гэсэн хариу хэлж байсан. Тухайн үед миний төрөх хугацаа болсон байсан тул энэ газрын маргааныг асууж лавлаж явах боломжгүй байлаа. Төрсний дараа ч нялх биетэй учир мэдвэл зохих газраар нь явах боломжгүй байсан. Энэ хугацаанд нэхэмжлэгч удаа дараа надаас болон миний эргэн тойрны хүмүүсээс газраа авъя гэсэн байр сууринаас шахаж шаардаж байсан. Би нялх биетэй учир гарч, хөөцөлдөж явах боломжгүй гэдгээ хэлж байсан. Мөн нэхэмжлэгчийн энэ үйлдэл нь надад сэтгэлийн дарамттай байсан учир стресст орж байна гэдгээ хэлэхэд тэгвэл шүүхэд хандана гэж хэлсэн. Би ч зөвшөөрсөн.

Анхнаасаа л худалдаж авахдаа газраа үзээд худалдаж авсан ч ийм алдаатай гэж мэдээгүй. Хүүхдээ гудамд тоглуулахыг хүсэхгүй байна. Амьдрах орчин хязгаарлагдмал болоод байгаа. Манай яг урд талын цонхыг хааж хашаа нь баригдахаар болоод байгаа. Хэн хэн нь ойлгоод мөнгөн хэлбэрээр шийдэх гээд гуйгаад байгаа.

Адилхан л 2 хашаа байгаа. Нэхэмжлэгч тал байшин барих гээд л маргаан үүсээд байгаа. Анх худалдаж авснаараа байж болдоггүй юм уу. Одоо ч банкны зээлээ төлөөд явж байгаа. Үүнийг нураахаар манайх яаж амьдрах вэ.

Манайх байшин байхгүй байсан бол судалж үзээд чөлөөлөөд өгөх байсан. Хамгийн гол нь амьдарч байгаа байшин баригдсан байгаа. Манай хашаа 2 талдаа усны хоолой байдаг. Байшингаа шингээхээр нарийн газар л болох гээд байгаа. Дэлгүүрийн булангаас 4 метр хүрэхгүй газар байгаа. Газар чөлөөлөхөөр манай дэлгүүр рүү орох гээд байгаа. Бүх талаас метр татагдахаар байгаа. Ойлгоод хүлээгээд аваач гэж хэлээд байгаа. Өөрсдөө барилга барих гээд манайхыг байшингаа нураан уу өөрөө мэд гээд байна. гэв.

 

3. Нэхэмжлэгч шүүхэд хх-ийн 2-8, 82 дугаар талд авсан нотлох баримтыг, хариуцагч нь шүүхэд хавтаст хэргийн 17-19, 47, 62-77, 8**** талд авагдсан нотлох баримтыг гаргаж өгсөн. Шүүхийн журмаар 29-40 дүгээр талд авагдсан баримтыг бүрдүүлсэн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Н нь хариуцагч Б.Эд холбогдуулан хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Д.Паар сольсон.

3. Хариуцагч Д.П, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгч болон манайх хашаа байшин худалдан авахдаа ийм нөхцөл байдалтай байсныг мэдээгүй, манай хашаа хүүхэд тоглох талбайгүй, амьдрах орчин хязгаарлагдмал, нэхэмжлэгчийн шаардсанаар хашаагаа байшинтай хэсгээ үлдээгээд өөр хэсгээр өгвөл хашаанд машин орох боломжгүй, үзэгдэх орчин хашаагаар хязгаарлагдах тул кадастрын зургаас илүү хашаалсан хэсгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлэгчид төлөх саналтай байна гэсэн тайлбар гаргажээ.

4. Нэхэмжлэгч Т.Н нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Их дарь эх гудамж, ** тоот хаягт байршилтай, 13.....28 нэгж талбарын дугаартай /хуучин нэгж талбарын дугаар 18........65/, Г-22...........60 дугаарт бүртгэлтэй, 169 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь, хариуцагч Д.П нь Баянзүрх дүүрэг, 2-р хороо, 2 хэсэг их дарь эх гудамж ** тоот хаягт байршилтай, 18.........................68 нэгж талбарын дугаартай, Г-22............4 дугаарт бүртгэлтэй 187 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, кадастрын зураглалын хуулбараар тогтоогдож байна. /хх-4, 17/

5. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 2 дугаар албанд гомдол гаргаж, нэхэмжлэгч Т.Нт өмчлүүлсэн газар нь кадастрын мэдээллийн санд ямар нэгэн давхцалгүй бүртгэгдсэн тул маргаантай асуудлаа шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу авч нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хангасан байна. /хх-3/

6. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 06515 захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын шинжээчийн дүгнэлтээр, Газрын кадастрын мэдээллийн сангийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн мэдээллийг ажлын хэсгийн хэмжилтийн үр дүнтэй давхцуулан иргэн Д.Пын хашаалсан хашаа болон байшин нь иргэн Т.Нын нэр дээр бүртгэгдсэн газрын зүүн талаар хашаа 36 м.кв, байшин 4 м.кв талбайгаар тус тус давхцсан, дээрх газрууд газрын мэдээллийн санд давхцалгүй бүртгэгдсэн гэж дүгнэжээ.

Уг дүгнэлтэнд нэхэмжлэгч Т.Нын өмчлөлийн газрын нэгж талбарын дугаар 13.....28 /хуучин нэгж талбарын дугаар 18........65/ гэж заасан байна. /хх24-40/

Хариуцагч тал нь уг дүгнэлттэй танилцаад өөрийн хашаалсан газраас 36 м.кв газрыг өгөх боломжгүй тул Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний дагуу 36 м.кв газрыг зах зээлийн үнэлгээний дагуу 9,425,300 төгрөгийг дүйцүүлэн өгөх санал гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй, өөрт нь мөнгө биш байшингаа томруулж барих газар хэрэгтэй гэсэн тайлбар гаргаж зохигч талууд эвлэрээгүй болно. /хх-62-74/

7. Хариуцагч нь бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын зүүн талаар хашаа 36 м.кв, байшин 4 м.кв, нийт 40 м.кв талбайг хууль бусаар эзэмшиж байгаа нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс нэхэмжлэгчийн өмчлөлийн 40м.кв газрыг чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

8. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх шинжээч томилж, шинжээчийн зардлыг хүсэлт гаргасан тал урьдчилан төлсөн ба нэхэмжлэл хангагдсан тул шинжээчийн зардал баримтаар тогтоогдсон 817,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасантай нийцнэ гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар хариуцагч Д.Пын хууль бус эзэмшлээс нэхэмжлэгч Т.Нын өмчлөлийн газрын зүүн талаар хашаа 36 м.кв, байшин 4 м.кв, нийт 40 м.кв газрыг чөлөөлсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар шинжээчийн зардал 817,550 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ