| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Ганзориг |
| Хэргийн индекс | 106/2018/0444/э |
| Дугаар | 437 |
| Огноо | 2018-10-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Г.Гэрэлтуяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 437
О.Э-т холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын ахлах прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 702 дугаар магадлалтай, О.Э-т холбогдох 1803003020168 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт О-ийн Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Э-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, О.Э-аас 115,000 төгрөг гаргуулж Ж.Н-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболорын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Э гаргасан гомдолдоо “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдлыг бүрэн тогтоох талаар хуульчилсан бөгөөд уг заалт бүрэн биелэгдээгүй. Осол гарсан газрын бүдүүвч зургаас харахад А цэг буюу мөргөсөн цэгт Х.Б байсан, харин хохирогч Ж.Н нь В цэгт А цэгээс 1,1 метрийн цаана явж байсан учир Ж.Н-ийг машинаар мөргөх ямар ч боломжгүй байсан. Ж.Н мөрдөн байцаалтын шатанд “би газар унаагүй, замын хашлаганаас бариад унаагүй” гэж мэдүүлдэг. Хохирогч Ж.Н болон гэрч Х.Б нарын мэдүүлэг хоорондоо илт зөрүүтэй байдаг. Гэрч Х.Б нь өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн гэдэг ч зам тээврийн осол хэргийн газарт хийсэн тэмдэглэлд 86006454 дугаарын утсаар дуудлага өгсөн гэж тусгагдсан бөгөөд уг дугаар нь Ж.Н-ийн утасны дугаар байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж заасан. Шинжээчийн дүгнэлтээр Ж.Н-ийн биед баруун өвдөгний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байдаг. “Med Trauma” эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн томографийн шинжилгээг үндэслэн хуучин гэмтэл байна гэсэн оношийн дагуу дүгнэлт гарсан. Харин шинжээчийн 243 дугаар дүгнэлтээр эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж үзсэн бөгөөд тухайн гэмтлийг шинэ гэмтэл гэж үзсэн. Хавтаст хэрэгт Ж.Н-д учирсан баруун өвдөгний урд чагтан холбоосны урагдал дотор жийргэвчийн урагдал нь шинэ гэмтэл гэж үзсэн бөгөөд шинэ гэмтэл гэсэн талаар ямар ч шинжилгээний баримт байхгүй. Дээрх дүгнэлтүүдийг гаргасан шинжээч эмч Г.Э, Т.А нар шүүх хуралдаанд оролцож өөрсдийн гаргасан дүгнэлтийг эмнэл зүйн талаасаа тайлбарласан боловч бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьсан гэж үзэж байна. Дээрх нөхцөл байдлууд нь эргэлзээ бүхий, бодит байдалд нийцэхгүй байна. Иймд хэргийг мөрдөн байцаалтад буцааж, бодит байдлыг бүрэн тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа тул гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ үү” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эрдэнэболор хэлсэн саналдаа “...Үйлчлүүлэгчийнхээ хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Хохирогч осол болсон цэгээс 1.1 метрийн зайд байсан. Хохирогч тайлбарлахдаа миний баруун хөл рүү мөргөсөн гэдэг. Гэтэл миний үйлчлүүлэгч үүнээс өөр чиглэлд явж байсан нь тогтоогдсон. Хохирогчид учирсан гэмтлийг О.Э учруулсан гэх хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй, эргэлзээ бүхий байгаа учраас түүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Г.Гэрэлтуяа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Уг хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Шүүгдэгч гэмтлийн зэрэг дээр маргадаг бөгөөд шүүх бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Э нь 2018 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нар” хүүхдийн их дэлгүүрийн хойд замд Тоёота Приус загварын 77 32 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Ж.Н-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.
Шүүх О.Э-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Харин анхан шатны шүүх О.Э-аас Ж.Н-д төлбөл зохих хохирлыг гаргуулахдаа ямар хууль тогтоомжийг үндэслэн гаргаж буйгаа бичээгүй орхигдуулсан байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын асуудлыг Иргэний хуулийн зохих зүйл, хэсгийг баримтлан шийдвэрлэж байвал зохих тул энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч О.Э нь “...миний үйлдлийн улмаас Ж.Н-д гэмтэл, хохирол учраагүй” гэсэн гэмт хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт, түүнийг тогтоосон нотлох баримтын үнэлгээний талаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох ...эрхгүй” бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээг хуулиар тогтоосон тул О.Э-ын гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд шүүгдэгч О.Э-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “О.Э-аас...” гэсний өмнө “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1...” гэж нэмж өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 702 дугаар магадлалын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Э-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН