Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00741

 

Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00579 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 656 дугаар магадлалтай,

Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын нэхэмжлэлтэй

С.Дэсмаад холбогдох

Хэлцэл хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сансартуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1995 онд Ж.Батзоригтой гэр бүл болж, ээжийнхээ байранд амьдарч байсан. Том хүү А.Дөлгөөнийг 4 настай байхад нь би Герман явж, 1996 оны 08 дугаар сард хүү Б.Ирмүүнийг төрүүлэхээр Монголд ирсэн. Бид тухайн үед Баянзүрх дүүргийн 37А байрны 36 тоот 3 өрөө сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авсан ч байрандаа орж чадаагүй, учир нь өмчлөх эрхгүй хүмүүс тус байрыг чөлөөлж өгөхгүй байсан. Тэгээд байрандаа 1996 оноос 4 ам бүлээрээ амьдарсан ч Ж.Батзоригтой таарамжгүй харилцаатай болсон. Ж.Батзориг нь 1998 онд Эсгий гутлын үйлдвэрийг хувьчлан авч ТУЗ-ийн даргаар ажиллаж байхад нь цагдаагийн газраас шалгаж эхэлсэн. Үүнээс болж архи их ууж, хүүхнүүдтэй нэр холбогдох болж, гэр бүлд тайван бус байдал үүссэн. Энэ үед манайх Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байр 59 тоот байрыг захиалсан. Би “Сутай” дээд сургуульд багшилж байсан, Ж.Батзоригтой таарамжгүй харилцаатай байснаас болж 2004 оноос тусдаа амьдарсан. Би 2005 оноос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэмж тогтоолгож, дундын өмч хөрөнгөөс ногдох хэсгээ гаргуулахаар Баянгол дүүргийн шүүхэд хандсан бөгөөд 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 645 тоот захирамжаар дундын эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлтэл гэрлэлтийг цуцлахгүй, харин хүү Б.Ирмүүнийг тэжээн тэтгэх үүргийг эцэг Ж.Батзоригт ногдуулсан. Гэр бүлийн байдлаас болж түр хугацаанд тусдаа амьдрахаар болж Баянзүрх дүүргийн 37А байр, 36 тоотыг би хүүхдүүдийн хамтаар авч, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байр 59 тоотыг Ж.Батзориг авахаар болсон. Гэвч Ж.Батзориг нь 37А байрны 36 тоотыг 2004 оны 09 дүгээр сард худалдсан. Би 2005 онд нэхэмжлэл гаргахдаа одоо байгаа Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байр 59 тоотыг гаргуулах нэхэмжлэл гаргаж Улсын Дээд шүүх хүртэл хянагдсан. Баянзүрх дүүргийн байр нь ямар шалтгаанаар зарагдсан гэдгийг тодруулахаар лавлагаа авахад Ж.Батзориг байрыг 1 хүний өмчлөлийн байр гэж хувьчилж авсан. Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 100 дугаартай шийдвэрээр хувьчлалыг хүчингүй болгож, 3 хүний өмчлөлд байх ёстой гэж шийдсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд өмчлөгчөөр тогтоолгож, ногдох хэсгээ гаргуулахаар хандаж, мөн сарын 14-ний өдрийн 600 тоот шийдвэрээр бид 3-т тус бүрт нь 16 500 000 төгрөг гаргуулахаар шийдсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба Б.Ирмүүнд өгөх ёстой 6 000 000 гаруй төгрөгийг Ж.Батзоригоос аваагүй. 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Ж.Батзориг нас барсан бөгөөд Улсын бүртгэлээс лавлагаа авахад Ж.Батзориг нь нас барахаас 1 сарын өмнө С.Дэсмаатай гэр бүлээ батлуулсан байсан. Мөн шүүхэд хандаж гэрлэлтийг хүчингүй болгуулсан. Өмчлөх эрхийн асуудлаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үндэслэл нь Ж.Батзоригт өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй гэсэн. Миний бие дахин нэхэмжлэл гаргаж ямар шалтгаанаар эд хөрөнгө хасагдсан талаар тодруулахаар хүсэлт гаргахад 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Ж.Батзоригийн нэрийг хассан хэлцэл гарч ирсэн. Би Ж.Батзоригийг ямар албан тушаал эрхэлж байсныг мэддэг учраас гарын үсэгтэй холбогдуулж шинжээч томилуулсан. 1 байгууллага 2 өөр дүгнэлт гаргах, хөндлөнгийн 3 шинжээчийн болон дахин 5 шинжээчийн дүгнэлт гаргасан.  Нэр хассан хэлцэлд Ж.Батзоригийн оролцоо байхгүй, хариуцагч нь өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс Ж.Батзоригийг хассан хэлцэл нь өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн, С.Дэсмаа, Ж.Батзориг нарын дунд байгуулсан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд орон сууцны өмчлөгчөөс Ж.Батзоригийн нэр хасагдсан хэлцлийг хүчингүй болгож өгнө үү. Тус хэлцэл нь гарын үсгээс үл хамаарч бусад хууль тогтоомж зөрчсөн. Шүүхийн шийдвэрээр тус байрыг битүүмжилсэн байсан. С.Дэсмааг эхнэр гэж байгаа боловч албан ёсны гэрчилгээ байхгүй. Улсын Дээд шүүх тайлбарласан гэж хэлдэг ч тайлбар нь тодорхой бус, анх хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус гэж тогтоогдвол дараагийн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна. Ж.Батзориг нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө үү гэж бичээд өргөдөл гаргасан С.Дэсмаа гэж бичигдсэн байна. Тэдний 2002 онд төрсөн хүүхдийн талаар мэдэхгүй байна. Байрыг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн гэж хэлсэн. Манай зүгээс хуулийн дагуу бүх баримтыг бүрдүүлсэн. Бид 10 жилийн хугацаанд түрээсийн байранд амьдарч байна. Б.Ирмүүний өмчлөх эрх нь зөрчигдөж байгаа нь хууль бус юм. Өмчлөгчөөс хасагдах хэлцлийг Ж.Батзориг нь өөрийн гараар бичээгүй, С.Дэсмаа бичсэн гэж үзэж, шинжээч томилуулах хүсэлтийг гаргаж байсан. Шүүхээс битүүмжилсэн байрны өмчлөгчөөс нэр хассан нь үндэслэлгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байр 59 тоот байранд хамт амьдрах хугацаанд захиалсан гэдэг ч 2000 оноос хойш Ц.Ариунаа, Ж.Батзориг нар нь хамт амьдрахаа больсон нь Захиргааны хэргийн шүүх, иргэний магадлал, тогтоолоор тогтоогдож байгаа. Ж.Батзориг нь 2002 оны 08 дугаар сарын 20-ны өдөр энэ байрыг захиалан урьдчилгаа 16 000 000 төгрөгийг өгсөн. Ж.Батзориг, С.Дэсмаа нар нийт 36 000 000 төгрөгийг өгч байрыг худалдаж авсан, байрыг 2003 онд Улсын комисс хүлээн авч, С.Дэсмаа, Ж.Батзориг нар нь өмчлөгч болсон. Ж.Батзоригийн том охин Б.Цэсмаа нь 2002 оны 08 дугаар сард төрсөн. 2012 оны 1947 шийдвэрээр С.Дэсмаагийн 2004 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн өргөдлийг хүчингүй болгуулах, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байр 59 тоот орон сууцыг өвлөх болон өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр Ж.Батзоригийн нэр хасагдсан хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль заалтыг зөрчиж байгаа нь ойлгомжгүй. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 3А байр 59 тоотын өмчлөлд Ж.Батзоригийг оруулснаар өвлөх эрх нээгдэнэ гэж маргаж байгаа боловч Ж.Батзориг нь тухайн үед хамт амьдарч байсан эхнэр хүүхдэдээ байраа шилжүүлсэн. Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын хууль ёсны эрх ашиг ямар ч байдлаар зөрчигдөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00579 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр буст тооцуулахыг хүссэн Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 656 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2015/00579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нар хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх хуулийн заалтыг дараах үндэслэлээр зөрчсөн. Би Ж.Батзоригтой 1995 онд гэр бүл болсныг 1998 онд батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ авч 1995 оноос 2004 оны 09 дүгээр cap хүртэл хамт амьдарсан ба гэрлэлт одоо ч хүчин төгөлдөр хэвээр байгаа. 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 100 дугаартай Захиргааны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “орон сууц нийтийн аж ахуйн “ГМ” ХХК-ийн “Орон сууц ашиглалтын картанд 1996 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бүртгэгдсэнээр орон сууц ашиглагч Ж.Батзориг нь эхнэр Ц.Ариунаа, хүү Б.Дөлгөөний хамт ам бул 3 гэж бүртгэгдсэн байна” гэсэн тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны “1997 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2004 оны 09 дүгээр cap хуртэл ам бүл 3 оршин сууж байсан болно” гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.” гэж хамт амьдарч байсан хугацааг тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу шүүгч хамтын амьдралтай байсан хугацааг эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч Ц.Ариунаа нь Ж.Батзоригтой 1995 оноос хамт амьдран 1998 онд гэрлэлтээ батлуулж, хүү А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын хамт амьдарч байгаад хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2001 оноос тусдаа амьдарсан байх ба үүнээс хойш С.Дэсмаатай хамтын амьдралтай болж, улмаар охин Б.Цэсмаа, Б.Цэрмаа нарыг төрүүлсэн нь зохигчийн тайлбар, хуүхдийн төрсний гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон байна” гэж заасан нь шүүгч утга агуулгын хувьд ч тэр тодорхой бус, ойлгомжгүй, яг юуг үндэслэж 2001 оноос гэж заасан нь эргэлзээтэй үндэслэл гаргасан. 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн орон сууцны өмчлөлөөс хасагдах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох бидний нэхэмжлэл 2006 оны 03 дугаар сарын 07 өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 645 дугаар шийдвэртэй шууд холбоотой. Учир нь уг шийдвэрээр 1996 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн Батзориг овогтой Ирмүүнийг эцэг Ж.Батзоригоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан ба Ж.Батзориг дээрх шийдвэрээр хүүхдийн тэтгэлгийн төлбөрт 6 021 880 төгрөг төлөх ёстой байсныг төлөөгүй байна. Ж.Батзориг 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдөр өдөр Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр гарсны дараа, гэр бүлийн 2 дахь өмч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, ЗА байрны 59 тоот орон сууцыг 2005 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2560 тоот шүүгчийн захирамжаар битүүмжилсэн байхад, шүүгчийн 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар захирамжаар хөрөнгө битүүмжилснийг чөлөөлүүлэхийг хүссэн Ж.Батзоригийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж зааж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгч нарт төлбөр төлөхөөс санаатай зайслхийж 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр орон сууцны өмчлөгчөөс хасагдах хэлцэл хийж өмчлөлийн хөрөнгөө бусдад хууль бусаар шилжүүлсэн учир Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4-т зааснаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй. Мөн хэсэгт “Шүүх дээрх 645 тоот захирамжаар Ж.Батзоригийн хүсэлтийг хангахгүй орхисон үндэслэлээ “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр зүйлд битүүмжилсэн хөрөнгийг чөлөөлөх талаар заагаагүй” гэж тодорхойлсон боловч тухайн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосноор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжийн үйлчлэл дуусгавар болно гэж үзнэ” гэсэн нь 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар захирамжаар хүү Б.Ирмүүнийг эцэг Ж.Батзоригоор тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсныг нотолсон хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг шүүгч үнэлж дүгнээгүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан захирамжийн үйлчлэл дуусгавар болно гэсэн буруу үндэслэл гаргасан. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчсөн. Мөн хэсэгт “Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/1064 тоот Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хорооллын ЗА байрны 59 тоот орон сууц битүүмжилснийг нээлгэх тухай албан бичиг нь 645 дугаартай захирамжтай холбоотой, тухайн сууцыг битүүмжлэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэсэн нь Баянгол дүүргийн 59 тоот орон сууцыг шүүхийн захирамжаар битүүмжилсэн үед өмчлөлөөс нэр хасагдаж бусдад шилжүүлэх нь хууль зөрчсөн. Нэхэмжлэгчид шинжилгээ хийх явцад 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 09/3993 тоотын дагуу хүсэлт гаргасан бөгөөд шүүгч 2015 оны 4174 дүгээр, 2014 оны 5436 дугаар шинжээчийн дүгнэлт ирснээр хэрэг түдгэлзүүлсэн шалтгаан арилсан үндэслэлээр шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхдээ тус хүрээлэнгээс ирүүлсэн албан тоотын дагуу 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан С.Дэсмаагийн бичгийн хэвийн чөлөөт загварыг гаргуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулж хэргийг дахин түдгэлзүүлж шинжилгээнд явуулсан мөн гарын үсгийн шинжилгээтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчдийн гомдлыг хэлэлцэх 3 шүүгчдийн бүрэлдэхүүнд өмнө нь орж байсан шүүгч орсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасныг зөрчсөн. Р.Алтантуяа шүүгчид хэрэг шилжихэд шинжилгээ хийгдэж байсан хавтаст хэргийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс татан авч хэргийг сэргээхгүйгээр шинжээчдэд тавьсан асуултыг өөрчилсөн тул нэхэмжлэгчид шүүхэд гомдол гаргасан ч хангаж шийдэхэд шүүгч хэргийг сэргээх захирамж гаргахдаа хүсэлтийг шийдвэрлээгүй асуултыг өөрчлөөд шинжээчдэд тавьсан 2 асуултыг гурав болгохдоо өөрийн тавьсан гурав дахь асуултанд шинжээчдээс хариултыг авахгүйгээр дүгнэлт гаргасан нь шинжээчдийн дүгнэлтийг үнэн зөв, эргэлзээгүй байх талаас нь дүгнээгүй. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нар нь хариуцагч С.Дэсмаад холбогдуулан 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн “Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3А байрны 59 тоот орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцэл”-ийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргажээ.

Ж.Батзориг нь хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гарч, орон сууцны маргаан үүссэн болохыг мэдсээр байж орон сууцны өмчлөгчөөс хасуулсан нь хууль ёсны гэр бүл болох бидний өвлөх, өмчлөх эрхийг зөрчсөн, шүүгчийн захирамжийн дагуу орон сууцыг битүүмжилсэн байхад орон сууцны өмчлөгчөөс хасуулах хэлцэл хийсэн нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хуулийн дараах үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзнэ.

1.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч “дундын эд хөрөнгийн талаар маргаантай гэдгийг мэдсээр байж Ж.Батзориг нь орон сууцны өмчлөгчөөс зориудаар хасагдсан” гэх үндэслэл нь “хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх” нэхэмжлэлийн шаардлагатай тохироогүй болохыг хоёр шатны шүүх анхаараагүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоорондоо холбоотой, шаардлага нь нэхэмжлэлийн үндэслэлээс хамаарч тодорхойлогддог, харилцан хамааралтай байдаг байхад шүүхээс энэ асуудлыг тодруулаагүй нь буруу болжээ. Хоёр шатны шүүх зөвхөн нэхэмжлэлийн шаардлагад тулгуурлаж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан аль ч үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн нь нэхэмжлэгчийн гаргасан дээрх үндэслэлтэй тохироогүй, улмаар нэхэмжлэлийн шаардлагын энэ үндэслэлийг огт дүгнээгүй орхисон байна.

Зүй нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, Ж.Батзориг нь 2006 оны 10 дугаар сарын 04-ний өдөр “орон сууцны өмчлөгчөөс хасуулах” хэлцэл хийхээс өмнө тухайн орон сууцтай холбоотой маргаан үүссэнийг мэдэж байсан эсэх үйл баримтыг дүгнэх шаардлагатай байжээ. Мөн нэхэмжлэгч нар Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 600 дугаар шийдвэрээр гэр бүлийн хамтран өмчлөх дундын орон сууц болох  Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 37А байрны 36 тоот орон сууцны ногдох хэсэг тус бүр 16 500 000 төгрөгийг Ж.Батзоригоос гаргуулахаар шийдвэрлэсний дагуу ногдох хэсгээ Ж.Батзоригийн хөрөнгөөс гаргуулах зорилготой эсэхийг тодруулах шаардлагатай байна.

Түүнээс гадна Ж.Батзориг нь С.Дэсмаатай хамтран амьдарч 2 хүүхэдтэй болсон, түүний хууль ёсны өвлөгч, эд хөрөнгийн ногдох хэсэг зэрэг үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагаас хамаарч тодруулах шаардлагатай эсэхийг анхаарах нь зүйтэй байв.

2.Хэрэгт авагдсан Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 573 дугаар шийдвэрээс үзэхэд Ц.Ариунаа, Ж.Батзориг нарын гэрлэлтийг цуцалсан, мөн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шүүгчийн захирамжаар Ц.Ариунаагийн нэхэмжлэлтэй  Ж.Батзоригт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах нэхэмжлэлийг хянан хэлэлцсэнээс үзэхэд Ц.Ариунаа, Ж.Батзориг нарын гэрлэлт цуцлагдсан эсэх үйл баримт эргэлзээтэй, тогтоогдоогүй байна. /хх-5, 203/

Ж.Батзориг нь 2011 оны 05 дугаар сарын 09-ний өдөр нас барсан байх ба гэрлэлт цуцалсан эсэхийг зөвхөн нэхэмжлэгчээс тодруулах боломжгүй юм.

3.Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 645 дугаар шүүгчийн захирамжаар гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хүү Б.Ирмүүнийг тэжээн тэтгэх үүргийг Ж.Батзоригт даалгаж, одоогийн маргаж буй Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 3-А дугаар байрны 59 тоот орон сууцыг битүүмжилснийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн боловч тус шүүхийн 2006 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3/1064 тоот албан бичгээр орон сууцны битүүмжлэлийг нээхийг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт мэдэгдсэн баримт хэрэгт авагджээ. /хх-5, 134/

Ж.Батзориг уг орон сууцны өмчлөгчөөс хасагдах хэлцэл үүнээс хойш буюу 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хийгдсэн үйл баримтыг шүүх үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлд дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Түүнчлэн Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1947 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаар магадлалаар ...Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 3-59 тоот орон сууцыг өвлөх болон өмчлөх эрхтэй болохоо тогтоолгох Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс хамаарч ач холбогдолтой, хамааралтай эсэхийг дүгнэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/00579 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 656 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Ариунаа, А.Дөлгөөн, Б.Ирмүүн нарын гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж, олгосугай.

 

      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                  Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            П.ЗОЛЗАЯА