Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 110

 

“Т” ТББ-ын төлөөлөн нэхэмжлэлтэй, Оюуны өмч,

улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:      Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Г.Банзрагч

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох

Нэхэмжлэлийн шаардлага: “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2, 2, 2, 2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0892 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч: итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч М.Ж, Д.Я,

Гуравдагч этгээд: итгэмжлэгдсэн төлөөлөгч В.В.Б, орчуулагч И.Н.Ч нар,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ж-ы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 5, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны 2, 2 дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан Т.Б, Б.Т, Д.М, С.Д, О.Ц, Б.Т, О.Б, Б.У, Ц.А, Д.Т, Ц.У, П.Б, Т.Т, Т.Д, Э.Х, Б.Э, Г.С, Ц.Н, Ш.Д, Ш.Э, Б.Б, З.Г, Н.Б, О.Б, Б.О, Б.О, Ц.Н, О.Д, Т.О, А.А, У.Н, Т.Т, Ш.С, Э.О, Г.Д, Б.Б, П.Б, Н.А, Э.Ю, О.М, О.Б, Н.О, С.М, Р.Г, С.Е, Д.М, О.Н, Ц.Ц, С.Б, Н.Б, Ж.С, Д.Б нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-ийн “Үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны 2, 2 дугаар эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0892 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0759 дүгээр шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 1, 5, 10 дугаар зүйлийн 1, 11 дүгээр зүйлийн 2, 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Т” ТББ-ын тэргүүн Б.Б-ийн төлөөлөн гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших . дугаар байрыг, Ү-2 дугаар мөн хороололд орших .. дугаар байрыг Оросын Холбооны Улсын өмчлөлд тус тус бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоон, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсгийг баримтлан “Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороололд орших . дүгээр байрыг, Ү-2 дугаарт мөн хороололд орших .. дүгээр байрыг Оросын Холбооны Улсын өмчлөлд тус тус бүртгэснийг илт хууль бус болохыг тогтоон, эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, төлөөлөн нэхэмжлэгч “Т” ТББ-ын тэргүүн Б.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбарыг 2017 оны 9 дүгээр сарын 22-ны 65 тоотоор өгөхдөө “Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар” нь хүчин төгөлдөр бус захиргааны актуудыг үндэслэж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн ажиллагаа явуулсан нь илт хууль бус шийдвэр гаргах үндэслэл болсон гэж үзэж гаргасан шийдвэрийг хүчингүй болгож, орон сууц эзэмшигчдийн Үндсэн хуульд заасан эрх, ашиг сонирхол, эрх чөлөөг хамгаалуулах, зөрчигдсөн шаардах эрхүүдийг хангуулах, зөрчилтэй шийдвэрүүдийг арилгах хуульд захирагдсан, хуульд үндэслэсэн шийдвэр гаргуулах зорилгоор тайлбар бичиж, гомдол, хүсэлт гаргасан. Хүсэлтэд: АДХГЗ-ны 5 дугаар тогтоол, Зөвлөлт Холбоот Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын байгуулсан хэлэлцээрийн протокол гэгч нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хуульд заасан эрхийнхээ дагуу тогтоолгох, хууль зөрчиж үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох хүсэлтийг хангахгүйгээр шийдвэрлэхдээ хариуг шүүх хуралдаан эхлэх үед өгч, шүүх хурапдааныг үргэлжлүүлэн явуулж шүүхийн шийдвэр гаргахдаа зорилгод нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй, шүүх ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүргээ орхигдуулсан.

4. Хариуцагч байгууллага, гуравдагч этгээдийн шүүхэд таргасан тайлбарыг шийдвэрт бичихдээ уг шүүх хуралдаанд хэлэлцэгдээгүй, яриагүй зуйлийг өөрийн санаачлагаар оруулж, нэхэмжлэгч талын яриагүй хэлээгүй зүйлийг хэлсэн болгож гуйвуулан бичсэн. Зөвлөлт Холбоот Улс, Монгол Улсын Засгийн газрын гэрээ нь Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэж байхад шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй /Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг 1992 онд батлагдсан Үндсэн хуулиас өмнө Улсын Дээд шүүх иргэний журмаар, 2002 онд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар Захиргааны хэргийн шүүх Засгийн газрын шийдвэрийг хянаж байгаад 2005 онд Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон/ дээрх хүчин төгөлдөр бус гэж маргаж байгаа актууд нь 1971 онд гарсан тул хуульд Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шүүгч, шүүх бүрэлдэхүүн Улсын Дээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээр заасан байхад үүргээ биелүүлээгүй. Шүүгч нь шүүх хуралдааны оролцогчдын эрх, ашиг сонирхлыг тэгш хангах, ялгаварлан гадуурхахгүй байх, нотлох баримт үнэлэхдээ үр нөлөөтэй байх, хүчин төгөлдөр 2 янзын шүүхийн эцсийн шийдвэр байхад нэг талд гарсан шийдвэрүүдийг үндэслэж, хуулийг буруу хэрэглэж ашиг сонирхол, улс төрийн зорилго агуулсан шийдвэр гаргахдаа иргэн бүр шүүхэд хандах, гомдол, шаардлага гаргах эрхийг хязгаарлаж, өмнө нэг хүн, хэдэн хүмүүс, байгууллага энэ байрнаас гомдол гаргаж нэг агуулгатай шаардлага гаргаж байсныг шүүх татгалзаж, хэрэгсэхгүй болгож байсан гэдгээр татгалзаж, хэрэгсэхгүй болгож байгаа нь хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Монгол Улсын иргэний Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг хязгаарласан, хууль ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан нь уг шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хуульд заасан үндэслэл хангалттай байсан.

5. Маргалдагч талууд шүүхийн эцсийн шийдвэрүүдийг нотлох баримт болгон өгсөөр байхад хуульд үндэслэсэн,бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлээгүй, хэт нэг талын баримтыг үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахгүйгээр ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол /эрх чөлөө/ сэргээгдэх талаас авч үзэхэд маргаан бүхий бүртгэлүүдийг хүчингүй болгох үндэслэлүүд тогтоогдоогүй байна гэж баримтад нийцээгүй дүгнэлт гаргасан. Хэргийн бодит нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн дүүрэн хянах эрх бүхий шүүх нь хүсэлт гаргаад байхад уг хүсэлтийг хангаагүй шүүгчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх, шүүгч хуульд заасан үүргээ хангаж, нотлох баримтыг бүрэн хангасан эсэх, Улсын Дээд шүүхийн 2015 оны 353 дугаар тогтоолд дүгнэснийг үйл баримтад авсан мөртлөө Үндсэн хууль зөрчсөн гэсэн Улсын Дээд шүүхийн 2008 оны 121, 197, 112 тоот хүчин төгөлдөр болсон шийдвэр, магадлаар тогтоогдсон үйл баримтыг баримтлахгүй байгаа нь Үндсэн хуульд заасан шударга ёсны болоод хууль ёсны зарчимд нийцэхгүй, зөвхөн нэг хэсэг шүүгчийн амбицласан шийдвэрээр асуудалд хандсан.

6. Хүний эрх, ашиг сонирхлоос гадна эх орондоо эрх чөлөөтэй амьдрах нөхцөлийг хангах, хууль зөрчиж, ашиг орлого хийж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байгаа хүмүүсийн үйл ажиллагааг зогсоох, газраа өөрсдийн мэдэлд авах, өмчлөх, төр өмчлөгч нь тогтоогдоогүй эд хөрөнгийг бүртгэн авах, хоёр улсын Засгийн газрын шийдвэрийг Үндсэн хуульд нийцүүлэн шийдвэрлэхэд иргэдийнхээ эрх, ашиг сонирхол, эрх чөлөөг хангасан шүүхийн шийдвэрийн үр дагавар ус агаар мэт хэрэгтэй байхад бодит нөхцөлд тохироогүй дүгнэлт хийж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэл нь Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг зөрчихдөө бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй, шаардлагатай ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг цуглуулж үнэлээгүй, шинжлэн судлаагүй, хуулийн шаардлагыг зохих ёсоор хангаагүй зэрэг нь илт хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байхад захиргааны байгууллагийн шийдвэр байр эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

7. Үндсэн хуулийн 16.4-т Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй, 50.3-т Улсын Дээд шүүх бусад шүүх нь Үндсэн хуульд нийцээгүй, албан ёсоор нийтлээгүй хууль, тогтоомжийг хэрэглэх эрхгүй, 16.14-т Монгол Улсын иргэн бүр Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдвэрлүулэх, үг хэлэх, шаардах эрхтэй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасан үндэслэл бүхэн нэхэмжлэлийн шаардлагад адил байх боломжгүй. Иргэн, байгууллагын өмнө гаргасан нэхэмжлэлийг татгалзсан бол саад болоод байгаа зүйлийг арилгах, нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон бол тухайн шаардлага гаргасан иргэний хувьд шүүхэд дахин хандахгүй байх үүднээс зохицуулалт хийгдсэн заалт гэж ойлгогдож байна. Гэтэл шүүх нь иргэдийн итгэмжлэлээр төлөөлж гишүүндээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байхад байгууллагаас гаргаж байгаа нэхэмжлэл гэж ойлгон хуульд нийцэхгүй дүгнэлт хийн шийдвэрт өөрчлөлт оруулсан, шаардлагад хамааралгүй хуулийн заалтуудийг баримталж асуудалд хандсан.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийг зөрчөөд хуульд захирагдахгүй, үндэслэл бүхий дүгнэлт гаргаагүй, хуульд үндэслээгүй, нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг төөрөгдүүлэх маягаар тайлбарлаж хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж байгаа нь анхан болон давах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах хууль зүйн үндэслэлтэй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зуйлийн 123.1.2-т зааснаар гомдлын шаардлагыг хянаж мөн хуулийн 129.1.6-д зааснаар хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, бичиглэлийн өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Захиргааны хэргийн шүүхийн зорилго нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээхэд чиглэгддэг /Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1/. Харин энэхүү маргааны хувьд хариуцагч улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааны улмаас “түрээслэгч” иргэдийн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд заасан эрх, ашиг сонирхол нь зөрчигдөөгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх зөв дүгнэсэн байна. Учир нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан “олон арван жилийн турш түрээсийн өндөр төлбөр төлсөн байрнаасаа хөөгдөх, шүүхэд дуудагдах, ус цахилгаанаа таслуулах зэргээр хохирч байна, Оросын Холбооны Улсаас дамжуулан түрээслэгч компаниуд нь дуртай үедээ ирж хэл амаар доромжлох, хаалгыг эвдэн орж эд хогшлийг гадаа гудамжинд гаргаж хаях зэргээр байнгын хэрээс хэтэрсэн дарамтанд байлгах боллоо, иргэд амьдардаг байрны цахилгаан, ус дулааны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар авч байгаагаас гадна 60 айлын байр дундаа ганц тоолууртай гарсан дүнг айлуудад хуваан төлүүлдэг...” зэрэг эрхийн зөрчлүүд нь хариуцагч захиргааны байгууллагын бүртгэлийн улмаас бус харин түрээслүүлэгч этгээдийн үйл ажиллагааны улмаас үүдэлтэй. Иймээс нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой асуудлаар иргэний журмаар, иргэдийн өмч хөрөнгөд халдсан асуудлаар эрүүгийн журмаар хэрэг маргаанаа хянан шийдвэрлүүлэх эрхтэй.

11. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 1999 оны улсын бүртгэл /захиргааны акт/ нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1997 оны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй тул хууль бус гэж үзэх үндэслэлгүй талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Нэхэмжлэгчээс Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасан бүрдүүлбэр дутуу байхад бүртгэсэн нь хууль бус гэж маргасан ч уг зүйлийн 5-ын 3/газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ; өмчийн газрын кадастрын зураг; -ийг мэдүүлэгт хавсаргах тухай заалт нь 2002 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэгдсэн буюу бүртгэл хийгдсэн 1999 онд байгаагүй тул уг заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр бүртгэлийг хууль бусад тооцох үндэслэлгүй, уг заалтыг буцаан хэрэглэхгүй. Түүнээс гадна бүртгэл алдаатай байсан ч түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй юм. Учир нь, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хууль бус гэсэн үндэслэлээр хүчингүй болгохыг шаардах эрх нь тухайн хөрөнгийг “би” өмчлөх эрхтэй гэж маргах этгээдэд хамааралтай болохоос бус түүнийг түрээсэлж байгаа этгээдэд /тухайлбал нэхэмжлэгчид/ хамааралгүй, өөрөөр хэлбэл бүртгэл хүчингүй боллоо гээд тухайн хөрөнгийг эзэмшиж, ашиглаж буй түрээслэгч нь өмчлөх эрхтэй болохгүй юм.

12. Хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий бүртгэлийг хийхдээ Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийг /1997 оны/ хэрэглэсэн, уг хууль нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн талаар маргаагүй, харин БНМАУ болон ЗСБНХУ-ын 1971 оны протоколыг гуравдагч этгээдийн өмчлөх эрхийг нотолсон бичиг баримтаар мэдүүлэгт хавсарган авсныг хариуцагч “үндсэн хууль зөрчсөн олон улсын гэрээг хэрэглэсэн” гэх үндэслэлгүй. Хэдийгээр уг протоколын 2 дугаар зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр бүлгийн Зургадугаар зүйлийн 5, 1 дүгээр бүлгийн Аравдугаар зүйлийн 4 дэх хэсэгт харшилж байгаа тул хүчингүйд тооцох тухай Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн даргын 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “Өргөдлийн хариу” албан бичиг байгаа ч уг Протоколыг бүхэлд нь үндсэн хууль зөрчсөний учир хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр, эсхүл Протоколыг цуцалсан тухай оролцогч талуудын харилцан тохиролцоо байхгүй, өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул хууль бус, хүчингүй гэрээг үндэслэж бүртгэл хийсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, иймээс энэхүү нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүх нотлох үүргээ биелүүлээгүй гэх агуулгатай /Тодорхойлох хэсгийн 3, 4, 5, 6-д заасан/ нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хүчин төгөлдөр хоёр янзын шүүхийн эцсийн шийдвэр байхад нэг талд гарсан шийдвэрүүдийг үндэслэж, Үндсэн хууль зөрчсөн гэсэн Улсын Дээд шүүхийн 2008 оны 121, 197, 112 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдийг баримтлахгүй байгаа нь хуулийг буруу хэрэглэсэн, Үндсэн хуульд заасан шударга ёсны болоод хууль ёсны зарчимд нийцэхгүй” гэсэн агуулгатай /Тодорхойлох хэсгийн 4, 5-д заасан/ гомдлын тухайд шүүхийн эдгээр шийдвэрүүдээр БНМАУ болон ЗСБНХУ-ын 1971 оны протокол, түүнд үндэслэсэн улсын бүртгэл Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт хийгээгүй, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 5-ын 3/, 4/ дэх заалтуудыг тайлбарлан хэрэглээгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчөөгүй, мөн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн /1997 оны/ 3 дугаар зүйлийн 1, 9 дүгээр зүйлийн 5-ын 3/, 4/ дэх заалтуудыг өмнөх шүүхийн шийдвэрүүдээс өөрөөр тайлбарлаагүй тул гомдлыг хангах боломжгүй.

14. Хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “процессын зөрчилтэй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүх руу буцаах ёстой” гэж тайлбарласан үндэслэлүүд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил биш байна. Тодруулбал:

15. Нэхэмжлэгч нь “Т” гэсэн Төрийн бус байгууллагын албан бланкан дээр тус байгууллагын Тэргүүн гарын үсэг зурж, тамгаа даран шүүхэд нэхэмжлэл гаргасан, тус холбооны гишүүд нь Тэргүүндээ итгэмжлэл олгосон, мөн хяналтын шатны шүүх хуралдаан дээр ТББ-ын Тэргүүлэгч Б.Б нь “ТББ болон түүний гишүүд иргэдээ аль алиныг төлөөлж байгаа” гэсэн тайлбар өгсөн зэргээс үзвэл тус холбооны зарим гишүүдийн итгэмжлэл байхгүй нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд тооцогдохгүй бөгөөд итгэмжлэлийг бүрэн авалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэхгүй.

16. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 1999 оны 2, 2, 2, 2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг /гэрчилгээг/ илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, анхан шатны шүүх хуралдаан дээр даргалагчаас нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахад энэхүү 4 бүртгэлтэй маргаж байгаа гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариулсан /Хэргийн 2 дугаар хавтас, 203 дахь талын дээрээсээ 3, 4 дэх мөр/, түүнчлэн 2014 оны бүртгэл нь шинэ бүртгэл биш, харин 1999 оны бүртгэлийг шинэчилж гэрчилгээ олгосон тул бие даасан нэхэмжлэлийн шаардлага гэж үзэхгүй, иймээс анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулж, дүгнэлт хийгээгүй гэсэн гомдлыг хангах боломжгүй.

17. Ү-2 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ нь “о” ХХК гэсэн этгээдийн нэр дээр гарсан байхад түүнийг гуравдагч этгээдээр оролцуулаагүй гэх гомдлын тухайд энэ талаар хэргийн гуравдагч этгээд болох Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын “Х газар”-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс маргаагүй, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй тул гомдлыг хангах үндэслэлгүй.

18. Маргаан бүхий 2, 2 дугаарт бүртгэгдсэн улсын бүртгэлийн талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэсэн үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, мөн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийг сольсон өөрчлөлт хийснийг буруутгах үндэслэлгүй /Хянавал хэсгийн 15-д/.

19. Дээр дурдсан болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан бусад үндэслэлүүд шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах хангалттай үндэслэл болохгүй тул шүүх бүрэлдэхүүн гомдлыг хангалгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2017/0892 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ч.ТУНГАЛАГ

ШҮҮГЧ                                                                      Г.БАНЗРАГЧ