| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/1246/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1134 |
| Огноо | 2025-11-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Намжил |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1134
2025 11 24 2025/ШЦТ/1134
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Г.Намжил,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч М.Мягмартуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ц.Бд холбогдох 2505 00000 1961 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ц.Б /РД:.............../.
Хэргийн товч агуулга:
Ц.Б нь 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны урд талд тээврийн хэрэгсэл дотроо байсан иргэн Б.Э “хүүхэд зодсон байна” гэх шалтгаанаар биед халдаж, гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн “цээжний баруун талд 9, 10 дугаар хавирганы зөрүү багатай хугарал, доод уруулын салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, баруун ташаанд цус хуралт, духанд зулгаралт” бүхий гэмтэл үүсгэн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Ц.Б нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,
Хохирлын баримт /хх.05-08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Э өгсөн: “...Би 2025 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 3,4 дүгээр хорооллын эцэс, 7 дугаар хорооны 29 дүгээр байрны гадаа автомашины зогсоол дээр өөрийн 2876 УАН улсын дугаартай машин дотроо дэлгүүрээс сөжү, пиво авч уугаад сууж байгаад танил дүү болох Ганбаярыг фейсбүүк чатаар дуудсан, мөн танил дүү болох Түвшинтогтохыг дуудаад тэр хоёр миний машинд ирж сууцгаасан. Эхлээд Түвшинтогтох ирчихсэн байж байтал Ганбаяр араас нь ирсэн. Тухайн үед орой 22-23 цаг болж байсан байх. Ганбаяр гэх танил дүү маань намайг фейсбүүкээр нөүтс хэсэг дээр өдсөн утгатай дуу хийгээд бас юм бичээд байхаар нь Ганбаярт "үзвэл үзье" гэж хэлсэн. Би ГанБс "чи намайг өдөөд байгаа биз дээ? Чи фейсбүүкийн нөүтс хэсэгтээ бичээд, оруулаад байгаа зүйлс чинь надад зориулж байгаа биз дээ" гэхэд Ганбаяр “тийм ээ үнэн” гэж хэлсэн. Би тухайн үед машиныхаа урд талын жолоочийн суудалд сууж байсан, Ганбаяр хойд талын суудал дээр сууж байсан, би машинаасаа буугаад Ганбаярын хажууд сууж байгаад Ганбаярыг зодсон, мөн Түвшинтогтохыг "Ганбаярыг цохичих" гэж хэлээд Түвшинтогтохоор Ганбаярыг бас зодуулсан...Түвшинтогтох "гэр лүү гээ явлаа" гэж хэлээд тэндээс явсан, хэсэг хугацааны дараа Ганбаяр надтай хамт байж байгаад явлаа гээд яваад өгсөн. Би ганцаараа машиндаа жолоочийн суудал дээрээ сууж байтал хэсэг хугацааны дараа /цагийг нь санахгүй байна/ Ганбаяр аав, ээж, ахтайгаа хамт хүрээд ирсэн. Аав нь миний машины хаалгыг онгойлгож байгаад эхлээд миний толгой тус газар луу буюу зүүн талын шанаа, дух хэсэг рүү гараараа цохисон, дараа нь миний хэвлий гэдэс тус газар луу гараараа хэд хэдэн удаа цохиод байсан, мөн миний зүүн талын гуя руу хөлөөрөө өшиглөөд байсан. Чамайг ална аа, миний хүүхдийг зодчихсон байна гэх утгатай зүйл яриад намайг хараагаад байсан...” гэх мэдүүлэг /хх.13-14/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч А.Өнөрзаяагийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ЕГ0725/12337 дугаартай:
“1. Б.Э биед цээжний баруун талд 9, 10 дугаар хавирганы зөрүү багатай хугарал, доод уруулын салстад язарсан шарх, зүүн чамархайн хуйх, баруун ташаанд цус хуралт, духанд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо.
2.6. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссан байх боломжтой, шинэ гэмтэл байна.
4.5. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.
7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” дүгнэлт /хх.27-28/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.36-38/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.40-41/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Ц.Бгийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн үед манай хүүг нүүр нүдгүй зодоод машиндаа 2,3 суулгасан байсан, мөн гар утас, куртикийг нь аваад өмсчихсөн байхаар нь миний уур хүрээд би Э цохисон юм. Би санаатай хүндэвтэр гэмтэл учруулъя гэж бодоогүй, тухайн үед эцэг хүний үрээ хайрласан сэтгэлээр уурлаад цохисон, хүүхдээ тийм байдалтай байгааг хараад санаа сэтгэл цочирч давчидсан байсан болохоор тийм үйпдэл хийсэн. Би хүнийг цохиж зодоод байдаггүй, хүүхдүүддээ ч гар хүрдэггүй. Би анх удаа л ийм асуудалд холбогдож цагдаагийн байгууллагад шаллгагдаж байна...” гэх мэдүүлэг /хх.46/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.47-59/,
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хохирогчийн бичгээр өгсөн тайлбар /хх.62/,
Эрүүл мэндийн даатгалын санд 124.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт /шинээр гарган өгсөн/,
Хохирогч Б.Эрдэнэбат гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай гаргасан тайлбар гаргасныг тэмдэглэсэн утсаар ярьсан тэмдэглэл,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.68/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.69/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Ц.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.
Хохирогч Б.Эрдэнэбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг тогтоолгохгүй гэсэн, шүүгдэгч Ц.Б хохирогчийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн даатгалын төлбөрийн баримтаар нэхэмжилсэн 124,000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн байх тул шүүгдэгч Ц.Бг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох санал гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Ц.Бд хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгч Ц.Бд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дэхь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Эрдэнэбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Бд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.