Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03326

 

 

 

 

 

 

 

 

2023 06 29

101/ШШ2023/03326

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х банк ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ө.Ц,

Хариуцагч: Э.Э нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 13,389,620.06 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О,

Хариуцагч Ө.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ө.Ц, Э.Э нар нь Х банк ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулж 12,500,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлээс 5,040,559.78 төгрөг, зээлийн хүүнээс 2,780,447.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,323.65 төгрөг нийт 7,825,331.28 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт дахь зээл буцаан төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа мэдэгдлээр шаардаж, утсаар мэдэгдэх, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр хийгдээгүй, зээл төлөх хугацаа хэтэрсэн зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Иймд Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дахь хэсэг, 242.3 дахь хэсэг, мөн хуулийн 451, 452, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэн зээлдэгч Ө.Ц, Э.Э нараас Зээлийн гэрээний төлбөрт 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 7,459,440.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,556,199.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373,980.03 төгрөг, нийт 13,389,620. төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч нар авсан зээлдээ маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Банканд ирж уулзаач гэж хэлээд байгаа. Хариуцагч нар нь уулзана гээд ирдэггүй. гэв.

 

2. Хариуцагч Э.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Э.Э, Ө.Ц нар нь хоорондоо утсаар холбогдож уг нэхэмжлэлийн төлбөрийг Ө.Ц төлж барагдуулахаар болсон. Иймд Э.Э нь төлж барагдуулах боломжгүй тул харгалзан үзнэ үү.

Миний бие Э овогтой Э нь 2016 онд Ө.Цтай гэр бүл болж батлуулсан. Улмаар 2019 онд гэр бүлийн хоорондын асуудлаас болж тусдаа амьдрах болсон. Тухайн үед ажилладаг байгууллага нь Х банкаар цалингаа тавихаа больж Хас банкаар тавьдаг болсонтой холбоотой энэ асуудал үүссэн. Энэхүү зээлийн асуудалд хариуцлагагүй хандсан бид хоёрын буруу. Энэ асуудлаас болж ямар ч банк болон банк бусаас зээл гардаггүй. Бид хоёрт цалингаас өөр орлогогүй, түрээсийн байр дамжин амьдардаг байсан. Одоо ч хэвээрээ байгаа. Ах дүү хамаатан садан цөөтэй, тусалж дэмжих хүн байдаггүй, амьдралын боломж тааруу байдаг. Миний хувьд 2021 оноос Завхан аймгийн Улиастай суманд байрлах Зэвсэгт хүчний 325 дугаар ангид ажилладаг. Би тус банкинд 13 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа. Сард 560,000 төгрөг төлдөг. Миний эхнэр бас тус банкинд 12 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Сард 510,000 төгрөг төлдөг. Одоогоор хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул миний бие зээлийг нь давхар төлдөг. Миний сарын цалингийн орлого 1,350,000 орчим төгрөг болдог тул амьдрах болон амьжиргааны боломж тааруу байдаг. Дээрх асуудлыг үндэслэн Ө.Цтай харилцан тохиролцсон болно. Иймд Ө.Ц нь цалингаас өөр орлогогүй бөөн төлөх боломжгүй тул цалингаас тодорхой хувиар суутгаж, төлж барагдуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт үнэлгээ шинжилгээний газраас комисс томилогдон баруун бүсийн бүх анги, салбаруудаар ээлжит шалгалт хийж байна. Тус шалгалт нь 2023.06.30-2023.07.02-ныг дуустал манай анги дээр ирэхээр болсон тул миний бие тус шалгалтанд өөрийн ажил үүргийг шалгуулах тул тухайн шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа учир эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Иймд дээрх шалгаануудыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү.гэжээ.

 

3. Хариуцагч Ө.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээл авсан нь үнэн. 2018 онд Этэй гэрлэлтээ батлуулаад цалингийн зээл аваад машин авахаар болсон. Э нь осолд ороод хүний машинтай явсан тул өр төлбөрт орсон. Байрны урьдчилгаа хийх гэж байсан 25,000,000 төгрөгөөсөө 11,000,000 төгрөгөөр машин худалдаж аваад үлдсэн мөнгийг өр төлбөрт өгсөн тул төлж чадаагүй. Ийм алдаа гаргаж, хариуцлагагүй хандсандаа гэмшиж байна. Би 12,000,000 төгрөгийн зээл аваад, Э.Э мөн 13,000,000 төгрөгийн зээл авч байсан. Э.Э зээлээ төлөөгүй тул миний зээлээс татаж байсан. Би энэ зээлээ хариуцаад төлөх хүсэлгүй байгаа. Э.Этэй хамт зээлээ төлнө.гэв.

4. Нэхэмжлэгч талаас шүүхэд хавтаст хэргийн 3-27 дугаар талд авсан баримтыг гаргаж өгсөн. Хариуцагч талаас нотлох баримт гаргаагүй. Шүүхийн журмаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч нарыг эрэн сурвалжилж хаягийг олж тогтоон, шүүхийн даалгавар гүйцэтгүүлэх ажиллагааг хийсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ө.Ц, Э.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэлд 7,459,440.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,556,199.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373,980.03 төгрөг, нийт 13,389,620.06 төгрөгийг гаргуулах шаардлага гаргажээ.

 

3. Хариуцагч Э.Э нь зээлийг Ө.Ц төлнө гэх тайлбар гаргаж, хариуцагч Ө.Ц нь зээл авсан нь үнэн, Э.Этэй хамт зээлээ төлнө гэх тайлбар гаргаж байна.

 

4. 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Зээлийн №ЗГ2017........7 гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь зээлдэгч Ө.Ц, хамтран зээлдэгч Э.Э нарт 12,500,000 төгрөгийг, жилийн 19.2 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, цалингийн зээл олгож, зээлийн эргэн төлөх хуваарийг гаргаж, цалин болон гэрийн эд хогшил барьцаалсан барьцааны гэрээ байгуулжээ. /хх-9-17/

Уг гэрээний дагуу зээлдэгч Ө.Цийн дансанд 12,500,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь Х банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. /хх-19/

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна.

Гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан.

Мөн талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.

Уг зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгийг банк зээлдэгчийн дансанд шилжүүлсэн тул хариуцагч нарт зээлийг олгосон гэж үзнэ.

6. Зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөр төлөх үүрэгтэй боловч, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 5,040,559.78 төгрөг, үндсэн хүүнд 2,780,447.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4323.65 төгрөг, нийт 7,825,331.28 төгрөгийг төлж, гэрээний үүргийн зөрчил үүсч, зээлийн гэрээний хугацаа дууссан ба 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар үндсэн зээл 7,459,440.22 төгрөг, үндсэн хүү 5,556,199.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 373,980.03 төгрөг, нийт 13,389,620.06 төгрөг төлөх үүрэгтэй болох нь зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээл төлөх мэдэгдэл, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэл баримтаар тус тус тогтоогдож байна./хх-20-27/

7. Хариуцагч Э.Э нь зээлийн төлбөрийг хариуцагч Ө.Ц төлж барагдуулахаар болсон, Э.Э миний бие төлж барагдуулах боломжгүй гэсэн тайлбар гаргасан боловч зээлийн гэрээний төлбөрийг хамтран хариуцах үүргийг гэрээгээр хүлээсэн тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-т зааснаар зээлийн гэрээний үүргийн хамтран хариуцах болно.

 

Иймд хариуцагч Ө.Ц, Э.Э нараас зээлийн гэрээний үүрэгт 13,389,620.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банкинд олгох нь зүйтэй байна.

 

8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 224898.1 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

9. Хариуцагч Э.Э нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаараа хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Ө.Ц, Э.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэлд 7,459,440.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,556,199.81 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 373,980.03 төгрөг, нийт 13,389,620.06 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224,848.10 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 224,848.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ