Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 101/ШШ2023/03325

 

 

 

 

 

 

 

2023 06 29

101/ШШ2023/03325

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Б.Х-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 21,268,734.30 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

Зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 7,415,027 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, О.М,

Хариуцагч Б.Х,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа оролцов.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Г банк ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Х нь Г банк ХХК-тай 2018 оны 03 сарын 23-ны өдөр 3Г1175.....28 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацаатай хадгаламж барьцаалсан зээл авсан. Зээлийн хугацааг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3Г1175.....28-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж хугацааг 24 сараар сунгасан. Хугацаа дууссаны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 3Г1175.....28-А тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээгээр дахин 24 сараар дахин сунгасан. Тухайн зээлийн хугацаа 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр дууссан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банк зээлийн хугацаа дууссаны дараа үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 21,138,397.20 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 21,722.85 төгрөг буюу нийт 21,268,734.30 төгрөгийг төлөөгүй байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хамт Г банк ХХК-д гаргаж өгнө үү. Б.Хын хүсэл зоригийн үндсэн дээр зээлийн гэрээ байгуулсан. Хуурч мэхэлсэн зүйлгүй. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.гэв.

 

2. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Г банкны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Х миний бие 2015 оноос хойш 15 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан. Г банкны хадгаламж барьцаалсан зээлийн хугацааг 2 жилээр сунгаж, дунд хааж, дахин сунгаж, 2020 онд хамгийн сүүлд дэлхий нийтээр ковид халдварт өвчний хөл хориог Монгол улс даяар тогтоосон хугацаа таарсан. Г банкны ШУТИС салбар бүх өнгөрсөн хугацааны хүүгээ суутгаж, гэрээг сунгасан байсан бөгөөд би сүүлд очиж төлбөрийн баримт дээр гарын үсэг зурж гэрээнүүд дээр гарын үсэг зурж журмын дагуу сунгуулсан болно. Гэтэл хэдэн сарын дараанаас хадгаламж барьцаалсан зээлийн тооцоолол буруу хийсэн байна гэж ярих болсон. Би удахгүй төлнө гэсэн боловч ковидын эдийн засаг иргэдэд нөлөөлж 2019-2022 онуудад арилахгүй, орлого ороогүй зогссоны улмаас зээл төлөлт зогссон байгаа юм. Уг хадгаламж барьцаалсан зээлүүдийг Б-ийн С гэх иргэнд зээлүүлж хамтран бизнес хийх гэсэн боловч ковидоос болж бүрэн зогссон болно.

Г банкны хадгаламж барьцаалсан зээлийн журам нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийн тухай барьцаалсан хадгаламжаар хангуулахаар тооцоолон хадгаламжийн тодорхой хувьд тооцуулан зээл олгох бөгөөд гэрээний хугацааны эцэст суутган авч зээлийн тооцоогүй болсон байхаар гэрээ хийсэн байдаг. Г банк санхүүгийн тооцооллын буруутай байдлаа хариуцагч надаар төлүүлэх гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хүүгээ миний бүх хадгаламжаар суутгаад зээлээ нэхэмжилсэн нь миний хувьд төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Арилжааны банк нь үйл ажиллагааны болон ажилтны гаргасан алдааны эрсдэлийг банк өөрөө хариуцаж байгаа.

Г банк ХХК-иас олон удаа зээл авсан нь үнэн. 30,000,000 төгрөгийг хүлээн авсан гэдгийг баримтаар харлаа. 37,000,000 төгрөгийг буцаан төлсөн гэж бодож байна. Одоо нэхээд байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.гэв.

 

3. Хариуцагч Б.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Х би Г банканд 1175......22 тоот хадгаламжийн данс эзэмшдэг бөгөөд уг хадгаламжийг барьцаалан 2016 оноос хойш 15 удаагийн үйлдлээр нийт 155,400,000 төгрөгийн зээлийг авсан байдаг.

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 18 өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан. Гэтэл Г банк ХХК нь тус зээлийг олгоход мөн нэмэлт өөрчлөлт оруулахад дотооддоо дагаж мөрддөг хэм хэмжээний акт болох Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгож төлүүлэх журам, бүртгэл тооцооны журам зэргийг зөрчсөн байдаг. Тухайлбал мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгож төлүүлэх журамд хадгаламжийн үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг зээлдэгчид олгох байтал Б.Х миний хадгаламжийн үнийн дүнгийн давсан хувь хэмжээний зээлийг надад олгосон байсан. Мөнгөн хадгаламж барьцаалан зээл нь зээлдэгч үндсэн зээл болон зээлийн хүүг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлөх хугацаа болмогц зээлдэгчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлдэг. Гэтэл Г банк нь өөрсдөө журмаа зөрчиж хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан учир данснаас татан авалт хийх боломжгүй болж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Угтаа бол журмын дагуу зээл олгосон бол талуудын хооронд ямар нэгэн маргаан гарахгүй бөгөөд зээлдэгчийн данснаас зээлийн үлдэгдлийг татан авч зээлийн гэрээг дуусгавар болгох байсан бөгөөд Монгол Улсын түүхэнд хадгаламж барьцаалсан зээлийн төлбөр гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан анхны тохиолдол гэж үзэж байна.

Миний зүгээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэгт 37,415,027 төгрөг шилжүүлсэн тул гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсоноор авсан өгсөн зүйлийг буцаах бөгөөд үүсэх үр дагавар буюу илүү шилжүүлсэн 7.415.027 төгрөгийг Г банк ХХК-иас шаардаж байна. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1175.....28 тоот зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 7,415,027 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү.

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага 2018 оны 03 сарын 23-ны өдөр зээлийн гэрээгээр 21,268,734.30 төгрөгийг шаарддаг. Г банк ХХК нь зээл олгох боломжгүй гэдэг талаар хэлсэн бол зээл авахгүй байсан. Зээл хэтэрсэн талаар мэдээгүй гэдэг. Тухайн үед Г банк ХХК нь зээлийн хэмжээ хэтэрсэн талаар мэдэгдсэн бол ийм асуудал болохгүй байсан гээд тайлбарлаад байгаа. Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгож төлүүлэх журмын 5.1.2-т зааснаар зээл олгохдоо хүү нэмэгдүүлсэн хүүгээс хэтрэхгүй байхаар заасан. Тус журмын 6.1.7, 6.1.12 дугаар зүйлд зээлийн гүйлгээ хийхээс татгалзах талаар зааж, хориглосон байхад зээл олгож, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг төлөх үлдэгдэл байхгүй байхад зээл олгосон байна. Г банк ХХК-ийн ажилтан алдаа гаргасан бол үйлчлүүлэгчийн хохирлыг барагдуулж өгөх хэрэгтэй. Иргэний хуулийн 56.1.1 дүгээр зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус байх тул 7,415,025 төгрөгийг гаргуулж өгнө үү.гэв.

 

4. Нэхэмжлэгч Г банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М нь хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Б.Х нь 1175.........22 тоот хадгаламжийг барьцаалан 15 удаа нийт 155,400,000 төгрөгийн хадгаламж барьцаалсан зээлийг авсан бөгөөд үүнээс 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г банктай ЗГ1175.....28 тоот хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг авч тухайн зээл болон хадгаламжийг 2 удаа нэмэлт өөрчлөлтийн гэрээ байгуулан хугацааг сунгасан байдаг. Уг зээлийн гэрээ нь аливаа хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж хийгдсэн хэлцэл биш бөгөөд талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл юм. Хавтаст хэрэгт авагдсан мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгох, төлүүлэх журамд тухайн хадгаламжаа барьцаалан 70%-д нь зээл авах тухай агуулга огт байхгүй бөгөөд Хын барьцаалсан хадгаламж нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл бөгөөд зээлийн гэрээний хувьд хуульд зааснаар тусдаа хүчин төгөлдөр хэлцэл юм.

Иргэний хуулийн 56.1.1 дүгээр зүйл гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаад байгаа. Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, нэмэлт гэрээг харахад тамга тэмдэг бүгд дарагдсан байгаа. Хэлцлийн агуулга хуульд нийцэхгүй байхыг хэлцэл хүчин төгөлдөр бус гэж Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг. Банканд ажилладаг байсан тул Б.Хт итгэх итгэл байсан. Талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгаа гэж үзэж байна.гэв.

 

5. Нэхэмжлэгч талаас хавтаст хэргийн 2-11, 27, 36, 42, 117, 149-153 дугаар худсан авагдсан нотлох баримтыг, хариуцагч талаас хавтаст хэргийн 43, 109-111, 141 дүгээр хуудсанд авагдсан нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүхийн журмаар хавтаст хэргийн 54-107, 167-168, хэргийн оролцогчийн хүсэлтээр хавтаст хэргийн 131-137 дугаар хуудсанд авсан баримтыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Г банк ХХК нь хариуцагч Б.Хт холбогдуулан хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүрэгт 21,268,734.30 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Б.Х нь би Г банкнаас нийт 15 удаагийн хадгаламж барьцаалсан зээл авсан, зээл миний хадгаламжаас төлөгдөөд дуусах ёстой байтал банк ажилтныхаа тооцооллын буруутай байдлаа надаар төлүүлэх гэснийг зөвшөөрөхгүй, нэхэмжилж байгаа 30,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн, 37,000,000 төгрөгийг төлсөн, нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

4. Хариуцагч Б.Х нь нэхэмжлэгч Г банк ХХК-д холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасныг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г банктай байгуулсан зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 7,415,027 төгрөгийг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

5. Г банк нь зээлийн гэрээ нь аливаа хууль, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээг зөрчиж хийгдсэн хэлцэл биш, талуудын хүсэл зоригийн үндсэн дээр хийгдсэн хэлцэл. Мөнгөн хадгаламж барьцаалан зээл олгох, төлүүлэх журамд тухайн хадгаламжаа барьцаалан 70%-д нь зээл авах тухай агуулга огт байхгүй бөгөөд Хын барьцаалсан хадгаламж нь зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах хэрэгсэл бөгөөд зээлийн гэрээний хувьд хуульд зааснаар тусдаа хүчин төгөлдөр хэлцэл тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх хэргийн үйл баримт, үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дүгнэлтийг хамтад нь дараах байдлаар хийлээ.

 

6. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны ЗГ1175.....28 дугаартай гэрээ /хадгаламж барьцаалсан зээл/-гээр зээлдүүлэгч Г банкнаас, зээлдэгч Б.Хт 30,000,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 2018.03.23-2018.11.10 хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний барьцаанд зээлдэгчийн хадгаламж дахь мөнгийг барьцаалж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гаргажээ. /хх-6-7/

7. Уг зээлийн гэрээнд;

-2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай №ЗГ1175.....28-А гэрээгээр хүүг жилийн 20.8 хувь, хугацааг 2020.11.12 болгож, /хх-8/

-2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ЗГ1175.....28А гэрээгээр хугацааг 2022.12.18 болгож, тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. /хх-9/

8. Хариуцагч нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны ЗГ1175.....28 дугаартай гэрээ /хадгаламж барьцаалсан зээл/-ний дагуу үндсэн зээл 8,861,602.80 төгрөг, үндсэн хүү 28,528,438.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 24,986.30 төгрөг, нийт 37,415,027.46 төгрөгийг төлж, үндсэн зээл 21,138,397.20 төгрөг, үндсэн хүү 108,614.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,722.85 төгрөг, нийт 21,268,734.30 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь Г банкнаас гаргасан хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.

9. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны ЗГ1175.....28 дугаартай гэрээний хугацааг 2 удаагийн Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр хугацааг сунгаж, 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр гэрээний хугацаа дуусчээ.

Нэхэмжлэгч нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллыг гэрээний хугацаагаар тооцон нэхэмжилсэн ба Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд хариуцагч Б.Х гарын үсэг зурж сунгасан байна.

 

10. Нэхэмжлэгч Г банк ХХК, хариуцагч Б.Х нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ, Иргэний хуулийн 156 дугаар зүйлд заасан барьцааны гэрээ байгуулагдсан байна.

11. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэл гаргаж гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, үр дагаварт илүү шилжүүлсэн гэх 7,415,027 төгрөгийг шаарджээ.

12. Талуудын гэрээ байгуулах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно, мөн 21.4-т Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасан.

Зээлийн гэрээний дагуу зээлийн мөнгөн хөрөнгө 30,000,000 төгрөгийг банк зээлдэгчийн Г банкин дахь 1105......01 дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, зээлийн дансны хуулга баримтаар тогтоогдож байгаа тул хариуцагчид зээлийг олгосон гэж үзнэ. /хх-167-168/

13. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг ба мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зааснаар зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү төлөх талаар тусгаж болно гэжээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.1.4-т Зээлдэгч нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд Хавсралт№1-д дурьдсан графикт хугацаа дууссан өдрөөс эхлэн төлөгдөөгүй зээлийг үлдэгдэлд үндсэн хүүний 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд тохиролцжээ.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар зээл, хүү, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

14. Маргаан бүхий 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны ЗГ1175.....28 дугаартай гэрээний;

4.1 Зээлдэгч энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар дараах хадгаламжийн дансан дахь мөнгөн хөрөнгө, дэвтрийг барьцаанд тавьж байна.

4.2 Зээлийн төлбөрийг бүрэн барагдуулах хүртэлх хугацаанд барьцааны зүйл болох хадгаламжаас зарлагын гүйлгээ гаргахгүй байхыг зээлдэгч үүгээр хүлээн зөвшөөрч байна.

4.3 Барьцааны зүйл болох хадгаламжийг Зээлдэгчтэй дундаа хэсгээр болон хамтран эзэмших эрх бүхий этгээдээс үүсэх аливаа маргаан үгүй гэдгийг Зээлдэгч нотолсон бөгөөд энэхүү нотолгооныхоо үнэн зөвийг зээлдэгч бүрэн хүлээнэ.

4.4 Энэхүү гэрээний хугацаа дуусгавар болоход Зээлдэгч зээлийн төлбөрийг бүрэн барагдуулаагүй тохиолдолд хугацаат хадгаламжаас зээлийг үл маргах журмаар төлүүлнэ...гэж заасан байна.

Уг гэрээнд ...хадгаламжийн үнийн дүнгийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээний зээлийг зээлдэгчид олгох талаар заагаагүй, зээлдэгчийн барьцаалсан хадгаламжийн данс, данс эзэмшигчийн нэр, тухайн өдрийн үлдэгдэл зэрэг мэдээлэл гэрээний 4.5-д тусгагдаагүй байна.

Гэвч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр гаргасан Хадгаламж барьцаалсан зээлийн хүсэлт баримтаар, Б.Х, 30,000,000 төгрөгийг, хадгаламжийн хугацаа дуусах хүртэл, зээл хэлбэрээр, 1175......22 хадгаламжийн дансыг барьцаалж авах хүсэлт гаргасныг банк хүлээн авч, мэдээллийг баталгаажуулж зээл олгох шийдвэр гаргасан байна. Уг баримтад хадгаламжийн үлдэгдэл 172,0 сая, хугацаа бичигдсэн байна. /хх-42/

15. Г банкны Ерөнхий захирлын 2006 оны 143 тоот тушаалын хавсралтаар баталсан Мөнгөн хадгаламжийг барьцаалан зээл олгох, төлүүлэх журам-д заасан зохицуулалтыг зээл олгох үед зөрчсөн эсэх нь тухайн банкны дотоод харилцаанд хэрэгжих зохицуулалт ба зээлийг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болохгүй гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч Б.Х нь Г банкинд 1175......22 тоот хадгаламжийн данс эзэмшдэг ба хавтаст хэргийн 106-107-р хуудсанд авагдсан хадгаламжийн дансны хуулгаас үзэхэд 2016.03.07-ны өдрөөс 2022.12.19-ний өдрийг хүртэл хадгаламжийн дансанд орлого, зарлагын гүйлгээ хийгдэж, хадгаламжийн үлдэгдэл 2022.12.18-ны байдлаар 181,062,797.54 төгрөг байсан байна.

Хариуцагч хадгаламжаа барьцаалан 2016 оны 11 сарын 10-ны өдрөөс 2020 оны 12 сарын 22-ны өдрийг хүртэл нийт 15 зээлийн гэрээгээр 155,400,000 төгрөгийн зээл авсан болох нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон ба маргаж буй 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны гэрээний дагуу 30,000,000 төгрөгийн зээл авах үед хадгаламжийн дансны үлдэгдэл 172,536,572 төгрөг байсан, хамгийн сүүлд 2022.12.19-ний өдөр хадгаламжийн дансанд байсан 181,062,797.54 төгрөгөөс дээрх зээлүүдийг хаахаар 181,052,797.54 төгрөгийн зарлагын гүйлгээ хийж, хадгаламжийн дансны үлдэгдэл 10,000 төгрөг болж, 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Зээл болон барьцааны ЗГ1175.....28 дугаартай зээлийн гэрээний үүргийг хадгаламжаас үл маргах журмаар төлүүлэх боломжгүй болжээ. /хх-42-43, 54-107/

Талууд хадгаламжийн хугацааны талаар маргаагүй ба хадгаламжийн дансны хуулга, хэргийн баримтаас хадгаламжийн хугацаа дуусч сунгаагүй гэх үйл баримт тогтоогдоогүй.

Түүнчлэн банк, зээлдэгч нар 15 зээлийн гэрээний төлөлттэй холбоотой уулзалт хийж, утсаар ярьж, зээлдэгч Б.Х нь зээлээ төлж дуусгах талаар хүсэлтийг 2 удаа бичгээр банкинд гаргаж байсан, хариуцагч тал гэрээний нэмэлт, өөрчлөлттэй холбоотой маргаагүй.

16. Эдгээрийн нэгтгэн дүгнээд, шүүх талуудын хооронд байгуулсан Зээл болон барьцааны гэрээнд хариуцагчийн маргаж байгаа үндэслэлд хамаарах олгох зээлийн хэмжээ нь хадгаламжийн хэмжээ, хугацаанаас хэтрэхгүй байх агуулгатай тохиролцоо байхгүй, нөгөө талаар маргаан бүхий зээл авах үед хадгаламжийн үлдэгдэл зээлийн хэмжээтэй харьцуулахад хангалттай байсан үйл баримт банкнаас гаргасан баримтаар тогтоогдож байгаа тохиолдолд шүүх банкны дотоодод мөрдөх журмыг үндэслэн талуудын гэрээгээр тохиролцсон тохиролцоог хүчин төгөлдөр бус болохыг тогтоох үндэслэлгүй гэж үзлээ.

17. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Б.Хаас үндсэн зээл 21,138,397.20 төгрөг, хүү 108,614.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,722.85 төгрөг, нийт 21,268,734.30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Г банк ХХК нь хэрэг хянан шийдэрлэх ажиллагааны явцад Г банк ХК болсон үйл баримт нийтэд илэрхий байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Г банк ХК гэж бичсэнийг дурдав.

18. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчийн төлсөн 264,294 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас уг мөнгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 441,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Хаас үндсэн зээл 21,138,397.20 төгрөг, хүү 108,614.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 21,722.85 төгрөг, нийт 21,268,734.30 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г банк ХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г банк ХК-д холбогдох 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн ЗГ1175.....28 тоот зээл болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, зээлийн гэрээний үүрэгт илүү шилжүүлсэн 7,415,027 төгрөгийг буцаан гаргуулах тухай Б.Хын гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, 63.1.4, 73 дугаар зүйлийн 73.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,294 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 264,294 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 441,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ