Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 101/ШШ2023/03207

 

 

 

 

 

 

2023 06 23

101/ШШ2023/03207

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ц.Т-т холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Нямдаваа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч П.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2019 оны 09 сарын 13-ны өдөр нэхэмжлэгч миний оршин суух Баянзүрх дүүргийн * дугаар хороо, Баянзүрх хотхоны *** дугаар байрны ** тоот, ** м.кв талбайтай 1 өрөө байрыг тус дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатын газраар гэрчлүүлэн Г.У, Л.Д нарын хооронд Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулан худалдсан. Тухайн байр нь нэхэмжлэгч П.Э миний нөхөр Э-ын эгч Г.Уийн эзэмшилд байдаг боловч тухайн байрны зээлийг нөхөр Э бид хоёр төлж дуусгаж тухайн байрыг өөрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байсан юм. Тухайн үед нөхөр Э-ын найз болох Ц.Т нь манай байрыг худалдан борлуулж, борлуулсан мөнгийг зээлж, өөрсдийн бизнест хөрөнгө оруулж олсон ашгаасаа байр худалдаж авсан үндсэн үнэ болох 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд өгөхөөр хоорондоо тохиролцсон. Ингээд 50,000,000 төгрөг зээлдүүлсэн зээлийн гэрээг 2016 оны 03 сарын 15-ны өдөр нэхэмжлэгч П.Э миний бие нь Ц.Т-тай байгуулсан. Гэвч хариуцагч болох Ц. Т нь зээлийн гэрээнд тусгагдсан үүрэг болох 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж дуусгаагүйгээр зогсохгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар удаа дараа хандсан боловч бизнестээ оруулаад ашгаа олохоор өгнө гэх тайлбарыг өгөн зээлийг төлж барагдуулаагүй байна.

Иймд нэхэмжлэгч миний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Тт зээлийн гэрээгээр өгөөгүй гэж үзэж байна. Тухайн үед байрыг бусдад худалдан борлуулсан байдаг. Уийн гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байгаа. Т мөнгө авсан гэдэг нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний баримтыг талууд чөлөөт байдлын үндсэн дээр байгуулсан гэж байна. Т Э нар багийн найзууд байсан. Орон сууцаа зээлээд мөнгийг өгч байгаа нь гэрээний асуудал бий болж байна. Иймд мөнгө өгсөн, авсан асуудал тогтоогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Талууд зээлийн гэрээ гэдэг бичиг үйлдээд, зээлийн харилцаа үүссэн. Үүнд маргаан байхгүй. Гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нөхцөл байдал болоогүй. Хөөн хэлэлцэх хугацаатай асуудал ярьж байна. Т энэ үүргийг хүлээх хүн би шүү гэдэг байдлаар мөнгө шилжүүлсэн баримт хэрэгт байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэв.

 

2. Хариуцагч Ц.Т шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр иргэн П.Эийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой дараах тайлбарыг гаргаж байна.

П.Э нь нэхэмжлэлдээ 2016 оны 3 сарын 15-ны өдөр 50,0 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулаад төлж барагдуулаагүй тухай дурдсан нэхэмжлэгч П.Э-ийн нөхөр Э-ийн найз Ц.Э, Б.Б, Ц.Т миний бие тухайн үед хамтран итали улс руу арьс шир экспортлох үйл ажиллагаа явуулахаар зүтгэж байсан. Тухайн үйл ажиллагаандаа ашиглана гэж Этэй ярилцан байрыг нь зарж мөнгийг нь ашиглаад буцааж төлөхөөр тохирсон. Гэвч тохиролцоо хийсний маргааш өдөр нь Ц.Э Б.Б нар П.Эийн байрыг зараад мөнгийг нь авсан бөгөөд Ц.Э нь яаралтай өр төлөх хэрэг гарсан тул хүнд өгсөн, Б.Б удахгүй мөнгө олно гэдэг тайлбар өгөөд 2 хоног архи уугаад алга болсон бөгөөд арга буюу уг гэрээнд би гарын үсэг зурсан.

Бид хамтдаа арьс ширний бизнес эрхэлнэ гэдэг итгэл үнэмшилтэй байсан тул би хувийн зүгээсээ мөнгө санхүү гаргахаас гадна таньдаг хувь хүмүүсээс мөнгө зээлэн 2016 оны өвөл 40,0 мянган ширхэг ямааны арьс хагас боловсруулан итали улс руу явуулсан уг арьсны борлуулсан үнэ болох 27000 америк долларыг Б.Б, Ц.Э нар хуурамч чек үйлдэн компанийн данснаас авсан байсан. Иймд миний бие Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл гомдол гаргасны дагуу тус хэлтсээс Ц.Э, Б.Б нарыг 2 жилийн хугацаанд шалгасны дагуу Чингэлтэй дүүргийн прокурорын тогтоолоор гэм буруутай болох нь тогтоогдлоо гэвч хуурамч бичиг баримт үйлдэж бусдыг хохироосон хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул иргэний жураар гомдлоо гаргана уу гэсэн хариу өгсөн.

Ц.Э, Б.Б нар нь анхнаасаа залилан хийх санаатай байсан тул П.Эийн байрыг зарж борлуулсан мөнгө, мөн бизнес хийнэ гэж миний гаргасан бүх мөнгийг өөрсдийн урд өмнөх өрөө төлөхөд зарцуулсан байсан. Миний хувьд П.Эийн байрыг хэнд хэдэн төгрөгөөр зарсныг ч мэдээгүй мөнгө төгрөг авсан зүйл байхгүй.

Ц.Э нь П.Эийн нөхрийн багийн найз бөгөөд тус байранд одоо Ц.Эын ээж амьдарч байгаа тухай сонссон. Иймд тус байрны худалдан борлуулсан гэрээ, төлбөр мөнгө хэн хүлээн авсан, одоо ямар хүн амьдарч байгаа тухай баримтуудыг гаргуулан авч үзэх нь ач холбогдолтой гэж үзэж байна. 2017 онд П.Эийн нөхөр Э-д энэ Ц.Э, Б.Б нар нь залилан хийчихлээ цагдаад өгөх хэрэгтэй гэж Баянзүрх дүүргийн цагдаад өргөдөл өгүүлсэн тус өргөдөлтэй холбоотой миний бие очиж тайлбар мэдүүлэг өгч байсан. Миний хувьд залилан мэхлэх, хуурах үйлдэл хийгээгүй бөгөөд найз нөхөд гэж байсан хүмүүсдээ хууртан маш их хэмжээний хохиролтой өртэй үлдсэн. Иймд энэхүү байдлыг харгалзан шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Г.Уийн өмчлөлийн 1 өрөө байрыг худалдан борлуулсан талаар нэхэмжлэлдээ дурджээ. Гэвч тухайн газрыг хэрхэн хүлээлгэн өгсөн талаар нэхэмжлэлд дурдаагүй байна. Тухайн үл хөдлөхийг зарсан мөнгийг Т хүлээж аваагүй. Гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч тал эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулсан мөнгийг авсан гэж тайлбарлаж байна. Гэрч нарын мэдүүлгээр аваагүй гэдэг нь харагддаг. Улсын бүртгэлийн газраас ирүүлсэн 4447 албан тоотоор Т аваагүй гэдэг нь нотлогддог. Тухайн эд хөрөнгө нь Д гэдэг хүний өмчлөлд шилжсэн гэсэн байна. Тухайн үл хөдлөхийг зарсан мөнгийг Т хүлээж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн хэлбэрээр мөнгөө шилжүүлж өгөөгүй байна. Талууд гарын үсэг зурсан боловч нэхэмжлэгч тал эд хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.2.1 дугаар зүйлд зааснаар уг нэхэмжлэл нь хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

 

3. Нэхэмжлэгч тал хавтаст хэргийн 2-8, 19, 25, 26, 27 дугаар талд авагдсан баримтууд, хариуцагч тал хавтаст хэргийн 15, 28 дугаар талд авагдсан баримтууд, шүүхийн журмаар хавтаст хэргийн 48-66, 85-90 дугаар талд авсан нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч П.Э нь хариуцагч Ц.Тт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргажээ.

3. Хариуцагч Ц.Т 50,000,000 төгрөгийг зээлж аваагүй, зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй, үл хөдлөх эд хөрөнгө зарсан мөнгийг хүлээж аваагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргаж маргажээ.

4. Нэхэмжлэгч П.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Ц.Т манай байрыг худалдан борлуулж, борлуулсан мөнгийг зээлж, өөрсдийн бизнест хөрөнгө оруулж олсон ашгаасаа байр худалдсан үнэ 50,000,000 төгрөгийг 6 сарын хугацаанд өгөхөөр тохирч зээлийн гэрээ байгуулсан гэж тайлбарлаж, зээлийн гэрээг эх хувиар нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.

Уг зээлийн гэрээнд П.Эаас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 50,000,000 төгрөгийг Ц.Тт 6 сарын хугацаатай буюу 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хүүгүй зээлдүүлсэн, Ц.Т миний бие зээлдүүлсэн мөнгийг хугацаанд нь бүрэн төлж барагдуулна гээд зээлдэгч, зээлдүүлэгч нар гарын үсэг зуржээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба дээрх гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Тт өгсөн үйл баримт хэргийн баримтаар тогтоогдохгүй, зохигчийн тайлбараар үгүйсгэгдэж байна.

Учир нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1244 тогтоолд ...хохирогч П.Э болон түүний нөхөр Г.Э нар нь өөрсдийн өмчлөлийнх боловч Г.Уийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, * дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянзүрх хотхоны *** дугаар байр ** тоот хаягт байрлах ** м.кв талбай бүхий орон сууцыг Ц.Т, Ц.Э нарт 35,000,000 төгрөгөөр худалдаж, тухайн мөнгийг 50,000,000 төгрөг болгон авах талаар харилцан тохиролцож, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, мөн П.Э, Ц.Т нар нь гараар 50,000,000 төгрөг зээлдүүлсэн талаарх баримтыг үйлдсэн байх ба залилах гэмт хэргийн шинжгүй иргэний журмаар шүүхэд хандаж шийдвэрлүүлбэл зохих иргэд хоорондын маргаан байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.

Прокурорын тогтоолоор иргэд хоорондын гэрээний харилцаа үүссэн эсэхэд эрх зүйн дүгнэлт хийхгүй ба талуудын хооронд болсон үйл баримтыг дурдан залилах гэмт хэргийн шинжгүй тул иргэний журмаар шийдвэрлүүлэх талаар заасан байна.

Эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад Ц.Т, Г.Э, Ц.Э, П.Э, Г.У нараас гэрчээр авсан мэдүүлгүүдийг зохигчийн хүсэлтээр иргэний хэрэгт нотлох баримтаар шүүхийн журмаар бүрдүүлж авсан.

Эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрчээр өгсөн мэдүүлэг, бусад этгээдүүдийн гэрчээр өгсэн мэдүүлгийг хэргийн үйл баримттай харьцуулан дүгнэж, зээлийн гэрээ байгуулагдсан эсэхэд дүгнэлт өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 42 дугаар зүйлийн 42.1, 42.2-т нийцнэ гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.Э, түүний нөхөр Г.Э нарын амьдарч байсан, Г.Эийн эгч Г.Уийн өмчлөлд бүртгэлтэй, 1 өрөө орон сууцыг Л.Д гэх хүнд худалдсан мөнгийг 50,000,000 төгрөг болгож төлөх талаар хариуцагч Ц.Т зээлийн гэрээ байгуулсан боловч бодит байдалд уг мөнгийг хүлээж аваагүй болох нь эрүүгийн хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн дээр дурдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Уг орон сууц нь бодит байдалд яг хэдэн төгрөгөөр зарагдсан /эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгт дүнг 2 өөрөөр мэдүүлсэн/, байрны мөнгийг хэн хүлээж авсан үйл баримт нь энэ иргэний хэрэгт тогтоогдоогүй ба шүүх хариуцагч уг мөнгийг авсан эсэхэд дүгнэлт хийх нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчимд нийцнэ гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын хүрээнд дүгнэлт хийлээ.

Иймд хариуцагч Ц.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч П.Эийг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хөөн хэлэлцэх хугацааны хувьд эрүүгийн журмаар шалгасан тул хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан ба хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй болно.

Нэхэмжлэгч эсхүл эрх бүхий этгээд нь орон сууц зарсан мөнгөө өгсөн этгээдээс шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц.Тт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ