Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 2025/ШЦТ/00075

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Л.Түвшинжаргал
 даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эрдэнэцэцэг, улсын яллагчаар
 хяналтын прокурор Б.Оюунцэцэг, шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн
 эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Ховд
 аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай
 ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,
 хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* овогт
 ******* ******* холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2025
 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүгдэгчийн биеийн байцаалт:
 Монгол Улсын иргэн, ******* оны  08 дугаар сарын 18-нд Ховд аймгийн *******
 суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлага
 мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Ховд аймгийн
 Жаргалант сумын ******* багт оршин суух, РД:, ******* овогт
 ******* .
 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
 Шүүгдэгч ******* 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн
  амины орон сууц барих “Ажил гүйцэтгэх” гэрээг бичгээр байгуулж, Ховд
 аймгийн Булган сумын нцтаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн дэргэдэх
 Б.Тунгалагийн хашаанд барилгын ажил явуулахдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар
 зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан “Барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, барилгын
 ажлын зөвшөөрөл бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, хуулийн 10.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д
 зааснаар барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай
 зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж, барилга дээр
 ажиллах ажилтантай өдрийн хөлсийг амаар тохиролцож ажиллуулах явцад экскеватор
 жолоодож байсан жолооч Одгэрэл нь уг газарт байрлуулсан ёмкосыг өөр газарт
 байрлуулах явцдаа барилгын туслах ажилтан баруун гарын 5 дугаар
 хурууг хавчиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт
 хэргийг үйлдсэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1
 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
 ТОДОРХОЙЛОХ нь:
 Гэм буруугийн талаар:
 Шүүгдэгч ******* нь 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэн
 амины орон сууц барих “Ажил гүйцэтгэх” гэрээг бичгээр байгуулж, Ховд аймгийн Булган
 сумын нцтаг дэвсгэрт байрлах 1 дүгээр сургуулийн дэргэдэх Б.Тунгалагийн хашаанд
 барилгын ажил явуулахдаа Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт
 заасан “Барилгын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл
 бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, хуулийн 10.2, 10.1.3, 10.1.4, 10.1.5-д зааснаар
 барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай
 зөвшөөрөл бүхий хуулийн этгээд эрхлэнэ гэсэн хуулийн заалтыг зөрчиж, барилга дээр
 ажиллах ажилтантай өдрийн хөлсийг амаар тохиролцож ажиллуулах явцад экскеватор
 жолоодож байсан жолооч Одгэрэл нь уг газарт байрлуулсан ёмкосыг өөр газарт
 байрлуулах явцдаа барилгын туслах ажилтан баруун гарын 5 дугаар
 хурууг хавчиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох
 нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгээс гадна
гэмт хэргийн талаар гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч
  мэдүүлэг, гэрч , , , нарын
 мэдүүлэг, Ховд аймаг дахь Бүсийн Шүүх шинжилгээний төвийн шинжээч
 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ХОВ0725/712 дугаартай “... биед
 гэмтэл учирсан байна. биед баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар
 шивнүүрийн дунд хэсгийн тайрагдалт, баруун гарын 4 дүгээр хурууны 2 дугаар үений
 хөдөлгөөн хязгаарлагдалт, дотор хэсгийн шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх
 гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг
 болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. биед учирсан баруун
 гарын 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн дунд хэсгээр тайрагдалт гэмтэл нь хүний
 эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан Хөдөлмөрийн
 чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 10.81.3-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг
 15 хувь тогтонги алдагдуулах тул хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Баруун гарын
 4 дүгээр хурууны 2 дугаар үений хөдөлгөөн хязгаарлагдалт дотор хэсгийн шархны
 сорив гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д
 заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 10.82.1-т зааснаар
 ерөнхий хөдөлмөрийн чавдарыг 5 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн
 зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлнө.
  биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5-15 хувь
 тогтонги алдагдуулна. Баруун гарын 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн дунд
 хэсгийн тайрагдтал нь хэвийн байдалд эргэж орохгүй, баруун гарын 4 дүгээр хурууны 2
 дугаар үений хөдөлгөөн хязгаарлагдтал нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх
 шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,
 Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын хөдөлмөрийн хяналтын улсын
 ахлах байцаагч 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 25-19/07
017 дугаартай "... нь байшин бариулах зорилгоор барилгажих талбайн нэг метр
 квадрат тутмын үнийг тохиролцон *******тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан гэх
 барилгын ажлыг гүйцэтгэгчийг ******* гэж тодорхойлж байна. Ажил гүйцэтгэх гэрээ
 байгуулсан гүйцэтгэгч тал ******* нь барилгын талбайд ажиллах ажилчидтай
 хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй, аман гэрээгээр тохирсон гэх нь тэдгээр
 барилгын ажилчдын ажил олгогч гэдгийг тодорхойлж байна. Барилгын ажил гүйцэтгэгч
 ******* осолдогч А.Батхуяг болон барилгын талбайд ажилласан иргэдийг ажил
 үүргээр хангасан байх тул ажил олгогч гэж тодорхойлогдож байна. Барилгын ажил
 гүйцэтгэгч, ажил олгогч ******* нь хөдөлмөрийн харилцаа үүсгэн хөдөлмөр
 гүйцэтгэлийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох /нэг хүний өдрийн 100.000 төгрөг/
 тухай харилцан үүрэг хүлээж тохиролцон барилгын туслах ажилтны ажил үүрэг
 хүлээлгэн гүйцэтгүүлж байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн
 4.1.3 / ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа
 үүссэнд тооцно/ дахь заалтын дагуу А.Батхуяг барилгын туслах ажилтны жишиг
 хөдөлмөрийн гэрээг байгуулсан гэж дүгнэнэ. Барилгын ажил гүйцэтгэгч ******* нь
 Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1/
 Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийн сайжруулах, хууль
 тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал
 /эзэн/ ажил олгогч шууд хариуцна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
 хуулийн 3 дугаар зүйлийн 3.121 дээрх заалтад Үйлдвэрийн орчин гэж аж ахуйн нэгж
 байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг хэлнэ гэж тодорхойлсон байдаг.
 Барилгын газар шороо, суурийн ажлыг гүйцэтгэж байсан экскеватор механизм байх ба
 барилын ажил захиалагч Даваагийн эзэмшлийн газар Барилгын ажил эрхлэх
 үйлдвэрлэлийн талбай мөн гэж үзнэ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай
хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, ажлын байр гэж иргэн ажилтны гүйцэтгэх
 ажил үүрэгтэй холбоотойгоор хүрээлцэх очих ёстой ажил олгогчийг шууд ба шууд бус
 хяналтын дор байх бүх байрыг гэж тодорхойлсон нь үйл ажиллагаа эрхлэх үйлдвэрийн
 талбай бөгөөд осолдогчийн ажил гүйцэтгэх үйлдвэрлэлийн орчин бөгөөд ажил үүргээ
 ажлын байран дээрээ гүйцэтгэж байх үедээ эрүүл мэндэд хохирол учирсан нь
 үйлдвэрийн осол мөн гэж үзнэ…” гэх шинжээчийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг
 хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Барилгын ажил гүйцэтгэх гэрээ зэрэг зэрэг
 нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
 Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар
 тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд
 заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт
 хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
 Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн
 агуулжээ.
 Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан
 журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба
 түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар
 хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
 Гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр
 хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирогчид 6.000.000 /зургаан сая/ төгрөг өгсөн гэж
 тайлбарлаж байх ба хохирогч нь шүүгдэгчээс хор уршиг нэхэмжлээгүй, Эрүүл мэндийн
 даатгалын сангаас нэхэмжилсэн 1.775.002 /нэг сая долоон зуун далан таван мянга
 хоёр/ төгрөгийг шүүгдэгч төлсөн байх тул шүүгдэгч *******ээс гаргуулах хохирол
 төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзлээ.
 Эрүүгийн хариуцлагын талаар:
 Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр
 учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан болон шүүхийн
 хэлэлцүүлэгт судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул түүнд
 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн
 хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
 Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн
 тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний
 буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч ******* зөвшөөрсөн
 нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн
 үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
 хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж,
 шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
 Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн
 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
 дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр
 хэрэглэхээр тогтов.
 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг,
 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус
 удирдлага болгон ТОГТООХ нь:
 1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн
тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр
 хохирол болгоомжгүйгээр учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/
 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар
 шүүгдэгч *******эд оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван
 зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр
 тогтоосугай.
 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар
 шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх
 биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг
 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
 5. Шүүгдэгч *******эд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавьж
 ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,
 хаалттай хорих ангид даалгасугай.
 6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн
 баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах
 хохирол төлбөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус
 дурьдсугай.
 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх
 хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан
 сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр
 үргэлжлүүлсүгэй.
 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн
 дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр
 оролцогч давж  заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл
 бичих эрхтэйг дурдсугай.
               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           
            Л.ТҮВШИНЖАРГАЛ