Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал, М.Гомборагчаа,

Хохирогч С.Б,

Хохирогчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч Ё.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн ********* дугаартай эрүүгийн хэргийг нээлттэйгээр, ердийн журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч:  Монгол Улсын иргэн, ************* регистрийн дугаартай, Ц овгийн Ё.Н.

 Шүүгдэгч Ё.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд өдөр шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг “**********” гэх газарт байрлах иргэн Ч.Б гэрийн гадна, согтуурсан үедээ, хохирогч С.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэг, чамархайн урд талд сорви, зүүн дух, суурь ясны зүүн их далавч, зүүн ухархайн дээд болон гадна хананы хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Хохирогч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Өнгөрсөн жилийн 10 сарын 19-нд мал харуулсан айл Б хот явах боллоо хэд хоног ирээд мал харж байгаач ээ гэсэн. Харж байтал малчин хотоос наашаа гарахаар боллоо эхнэр эмнэлэгт хэвтэхээр болсон миний машиныг асаагаад намайг замаас тосож аваач гэхээр нь хонио дөхүүлээд галаа түлээд байж байтал утас дугарсан, тэгтэл Н байсан. Тэгтэл ахаа би өчигдөр уучихсан, хонь байвал дөхүүлээд өгөөч гэхээр нь галаа түлчхээд машиныг нь асаагаад өвөлжөөн дээр нь очиж хонийг нь шахаж өгсөн. Тэгээд очтол Н, Х хоёр сууж байсан. 0.5 грамм архи дуусаж байсан. Гэрт нь ороод цай ууж байтал дуусаж байгаа архи өгөөд яах вэ гээд 0.75 граммтай архи задалсан 1,2 татсан. Тэгээд би малчнаа тосож авах ёстой гэхэд баз маань хотоос ирж байгаа юм байна цуг явъя гэхээр нь цуг явсан. Машинд суухдаа архи, пиво аваад суусан. Малчин ирэх хооронд тухайн архинаас гурвуулаа уусан. Тэгээд Б очсон. Тэгээд 2 шил архи гаргаж өгсөн тэгээд маргаж эхэлсэн. Би хөгшин аавыг нь хамаргүй Дугар гэх хүн байсан гэж хэлээд маргалдсан. Тэгээд айлд муудаад яах вэ гээд гарсан. Баруун мөрнөөс татаад цохисон. Тэгээд унатал өшиглөөд би ухаан алдсан байсан. Маргааш өглөө сэрэхэд нүүр хавдсан байсан. Тэгээд гэртээ хүргүүлсэн ...Нэг нутгийн ах, дүү шиг хүмүүс архинаас болж ийм зүйл болсон учир шүүгдэгчийн ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдэж өгнө үү ” гэв.

Шүүгдэгч Ё.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхээс тогтоосон хохирол, хор уршгийг төлж барагдуулна...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ё.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд өдөр шилжих шөнө Завхан аймаг, Баянхайрхан сум, Асгат багийн нутаг “***********” гэх газарт байрлах иргэн Ч.Б гэрийн гадна, согтуурсан үедээ, хохирогч С.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад 10,515,958 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн байдаг. Түүнээс шүүгдэгч нь хохирогчид 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан талаар хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа учир баримтаар нэхэмжилсэн хохирлоос 515,958 төгрөгийг гаргуулах саналтай байна. Мөн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 5,903,420 төгрөгийг төлж барагдуулаагүй байгаа учир шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. Хохирогчийн тухайд сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилнэ гэж байгаа энэ талаар шинжээчийн дүгнэлт гарсан байгаа учир шүүхээс тогтоосон үнийг дүнгээр шүүгдэгчээс гаргуулах саналтай байна. ...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн тухайд мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өнөөдрийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, хохирогчид учирсан хохирол зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Шууд хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. Харин сэтгэцэд учирсан хохирол болон Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй байгааг дурдах нь зүйтэй. Урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих саналтай байна. Хохирол төлбөрийн тухайд шүүхээс оногдуулсан хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: ”... Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох хохирогч 2 удаа эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн баримтууд нь хэрэгт авагдсан байгаа. Мөн байрны түрээс гэж яриад байна, үүнд маргах шаардлагагүй болов уу, хөдөөгийн хүмүүс хотод очоод ах дүү байхгүй учир байр түрээсэлсэн байгаа. Ямар ч хүн эмнэлэгт очиход ар гэр нь хоолыг нь зөөх зэрэг асуудлууд гарна. 2025 оны 03 дугаар сарын 31-ний шинжээчийн дүгнэлтэд Н хохирол тогтоогдоогүй гэж гарсан байдаг. 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2801 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хохирлыг дүгнэлт гаргах журмын 4.1-т зааснаар хүнд зэрэг гэсэн дүгнэлт гарсан байгаа. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчид хохирол төлбөр учирсан байгаа. Шүүгдэгч нь гэм бурууд маргахгүй байгаа. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох 1079 тоот шинжилгээгээр 3 дугаар зэрэгт хамаарч дүгнэлт гаргасан байгаа. Иймд Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн бусдын эрүүл мэндэд хор хохирол учруулсан тохиолдолд гарах зардлыг нөхөн төлөх үүрэгтэй байгаа учир хохирогчид сэтгэцэд учирсан хохирлыг олгуулах нь зүйтэй. ...Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргахгүй. Буруугаа ойлгож байгаа. Хохиролд 10,000,000 төгрөг төлсөн. Шүүхээс тогтоосон хохирол түүний хор уршгийн хэмжээг 10,000,000 төгрөгөөс нэмж тогтоовол төлөхөө илэрхийлж байгаа. Мөн цаашид эмчилгээнд гарах зардлыг тухай бүр нь төлөхөө илэрхийлж байна. Байр түрээслэх асуудал нь байх ёстой асуудал гэж хохирогчийн өмгөөлөгч тайлбарлаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд Иргэний хуульд зааснаар түрээслэх гэдэг ойлголт нь өөр зүйл. Байр хөлсөлсөн, түрээсэлсэн гэх нь ойлгомжгүй байна. Түрээсэлсэн гэх асуудал нь үр дүн нь ашиг олох зорилгоор түрээсэлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр анх байгуулсан гэрээ нь хэрэгт байхгүй байгаа учир гэрээнд хийсэн актыг үндэслэж энэ хүн байр хөлсөлсөн байна гэж шууд үзэх боломжгүй байна. Тиймээс Эрүүгийн хуульд зааснаар шууд хохирол болох эмчилгээ хийлгэсэн, эм тарианы зардлыг гаргах нь зүйтэй байх. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн тухайд Улсын дээд шүүхийн Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нөхөн төлүүлэх жишиг аргачлалд хэд, хэдэн нөхцөлийг анхаарч шүүх нөхөн төлүүлэхээр тогтооно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл учирсан гэмтлийн байдал, эрүүл мэндийн байдал, хохирогчийн буруутай байдал, гэм бурууд гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, хохирогчийн нас биеийн онцлог зэргийг харгалзаж зэрэглэлд заасныг дээд хэмжээ, доод хэмжээнд харгалзуулан шүүх тогтооно гэж заасан байна. Энэ хэрэгт харилцан маргалдаж, хохирогчийн буруутай хүнийг доромжилсон үйлдэл байдаг. Ийм учраас зэрэглэлийг доод хэмжээгээр тогтоож өгөөч гэсэн саналтай байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тухайн үед мөрдөгдөж байсан хэмжээгээр тогтоож өгнө үү. Гэм бурууд маргахгүй хохирол хор уршгийг шүүхийн хэмжээнд тогтоогоод манай төлсөн хохирлоос төлж барагдуулъя цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлж байна. ...Шүүхээс гэм буруутайд тооцлоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилгыг гэм буруутай хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэж хуульчилсан. Нөгөө талаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Өөрөөр хэлбэл уг зүйлд анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирол, хор уршгийг тусад нь ялгаж зохицуулсан учраас учруулсан хохирлоо бол бүрэн төлж барагдуулсан гэж үзэхээр байна. Харин хохирлоос үүсэх үр дагаврыг бүрэн төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч бүрэн төлөх боломжтой хүн. Өөрөөр хэлбэл түүний хувьд сум, аймгийн сайн малчин, тодорхой хэмжээний малын ашиг шим, орлоготой. Хэдийгээр малчин хүний онцлог нь өдөр бүр, сар бүр орлого олохгүй ч хүнсний цагаар, ноос, ноолуурын цагаар тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй болдог учир энэхүү байдлыг харгалзан хохирлоо төлөх боломжтой байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг бүрэн төлөхөө илэрхийлсэн. Гэмт хэрэг гарахад мөн хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл байгааг шүүх хохирлыг хөнгөрүүлэн авч үзэхдээ дурдсан. Энэ нь шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад мөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болно гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн тухайд анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Хувийн байдлын тухайд эхнэр нь тодорхой хэмжээний унадаг, асаргаанд байх шаардлагатай, хүүхэд нь бөөрний хагалгаанд орсон. Ар гэрийн тухайд хүндрэлтэй нөхцөл байдал байгааг шүүх харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Нөгөө талаар шүүгдэгч хохирогч нар нь нэг нутаг усны хүмүүс бөгөөд хохирогчийн зүгээс заавал шүүгдэгчид хүнд ял оногдуулах, хорих ял санал болгохгүй байна гэж ойлголоо. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулах боломж байна гэж харж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгож өгнө үү. Торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэсэн саналтай байна. Торгох ял оногдуулах саналын үр дагаврын тухайд хохирогчийн хувьд эмчилгээ хийлгэх зайлшгүй зардал гарах нөхцөл байдал байна. Үүнийг шүүгдэгч төлөх үүрэг хүлээж байна. Шүүгдэгчийг хорьсноор хохирогчийн төлбөрийг төлөхөд удаашралтай нөхцөл байдал үүсэх, ар гэрээс нь хамаарч ашиг олох, хохирол төлөх боломж хаагдах үр дагавар үүсэх учир заавал хорьсноор нийгэмшихгүй. Өөрийнхөө хөдөлмөр, эд хөрөнгөөрөө хариуцлага хүлээх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлоо төлж барагдуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй, аль боломжоороо дэмжлэг үзүүлж ирсэн, хохирогчийн биеийн байдал харьцангуй сайжирсан байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан торгох шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Гэм бурууд маргахгүй байгаа. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна гэж үзэж байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогчийн бие эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн барагдуулсан байна. Хэдийгээр 10,500,000 төгрөгийг нэхэмжилж байгаа ч эмчилгээний зардал нь 10,000,000 төгрөг байгаа. Энэ гарсан зардалтай холбоотой хохирол төлөгдсөн байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилж байна. Цаашид эмчилгээнд явах зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байна. Шүүхээс тогтоосон хохирлыг төлж барагдуулна. Сэтгэцэд учирсан хохирлын тухайд доод хэмжээгээр тооцож гаргах боломжтой байна. Байрны зардал нь иргэний эрх зүйн хэм хэмжээнд таарсан хэлэлцээр хийгээд түрээсэлсэн, хөлсөлсөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Байрны гэрээ цуцалсан акт хэрэгт авагдсан байдаг. Үүнд төлөх хохирлыг төлөх нь эргэлзээтэй учир уг хохирлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээх боломжтой. ...Шүүхээс гэм буруутайд тооцсон, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхээр өмгөөллийн үйл ажиллагаа явуулна. Б.Энхжаргал өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа, дүгнэлтийг дэмжиж байна. Шүүгдэгчийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдлоо. Гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг барагдуулсан. Гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэдгийг шүүх дүгнэсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх боломжтой байна. Шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогчид учирсан 10,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, өөрийн хувийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан 10,000,000 төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэж өгнө үү. Торгох арга хэмжээ авч байгаа нь шүүгдэгч нийгэмшиж байгаа, нутгийн олондоо нэр хүндтэй байдал алдагдаж байгаа, хохирогч цаашид эрхээ хамгаалахын тулд мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргаж байгаа зэргээс хохирогчийн эрх ашгийг хангахад чиглэсэн байна. Хувь хүнийхээ тухайд үйлдэлдээ дүгнэлт хийж, гэмшээд, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлж саад учруулахгүй байсан зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой байна гэсэн дүгнэлттэй байна” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /Хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

2. Иргэн С.Б 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн өргөдлийн хуулбар /Хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас/,

3. Хохирогч С.Б 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн “...Манайх хонь ямаа нийлсэн 200 орчим тооны малтай, би өөрийн малаа Б гэдэг залууг гуйгаад тэднийд тавьсан байсан юмаа. Бид 2 хамт 2 өвөлжөөгөө дамжиж өвөлжье гээд ярьж тохирсон байсан. Тэгээд байж байтал манай мал маллаж байсан Б эхнэрээ эмчилгээ хийлгэхээр аваад Улаанбаатар хот явсан. Тэгээд би Б гэрт нь байгаад мал харах болсон. Би тэдний гэрт бараг 10 хоносон байхаа. Тэгээд байж байтал 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр манай мал байгаа айлын эзэн Б надад хандаж утсаар залгаад “ах аа би хотоос очиж байна, та миний машиныг асаагаад зам дээрээс намайг тосоод аваадхаач” гэж хэлсэн. Тэхээр нь би тосоод авъя гэж хэлээд малаа гэр рүүгээ ойртуулаад байж байтал манай ойрхон өвөлждөг Н гэх хүн над руу утсаар залгаад "Б ахаа та манай малыг өвөлжөө рүү оруулаад хашаад оруулчхаад манай бор гэр дээр хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б ******** маркийн машинаар Н өвөлжөө рүү очоод хонийг нь тууж оруулаад хашсан. Хонийг нь хашчихаад Н бор гэр дээр очсон. Намайг Н гэдэг залуугийн гэрт очтол Х, Н нар архи пиво уугаад сууж байсан. Намайг ортол Н нэг 0.75 литрийн архи задлаад надад 3 удаа хийж өгөөд намайг татчих гэхээр нь би 3 удаа татсан. Тэгээд би “одоо явж Б тосох гээд байна" гэж хэлтэл Н “Бид 2 хамт яваад базаа тосъё” гээд хамт гараад машинд суугаад явсан. Бид 3 яваад “Сүүжийн нарийн ухаа” гэдэг газар очоод Б сууж явсан машин ирэхийг хүлээгээд хэсэг зогссон. Тэнд зогсож байхдаа нөгөө архи тойруулаад нэг, нэг татсан. Удалгүй Б ирсэн. Б ирээд бид нар тосож аваад Б өөрөө машинаа бариад бид 4 хамт Б гэдэг залуугийн гэр лүү явсан. Замдаа нөгөө архиа уугаад дууссан. Б гэрт очоод Б нэг шил архи гаргаж өгөөд тэрийг нь бид 4 гэрт нь сууж байгаад хуваагаад уусан. Тэр архи нь дуусаад Б дахин нэг 0,5 литрийн архи гаргаж ирээд задлаад бид 4 уусан, тэр архи уугаад дуусах дөхөж байтал Н бид 2 маргалдаад, гэрээс гарч ярилцах болсон. Н бид 2 гэрээс гараад гэрийн баруун талд гараад Н миний зүүн талын нүд рүү баруун гараараа нэг удаа цохиод би унасан. Би газар унаад нүдээ дараад өндийх гэтэл миний зүүн талын шанаа руу өшиглөсөн. Тэгээд юу болсон талаар санахгүй байна, нэг сэрэхэд Асгат сумын төв дээр Б машин дотор жолоочийн хажуу талын урд суудал дээр сэрсэн. Сэрээд хартал машины хойд суудал дээр Б унтаж байгаад сэрээд өндийгөөд ирсэн, жолоочийн суудал дээр Х сууж байсан. Б өндийж ирээд "Б ахын нүүр ам юу болсон бэ? Хэн ингэж зодчихов оо" гэж асуутал Х "Н ингээд зодчихлоо, би бол гар хүрээгүй гэж хэлсэн. Б "хаана байгаа юм гэсэн чинь" Х "энд айлд байгаа" гэж хэлээд машинаа асаагаад Н байгаа айл руу явсан. Тэр айлын гадаа очтол айлын эзэн Ц гэдэг залуу гарч ирээд "миний сууж байсан хаалга онгойлгоод "Б ахын нүүр нүд яагаа бэ” гэхээр нь би "Н намайг зодсон” гэж хэлсэн. Тэгтэл нөгөө айлын эзэн залуу буцаад гэр рүүгээ ороод Н гарч ирээд машинд суугаад бид нар тэндээс хөдөлсөн. Тэхээр нь би намайг гэрт хүргээд өгөөч, толгой өвдөөд байна гэж хэлээд гэртээ хүргүүлсэн. Манай гэрийн гадаа ирээд Б намайг гэр рүү оруулж өгсөн. Тэр үед манай эхнэр П, хүү Б нар байсан. Энэ үед цаг 08 өнгөрөөд 09 цаг болох гэж байсан. Намайг гэртээ ортол манай эхнэр намайг хараад хэн ийм болгоо бэ гэж асуухад “Н ингээд зодчихжээ” гэж Б хэлсэн. Тэгээд Б манай гэрээс гарч яваад манай эхнэр миний хувцас тайлаад, гар хөлний цус цэвэрлээд, надад нэг өвчин намдаах эм өгөөд оронд оруулчхаад ажилдаа явсан. Би гэртээ хэвтээд өнжсөн. Тэр явдлаас хойш би өвчин намдаах эм уучхаад яваад байсан, би нэг зүйл дахин дахин яриад байх юм, эмнэлэгт үзүүлээч гэж хэлээд би Улаанбаатар хот руу ирээд 1 дүгээр эмнэлэгт үзүүлэхэд “зүүн шанаа зүүн талд том цус хуралттай, хагалгаанд ор" гэж хэлсэн. Тэхээр нь би 3 дугаар эмнэлэг дээр очоод үзүүлээд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байхаа хагалгаанд орсон. Дараа нь 1 дүгээр эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, мөн хувийн эмнэлэгт хэвтэж эмчилгээ хийлгэсэн...Хэрэг гарах үед миний хажууд Б, Н, Х бид 4 л байсан, Намайг цохиж байхад гэрийн гадаа Н бид 2 л байсан, гэрт Б, Х нар байсан, тэгээд ухаан алдсанаас хойш хэн намайг машинд суулгасан талаар хэлж мэдэхгүй байна...Уг хэргийн улмаас миний биед зүүн талын шанаа тэр чигтээ хавдсан, Зүүн нүд хөхөрсөн байсан, хамар хугарсан зэрэг гэмтэл учирсан, тэгээд хагалгаанд ороод арай гайгүй болсон. Одоо зүүн нүд л анивчаад байгаа. Юмаа мартаж санаад байдаг болсон. Дээрх гэмтлүүдийг Н гэдэг залуу учруулсан. Би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-13 дугаар хуудас/,

4. Хохирогч С.Б 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр дахин өгсөн “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Надад дүгнэлттэй холбоотой гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй...Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн ***** гэх нэртэй газарт манай малыг маллаж байсан Б гэх айлын гадаа 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө буюу 00 цагийн орчимд Баянхайрхан сумын иргэн болон Н гэх хүн миний зүүн нүдний хэсэгт гараараа цохиж газарт унагаагаад намайг газарт унаад босож ирэх гэж байхад хөлөөрөө миний зүүн шанааны хэсэгт өшиглөсөн. Би хэсэг ухаан алдаж байгаад өглөөний 08 цаг өнгөрч байхад ухаан орсон. Уг үйл явдал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж хоорондоо маргалдсаны улмаас болсон. Намайг ямар нэгэн багаж зэвсэг ашиглаж зодож цохисон асуудал байхгүй. Миний нүүр лүү 1 удаа гараараа цохиж, 1 удаа хөлөөрөө өшиглөсөн юмаа...Миний эрүүл мэндэд хохирол учруулсан хүн миний хохирлыг барагдуулсан зүйл одоогоор байхгүй ээ. Яг одоо надад гаргаж өгөх баримт байхгүй байна. Би өөрт учирсан зардлыг баримтуудыг бүрдүүлж байгаа бөгөөд шүүх, прокурорын шатанд өөрт учирсан хохирлын баримтаа гаргаж өгнө. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Н бид хоёр хоорондоо муудалцаж уг хэрэг үүссэн бөгөөд нутгийн хүндээ гомдол гаргаад яахав удахгүй нүүрний хавдар буугаад зүгээр болчих байх гэж бодож байсан тул цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй юмаа. Гэвч миний биеийн байдал муудаж эхэлсэн тул Улаанбаатар хотод ирж мэс засалд орсон. Үүний дараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан юмаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

5. Хохирогч С.Б 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр дахин өгсөн “...Одоо миний толгой их өвдөж байна, хүний хэлсэн зүйлийг сайн ойлгохгүй байна, зарим зүйлийг мартдаг болсон. Мөн уналт таталтын эсрэг эм байнга ууж байна. Би ирэхээсээ өмнө улсын 1 дүгээр эмнэлэгт толгойгоо дахин үзүүлэхэд жаахан наалдацтай байна, унаж татах магадлал өндөртэй байна. Наалдцаа салгуулах эмчилгээ сайн хийлгэ гэж хэлсэн. Монгол улсад шарлага хийлгэдэг өөрөөр эмчилдэггүй. БНХАУ-д үлээлгэж салгадаг гэсэн. Чухам төлбөр нь ямар үнэтэйг нь мэдэхгүй. Эмчилгээтэй холбоотой 24 ширхэг 1,469,865 төгрөгийн НӨАТ-ын баримт байна. Мөн Улаанбаатар хотод 2025 оны 01 дүгээр сараас 4 дүгээр сар хүртэл 4 сарын хугацаанд 8,000,000 төгрөгийн байр түрээсэлсэн байрны төлбөр төлсөн баримт. Би сарын 2,000,000 төгрөгөөр байр түрээсэлж Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Мөн Завхан Улаанбаатар хооронд автобусаар явсан зардал болон Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэхдээ авто машинд бензин хийсэн шатахууны зардал 1,040,000 төгрөгийн баримт авчирсан байгаа. Эдгээрээс өөр надад гаргаж өгөх баримт одоогоор надад алга байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Н зодуулсан. Би түүнд зодуулахаасаа өмнө болон дараа нь өөр хүн цохиж зодуулсан зүйл огт байхгүй. Би гарсан зардлаа бүгдийг нь төлүүлээд авчихвал надад өөр ямар нэгэн гомдол санал байхгүй. Ё.Н нь 2025 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өөрийнхөө 92193301 гэсэн дугаараас над руу тохиролцъё гэсэн утгатай мессеж бичсэн байсан. Гэхдээ өнөөдрийн байдлаар надад нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 171-172 дугаар хуудас/,

6. Иргэний нэхэмжлэгч Д.Ц “...С.Б гэх иргэн нь Улсын гуравдугаар эмнэлгээс 2 удаа, Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 8 удаа, Төгөл “******” гэх сувиллын газраас 1 удаа нийт 11 удаа яралтай тусламж хэвтэн эмчлүүлж мэс засал хийлгэсэн болон  амбулаторийн бусад тусламж үйлчилгээ, оношилгоо зэрэг үйлчилгээнүүдийг авсан бөгөөд үүний улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 5,903,420 төгрөгийн зардал гарсан байна. Өнөөдрийн байдлаар Эрүүл мэндийн даатгалын санд 5,903,420 төгрөгийн хохирол учирч тухайн хохирол бүрэн төлөгдөөгүй байна. Иймд дээрх төлөгдөөгүй байгаа 5,903,420 төгрөгийн төлбөрийг төлүүлж эрүүл мэндийн даатгалын санг ямар ч хохиролгүй болгомоор байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 157-158 дугаар хуудас/,

7. Гэрч Ц.Х 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Н ахын гэрт орой 22 цагийн үед очсон. Тэдний гэрт Н ах ганцаараа байсан. Би тэдний гэрт 1 шил архитай очоод түүнийгээ хувааж уугаад байж байтал Н ах нэг хүнтэй утсаар яриад “манай хонийг хараадхаач өвөлжөөн дээр байна уу?” гээд яриад байсан. Тухайн үед Б ахтай утсаар ярьж байсан байна лээ. Удалгүй Б ах Н гэрт машинтай ганцаараа ирсэн. Б ах тухайн үед “*****” рүү явж Б тосож авна гээд явж байсан. Тэгээд бид гурав үлдсэн архи хувааж уугаад Б тосохоор бид нар түүний машинд суугаад явсан. Б бид гурав Баянхайрхан сумын нутаг дэвсгэр болох “********” гэх газраас тосож аваад Б отрын гэрт очсон. Б Улаанбаатар хотоос ирсэн гээд 0.75л хэмжээтэй “Соёрхол” гэдэг нэртэй архи 1 шилийг задлаад дөрвүүлээ хувааж уусан. Дараа нь дахин 0.5 литрийн хэмжээтэй “Хараа” гэдэг нэртэй архи задлахаар нь бүгдээрээ хувааж уусан. Б ах маргааш ямаа ачна гэхээр нь бид гурав түүнийг төв рүү хүргэж өгөхөөр болоод гэрээс гарсан. Б ах бид хоёр бие засахаар болоод тэр хоёроос холдоод бие засаад байж байтал Б ах Н хоёр маргалдаад зодолдоод эхэлсэн. Тэгээд бид хоёр очиж салгасан. Тэгтэл Б ах зодуулсныхаа дараа гэр рүү ороод хутга аваад гараад ирэхээр нь нэгнийгээ хутгалж магадгүй гэж бодоод хутгийг нь булааж аваад хаясан. Дахиж тэр хоёр зодолдоогүй...Б ах бид хоёр тэр хоёрыг яг зодолдох үед нь хамт байгаагүй. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор хэн нь хэнийгээ хэдэн удаа яаж цохисныг бол сайн хараагүй. Бие биеийгээ 1-2 удаа л цохисон байхаа. Маш хурдан болоод өнгөрсөн. Зодооны дараа Б ахын нэг нүд нь хавдсан байсан өөр гэмтэл байсан эсэхийг сайн хараагүй. Н биед ил харагдах гэмтэл шарх байхгүй байсан. Зодоон 5-6 цагийн үед үүр цайх гэж байхад болсон. Тэгээд бид нар Б ахыг гэрт нь хүргэж өгсөн. Б ахыг Б гэр рүү нь оруулж өгсөн. Н бид хоёр машинд сууж байсан. Тэр хоёр удам судар ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Зодоон Б, Н хоёрын дунд болсон” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

8. Гэрч Ч.Б 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн. Би ирэхдээ замын унаанд суугаад Б ахыг тосож аваарай гэж хэлсэн. Ингээд би орой Баянхайрхан сумын Асгат багийн “******” гэх газарт замын унаанаасаа буухад миний “*******” маркийн машинтай Б ах, Н, Х гурав намайг тосож авсан. Тэр гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд бид нар манай отрын гэрт очоод би Улаанбаатар хотоос авчирсан 0.75 литрийн Соёрхол, 05 литрийн Хараа архи гаргаад дөрвүүлээ хувааж уусан. Тухайн үед манайх Баянхайрхан сумын Асгат багийн багийн “***********” гэх газарт намаржиж байсан. Хэрэг болох үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан байхаа. Б ах нэлээн согтоод “Ахыгаа төв оруулаад өг. Ажилтай болсон.” гэхээр нь бид нар гэрээс гараад, би бие засах гээд явсан. Намайг бие засах гээд явах үед Б, Н хоёр үүдний хажууд байсан. Тэгтэл Х намайг дуудаад “Б ахаа, нөгөө хоёр чинь зодолдоод эхэллээ, салгаарай” гэхээр нь намайг очиход тэр хоёр зодолдоод салсан байсан. Б намайг салгах гээд очих үед гэр рүү ороод хутга аваад гараад ирсэн гэсэн. Түүнийг хутга аваад гараад ирэхээр нь Х хутгийг нь аваад шидчихлээ гээд зогсож байсан. Намайг тэр хоёрын хажууд очиход Б ахын нүд нь хавдсан байдалтай, хавдсан нүднийхэн хажуу талаас бага зэрэг цус гарсан байдалтай. Н биед ил харагдах шарх сорви байхгүй байсан. “Та хоёр яагаад зодолдсон бэ?” гэхэд Н надад хэлэхдээ “Б намайг өнгөрсөн зун манай өвөг дээдсийг доромжлоод байсан. Түүнээс болоод бид хоёр маргалдаад би түүнийг арай хэтрүүлчихлээ” гээд зогсож байсан. ...Тухайн зодоон Б, Н хоёрын дунд болсон. Өөр хүн зодоонд оролцоогүй. ...Намайг очиход тэр хоёр зодолдоод салсан байсан. Би биеийгээ гар хөлөөрөө л цохисон байхаа. Тухайн үед харанхуй байсан болохоор сайн харж чадаагүй. Ямар ч байсан бие биеийгээ цохиод харилцан зодолдоод байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,

9. Гэрч С.О 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн “...Би яг хэзээ гэдгийг нь сайн санахгүй байна. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө байсан байхаа. Би ээжийнхээ гэрт очоод үхрээ саагаад, ээжийн гэрт ороод гал түлээд цай чанаж өгчхөөд 08 цагийн орчим байхаа ээжийнхээ гэрээс гараад хартал хашааны үүдэнд дүү Б малчин болох Б гэдэг залуугийн машин байхаар нь яваад очсон. Би очоод хартал уг машин дотор Х, Н нар байсан. Би тэр 2-той мэнд мэдээд юу хийж яваа талаар болон дүү Б хаана байгаа талаар асуухад Н гэх залуу надад хандаад "эгчээ бид нар өнгөрсөн шөнө архи уугаад, Б ах бид 2 муудалцаад, би Б ахыг зодчихлоо, арай хэтрүүлчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь буцаж хашаа руугаа ороод тугалаа хашаад үхрээ гаргаад өөрийнхөө гэр рүү явсан. Манай гэр ээжийн гэрээс нэлээд зайтай байдаг. Тэгээд гэртээ хариад байж байгаад орой үхэр малаа саах гээд дахин ээжийн гэрт ирсэн. Ээжийн гэрийн хашаанд байдаг дүү Б гэрт ортол эхнэр П байсан ба Б унтлагын өрөөнд унтаж байсан. Би очоод хартал зүүн талынх нь нүд хавдаж хөхөрсөн байдалтай байсан. Би дүү Б унтаж байхаар нь буцаад гараад явсан. Энхэр П "Б Н зодуулсан байна, өвчин намдаах эм уугаад унтаж байна” гэж хэлсэн. Өөр нарийн зүйл мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 33-35 дугаар хуудас/,

10. Гэрч Н.Т 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “....2024 оны 11 дүгээр сарын 18-ны манай нөхөр Н намайг Асгат сумын төв рүү хүргэж өгөөд орой нь гэр рүүгээ явсан. Би маргааш орой нь нөхөр рүүгээ утсаар ярихад Б /Х/ манайд ирээд ганц юу уугаад бид нар Б гэрт ирээд юм ууж байна гээд ярьж байсан. Нөхөртэйгөө утсаар ярьж байхад маргалдаж байгаа бололтой яриа сонсогдож байсан. Би нөхрийгөө малаа яасан бэ? гэхэд малаа хотлуулсан гэж хэлсэн. Маргааш өглөө нь нөхөр рүүгээ утсаар ярихад утас нь холбогдохгүй байсан. Би маргааш нь хөдөө гэртээ очиход манай нөхөр орон дээрээ хэвтэж байсан бөгөөд яасан юу болсон гэхэд хүнтэй зодолдсон юм шиг байна гэсэн. Тухайн үед манай нөхрийн зүүн нүд нь хөхөрсөн, хамрын нуруу нь юмаар зурсан гэмээр зүсэгдсэн байдалтай, мөн гар нь 2, 3 газар зүсэгдсэн гэмээр шархтай, толгой, зүүн талын хацар нь хавдсан байдалтай байсан. Манай нөхөртэй хамт архи уусан Б, Х нараас асуухад Б эхлээд танай нөхрийн удам судар, эцэг, эхийг нь хамаргүй гэж доромжлоод байсан. Түүнээс болж хоорондоо зодолдсон. Б эхлээд толгой руу цохиод тэгээд зодоон Н босож ирээд зодолдсон гэж хэлсэн. Б эхлээд нэг удаа хутга гаргаад дайрахаар нь Н хутгийг нь болиулсан дараа нь дахиад хутга гаргахаар нь Х хутгийг нь салгасан гэсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,

11. Гэрч А.П 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр өгсөн “...2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байх гэж бодож байна. Тэр өдөр ажлын өдөр байсан өглөө 08 цаг 50 минутын үед манай нөхөр С.Б Ч.Б гэр лүү оруулж өгсөн. Манай нөхөр гаднаас орж ирэх үедээ өрөөсөн нүд нь тагларч хавдсан, нүднийхэн хажуу талд буюу хөмсөг нь шалбарсан, нүүр, дээл нь цус болсон байдалтай орж ирсэн. Тэгээд би нөхөр болон Б хоёроос “юу болов? хэнд зодуулсан бэ?” гэхэд С.Б ахыг Б зодоод ийм болгосон гэж хэлсэн. Манай нөхөр болохоор дугарахгүй байсан. “Н хаана байна” гэхэд “гадаа машинд байна” гэхээр нь гараад уулзан “яахаараа хүнийг ийм болтол нь зоддог юм бэ? цагдаад хэлнэ” гэхэд манай нөхөр “яахын бэ? архинаас л ийм юм боллоо, одоо гайгүй байхаа, яахын бэ?” гэхээр нь би тухайн үед цагдаад хэлээгүй. Тухайн үед сумын эмнэлэгтээ ч үзүүлээгүй. Гэрээрээ өвчин намдаах эм уусан. Манай нөхөр зодуулснаасаа хойш өглөө оройгүй толгой өвдөөд байна гээд өвчин намдаах уудаг болсон. Сүүлдээ нэг үгээ олон давтан яриад байхаар нь гайхаад “эмнэлэгт очиж үзүүлээд ир” гээд нөхрийгөө Улаанбаатар хот руу явуулахад эмчид үзүүлээд хагалгаанд орох болсон. Манай нөхөр Н зодуулснаасаа хойш ямар нэгэн хүнтэй хэрэлдэж маргалдаагүй, унаж бэртээгүй. Н манай нөхрийн ах хоёулаа гараад ярилцъя гээд гэрээс гаргаад шанаа руу нь нэг удаа цохисон гэсэн. Түүнд нэг цохиулаад манай нөхөр газарт унасан гэсэн. Тэгтэл манай нөхрийн зүүн талын шанаа руу нь нэг удаа өшиглөсөн гэсэн. Манай нөхөр зүүн талын шанаа руугаа өшиглүүлээд түүнээс хойших үйл явдлаа санахгүй байна гэсэн...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,

12. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2/148 дугаартай албан бичиг, хавсралт /Хавтаст хэргийн 46-71 дүгээр хуудас/,

13. Улсын гуравдугаар эмнэлгийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01/95 дугаартай албан бичиг, хавсралт /Хавтаст хэргийн 75-83 дугаар хуудас/,

14. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ********* дугаартай “...1. С.Б биед духны зүүн хэсэг, чамархайн урд талд сорви, зүүн дух, суурь ясны зүүн их далавч, зүүн ухархайн дээд болон гадна хананы хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлтээс хамаарна. 5. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.” гэсэн шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 103-106 дугаар хуудас/,

15. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч нарын 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ***** дугаартай “С.Б /РД: ***********/-ын сэтгэцэд тухайн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. 2. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Цаашид сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх шинжээчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 164-166 дугаар хуудас/,

16. Хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдалд холбогдох баримтууд болон хохиролтой холбоотой бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  шүүгдэгч Ё.Н нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд өдөр шилжих шөнө Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн нутаг “***********” гэх газарт байрлах иргэн Ч.Б гэрийн гадна, согтуурсан үедээ, хохирогч С.Б хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний эрүүл мэндэд духны зүүн хэсэг, чамархайн урд талд сорви, зүүн дух, суурь ясны зүүн их далавч, зүүн ухархайн дээд болон гадна хананы хугарал, тархины зүүн духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх цусан хураа бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч Ё.Н холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

Ё.Н нь цохих, өшиглөх үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байгаа бөгөөд тэрээр ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Ё.Н үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ё.Н нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч С.Б Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Ё.Н нь хохирогч С.Б эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлээрээ Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Иймд  шүүгдэгч Ё.Н хохирогч С.Б цохих, өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь халдаж хүнд хохирол учруулсан үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Ё.Н холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Ё.Н хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Ё.Н, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, М.Гомборагчаа нар нь шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн асуудлаар маргаагүй болно.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний ... эрүүл мэндэд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, харин энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцдог.

Шүүгдэгч Ё.Н үйлдлийн улмаас хохирогч С.Б эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн эмчилгээний зардалд 10,515,958 төгрөг гарсныг хохирогч шүүгдэгчээс нэхэмжилсний дагуу шүүгдэгч 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсныг хохирогч хүлээн зөвшөөрсөн байна.

Хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах эрхтэй учир уг эрхийнх нь дагуу шүүх түүний эмчилгээний зардалд зарцуулсан мөнгө төлөгдсөн гэж үзлээ.

Харин хохирогч шүүгдэгчийн учруулсан гэмтлийн улмаас эмчилгээ хийлгүүлэх шаардлагатайгаа тайлбарлаад, цаашид эмчилгээнд гарах зардлаа тухай бүрт нь нэхэмжилнэ гэснийг үндэслэн шүүх энэхүү асуудлыг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчид 5,903,420 төгрөгийн эмнэлэгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан тул хуулийн энэхүү зохицуулалтын дагуу шүүгдэгч Ё.Н 5,903,420 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгчийн хохирогчид учруулсан гэмтлийн улмаас хохирогчийн сэтгэцэд 3 дугаар зэргийн хор уршиг учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ... эрүүл мэнд, сэтгэцэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж тус тус хуульчилснаас гадна  2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаартай тогтоолын “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1 дүгээр хавсралтын 3 дугаар зүйлийн 3.4-т “Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу ... 3 дугаар зэрэглэл 9-15% ...хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл...” гэж тогтоосон.

Иймээс шүүх хохирогч С.Б эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодийн гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар гэх бүхий л байдлыг харгалзан үзээд, сэтгэцийн эмгэгийн 3 дугаар зэрэглэлийн хор уршиг учирсныг харгалзан гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2024 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 18 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 11,880,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ё.Н хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй юм.

Шүүх шүүгдэгч Ё.Н оногдуулах ялын төрөл, хэмжээг тогтоохдоо түүнийг хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Мөн шүүгдэгч Ё.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, согтуурсан, мансуурсан байдалтай байсан болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байх бөгөөд дээрх гэмт хэрэг үйлдэгдэхэд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлж, шүүгдэгч нь нийгмийн харилцаанд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг ноцтой зөрчиж хүний халдашгүй дархан байх, амьд явах жам ёсны эрхийг хөндсөн байдлыг ч тал бүрээс нь харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгч Ё.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй гэсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бусад нөхцөл байдлуудыг харгалзан шүүх шүүгдэгч Ё.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Ё.Н оногдуулсан торгох ялыг 2028 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ё.Н нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба түүнд шүүхээс торгох ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

1. Шүүгдэгч Ц овгийн Ё.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н 12,000 /арван хоёр мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2028 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч   Ё.Н нь   энэ   гэмт хэргийн улмаас цагдан   хоригдоогүйг  дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Н 5,903,420 /таван сая есөн зуун гурван мянга дөрвөн зуун хорь/ төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, шүүгдэгч Ё.Н 11,880,000 /арван нэгэн сая найман зуун наян мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч С.Б олгосугай.

9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН