Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,

Шүүгдэгч Н.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан Н.Ч холбогдох ************* дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, ************, Ш овогт Н.Ч /РД:*******/.

Шүүгдэгч Н.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн ********** гэх нэртэй газарт байрлах Б.Б эзэмшлийн амбаарын цоожийг эвдлэн орж мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Б 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Н.Ч холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т хамаарч байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Н.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн ********** гэх нэртэй газарт байрлах Б.Б эзэмшлийн байшингийн цоожийг эвдэлж, орон байранд нэвтэрч мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Б 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзсэн.

Иймд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.

Шүүгдэгчийн тухайд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хулгайлсан эмээлийг хохирогчид буцаан өгч, цоожны үнэлгээ болох 60,000 төгрөгийг 80,000 төгрөгөөр төлж хохирол, төлбөрийг барагдуулсан баримт хэрэгт авагдсан байгаа. ...Шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга авах саналтай байна. Шүүгдэгч нь хохирол, төлбөр, хор уршгийг бүрэн барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эвдэрсэн монгол цоожийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах саналыг гаргаж байна” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь зохих зөвшөөрөлгүй бусдын орон байранд нэвтэрч хулгай хийсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэг бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Мөн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Хохирлыг барагдуулсан. Өөрөөр хэлбэл хулгайн эд зүйл хураагдаж ирээд эзэндээ буцаан олгогдсон нь хавтаст хэргийн 96 дугаар хуудаст хохирогчийн хүсэлтээр нотлогдож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг байхгүй. Гэм буруудаа маргаагүй. ...Шүүхээс гэм буруугийн хуралдаанаар шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлагын тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт 2.1 зааснаар 2-8 жилийн хугацаагаар хорих санкцтай байгаа хэдий ч хохирол төлбөрөө барагдуулсан, хувийн байдал буюу амьдрал ахуй нь 4 нялх хүүхэдтэй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих боломжтой гэж үзэж байна” гэв.

-Шүүгдэгч Н.Ч нь шүүх хуралдаанд хэлсэн үгэндээ: “.Би буруу зүйл хийсэн. Б манай хүргэн. Хар багаасаа цуг өсчхөөд энэ хавар хэнд ч хэрэггүй, өөрийгөө хорлосон муухай зүйл хийсэндээ үнэхээр их гомдож байна. Юу ч хэлэхээ сайн мэдэхгүй байна. Би буруу л зүйл хийсэн..” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:            

-2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл”, иргэн Д.Ц гаргасан өргөдөл /хх-ийн 02-03-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл” /хх-ийн 04-07-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 05  дугаар сарын 21-ний өдрийн “Илтгэх хуудас” /хх-ийн 08-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн тэмдэглэл /хх-ийн 09-р хуудас/,

-Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зарт багийн нутаг "******" гэдэг газарт байсан миний эзэмшлийн эзэнгүй цоожтой модон амбаараас 2025 оны 04 дүгээр сарын 25-30-ны өдрийн хооронд намайг эхнэр хүүхэд авч тусдаа гарахад аав ээжээс бэлдэж, төхөөрч өгсөн мөнгөн тоноглолтой эмээл хулгайд алдсан тул танай байгууллагад хандсан. Тэгсэн чинь манай найз Ч харин амбаарын цоож эвдэж миний эмээлийг хулгайлан авч Улаанбаатар хот руу зарах гэж явуулаад тэгээд баригдаад буцааж авч ирж аав, ээж хоёрт хүлээлгэж өгсөн байна. ...Зарт багийн нутаг "*******" гэдэг газарт олон хүмүүсийн эзэмшлийн зөндөө олон модон амбаарууд байдаг байсан бөгөөд зарим нэг нь амбаараа буулгаж аваад одоо 6-н амбаар байдаг юм. Тэдгээр амбааруудын дунд миний бас амбаар байдаг болохоороо хаваржаа, зуслан гээд нүүхээрээ нээх хэрэглэдэггүй эд зүйлүүдээ том монгол цоожтой амбаартаа хийж цоожлоод үлдээчихдэг байсан юм. Би сүүлд 2025 оны 04 дүгээр сарын 22-нд өвөлжөө рүүгээ мориор яваад буцаж харих замдаа харахад зүгээр байсан. Тэгээд би 04 сарын 25-нд сум руу өөрийнхөө мотоциклоор ганцаараа явж 3 хоноод эргээд хөдөө очиж маргааш нь гэртээ өнжөөд нөгөөдөр нь үхрээ хараад өвөлжөө рүүгээ явах замдаа харахад амбаарын хаалга онгорхой байхаар нь очоод үзэхэд цоожийг нь эвдээд баруун тал руу нь шороонд хаясан, дотор нь байсан нөгөө аав ээжээс намайг тусад гарахад бэлдэж өгсөн мөнгөн тоноглолтой эмээл амбаарын тавиур дээр тавьсан байсан чинь алга болсон байхаар нь тухайн үед нь сумын төв рүү ээжид хэлсэн юм. ...6-н завхай мөнгөн тоног нь аавын ааваас өвлөж ирсэн их эртний зөөлөн цагаан мөнгө байгаа юм яг хэдэн лан, хэдэн цэн болох талаар мэдэхгүй байна. Тэгээд хивсэн гөлмийг нь ээж бас таньдаг хүнээсээ олон жилийн өмнө 290,000 орчим төгрөгөөр тухайн үед их үнэтэй авч байсан, эмээлийн модыг нь мөн замын худалдаа наймаа хийж яваа хүнээс тухайн үедээ 2016 онд 3,000,000 орчим төгрөгөөр авч байсан болохоор одоо аав, ээж бид нар ярилцаад 15,000,000 /арван таван сая орчим төгрөгийн үнэлгээтэй байгаа гэж ярилцсан. Монгол цоожоо 100,000 /нэг зуун мянган/ төгрөгөөр үнэлж байна. ...Эмээлээ эргүүлээд олоод авсан юм чинь одоо тэр эвдсэн монгол цоожоо төлүүлж авна даа. Тэгээд энэ хүн найз нөхөд гэж явчхаад ийм зүйл хийж байдаг хуулийн дагуу л хариуцлага хүлээнэ биз. ...Манай найз Ч миний тэр эмээлийг байшинд байгааг нь мэдэж байсан болохоор яг байхгүй болсон байхад нь энэ нөхрийг авчихсан байж магадаггүй гэж бодоод асуухад аваагүй л гээд байсан. ...Аав ээж, бид 3-ыг байхад Ч уулзахад ёстой аваагүй гэж хэлээд байсан чинь харин хулгай хийж хот руу заруулахаар явуулчхаад цагдаагаас ярихаар буцааж авч ирж аав ээж хоёрт өгчхөөд одоо надтай уулзахгүй, утсаар ч ярихгүй байгаа. Тэрнээс байнга л морь мал, унаа тэрэг гээд гуйгаад хэрэглэдэг байсан хүн л дээ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/,

-Гэрч Д.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Их-Уул сумын төвд байдаг юм. Зарт багийн нутаг "*****" гэдэг газарт олон хүмүүсийн эзэмшлийн зөндөө олон модон амбаарууд байдаг бөгөөд бидний зүгээс тэр амбаарууддаа л зарим гэрийнхээ хэрэглэдэггүй зүйлүүдээ хийж цоожлоод нүүдэг байсан юм. Манай хүүхэд Б өөрийн эзэмшлийн тухайн газарт байдаг модон амбаартаа өвгөн бид хоёрын 2016-2017 оны үед Б гэр бүл болж эхнэр хүүхэд авахад нь манай нөхөр Б ааваас уламжилж ирсэн хуучин цагийн 6-н завхай өв дамжиж ирсэн мөнгөн /тоног/ даруулгыг шинэ цагийн эмээлийн цагаан мод худалдан авч шинээр эмээл засаж өгч байсан юм. Тиймээс манай хүүхэд тэр эмээлээ нээх хэрэглэдэггүй, хааяа нэг гангараа энэ тэрдээ л хэрэглэдэг учир нөгөө амбаартаа хийж цоожлоод үлдээсэн байхад нь 2025 оны 04 дүгээр сарын 25-29-ны өдрийн хооронд амбаарынх монгол цоожийг эвдээд дотор нь байсан нөгөө өвгөн бид хоёрын бэлдэж өгсөн мөнгөн тоноглолтой эмээл нь алга болсон байсан. Тухайн газарт 5-6 амбаартай, манай эзэмшлийн ч гэсэн 1 амбаар байдаг юм. ...Манай хүүхэд Б 04 сарын 22-нд амбаартаа очиход зүгээр байсан гэсэн. Тэгээд 04 сарын 25-нд сумын төв орж ирж 3 унтаад /хоног/ 04 сарын 28-нд хөдөө яваад нэг малдаа явахдаа харахад амбаарын хаалга нь онгойсон байхаар нь очиход амбаарын цоож нь байхгүй хаалга нь онгорхой дотор нь байсан мөнгөн эмээл нь байхгүй болсон байна гэж надад 04 дүгээр сарын 30-нд билүү 05 сарын 01-нд хэлсэн. Тэгээд сураглаад байсан чинь харин тэр Ч гэдэг манай нутгийн залуу хулгай хийж Улаанбаатар хот руу өгч явуулаад хотод байдаг тэр Ч эмэгтэй дүү нь харин өөрийн "*********" гэх фэйсбүүк хаягаасаа “АЛТ, МОНЕТ ҮНЭТ ЭДЛЭЛ” гэсэн зарын групп дээр ******** гэж зар оруулсан байсныг нь би хараад шууд эмээлээ таньсан чинь харин нөгөө зараа тэр доороо устгачихсан. Тэгсэн 2025 оны 05 дугаар сарын 19-нд Ч нөгөө эмээлийг манайд авч ирэхдээ ёстой уучлаарай, цагдаа залгаад байна, та 2 эмээлээ өөр газарт хийсэн байна, эсхүл өөрийнхөө төрсөн ах болох Г буюу Г гэгчийг авсан байна гээд цагдаад хэлээд өгөөч гэж хэлэхээр нь би тэгж хэлж чадахгүй чи өөрөө хулгай хийчхээд яаж чадаж байна, манайх цагдаад өргөдөл өгсөн шалгуулж байгаа учир чи наад эмээлээ цагдаад аваачиж өг гэж хэлсэн чинь энд үлдээчихье гэж хэлж үлдээгээд явсан. ...Манайх Б аавынх нь ааваас өвлөж ирсэн 6-н завхай мөнгөн тоногтой эдэн цэн болох талаар мэдэхгүй/ шинэ цагаан мод, тэгээд бас эртний өргөн хивсэн хөлөм одоогоос 10-аад жилийн өмнөх үнэ ханш гэж бодохоор нийлээд 15,000,000 арван тав орчим сая төгрөг болно гэж бодож байгаа...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 27-28-р хуудас/,

-Гэрч Н.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н Ч нь манай төрсөн дүү байгаа юм. Б.Б нь манай хүргэн талын хүмүүс энэ 2 нөхөр хоорондоо их найз нөхөд байгаа юм. Манайхан ч айл саахалтаараа сайхан байсан айлууд юм. Би Дарханд үйлдвэрт ажиллаж байгаад жаахан гэмтэл авчхаад эргээд сумдаа ирсэн юм. Их-Уул сумд хаврын бүсийн хурдан морины уралдаан 2025 оны 05 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд болоод тэрийг үзэж дуусгаад тэгээд манай эхнэр хүүхэд Улаанбаатар хотод салсан тусдаа амьдардаг болохоор хүүхдийн хонхны баярт очихоор маргааш нь өнжөөд нөгөөдөр нь Тосонцэнгэл сумын автобусаар Улаанбаатар хот руу явахад харин манай дүү Ч надад 1 ногоон өнгийн уут /шуудай/-тай л зүйл өгөөд хот ороод манай 1 эмэгтэй дүү байдаг юм тэрэнд өгчих гэхээр нь би авч яваад БЗД-ын эмнэлгийн хажууд байрлах 12 давхар байранд байдаг эмэгтэй дүү болох Д аваачаад цонхны полкон дээр нь тавьж орхиод хүүхдийнхээ хонхны баярт явсан. Тэгээд би 05 сарын 10-д гаргаад Дархан орсон байсан чинь харин эмэгтэй дүү Д харин утсаар залгаад энэ Ч нөгөө танаар өгч явуулсан эмээлийг найзынх нь байгаа юм зараад өгчих гэхээр нь би фэйсбүүк дээр тавьсан чинь хүн залгаад хулгайн эмээл гээд гэхээр нь фэйсбүүк дээр тавьсан зараа устгачихлаа гэж ярихаар нь би Дарханаас Их-Уул сумд ирж Б аав, ээж нартай нь уулзсан чинь харин ийм зүйл болсон гэж ярьсан. Манай ээж хөл гар, бие хаа муутай хүн байдаг болохоор санаа нь зовоод би хаа нь ч гэсэн хэцүү байх шиг байна. Би энэ жил Зарт баг руу өвөл л 1 удаа явснаас хойш хөдөөшөө яваагүй. ...Тухайн үед бага шиг хүнд л юм байсан ёстой анзаараагүй гадуур нь юм хумаар ороосон байсан юм. Ногоон ууттай л зүйл байсан, би асуугаагүй. Тэгсэн чинь харин тэр Б эмээлийг хэлэлгүй авч явж самарсан нөхөр байна. Одоо тэгээд гэр орон үр хүүхэд, ах дүүгээ боддоггүй гээд л загнаад байж байна...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/,

-Гэрч Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний төрсөн ах Ч нь өөрийнхөө мессенжер чатаар над руу буюу ********* гэх нэртэй фэйсбүүк чатаар зургийг нь хэзээ явуулсныг санахгүй байна. Над руу явуулсан юм. Тэгэхлээр нь би ахын дугаар болох ********* дугаар руу өөрийн дугаараас залгаад чатаар явуулсан зураг юун зураг вэ гэж асуухад манай найз бид хоёр зарах гэж байгаа юм гэж хэлсэн юм. Тэгээд л би утсаа тасалсан. Тэр үед би найзыг нь хэн гэдэг талаар асуугаагүй юм. Тухайн чатаар ирсэн зургийг өөрийн ашигладаг ******* гэх нэртэй фэйсбүүкээр Алт монет үнэт эдлэл худалдан борлуулах зарын групп руу оруулж өөрийн ********* дугаарыг тавьсан юм. Тухайн эмээлийн зургийг зар оруулснаас хойш миний дугаар руу эмээлийг хэдэн төгрөгөөр борлуулах гэж байгаа юм гэж ерөөсөө залгаж орж ирээгүй юм. Мөн манай ах Ч нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаараа надад хэлээгүй. Ч ах эмээлийг авах хүн залгавал миний дугаар болох ********** өгөөрэй гэж утсаар залгахад хэлсэн юм. Өөр надад хэлсэн зүйл байхгүй. Би тухайн эмээлийн зургийг фэйсбүүкээр тавьснаас биш өөр санаа зорилго надад байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 36-38-р хуудас/,

-************* ХХК-ийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн ********* дугаартай дүгнэлт /хх-ийн 46-50-р хуудас/,

-Шүүгдэгч Н.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн “...Би манай багийн иргэн Б айл саахалт цуг хөдөө өвөлждөг. Тэгээд амбаар саваар нь байнга цуг орж гардаг болохоор Б хаваржааны амбаарт нь мөнгөн тоноглолтой эмээл байхыг харсан. Тэгээд хавар Их-Уул сумын Зарт багийн нутаг ******** гэх газарт саахалт хаваржиж байгаад 2025 оны 04 дүгээр сарын 26-ны үед үхрээ тууж явж байгаад Б хаваржааны газар болох ******* гэх газарт байх амбаарт нь мөнгөн тоногтой эмээл байгааг гэнэт санаад эмээлийг нь авахаар амбаарын цоожийг нь амбаарын хажууд байсан төмрөөр цохиж онгойлгоод нөгөө мөнгө тоногтой эмээл байхаар нь аваад гэрийн зүг явсан. Тэгээд тэр эмээлийг гэрийн арын бургасан дунд тавьсан. Тэгээд нэгэнт буруу зүйл хийлээ дээ гэж бодоод тэр эмээлийг яах аа мэдэхгүй тэндээ хадгалаад хэд хоног нойр хүрэхгүй хоносон. Тэгсэн Б ээж болох Ц гуай намайг утсаар дуудхаар нь гэрт нь би очсон чинь чи тэр эмээлийг гаргаж өг, чамаас өөр тэнд эмээл байгааг мэдэх хүн байхгүй. Би цагдаад тэмдэглүүлсэн байгаа гэж хэлэхээр нь би тэндээс гараад нөгөө эмээл байгаа газраас эмээлээ аваад Ц гуайд аваачиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67-р хуудас/,

-Мөрдөгчийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Мэдээлэл /баримт бичиг/ гаргуулан авах тухай тогтоол” /хх-ийн 71-р хуудас/,

-Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн **** дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-82-р хуудас/,

-Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Засаг даргын 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 179 дугаар тодорхойлолт /хх-ийн 84-р хуудас/,

-Хохирогч Б.Б “...миний бие хулгайд алдсан эмээлээ бүрэн гүйцэт хүлээн авсан. Мөн эвдэрсэн цоожны мөнгө 80,000 төгрөгийг авсан учир ямар нэгэн гомдол, саналгүй нь үнэн болно. Иймд Тосонцэнгэл сумын шүүх, прокурор, цагдаад шийдвэрлүүлэх гомдол, санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй...” гэх хүсэлт /хх-ийн 72-р хуудас/,

-Шүүгдэгчийн хувийн байдалд холбогдох бусад нотлох баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судалсан дээрх нотлох баримтуудаар  шүүгдэгч Н.Ч нь 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 30-ны өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн ********** гэх нэртэй газарт байрлах Б.Б эзэмшлийн амбаарын цоожийг эвдэлж, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч мөнгөн тоноглолтой эмээл 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, хохирогч Б.Б 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.Ч холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч байгаа үйлдэл, үйлдсэн арга, халдлагын зүйлээс  хамааран зүйлчлэгдэх бөгөөд “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар төгсдөг болно.

Өөрөөр хэлбэл “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар үнэ төлбөргүй авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг онцлогтой гэмт хэрэг юм.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно.” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж хуульчилсан тул өмчлөх, эзэмших эрх хуульд заасан үндэслэлээр, эсхүл гэрээний үндсэн дээр шилжих боломжтой ба эдгээрээс бусад тохиолдолд хууль бус гэж үздэг.

Н.Ч нь  Б.Б  өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгө болох мөнгөн тоногтой эмээлийг өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах хууль эрх зүйн үр дагавар бий болоогүй, тэрээр өмчлөх, эзэмших эрхийг шилжүүлэн авах талаар өмчлөгч, эзэмшигчтэй тохиролцсон тохиролцоо буюу гэрээ байгуулаагүй байх тул түүний үйлдлийг хууль бус гэж үзнэ. Мөн өмчлөгч, эзэмшигчид мэдэгдэлгүй, сэм авсан байх тул хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүй авсан гэж үзнэ.

Н.Ч нь Б.Б мөнгөн тоногтой эмээлийг зарж борлуулан мөнгө олох зорилгоор авсан байх тул шунахайн сэдэлтээр авсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Н.Ч нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авах үйлдлийн улмаас хүний эд хөрөнгөд хохирол учрах, тэр ч бүү хэл өмчлөх, эзэмших эрхэд нь халдах боломжтой, хүний эд хөрөнгөд хууль бусаар халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай хэдий ч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул Н.Ч үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Н.Ч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдаж өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр  бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авах нь хууль бус болохыг, мөн өөрийн үйлдлийн улмаас бусдад эд хөрөнгийн хохирол учирч болохыг ухамсарлаж, ухамсарласан үйлдлээ хэн нэгний нөлөөгүйгээр хүсэж үйлдэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив шинжийг, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч шууд санаатай үйлдлээр хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийн объектив шинжийг тус тус хангаж байна.

Иймд Н.Ч дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Н.Ч холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул Н.Ч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн  гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Ч ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн зүйл болох эмээлийг хохирогчид бүрэн бүтэн буцаан өгсөн, гэмт хэрэг үйлдэхдээ эвдсэн гэх 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол цоожны хохирлыг сайн дураараа нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн тухайд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад төлөх хохирол, нөхөн төлбөргүй тул түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн болно.

Шүүх шүүгдэгч Н.Ч хорих ял оногдуулах хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүнийг гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн, байдлаас гадна түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг нь харгалзан эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь: “...Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах…”-аар хуульчилсан байх тул  1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү. Энэ хүний насны байдал, хохирол төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзнэ үү...” гэсэн санал гаргасан байна.

Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч ч шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал болох талаар дурдаж, татгалзаагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж, 1 дэх хэсгийн 1.3-т: “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 2 жилээс дээш, дээд хэмжээг 8 жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Н.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нөхцөл байдлууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг болон хөнгөрүүлэх, хүндрүүлэх бусад нөхцөл байдлуудыг харгалзан  шүүхээс шүүгдэгч Н.Ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхээр тогтов.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдал тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Ч оногдуулсан хорих ялыг нээлттэй  хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд шүүхээс хорих ял оногдуулахаар шийдвэрлэж буй учир урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй юм.

Мөн шүүгдэгч Н.Ч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн байх ба цаашид энэ хэрэгт түүнээс гаргуулах хохирол, төлбөр, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.

Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол цоожны хохирлыг шүүгдэгчээс барагдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар устгахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт Н.Ч хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Н.Ч 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ч оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацааны хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Шүүгдэгч Н.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба  түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, хорих ялын биелэлтийг 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Шүүгдэгч Н.Ч нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тэмдэглэсүгэй,

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60,000 төгрөгийн үнэлгээ бүхий монгол цоожийг устгасугай. 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.УРТНАСАН