Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2023/0276

 

 

 

2023 03 24 128/ШШ2023/0276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: А м ХХК /РД:/

Хариуцагч: А газрын хоорондын нөхөн олговор авах хүсэлттэй холбоотой эс үйлдэхүйн талаарх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, Н.О хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт 563.44 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХВ-01*******85 дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А-А ХХК-д анх олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай" дүгээр шийдвэрээр "Ж Ф" ХХК-д шилжүүлснийг бүртгэжээ./х.х-н 10-16/

2. Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр ...XV-01*******85 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна, иймд нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэхийг мэдэгдье гэжээ. /х.х-н 17/

3. Уг албан бичгийн дагуу А м ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн дугаар албан бичгээр ...нөхөн олговроор авах талбайн шаардлагатай материалыг бүрдүүлэн хүргүүлж байна. Бид аймгийн Б, У сумдыг хамарсан 1 талбай, мөн Д******* аймгийн Д******* сумын нутагт 1 талбайг нөхөх олговроор авах хүсэлтэй байна. гэжээ. /х.х-н 18/

4. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Ж ф" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ХВ-01*******85 тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй гэж шийдвэрлэжээ./х.х-н 95/

5. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан авах тухай" ******* дүгээр шийдвэрээр талбай буцаан өгөх тухай өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн "Ж ф" ХХК-ийн Баян- Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй 563.44 гектар талбай бүхий XB-01*******85 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж талбайг буцаан авчээ./х.х-н 98/

6. Нэхэмжлэгч А м ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 21/06 дугаар албан бичгээр ...Ж******* ХХК-ийн 2019 оны дүгэр албан хүсэлтийг шийдвэрлэсэн эсэх, шийдвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авсан талаарх мэдээллийг бидэнд өгнө үү. гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. /х.х-н 20/

7. Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 9/2139 дугаар албан бичгээр ...хэлэлцэн тохиролцох аргачлал, шалгуур үзүүлэлтийн журмыг баталж мөрдүүлэх асуудлыг Уул, уурхай хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэжээ. /х.х-н 21-23/

8. Мөн А м ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаар албан бичгээр ...нөхөх олговор авах хүсэлтийг эрх бүхий байгууллагад нэн даруй уламжилж өгнө үү гэх агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. /х.х-н 24/

9. Ашигт малтмал, газрын тосны газрын 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 6/4239 дугаар албан бичгээр ...талбай дүйцүүлэн авахаар ирүүлсэн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 9/4297 дугаар албан мэдэгдэл хүргүүлсэн байна. гэжээ. /х.х-н 25/

10.Нэхэмжлэгч А м ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан А м ХХК-ийн эзэмшлийн Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-01*******85 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

11.Нэхэмжлэгч А м ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Манай компани 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд "Ж" ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж байсан ба үүнээс хойш оноосон нэрээ өөрчилж "А м" ХХК нэрээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Улсын Их хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгч "А м" ХХК-ийн эзэмшиж байсан Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт 563,44 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХV-01*******85 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч тухайн үед хугацаа нь дуусаагүй, хүчин төгөлдөр байсан ашигт малтмалын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр XV-01*******85 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна, иймд нөхөх олговор авах хүсэлтээ ирүүлэхийг бидэнд мэдэгдсэн. Бид уг албан бичгийн дагуу нөхөх олговор авах хүсэлтээ холбогдох материалуудын хамт хариуцагчид хүргүүлсэн.

Үүнээс хойш бидний хүсэлтийг хариуцагч А газар зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байсаар 2021 оны 5 сарын 21-ний өдөр 9/2139 дүгээр албан бичгээр мөн л танай нөхөх олговрын асуудлыг Монгол улсын Засгийн газарт уламжлахаар ажиллаж байна гэх агуулга бүхий хариуг мэдэгдсэн. Хамгийн сүүлд 2022 оны 8 сарын 23-ны өдрийн 6/4239 дүгээр албан бичгээр манай нөхөх олговор өргөдлийг Монгол улсын Засгийн газарт уламжлах эсэх нь тодорхойгүй хариуг бидэнд өглөө. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.1-т заасны дагуу Улсын Их хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор тогтоосон Улсын тусгай хамгаалалттай газар нь, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан "тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарах юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д "захиргааны гаргуулахыг даалгах эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гэж, 106 дугаар зүйлийн 106.3.4-т "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзал хууль зөрчсөн байхын зэрэгцээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.

Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" 42 дугаар зүйлийн 42.1-т "Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ", 42.2-т "Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн Зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ" гэж заасан боловч захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй нь хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хувилбараас давсан, нэхэмжлэгчид өгсөн хариунууд нь хүсэлтийг шийдвэрлэхээр бодитой үйл ажиллагаа явуулаагүй гэж шүүх үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д "Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана" гэж заасны дагуу шүүх уг маргааныг шалгаж шийдвэрлэх боломжтой юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тусгай хэрэгцээний газар" гэж Газрын тухай хуулийн 17,18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг хэмээн тодорхойлж, 9 дүгээр зүйлийн 9.1- д "Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх зохицуулалтыг авч үзвэл, хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг хуульд заасан хугацааны дотор заавал төлөх үүрэгтэй, харин Засгийн газар хуульд заасан тодорхой зорилгоор газрыг төрийн мэдэлд шилжүүлэн авсан бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсон бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий, эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхийг Засгийн газарт олгосон, хуулийн эдгээр заалтууд нь энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд шууд хамаарах бөгөөд нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газраас ...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан үндэслэлээр хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болж төрийн мэдэлд шилжүүлэн авсан ашигт малтмалын талбайтай холбоотой нөхөх олговрын асуудлыг нээлттэй ил тод, тэгш эрхийн зарчмыг баримтлан шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна, ... нөхөх олговорт тооцох аргачлал батлах эрхийг тодорхой эрх бүхий этгээдэд хамааруулах саналтай байгааг бичгээр уламжлан ажиллаж байна гэж хариу өгснөөс өөрөөр нөхөх олговрыг олгох эсэх асуудлыг шийдвэрлэхээр хуульд заасан журмын дагуу бодитой ажиллагаа хийгээгүй, мөн нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт уламжлаагүйг хууль бус гэж үзэж байна.

Нэгэнт дүйцэх талбай олгох эрхийг Засгийн газарт, хайгуулын ажлын зардлыг нөхөн олгох шийдвэр гаргах эрхийг тусгай зөвшөөрөл бүхий талбайг тусгай хэрэгцээнд авах тухай шийдвэр гаргасан байгууллагад олгохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй харилцан тохиролцох", "улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий эсхүл улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайгаас тусгай зөвшөөрөл олгох замаар эсхүл нөхөх олговрыг нэг жилийн дотор төлөхөөр хуульчилсан, Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор батлагдсан улсын тусгай хамгаалалтад авсан талбайтай нэхэмжлэгчийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай бүхэлдээ давхацсан энэ тохиолдолд хариуцагч нараас нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын XV-01*******85 тоот тусгай зөвшөөрлийн нөхөх олговрын асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус захиргааны акт бөгөөд "... үүний улмаас нэхэмжлэгчийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн..." гэж үзэж байгаа тул нөхөх олговор олгох асуудлыг хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэж өгнө үү.

Ашигт малтмал, газрын тосны газар нь хэрэгжүүлэгч агентлаг болохын хувьд тус газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр XV-01*******85 тоот тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-т заасан нөхөх олговрын асуудлыг Засгийн газарт уламжлах ажлыг зохион байгуулахаар бэлтгэж байна гэж бидэнд мэдэгдэж нөхөх олговор авах хүсэлтийг манай компаниас авснаас хойш бараг гурван жилийн хугацаа өнгөрсөн боловч өнөөдрийг хүртэл бидний хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт уламжилсангүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын энэхүү эс үйлдэхүй нь өөрөө нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй атлаа бидний хүсэлтийг эрх бүхий этгээдэд уламжлахгүй байгаагаараа манай компанийн нөхөх олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Мөн уг эс үйлдэхгүй нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг зөрчсөн хууль бус эс үйлдэхгүй юм.

Ашиг малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т "хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашиг малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж заасан буюу нэхэмжлэгч зүгээс нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт гаргасан эсэхээс үл хамаарч Засгийн газар нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг хууль тогтоогчоос Засгийн газарт үүрэг болгосон.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17-д заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газар нь тусгай зөвшөөрлийн бүртгэлийг хөтөлдөг, мөн тус газраас ирүүлсэн албан бичгийн дагуу нэхэмжлэгч 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дүгээр албан бичгээр нөхөх олговор авах хүсэлтийг Ашигт малтмал, газрын тосны газарт буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт гаргасныг Засгийн газарт өргөдөл гаргасантай адилтган үзэх боломжтой юм.

Иймд ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

12. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан "А м" ХХК /"Ж Ф" ХХК-ийн Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын ХВ-01*******85 дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол Улсын Засгийн газарт уламжлалыг Ашигт малтмал, газрын тосны газарт Даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт 563.44 гектар талбайг ашигт малтмалын хайгуулын ХВ-01*******85 дугаар тусгай зөвшөөрлийг 2008 оны 03 дугаар сарын 19-ний өдөр А-А ХХК-д анх олгож, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл шилжүүлснийг бүртгэх тухай" дүгээр шийдвэрээр "Ж Ф" ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн "Ж ф" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 1/001 дүгээр хурлын шийдвэрээр компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй ашигт малтмалын хайгуулын ХВ-01*******85 тоот тусгай зөвшөөрөл бүхий хайгуулын талбайг буцаан хүлээлгэн өгсүгэй гэж шийдвэрлэсэн байна. Уг хурлын шийдвэрийн дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн захиргааны байгууллагын баталсан маягтын дагуу өргөдөл үйлдэж тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг өөрийн хүсэлтээр бүхэлд нь буцаан өгч болно. гэж заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн К-13 дугаар маягтын Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг сайн дураар бүхэлд нь буцаан өгөхийг хүссэн өргөдлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гаргасныг, Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.3 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн "Тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг буцаан авах тухай" ******* дүгээр шийдвэрээр талбай буцаан өгөх тухай өргөдлийн бүртгэлийн ******* дугаарт бүртгүүлсэн "Ж ф" ХХК-ийн Баян- Өлгий аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй 563.44 гектар талбай бүхий XB-01*******85 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянаж талбайг буцаан авсан байна.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж нь хүчин төгөлдөр эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн асуудлаар хууль ёсны ашиг, сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл Төрийн захиргааны байгууллагад өргөдөл хүсэлт гаргах, шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй юм.

Иймд "Ж Ф" ХХК нь өөрийн хүсэлтээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж хүлээлгэн өгсөн байх тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. А м ХХК-ийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

2. Монгол Улсын Их Хурал нь 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын Их Хурал тусгай хамгаалалттай газар нутгийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.2-т Засгийн газрын өргөн мэдүүлснээр газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргах, эдгээр газрыг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тодорхой ангилалд хамааруулах, дархан цаазат болон байгалийн цогцолборт газрын хилийн заагийг батлах, өөрчлөх. гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалтад авсан газарт нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын хайгуулын XV-01*******85 дугаар тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хамаарч байх бөгөөд хэргийн оролцогч нар энэ талаар маргаагүй.

3. Мөн дээрх тогтоолоор газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авснаар тухайн газар нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн хуулийн этгээдэд холбогдох хууль, журмын дагуу нөхөх олговрыг тооцож олгохыг Засгийн газарт даалгаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчээс нөхөх олговор авах хүсэлтээ удаа дараа гаргаж байсан байх бөгөөд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газар А м ХХК-д 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дугаар албан бичгээр улсын тусгай хамгаалалтад авагдсан талбайд нөхөх олговор авах хүсэлтээ баримтын хамт ирүүлэх талаар мэдэгдсэний дагуу нэхэмжлэгч холбогдох баримтыг өргөдлийн хамт хүргүүлжээ.

5. Хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамаар дамжуулан нөхөх олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр Засгийн газарт уламжлан шат дараалсан ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа гэж тайлбарлаж, нэхэмжлэгч комипанид албан бичгээр мэдэгдсэн байна.

6. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу тусгай зөвшөөрлийн талбайг буцаан авах А газрын шийдвэр гарсан тул нөхөн олговор олгох асуудал байхгүй гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй.

7.Учир нь Улсын Их Хурлын 2012 оны 57 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшиж байсан хайгуулын талбайг тусгай хэрэгцээнд авсан, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон газрыг хүлээлгэн өгснийг Ашигт малтмалын тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан талбайг буцаан өгсөн харилцаа үүссэн гэж үзэхгүй.

8. Өөрөөр хэлбэл талбайг буцаан өгөх харилцаа нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжтой үед сайн дурын үндсэн дээр тухайн талбайд цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон хүсэл зоригоо илэрхийлж, өгсөн байхыг ойлгоно.

 

 

 

9.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан бөгөөд А газар нэхэмжлэгчээс гаргасан нөхөх олговор авах хүсэлтийг Засгийн газарт өргөн мэдүүлэхгүй байгаа нь хууль бус байна.

10. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "Ашигт малтмалын асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:", 9.1.13-т "ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн 26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно" гэж, 14 дүгээр зүйлийн 14.4-т "Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө" гэж тус тус заажээ.

11.Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайг улсын тусгай хамгаалалттай газрын зориулалтаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөх олговор олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэхээр, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. Агентлаг нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих салбар, хүрээний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн. 11 дүгээр зүйлийн 11.4. Агентлаг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, бусад яам, агентлагтай хуульд өөрөөр заагаагүй бол шууд харилцана гэж зааснаар Ашигт малтмал, газрын тосны газар уг асуудлыг Засгийн газарт өргөн мэдүүлж, асуудлыг шийдвэрлүүлэх үүрэгтэй байна.

12.Иймд Ашигт малтмал, газрын тосны газар хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан нөхөн олговор авах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хуульд заасны дагуу нөхөн олговор авах хүсэлтийг Монгол улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 14 дүгээр зүйлийн 14.4, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгтт заасныг тус тус баримтлан А м ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, А м ХХК-ийн эзэмшлийн Б******* аймгийн Д******* сумын нутагт Х******* нэртэй газарт орших ашигт малтмалын хайгуулын XV-01*******85 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь тусгай хэрэгцээнд авах зориулалтаар төрийн мэдэлд шилжүүлэн авсны нөхөх олговор олгох хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөх олговрын асуудлыг Монгол улсын Засгийн газарт уламжлахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг А газраас гаргуулж, А м ХХК-д олгосугай

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ