Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Гүнчинсүрэн /цахимаар/,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн ********** дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *********, Ц овогт Ж.Г, регистрийн дугаар *********,

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хамаарч байна.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Г нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атлаа 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнийн 00 цагийн орчимд согтуурсан үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг дэвсгэрт ********* улсын дугаартай, цагаан өнгийн “********” загварын тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эрх бүхий албан тушаалтны 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх хуудас/, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдөр жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5, 7 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 8-12 дахь хуудас/, гэрч Т.Г 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-17 дахь хуудас/, гэрч Б.Т 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь хуудас/, мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 33-35 дахь хуудас/, Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн иргэн Ж.Г жолоочийн лавлагаа, мэдээлэл /хавтаст хэргийн 60 дахь хуудас/, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 62-63 дахь хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял, албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иймд шүүгдэгч Ж.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй,хэрэгт  битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Ж.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2025 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.  

5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж зүйлгүйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН