Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/92

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнээр хөтлүүлэн,

Улсын яллагч М.Алтангэрэл,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н,

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ирүүлсэн ********** дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.     

Өсвөр насны шүүгдэгч Монгол Улсын иргэн, ***********, А овогт Н.Ц, регистрийн дугаар ***********.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ************ гэх газарт Ш.Н эзэмшлийн ******* улсын дугаартай, сувдан цагаан өнгийн ******** загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байхдаа өөрийн төрсөн эгч Н.Б охин 1 нас 6 сартай Ц.А мөргөж гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний, баруун чихний ард зулгаралт, нурууны ар дээд хэсэг, хүзүүний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. 

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хуульчлан заасан гэмт хэрэгт хамаарч байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

Улсын яллагч М.Алтангэрэл шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нь 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ******** гэх газарт Ш.Н эзэмшлийн *******улсын дугаартай, сувдан цагаан өнгийн *******загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байхдаа өөрийн төрсөн эгч Н.Б охин 1 нас 6 сартай Ц.А мөргөж гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний, баруун чихний ард зулгаралт, нурууны ар дээд хэсэг, хүзүүний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайн осол гарах үед шүүгдэгч нь 16 нас 6 сар 14 хоногтой байсан бол амь хохирогч А нь 1 нас 5 сар 26 хоногтой байсан нь А төрсний гэрчилгээний хуулбар, ХУР системийн лавлагаа зэрэг баримтаар хангалттай тогтоогдож байна. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэгт тооцдог.  Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас А амь нас хохирсон боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй талаар мэдүүлсэн. Хэдийгээр шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон боловч шүүгдэгч нь өөрөө өсвөр насных, уг үйлдлийг болгоомжгүйгээр үйлдсэн гэдгийг анхаарах нь зүйтэй. Түүнчлэн тухайн үйлдэлд дан ганц шүүгдэгчийн буруутай үйл ажиллагаа гэхээс илүүтэйгээр эцэг, эхийн хараа хяналтгүй байдал мөн нөлөөлж байна гэж үзэж байна. Хохирогчийн ээж, эмээ нь байсан хэдий ч хараа хяналтгүй орхисноос, мөн шүүгдэгчийн эцэг Н тухайд тээврийн хэрэгслийн түлхүүрийг машин дотор нь үлдээсэн зэрэг байдлын улмаас уг үйлдэл үүссэн болохыг үгүйсгэхгүй. Шүүгдэгчийн тухайд одоо 16 настай, цаашид өсөж, хөгжих боломжтой зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдлүүлж түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулах саналыг гаргаж байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхжаргал нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “..Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Б.Энхжаргал миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч Н.Ц өмгөөлөгчөөр оролцож, түүний эрх ашгийг хамгаалж оролцож байна. Улсын яллагчийн дүгнэлтээс гэм буруу болон эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, хүүхдийн сурч боловсрох нөхцөл байдлуудыг хэлсэнтэй санал нэг байна. Өсвөр насны хүнд хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний нас, биед тохирсон байх, сэтгэцийн онцлогийг харгалзах, нийгмийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх зэргийг харгалзан үзэж ял, шийтгэл оногдуулахыг анхаарах хэрэгтэй. Шүүгдэгчийн тухайд Завхан аймгаа болон Монгол улсаа төлөөлөн тэмцээн уралдаанд ордог тамирчин хүүхэд байгаа. Ирээдүйд Монгол улсынхаа нэрийг дэлхийн тавцанд гаргах тамирчин болох ирээдүйтэй хүүхэд гэдгийг харгалзан үзнэ үү. Мөн түүний сурч боловсрох нөхцөл, боломжийг хангаж өгнө үү гэсэн саналтай байна. Хэдийгээр хэргийн улмаас бага насны хүүхэд нас барсан, хор уршгийн тухайд хүний амь эрсэдсэн нөхцөл байдал байгаа боловч гэмт хэргийг үйлдэх гэм буруугийн хэлбэрийн хувьд бол болгоомжгүй, хайхрамжгүй байдлаасаа болж үүссэн. Хэргийн ял шийтгэлийн тухайд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар заасан хэрэг байгаа. Иймд Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү....” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

2. Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),

3. *******улсын дугаартай тээврийн хэрэгслийн **** дугаартай гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “....Би болсон асуудлын талаар эхнэр болох Б утсаар ярихад нь сонсоход 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед хадам аавын хөдөө гэр буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ********* гэх нэртэй газарт эхнэрийн төрсөн дүү болох Ц нь дүүгээ мөргөчихлөө гэж хэлээд уйлаад байхад нь эхнэр нойл орчхоод очиход ийм асуудал болсон гэж утсаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас),

5. Гэрч Ц.Х 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Манайх Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг “*********” гэх нэртэй газарт зусаж байгаа юм. Тэгээд 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18 цаг өнгөрч байхад гэрт би, Ц, А нар байсан. Намайг гэрээс гарахаас өмнө охин Б нойл орно гээд гарсан. Тэгсний дараагаар би зүүн талын гэрт гал түлэх гэд гарахад гэрт Ц, А үлдсэн. Хоол идээд. Тэгээд би айлын гэрт ороод гал түлэх гэж байхад Ц нь дүүгээ мөргөчихлөө гээд орилоод байсан. Тэгэхээр нь би гүйж гараад машины дэргэд очиход Ц машины баруун талд 1-2 метр орчим зайд дүү А тэвэрчихсэн өвдөглөөд сууж байсан. Тэгж байхад охин Б, багш Б ирээд юу болсон талаар лавлаж байхад Б багш А цээжин дээр дараад массаж хийсэн. Цээжийг нь илээд байсан. Тэгээд удалгүй эмнэлгийн машин ирээд А аваад явсан. Үүнийг л санаж байна. А үүрээр нас барсан. ....2025 оны 5 дугаар сарын 29-нд охин Б, хүү А нар Улаанбаатар хотоос Их-Уул сумын Зарт багт ирсэн. ....Нөхрийн ********* улсын дугаартай машин нь гэрийн зүүн талд мотор хэсэг нь хойд зүг рүү харж зогссон байсан. Машины түлхүүр хаана байсныг анзаараагүй байна. Өө тийм, нээрээ гарахдаа машины цонхоор харахад голын хайрцагт харагдаж байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

6. Гэрч Д.Б 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Би 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна. ********* гэх нэртэй газарт очихоор айлын хажууд майхнаа барьж дуусгаад тэнд байсан гэх айлын хажууд алхаад очиход 2 эмэгтэй, 1 хүүхэд, 1 бага насны хүүхдийн дэргэд бужигналдаад байж байсан. Тэгээд би тухайн хүмүүсийн дэргэд очсоны дараагаар бага насны хүүхдийг машинаар мөргөчихсөн гээд эмнэлэг рүү нэг эмэгтэй залгаж байсан. Тэгээд би тухайн бага насны хүүхдэд анхан шатны тусламж үзүүлэх гэж оролдоод цээжин дээр нь дарсан, хиймэл амьсгаа хийсэн. Тэгтэл эмнэлгийн машин ирээд тухайн хүүхдийг аваад явсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас),

7. Гэрч Г.Л 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “....Би 2025 оны 08 дугаар сарын 09-ний өдөр ойрын дуудлагатай явж байхад 19-20 цагийн үед манай байгууллагын сувилагч М нь ********* гэх нэртэй газарт машинд хүүхэд тайруулчихлаа гэсэн дуудлага мэдээлэл ирсэн гэж миний дугаар руу өөрийн дугаараасаа залгаад хэлсэн. Тэгээд би сумынхаа эмнэлэгт ирээд алсын дуудлагад явахдаа сувилагч М хамт дуудлага гарсан гэх газар руу явсан. Явж очиход гэрийнхээ зүүн талд нэлээн зайтай газарт нэг эгч талийгаач хүү болох А гэх хүүхдийг тэвэрчихсэн газарт сууж байсан. Ойролцоогоор 4-5 хүн байсан. Тухайн хүмүүсийн нэрийг би мэдэхгүй. Тэгээд би тухайн хүүхэд буюу А анхан шатны тусламжаар эмнэлгийн машинд суулган уяан зүү тавьсан, хүчилтөрөгч өгсөн, хүзүүний чиг тавьсан, тэгээд шууд сумын эмнэлэг рүү тээвэрлэсэн юм. Тухайн үед А хамар, амнаас цус гарсан байдалтай, ухаангүй, артерийн судсыг захад дарахад судас цохилт байгаа нь тэмтрэгдэхгүй байсан, пүлс оксаметрээр үзэхэд хүчилтөрөгч 74, пульс 125-тай байсан, толгойн хэсэг буюу дух, 2 талын чамархай хэсгээр тойрч хаванд байсан, зулай чинэрсэн байсан, хүүхэн хараа нэг талдаа өргөссөн гэрлийн урвалгүй, ил шарх, сорви байхгүй, царай цайрч цонхийсон, даралт хэмжигдэхгүй байсан. Сумын эмнэлгээс гарахаасаа өмнө Тосонцэнгэл сумын нэгдсэн эмнэлгээс баг дуудсан. Тэгээд тээвэрлэн тухайн хүүхдийг сумын яаралтай тусламжийн өрөөнд хэвтүүлэн эрчимт эмчилгээг цаг тухайд хийж байгаад 2025 оны 08 дугаар сарын 09-нөөс 10- ний шилжих үүрийн 05 цаг 20 минутад А нас барсан. ....Талийгаач А гэрийнхээ зүүн талаас ойролцоогоор 4-5 метр зайд нэг эмэгтэй хүн тэвэрч суусан байсан. Хажууд нь тойроод 3-4 хүн байсан. Тухайн хүүхдийн ойр орчимд юу юу байсныг сайн анзаарч хараагүй юм байна. Гол нь хүүхдийн амь насыг нь хэрхэн яаж аврах вэ гэсэн бодолтой байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас),

8. Гэрч Ш.Н 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “....Манай хөдөө гэр буюу Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн ********* гэх нэртэй газарт зусаж байсан юм. Тухайн үед хөдөө гэрт маань эхнэр Х, хүү Ц, охины ач буюу талийгаач Ц.А, охин Б нар үлдсэн. Тухайн үед буюу 2025 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ ганцаараа цагаан өнгийн бонго маркийн ******** улсын дугаартай машинаа жолоодон хадландаа Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ******** гэх нэртэй газар руу явсан. Тэгээд би хадлангаа хадчихаад 2025 оны 08 дугаар сарын 09-ний 21 цагийн үед сумын төв рүү орж ирэхэд уг асуудал гарсан талаар эхнэрээсээ сонссон юм аа. Уг асуудлын талаар эхнэрээсээ тодруулж асуухад хүү Ц нь миний машиныг жолоодон ухрах явцдаа дүү болох талийгаач А мөргөсөн гэж хэлсэн. Тэрнээс биш би нүдээр хараагүй учир сайн мэдэхгүй байна. ... *******улсын дугаартай цагаан өнгийн ***** маркийн машин нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг машины хадлан руугаа явах үедээ гэрийнхээ зүүн талд 1-2 метрийн зайд мотор хэсгийг нь хойд зүг рүү харуулж зогсоогоод түлхүүрийг нь машиныхаа голын хайрцагт хийгээд үлдээсэн юм. Яагаад гэвэл тухайн үед би хадлан руугаа явах гэж байхдаа яараад жижиг машиныхаа голын хайрцагт үлдээсэн. Тэрнээс би машиныхаа түлхүүрийг бурхныхаа шургуулгад хийгээд орхидог байсан. Тэрийг бол манай гэрийнхэн мэддэг байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас),

9. Гэрч Н.Б 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өгсөн “...Аавынх маань Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ********* гэх нэртэй газарт зусаж байсан юм. Би талийгаач хүү А хамт тус газарт 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр аавынд ирсэн. Тус газарт буюу 2025 оны 08 дугаар сарын 09-ний 10 цагийн үед аав болох Нэргүй нь хадландаа гарна гээд том машинаа бариад хөдөөшөөгөө явсан. Хөдөө гэрт би, ээж Х, дүү Ц, миний төрсөн хүү А нар үлдсэн. Тэгээд 18 цагийн орчимд үнээ саах цаг болж байсан. Тэр үед би аавын гэрээс гарч нойл орчхоод ирье гэж хэлчхээд гарахад гэрт ээж, дүү, хүү гурав үлдсэн. Тэгээд би нойл орчхоод ирэхэд аавын гэрийн зүүн талд 4-5 орчим метр зайд Ц нь дүүгээ мөргөчихлөө гэж тэврээд газарт сууж байсан. Түүний хажууд ээж сандраад байсан. Тэр хоёр л уйлаад байсан. Тэгээд би очоод яана аа яах вэ гэж хэлээд уйлаад сумын эрүүл мэндийн төв рүү дуудлага мэдээлэл өгсөн. Тэрнээс хойш юу болсон сайн мэдэхгүй байна. Намайг дүү Ц дэргэд очиход хүү А ухаангүй, хамар, амнаас цус гарсан байсан. Хүүгийн биед өөр ил харагдах шарх, сорви байхгүй байсан. .... *******улсын дугаартай цагаан өнгийн ***** маркийн машин нь аав Н эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Тухайн үед аавын машин гэрээсээ 4-5 метр орчим зайд баруун хойд зүг рүү харж зогссон байсан. Аавыг хадлан руугаа явах үед үлдээсэн байсан газраас бага зэрэг хөдөлсөн байсан юм. Аав маань том болон жижиг машины түлхүүр ээ бурхныхаа шургуулгад үлдээгээд явдаг байсан. Тэр үед жижиг машиныхаа түлхүүрийг хаана үлдээгээд явсан талаар мэдэхгүй байна. ....Миний хүү буюу талийгаач А нь ямар нэгэн архаг хууч өвчингүй байсан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 40-42 дугаар хуудас),

10. Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 10-ны өдөр цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас),

11. Завхан аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаартай “...1. Амь хохирогч Ц.А цогцост ЗТО-д орох үед үүссэн байх боломжтой гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний, баруун чихний ард зулгаралт, нурууны ар дээд хэсэг, хүзүүний ар хэсэгт цус хуралт хохирол тогтоогдлоо. 2.Ц.А цогцост учирсан хохирол нь тухайн хэрэг болох цаг хугацаанд нас барах үед үүссэн байх боломжтой хохирол байна. Гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал хохирол нь үхэлд хүргэхэд шууд нөлөөлсөн байна. 3.Ц.А цогцост учирсан хохирол нас барах цаг хугацаанд үүссэн байна. 4.Ц.А цогцост хийсэн задлан шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 5.Амь хохирогч Ц.А нь гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал гэмтлийн улмаас нас баржээ. 6.Асуултад тусгагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий бусад нөхцөл байдал тогтоогдсонгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 51-54, 56-58 дугаар хуудас),

12. Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ***** дугаартай “....1.Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 2.Н.Ц гэх цусанд спиртийн зүйл илрээгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 63-64 дүгээр хуудас)

13. Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай “....2.1 А ургийн овогт Н.Ц нь замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А заалтад /тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох/ гэх заалтыг зөрчсөн байна. 2.2 Уг осолд зам, замын байгууламж, тэмдэг, тэмдэглэл нөлөөлөөгүй гэж үзэж байна. 2.3 ******** улсын дугаартай цагаан өнгийн **** маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон гэх жолооч А ургийн овогт Н.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна. 2.4 Магадалгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч нарт мэдэгдэж, прокурорт танилцуулахаар тогтов. 2.5 Мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мягмаржав би, магадалгаа гаргаж буй чиглэлээр тусгай мэдлэг эзэмшсэн болохыг баталж 1 хуудас баримт бичгийг магадалгаанд хавсаргав.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас),

14. Өсвөр насны шүүгдэгч Н.Ц ял шийтгэлийн тэмдэглэл, хувийн байдалд холбогдох баримтууд зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь 2025 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 18 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг ********* гэх газарт Ш.Н эзэмшлийн *******улсын дугаартай, сувдан цагаан өнгийн *******загварын тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийж байхдаа өөрийн төрсөн эгч Н.Б охин 1 нас 6 сартай Ц.А мөргөж гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, гавал суурь ясны хугарал, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний, баруун чихний ард зулгаралт, нурууны ар дээд хэсэг, хүзүүний ар хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учруулж амь насыг нь хохироосон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал, өсвөр насны шүүгдэгчийн үйлдэл, бага насны хохирогч Ц.А амь хохирсон байдал, газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Мөн өсвөр насны шүүгдэгч Н.Ц, түүний хууль ёсны төлөөлөгч Ш.Н, өмгөөлөгч Б.Энхжаргал нар нь Н.Ций холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч  нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.    

Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, сэтгэцэд хор уршиг учрах боломжтой гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай ч тэрээр түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан  үйлдлээрээ хохирол, хор уршигт  хүргэсэн байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 3 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул Н.Ц үйлдлийг болгоомжгүй гэмт хэрэг гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг хуульчилсан тул өсвөр насны шүүгдэгч Н.Ц хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ц.А амь насыг хохироосныг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

Монгол улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд өсвөр насны шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бага насны хохирогч Ц.А амь насыг хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд өсвөр насны шүүгдэгч Н.Ц дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.         

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц үйлдлийн улмаас бага насны хохирогч Ц.А амь хохирсон хэдий ч түүний хууль ёсны төлөөлөгч Б.Ц зүгээс хохирол, хор уршгийг мөнгөн хэлбэрээр нэхэмжлээгүй болно.

Иймээс өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж шүүх үзлээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс нэхэмжлээгүй байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Ц гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг нь болон бусдад төлөх хохирол төлбөргүй байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэх нь зүйтэй байна.   

Мөн шүүх өсвөр насны шүүгдэгч Н.Ц оногдуулах ялын төрөл, хэмжээ хязгаарыг тогтоохдоо түүний  гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилээс дээш 8 жил хүртэл хугацаагаар хасаж 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, 8.2 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулна” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзвэл өсвөр насны шүүгдэгч Н.Ц холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэгт хамаарахаар ба түүнд хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулах боломжтой байна.

Харин өсвөр насны шүүгдэгчид нэмэгдэл ял хэрэглэх хууль эрх зүйн зохицуулалтгүй учир Н.Ц тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулах үндэслэлгүй юм.

Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 8 жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ” гэж хуульчилсан.

Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь анх удаа  болгоомжгүйгээр хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба өөрийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байх бөгөөд бусдад төлөх хохирол төлбөргүй, хохирогч тал гомдол саналгүй гэсэн, мөн тэрээр спортоор хичээллэж өөрийгөө тасралтгүй хөгжүүлэн сум, аймаг, улс, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцон үеийн бусад хүүхэд залуучуудыг манлайлж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг ухамсарлуулах, сэргээн засах, нийгэмшүүлэх, түүнд боломж олгох, амжилтад хүрэх, хөдөлмөрлөх дадал олгох үүднээс Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахыг тэнсэж хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь хүүхдийн эрхийг хамгаалах талаар олон улсын эрх зүйн баримт бичгүүд болон Монгол улсын хууль тогтоомжуудад нийцнэ гэж дүгнэв.

Учир нь эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхээс гадна нийгэмшүүлэхэд оршдог явдал юм.

Өсвөр насны шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хохирол төлбөр болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгөгүй болно.

 Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Н.Ц урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Өсвөр насны шүүгдэгч А овогт Н.Ц Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ц ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Н.Ц оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

4. Шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтэд Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хяналт тавих ба өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх прокурорын дүгнэлтийг үндэслэн энэхүү шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Өсвөр насны шүүгдэгч Н.Ц нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохиролгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг заасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг заасугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН