| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/00465/И |
| Дугаар | 182/ШШ2023/01689 |
| Огноо | 2023-06-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 182/ШШ2023/01689
2023 06 06 182/ШШ2023/01689
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.А-д холбогдох,
Гэрээ цуцалж 5,782,400 төгрөг, алданги 1,747,318 төгрөг, хохирол 2,333,333 төгрөг, нийт 9,863,051 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нямцэрэн,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
"Эхлэл Өрнөл" ХХК нь Баянзүрх дүүрэг 5 дугаар хорооны Стандарт хэмжил зүйн төвийн 1 давхарт байрлах дэлгүүрийн лангуу, тавиурыг хийлгэхээр Э.Атай 2022 оны 10 сарын 31-ний өдөр 13,804,0007 төгрөгийн гэрээ байгуулсан. Гэрээнд лангуу, тавиурыг 10 хоногт багтаан хийж хүлээлгэж өгөхөөр тохиролцож урьдчилгаа төлбөр 8,282,400 төгрөгийг Э.Аын Голомт банкны 2209247407 дансанд шилжүүлсэн. Мөн гэрээнд заасан хугацаанд төлбөр хийгдээгүй болон ажлаа хүлээлгэж өгөөгүй тохиолдолд хоцорсон хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3% тай тэнцэх алданги төлнө гэж заасан.
Гэтэл Э.А нь 11 дүгээр сарын 10 гэхэд лангуу, тавиурыг хийж дуусгаагүй ба 11 дүгээр сарын 15-нд зөвхөн лангуу авчирсан боловч уг лангуу нь өөр материалаар, буруу хэмжээтэй, будаг нь халцарч хууларсан, дутуу дулимаг хийсэн байдалтай байсан. Иймд манайх тухайн лангууг хүлээн авахгүй гээд гэрээгээ цуцлахаар тохирч Э.А нь 2 хоногийн дотор урьдчилгаа төлбөрт хүлээн авсан 8,282,4007 төгрөгийг буцаан төлөхөөр болсон. Гэтэл Н.Ариунбат нь тогтоосон хугацаандаа төлбөрөө төлөхгүй байсаар 2022 оны 11 сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 сарын 23-ны өдөр 1,500,000 төгрөгийг дансаар буцаан шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй байна.
Энэ хугацаанд бид дэлгүүрийн үйл ажиллагаагаа эхлүүлж чадалгүй санхүү, цаг хугацаа, түрээсийн төлбөр төлж хохирсон.
Иймд хариуцагч Э.Аын буруугаас гэрээ цуцалсан тул урьдчилгаа төлбөр 5,782,400, гэрээний алданги 1,747,3187 /2022.10.31-2023.1.23/, 25 хоногийн түрээсийн төлбөр болох 2,333,333 нийт 9,863,051 төгрөгийг гаргуулж, өгнө үү гэв.
2. Хариуцагч тал татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна.
...Э.А, Э Ө ХХК-ийн хооронд 2022 оны 10 сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Захиалагч тухайн гэрээний 2.1-т заасны дагуу өөрийн ажлын зургаа хийж баталгаажуулж өгөх ёстой байсан. Гэтэл ажлын зургаа өгөөгүйгээс болж тавиуруудыг заасан хугацаанд буюу 11 сарын 10-ны өдөр хүлээлгэж өгч чадаагүй. Гэхдээ 11 сарын 15-ны өдөр лангууг хүлээлгэж өгсөн боловч нэхэмжлэгчид таалагдаагүй. Улмаар тавилгыг засаж сайжруулъя гэдгийг хариуцагч талаас удаа дараа хэлсэн боловч нэхэмжлэгч зөвшөөрөөгүй буюу гэрээнээс татгалзсан.
Гэтэл нэхэмжлэгч гэрээг цуцалсан гэх байдлаар нэхэмжлэлийн үндэслэлээ гаргадаг. Гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах хоёр нь ялгаатай. Гэрээг цуцлах гэдэг нь тухайн гэрээг цуцлах хүртэлх үр дүн үлддэг. Үр дүн үлдсэнээс хамаарч үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх үр дагавар үүсдэг. Харин гэрээнээс татгалзахад авсан, өгснөө буцаах үр дагавар үүсэж байгаа. Мөн гэрээнээс татгалзсантай холбоотой хохирол шаардах эрх зүйн үр дагавар үүсдэг боловч нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг цуцалсан гэх үндэслэлээр гаргаж байгаа нь нэхэмжлэл нь үндэслэлгүй байх шаардлагыг хангаж байна.
Гэрээнээс татгалзсан тухайд Э.Аын зүгээс 5,782,400 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Нэхэмжлэгчийн хэлээд буй гэрээт ажлыг өөрийн буруугаас заагдсан хугацаанд гүйцэтгээгүй бол хоцорсон хоног тутмын үнийн дүнгийн 0.3 хувийн алданги төлнө гэж заасан. Нэхэмжлэгч гэрээт ажлын зургийг анхнаасаа гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч тайлбартаа өөр тавилгын газрууд ажлын зураг гаргаж өгдөг гэж тайлбарлаж байгаа ч үүнийг нотолсон баримт байхгүй, зөвхөн амаар л ярьдаг. Тиймээс ажлын зургаа гаргаж өгөөгүй байж, чанарын шаардлага хангасан тавилга хүлээн авах үүргээ биелүүлээгүй. Мөн Э.Аад ч бодит хохирол учирсан. Өөрөөр хэлбэл уг лангууг нь хаана ч ашиглах боломжгүй, үйлдвэрийнх гадаа зэврээд дууссан.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр зохицуулсан. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн нь гүйцэтгэсэн ажил байдаг. Тухайн гүйцэтгэсэн ажлыг хүлээн авахгүй тохиолдолд гэрээнээс татгалзаж байгаа үр дагавар үүсэж байгаа. Түүнээс биш гэрээг цуцлаад гэрээг цуцалсантай холбоотой алдангийг шаардах эрх үүсээгүй.
Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас Э.Аын 5,782,400 төгрөгийг зөвшөөрсөн хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү. Гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангах арга нь ажлыг хугацаанд гүйцэтгээгүй, тухайн гэрээг зөрчсөнтэй холбоотой үүргийн гүйцэтгэлийг хангах асуудал яригддаг. Гэтэл гэрээний тодорхой хэсгийг Э.А биелүүлсэн. Анхнаасаа нэхэмжлэгч тал ажлын зургаа өгөөд хоёр тал гэрээнд гарын үсэг зураад явсан бол гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдах боломжтой байжээ. Мөн нэхэмжлэл гаргах хүртлээ Э.Аад төлбөрөө төлөх тухай шаардлагыг хүргүүлж байгаагүй. Хариуцагч нь 5,782,400 төгрөгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулахаар төлөвлөж байна гэжээ.
3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, 2022.10.31-ний өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ, Э.Аын иргэний үнэмлэхийн хуулбар, Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Э Ө ХХК-ийн гэрчилгээний хуулбар, Э Ө ХХК-ийн компанийн дүрмийн хуулбар, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн хуулбар, Э Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрмийн хуулбар, 2022.11.01-ний өдрийн Түрээсийн гэрээний хуулбар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, /хх-ийн 2-12, 14-18, 37-38/
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: итгэмжлэл /хх-ийн 45/ зэрэг баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Э Ө ХХК нь хариуцагч Э.Аад холбогдуулан Гэрээ цуцалж 5,782,400 төгрөг, алданги 1,747,318 төгрөг, хохирол 2,333,333 төгрөг, нийт 9,863,051 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч үндэслэлээ тодорхойлохдоо...Э.Атай дэлгүүрийн лангуу, тавиур зэргийг хийлгэхээр бичгээр гэрээ байгуулж, урьдчилгаа 8,282,400 төгрөг төлсөн, хариуцагч нь хугацаандаа гүйцэтгээгүй бөгөөд хугацаа хэтрүүлж гүйцэтгэсэн лангуу нь шаардлага хангаагүй тул гэрээг цуцалж 2,500,000 төгрөгийг буцаан төлсөн...үлдэгдэл 5,782,400 төгрөг, алданги 1,747,318 төгрөг, хохирол 2,333,333 төгрөгийг тус тус гаргуулна гэж,
хариуцагч татгалзлын үндэслэлээ...захиалагч талтай дэлгүүрийн лангуу, тавиур хийх гэрээ байгуулж, урьдчилгаа 8,282,400 төгрөгийг хүлээн авсан...ажлын зураг гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хугацаа хоцорсон ч хийсэн лангууг хүлээн аваагүй...захиалагч талаас уг ажлыг хүлээн авахаас татгалзсан тул талууд гэрээнээс татгалзаж, хариуцагч тал төлбөрөөс 2,500,000 төгрөгийг төлсөн...үлдэх 5,782,400 төгрөг төлөхийг зөвшөөрнө...харин алданги болон хохирол шаардах эрхгүй гэж маргажээ.
2. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э Ө ХХК захиалагч талаас, хариуцагч Э.А гүйцэтгэгч талыг төлөөлж 2022 оны 10 сарын 31-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба тус гэрээгээр гүйцэтгэгч нь өөрийн зардлаар лангуу, кассын тавиур, цонхны хаалт, тээкний тавиур, 2 ширхэг сандал зэрэг нийт 7 төрлийн ажлыг хуанлийн 10 хоногт багтаан газар дээр нь угсарч суурилуулан хүлээлгэн өгөх, захиалагч нь 13,804,000 төгрөгийн хөлс төлөх ба урьдчилгаа 8,282,400 төгрөгийг ажил эхлэхэд, үр дүнг хүлээн авч үлдэгдэл төлбөрийг өгөхөөр тохиролцож, талууд гарын үсгээр баталгаажуулсан байна.
Дээрх гэрээний агуулгаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба зохигч талууд гэрээ байгуулагдсан тухайд маргаагүй, тухайн гэрээг эрх бүхий этгээдүүд баталгаажуулсан мөн хариуцагч талын бичгээр гаргасан тайлбар, нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт 8,282,400 төгрөг төлсөн зэрэг үйл баримтаар тухайн гэрээг хүчин төгөлдөр гэрээ байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Талуудын байгуулсан гэрээний зүйл нь дэлгүүрийн зориулалттай лангуу, кассын тавиур, цонхны хаалт, тээкний тавиур, 2 ширхэг сандал хийх ажил гүйцэтгэх, гэрээний хугацаа 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс хуанлийн 10 хоногт багтаан гүйцэтгэх, гэрээний үнэ буюу төлбөр 13,804,000 төгрөгийг захиалагч төлөхдөө гэрээ байгуулснаар урьдчилгаа 8,282,400 төгрөг, ажлын үр дүн хүлээн авч 5,521,600 төгрөгийг 20 хувиар, 20 хувиар хувааж төлөхөөр заасан байна.
Нэхэмжлэгч нь захиалагчийн үүрэг болох хөлс төлөх үүргээ гүйцэтгэсэн болох нь Хаан банк дах данснаас хариуцагчийн нэр дээр гэрээний урьдчилгаа төлбөр агуулгаар 2022 оны 10 сарын 31-ний өдөр 8,000,000 төгрөг, 282,400 төгрөг нийт 8,282,400 төгрөг шилжүүлсэн дансны хуулгаар, хариуцагч 2022 оны 11 сарын 15-ны өдөр гэрээнд заасан 7 нэр төрлийн ажлуудаас 1 төрлийн ажил болох лангуу хийсэн болох нь талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна... ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж хуульд заажээ.
Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд буюу хуанлийн 10 хоногийн дотор лангуу, кассын тавиур, цонхны хаалт, тээкний тавиур, 2 ширхэг сандал хийж газар дээр нь угсарч суурилуулан хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй нь үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээр гэж үзэх ба энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээг цуцалж,учирсан хохирол шаардах эрхтэй. Э.А 8,242,000 төгрөгөөс нийт 2,500,000 төгрөгийг төлсөн, үлдэх 5,782,400 төгрөгийг төлөх тухайд маргаагүй байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заажээ.
Талуудын байгуулсан гэрээний 4.2-т тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй тохиолдолд хоцорсон хоног тутамд гэрээний үнийн дүнгийн 0,3 хувьтай алданги төлнө гэж заасан ба нэхэмжлэгч нь алдангийн хугацааг 2022 оны 10 сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 сарын 23 хүртэл гэж тооцсон хэдий ч нэхэмжлэлийн шаардлагаас талуудын гэрээ цуцалсан 2022 оны 11 сарын 15-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 01 сарын 19 өдөр хүртэлх 65 хоногийн алданги 1,127,555 төгрөгийг гаргуулж, илүү алданги 619,763 төгрөгийг, мөн дэлгүүр түрээсийн 25 хоногийн төлбөр 2,333,333 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан хохиролд хамааралгүй байх тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
3. Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр тэмдэгтийн хураамжийг хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Э.Ааас үндсэн төлбөр 5,782,400 төгрөг, алданги 1,127,555 төгрөг, нийт 6,909,955 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э Ө ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,953,096 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 172,759 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 125,509 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э Ө ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН