Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 182/ШШ2023/01779

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон даргалж, шүүгч Ч.Даваасүрэн, шүүгч О.Цэнд-Аюуш нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б-Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  ЭН-1,

Хариуцагч: Ш.А нарт холбогдох,

Гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Б-Ө

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Даваажав.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.

...Миний бие нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 6 дугаар хороолол, Лагааны гудамж, Г95/6 дугаар хаяг"-т бүртгэгдсэн 13 м.кв гаражийн өмчлөгч бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2017.11.16-ны өдрийн А/874 дүгээр захирамжаар 13 м.кв газрыг автомашины гараашны зориулалтаар 15 жилийн хугацаатай 2032 он хүртэл эзэмших эрх олгогдсон. Тухайн 13 м.кв газар нь эрхийн улсын бүртгэлийн Э-2202004548 дугаарт бүртгэгдэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 07 дүгээр сарын 21-ний өдрийн "Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, дугаар 95642" олгогдсон; - Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны кадастрын зураглалын мэдээллийн сангийн "Нэгж талбар, дугаар 1500600660"-т бүртгэгдсэн зэргээр нийтэд илэрхий үйл баримт бүхий бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоосон хууль ёсны зөвшөөрөлтэй, газрын төлбөрийг жил бүр төлөн хууль ёсоор ашиглаж, өмчилдөг болно.

Хариуцагч Ш.А нь өөрийн дур зоргоор авирлан төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтны ямар нэг зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн гараашины барилгын автозамын орц гарцыг хааж төмөр хашаа барьж, өөрийн байрны хажуугийн автозамаар дамжин өнгөрөх зориудын нэг орц гарцтай болгож, тухайн нэг орц гарц дээрээ хашаа, автомат хаалт барьж, 24 цагийн харуулын байр байрлуулж халдлага үйлдсэнийг Google earth-ын системийн сансрын хиймэл дагуулын зурган мэдээллийн 2019 оны 2-р сар, 2019 оны 4-р сарын 19-ны өдрийн фото зургаар тодорхой нотлогдож байгаа ба эдгээр хууль бус үйлдлийн төлбөрийг Ш.Аийн хувийн Хаан банкны 5007594647 тоот, 5099470088 тоот данс, "Эв нэгдэл-Нэг СӨХ-ийн Төрийн банкны 104400132823 тоот дансаар дамжуулж гүйцэтгэсэн, Ш.А гэх хувь нэрээр "Хал мон трейд" ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн "Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ, дугаар 016"-г байгуулсан байдаг.

Мөн тэрээр 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн автомашиныг гарааш руугаа нэвтрэхийг хориглон зогсоож, өөрийн байрны оршин суугчдаас мөнгийг нь гаргуулж барьсан хашаа, хаалт, харуулын байрыг ашиглан амин хувьдаа ашиг хонжоо олох шунахайн сэдэлтээр 80,000 төгрөг нэхэж рэкетлэн, шахаж дарамтлан гачигдуулснаас гадна, түүний зөвшөөрөлгүй гадны хүн нэвтрүүлж түүнтэй уулзуулсан гэх шалтгаар нэхэмжлэгчид чиглүүлэн өөрийн манаачийг халахаар айлган сүрдүүлж, учир зүггүй орилж хашхиран заналхийлж, манаачдаа нэхэмжлэгчийг дахин оруулж уулзуулахгүй байх үүргийг хатуу өгч, автомашинаа гараашдаа оруулан ашиглах эрхийг бүрмөсөн хориглож хүчирхийлсэн нь Монгол улсын иргэн хүний нийтийн орон зайд хүчирхийлэл, халдлагад өртөхгүй, айх аюулгүй, хэн нэгний шунал хүслийн золиос болохгүй байх үндсэн эрхэд хууль бусаар халдаж Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн "Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно" заалтыг ноцтой зөрчсөн, хүчирхийлэгч этгээдийн гаргасан увайгүй бүдүүлэг зан авир нь түүнтэй ахин уулзаж үг хэлээ ололцох боломжгүйг ойлгуулсан төдийгүй, түүний эрээ цээргүй шантааж, зусар зальхай байдлаас халширч цэрвэхэд хүргэсэн.

Нэхэмжлэгч нь Монгол улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Төр нь .... өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална" гэсэн, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 12 дахь хэсгийн "Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэдийн өргөдөл, гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй" гэсэн хуулийн хүрээнд хууль бус үйлдлийг таслан зогсоолгох, үүссэн асуудлыг "хууль, дүрмээр" шийдвэрлүүлэхээр 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Чингэлтэй дүүргийн газрын алба, Нийслэлийн газрын алба, Шударга, өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газарт хандсан ч, тэд асуудлыг шийдвэрлэх гэхээсээ, илүүтэй өөрсдөөс зайлуулж бусад руу түлхэн хариуцлагаас зайлсхийхийг урьтал болгож, өөр хоорондоо тохиролцсоний эцэст Нийслэлийн газрын албанаас, Чингэлтэй дүүргийн Газрын албанаас "Эв нэгдэл-Нэг" СӨХ-ийн захирал Ш.Ат хууль бус үйлдлээ нэн даруй зогсоож, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх шаардлагыг үл тоосон.

Түүнчлэн, газрын албаны зүгээс "Эв нэгдэл-Нэг СӨХ-ны нэр дээр газар эзэмших, ашиглах эрх, газрын гэрээ, гэрчилгээ байдаггүйгээс "Газрын тухай" хуульд зааснаар хариуцлага тооцох, арга хэмжээ авах боломж байдаггүй, тухайн үүссэн асуудлыг хууль, дүрмийн дагуу бүрэн шийдвэрлэх эрх мэдэлгүй, улсын байцаагчийн эрхгүй, хариуцагчийн хууль бус үйлдлийг таслан зогсоох, шийдвэрлэх эрх мэдэл "Зөрчлийн тухай" хуулиар Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт олгогдсон шалтгаанаар Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн Хяналтын газар,  Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газарт хандан 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр гомдол гаргахад хариуцагч нь Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Г.Цэнд-Аюуштай танил талаараа үгсэн хуйвалдаж бусдын бичиг баримтыг хуурмагаар ашиглан хууль бус үйлдлээ нуун дарагдуулах, хариуцлагаас зайлсхийх зорилгоор гомдлыг шийдвэрлэхгүйгээр Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газрын 2018.12.04-ний өдрийн 02-03/4610 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд шилжүүлэн будилуулсан ч, Нийслэлийн газрын албаны хяналт шалгалтаар түүний хуурч мэхэлсэн үйлдэл илэрснээс Нийслэлийн  мэргэжлийн хяналтын газарт буцаан шилжүүлсэн, улмаар улсын байцаагч дахин томилогдон шалгах явцад "СӨХ нь хуулийн этгээдийг эрхгүйгээс "Зөрчлийн тухай" хуулиар хариуцлага тооцох боломжгүй" гэдгийг мэдэнгүүтээ улсын байцаагчийг дуудахад нь очихгүй, газар дээр нь очиход зугтах, оногдуулсан шийтгэлийг эсэргүүцэх, захиргааны шүүхэд хандах зэргээр хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа мухардаж гацсан.

Нэхэмжлэгчийн зүгээс асуудлыг түргэн шуурхай шийдвэрлүүлэх, гацаа түгжээг арилгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан ч, Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.09-ны өдрийн 1510 дугаар тогтоолын хянавал хэсэгт: Өмчлөгч өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй. ...Нэхэмжлэгч нь тухайн байрны оршин суугч биш тул хаалтын чипийн үнийг төлөх үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч СӨХ-ны бурууг үндэслэлтэй нотолж чадаагүй, ...харин эрх бүхий этгээдийн шаардах эрхэд энэ шийдвэр нөлөөлөхгүй гэж шийдвэрлэсэн,

хариуцагч өөрийн манаачаа халахаар айлган сүрдүүлж, орилж хашгиран заналхийлж, нэхэмжлэгчийг булааж дээрэмдэхээр рэкетэлж, гарааш руугаа чөлөөтэй нэвтэрч ашиглах эрхийг хориглон хүчирхийлсэн 2018.09.03-ны өдрөөс хойш түүнтэй нэг ч удаа уулзаагүй, харин 2020.01.22-ны өдрийн анхан шатны шүүх хурал дээр л дахин тааралдсан, хурлын үеэр чип авчих гэж шахаад байснаас биш, түүний шүүх хурал дээр нотлох баримтгүйгээр "СӨХ-ны удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчид үнэгүй чип өгөхөөр 2019 оны 1-р сард шийдвэрлэсэн гэдэг тайлбар нь ч оргүй худал зүйл, учир нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.3-д зааснаар "СӨХ нь хуулийн этгээдийн эрхгүй, эрх зүйн чадамжгүй бөгөөд гадагш чиглэсэн захиргааны шинжтэй, иргэн хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр гаргах эрхгүйгээс гадна, хариуцагч нь тухайн цаг хугацаанд Нийслэлийн газрын албаны зүгээс 2019.01.03-ны өдрийн 03-06/08 тоот "Зөрчил арилгах тухай" албан бичиг, 2019.02.28-ны өдрийн 02-06/681 тоот "Газар чөлөөлөх тухай" албан бичгээр мэдэгдэл хүргүүлэхэд үл биелүүлж, дуудахад очихгүй, утсаа авахгүй хулжин зугтааж байсан ба тэрбээр төрийн хяналт шалгалт явуулж байсан эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өөрийн үүсгэсэн асуудлыг шийдвэрлэж дуусгах талаар нэг ч санал, санаачлага гаргаж байгаагүй байдаг.

Нөгөө талаар нэхэмжлэгч нь хариуцагчийн дур зоргоороо үйлдсэн 2018.09.03-ны өдрийн хууль бус үйлдлийг хамтарч үйлдээгүй ба түүний үүсгэсэн асуудлыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар хууль, дүрмээр шийдвэрлүүлэх, төрөөр эцсийн шийдвэрийг гаргуулахаар 2018.09.05-ны өдөр гомдол гаргаснаас хойших үйл явдал ч нэхэмжлэгчийн оролцоо байхгүй, огт холбогдолгүй, нэг ёсондоо шунал нь дэвэрсэн этгээдийн хүчирхийлэлд дахин өртөхгүй, гэмт хэргийн золиос дахин болохгүй, амар тайван амьдрах эрх, аюулгүй байдлаа төрөөр хамгаалуулах үүднээс "төрийн болон хуулийн хамгаалалт"-нд орж, тухайн маргааныг шийдвэрлэхэд оролцох өөрийн бүхий л үүрэг, хариуцлагыг төрд хуулийн дагуу шилжүүлчхээд өнөөг хүргэсэн нэхэмжлэгчийг үнэгүй чип ав гэхэд аваагүй, чип ашиглах боломжтой байсан мэтээр худал гүтгэлэг зохиож, хууль бус үйлдлийнхээ золиосонд хэвээр байлгахаар улайран чичилж, шүүхээр нэхэмжлэгчийг дүрмийн бус үйлдэлд буруутгасан хууль бус шийдвэр гаргуулахаар элдэв арга сүвэгчлэн үргэлж хүчирхийлэл үйлдэж буй нь ёс зүйгүй муйхар арга болно. Эсрэгээрээ, хариуцагч нь төрийн эрх бүхий байгууллагын албан тоотын мэдэгдэл, албан тушаалтны шаардсаныг хүлээн авч, хууль бус үйлдлээ таслан зогсоож, буруугаа залруулах боломж, цаг хугацаа хангалттай байсан ч ашиглаагүй байдаг.

Газрын тухай хууль, холбогдох хууль, тогтоомжийн зохицуулалтаар хууль зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох механизм боловсронгуй бус, олон шат дамжлага дамжиж хэрэгждэг буруу хэм хэмжээ, алдаа завхрал, албан хаагчдын мэдлэг чадвар, хариуцагчийн хулжин зальхай байдлаас цаг хугацаа алдсаар Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/251 дүгээр "Хууль, журмын хэрэгжилтийг хангах тухай" захирамжийн Захирамжлах нь хэсгийн 1-д Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмыг мөрдүүлж стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилгаж, газар чөлөөлөх байршлыг хавсралтаар баталсугай" гэж,

2-т "Энэ захирамж гарсантай холбогдуулан хашаа, хайсыг холбогдох журмын дагуу барьж, ашиглаагүй аж ахуй нэгж, байгууллагуудад хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлж, орчны аюулгүй байдлыг хангах, зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд, Зөрчил арилгах, хашаа, хайс шинэчлэх болон чөлөөлөхөөр тусгагдсан байршлуудад хяналт зохион байгуулах, дүгнэлт гаргах, холбогдох арга хэмжээ ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газарт,  Захирамжийн хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрт хангуулан шуурхай зохион байгуулж ажиллахыг Чингэлтэй дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай" гэж, тус захирамжийн хавсралт "Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын хэрэгжилтийг хангаж, газар чөлөөлөх байршлын жагсаалт"-ын 1662 дугаарт Чингэлтэй дүүрэг, нийтийн эзэмшил дээр байрлуулсан 8 метрийн урттай Автозамын хаалтыг буулгах гэж, 1663 дугаарт Чингэлтэй дүүрэг, нийтийн эзэмшил дээр байрлуулсан 28 метрийн урттай Хайсыг буулгах,1664 дугаарт Чингэлтэй дүүрэг, нийтийн эзэмшил дээр байрлуулсан 94 метрийн урттай Төмөр хашааг буулгах гэж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 31- ний өдрийн No02-06/1327 тоот албан бичгээр "Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/251 дүгээр захирамжийн хавсралтын 1662, 1663, 1664 дүгээр хэсэгт Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 30а байрны орчимд нийтийн эзэмшлийн зам талбайг хааж байршуулсан 8 метр автомашины хаалт, 28 метр хайс, 94 шалгалтын ажлыг авч метр төмөр хашаа тусгагдсан болно." гэж Ш.Аийн хууль бус үйлдлийг таслан зогсоохоор шийдвэрлэсэн.

Улмаар, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021.09.23-ны 02-06/5959 тоот албан бичгээр Ш.Аийн хууль бусаар барьсан хашаа, хаалт, харуулын байрыг албадан буулгаж, хариуг ирүүлэх хооронд хууль бус үйлдлээ дахин давтан үйлдсэнээс Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021.10.23-ны02-06/5959 тоот албан бичгээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 07/4348 тоот албан бичгээр "Эв нэгдэл- Нэг" СӨХ-д хандан "Орон сууцны тухай хуулийн 14.5-д "СӨХ нь орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно" гэж заасан тул 30А байрны нийтийн эзэмшлийн зам талбай дээр байрлуулсан хаалт, хайс, төмөр хашааг нэн даруй буулгаж чөлөөлөхийг мэдэгдье. Хувийг иргэн Л.Б-Өд гэж мэдэгдлийг дахин хүргүүлсэн ч, үл ойшоосон байдлаар өнөөдрийг хүргэж байна.

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Улсын байцаагчийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02-07-106/972 дугаар "Авто зогсоолын автомат хаалтын тухай" дүгнэлтээр Шалгалтаар дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лагааны гудамж, 30А байрны гаднах авто зогсоол, иргэн Л.Б-Өгийн эзэмшлийн авто машины гарааж нь нэг орц, гарцтай ба "Эв нэгдэл-1 сууц өмчлөгчдийн холбооны захирал Ш.А нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй автомат хаалт, харуулын байр байрлуулсан байгаа нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь /Сууц өмчлөгчдийн холбоо нь орон сууцны орчны зам, талбайн хөдөлгөөнийг хааж бусдад саад учруулахыг хориглоно/ заалтыг зөрчиж байна. Дээрх байдлаас үндэслэн дүгнэх нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Лагааны гудамж, 30А байрны гаднах авто зогсоолд автомат хаалт байрлуулсан, газрын маргаантай асуудлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд заасны дагуу тухайн шатны болон дээд шатны Засаг даргад хандаж, шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж хүчирхийлэл үйлдсэн, гэмт халдлага үйлдсэн этгээд болохыг тогтоож, тус газрын 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 02-02/2273 тоот "Автомат хаалтын тухай" албан бичгээр нийслэлийн газар зохион байгуулалтын албанд хандан "Иймд тухайн хаалтыг Нийслэлийн Засаг даргын 2021 оны A/251 дүгээр захирамжийн дагуу албадан чөлөөлөх нь зүйтэй" гэж шийдвэрлэсэн.

Ийнхүү, нэхэмжлэгч нь хариуцагчийн дур зоргоороо үйлдсэн 2018.09.03-ны өдрийн хууль бус үйлдлийг хамтарч үйлдээгүй ба түүний үүсгэсэн асуудлыг төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар "хууль, дүрмээр шийдвэрлүүлэх, төрөөр эцсийн шийдвэрийг гаргуулахаар 2018.09.05-ны өдөр гомдол гаргаснаас хойших үйл явдал ч нэхэмжлэгчийн оролцоо байхгүй, огт холбогдолгүй, нэг ёсондоо шунал нь дэвэрсэн этгээдийн хүчирхийлэлд дахин өртөхгүй, гэмт хэргийн золиос болохгүй, амар тайван амьдрах эрх чөлөө, аюулгүй байдлаа төрөөр хамгаалуулах үүднээс төрийн болон хуулийн хамгаалалт орж, тухайн маргааныг шийдвэрлэхэд оролцох өөрийн бүхий л үүрэг, хариуцлагыг төрд хуулийн дагуу шилжүүлчихээд өнөөг хүргэсэн тул хариуцагч, хамтран хариуцагч нараас "Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022.11.30-ны өдрийн "Хөрөнгө үнэлгээний тайлан"-гийн нэхэмжлэгчийн өмчлөлийн авто гараашны барилгыг 2018.09.03-ны өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаагүй хохирлын үнэлгээгээр тогтоогдсон гэм хорын хохирлын 6,592,950 төгрөг, "Хөрөнгө-Эстимэйт ХХК-ийн 2022.11.30-ны өдрийн "Кассын орлогын ордер дугаар нэхэмжлэгчийн үнэлгээ хийлгүүлсэний төлбөрт төлсөн 120,000 төгрөг; Улаанбаатар хотын банкны 2019.10.21-ний өдрийн 128,500 төгрөг; 2020.02.14-ны өдрийн 128,500 төгрөг; 2020.04.22-ны өдрийн 70,200 төгрөг; зэргээр нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөр 327,200 төгрөг буюу нийт гэм хорын хохиролд 7,040,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэж өгнө үү гэв. 

2. Хариуцагч тал татгалзлаа дараах байдлаар тайлбарлаж байна.

"Эв нэгдэл-Нэг СӨХ нь 20118.06.28-ны өдөр оршин суугчдын хурлыг зарлан хуралдуулж, СӨХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг шинээр сонгож, удирдах зөвлөл нь Ш.Аийг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Гүйцэтгэх захирлаар томилогдох үеп тухайн орон сууцанд гадна талбайн тохижилтгүй,  байр ашиглалтын засалт тохижилтгүй, 50-р бүрэн дунд сургууль болон Улаанбаатар Эрдэм Их сургуулийн оюутнууд их цугладаг, орцонд архи ууж, тамхи татах зэрэг явдлууд хавтгайрсан байсан. Тус байрны оршин суугчид зогсоолдоо өөрсдийн автомашинаа тавих боломжгүй, сургуулийн багш, оюутнууд автомашинаа байрлуулдаг, мөн байрны гадна тавьсан автомашинаа хулгайд алдаж байсан удаа ч бий.

"Эв нэгдэл-Нэг СӨХ нь оршин суугч нарынхаа дунд санал асуулга явуулж, орцны гадна хаалгыг домайн системтэй болгох, хашааны хаалгыг хаалттай байлгаж, зөвхөн оршин суугчдыг оруулдаг болох эсэх, орцны домайн болон хашааны хаалтын төлбөрийг СӨХ-ны мөнгөн төлбөрөөс тусад нь айл бүрээс гаргах эсэх санал асуулга явуулахад автомашинтай 48 айлаас 45 айл нь дэмжиж, домайн хаалт суурилуулах шаардлагатай гэж хариулсан байдаг.

Хашааны хаалгыг хаалттай болгож зөвхөн оршин суугчид автомашинаа байрлуулдаг болохыг 64 айлын 54 айл буюу 84 хувь нь шаардлагатай гэж хариулсан. Улмаар оршин суугчид дунд явуулсан санал асуулгаар нийт оршин суугчдын олонхи нь дэмжиж байсан тул тус байрны оршин суугчдаас мөнгө хурааж, Эв нэгдэл-Нэг СӨХ-ны гүйцэтгэх захирлын хувьд автомат хаалт, хашаа суурилуулдаг компанитай гэрээ байгуулж, тухайн оршин суугчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор автомат хаалт барьсан байдаг.

Хаалтыг барих үед Л.Б-Ө гэх  хүн байхгүй байсан ба дараа нь ирээд уулзсан. Өмнө нь автомат хашааг буулгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан боловч энэ удаагийн шаардлагадаа дурдаагүй байна. Нийт оршин суугчдын санал асуулга, шийдвэрээр, хоёрдугаарт тухайн оршин суугчдын хөрөнгөөр энэ ажил хийгдсэн.

Нэхэмжлэгч өмнө нь уг хашаа хаалтыг буулгуулах, хохирол 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байсан ба гурван шатны шүүх хэлэлцээд хэрэгсэхгүй болгож, байсан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын.22-ны өдрийн 123 дугаар шийдвэр гарсан. Тус шийдвэрийг давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 602 магадлалаар хэвээр үлдээж, мөн Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 сарын 09-ний өдрийн 01/510 тогтоолоор, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн. Гурван шатны шүүх хохирол 2,700,000  төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 болон 511 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна, хариуцагч "Эв нэгдэл-Нэг СӨХ болон Ш.А нар нь тухайн гэм хорыг учруулсан шалтгаант холбоогүй гэж үзсэн.

Эв нэгдэл-Нэг СӨХ нь оршин суугчдаас санал хурааж, мөнгө хураасан нотлох баримтуудыг өмнө нь шүүх хуралдаанаар үнэлээд түүнийг үндэслээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдчихсон учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу дахин үнэлэх шаардлагагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргахдаа Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон мөн хуулийн 511 дүгээр зүйлийг баримтлаж шийдвэрлэснийг үндэслэлгүй бөгөөд хөршийн эрх зүйн зохицуулалтаар зохицуулагдах ёстой гэж үзэж, гомдол гаргасан боловч хяналтын шатны шүүх гэм хорын хохирол гэж үзэх нь үндэслэлтэй байна гэж үзээд, шийдсэн байдаг. Нэгэнт гурван шатны шүүх гэм хорын хохирол эсэхийг мөн шийдчихсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 болон мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна.

Ш.А иргэний хувьд их гомдолтой байдаг. Түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд үүнийг хэлэх нь зүйтэй. Иргэн хүн гомдолтой, эрх ашиг нь хөндөгдөж байгаа бол шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй гэсэн хэдий ч нэхэмжлэл болон гомдолдоо эсрэг талаа гүтгэсэн, шунахайн сэдэлтэй, дээрэм хийсэн, гэмт халдлага үйлдсэн гэх зэргээр болон Чингэлтэй дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтэн н.Цэнд-Аюуштай үгсэн хуйвалдсан, бусдын бичиг баримт ашигласан гэх мэтээр нэхэмжлэл гаргаад байдагт нь Ш.А нэлээд гомдолтой байдаг тухайг уламжлуулсан.

Хөрөнгийн үнэлгээний тухайд "Эв нэгдэл-Нэг СӨХ болон Ш.А нарын үйлдсэн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал 6,7 сард гарааг түрээслэх хүн байхгүй. Мөн өвлийн улиралд ч гарааш түрээслэх хүн харьцангуй элбэг биш. Нэхэмжлэгч анх чипийг худалдаж авахгүй гэж байр сууриа илэрхийлсэн байдаг. Үүний дараа Ш.Аийн зүгээс холбогдох хүмүүсээс асууж тодруулсны эцэст чипийг үнэгүй олгохоор шийдсэн.  2018.12.26-ны өдөр Л.Б-Өтэй утсаар холбогдож, энэ талаар хэлэхэд татгалзаж, хууль бусаар барьсан хашаа хаалтаа буулга, хохирол барагдуул. Прокурорт хандаж, зөрчлийн хэрэг нээлгэж шалгуулна, шүүхэд хандана гэх байдлаар нэхэмжлэгч чипээ аваагүй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд нэгдүгээрт, хуулийн хүчин төгөлдөр шийдвэртэй, хоёрдугаарт автомат хаалт бүхий хаалга байршуулсан авто зогсоол нь тухайн оршин суугчдын санаачилж, хэрэгжүүлсэн ажил юм.

Мөн нэхэмжлэгчийн өөрийнх ч буруутай үйлдэл байна. Тодруулбал чип олгоход аваагүй байна. Иргэний хуулийн 514 дүгээр зүйл 514 дүгээр зүйлийн 514.1-т гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасан байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 000213690 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, 0000095642 дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, нэгж талбарын1500600660 дугаартай кадастрын зураг, Нийслэлийн Засаг даргын 2021 оны 04 сарын 02-ны өдрийн А/251 дугаартай захирамж, хавсралтын хамт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын 2022 03 сарын 31-ний өдрийн 02-06/1327 тоот албан бичиг, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2021 оны 10 сарын 15-ны өдрийн 07/4348 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 02-07-106/972 тоот албан бичиг, Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 2022 оны 05 сарын 31-ний өдрийн 02-02/2273 тоот албан тоот, Авлигатай тэмцэх газрын 2022 оны 08 сарын 04-ний өдрийн 05/10689 тоот хариу хүргүүлэх тухай албан бичиг, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 сарын 30-ны өдрийн хөрөнгө үнэлгээний тайлан, Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Хөрөнгө Эстимэй ХХК-ийн тусгай зөвшөөрөл, 2022 оны 11 сарын 30-ны өдрийн кассын орлогын баримт, 2019 оны 10 сарын 21-ний өдрийн меморлиалын баримт, 202002147349176902 дугаартай мемориалын баримт, 2020 оны 04 сарын 22-ны өдрийн 202004227417165356 дугаартай мемориалын баримт, зураг, Нийслэлийн Засаг даргын 1998 оны 05 сарын 07-ны өдрийн А/122 дугаартай захирамж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны1999 оны 03 сарын 10-ны өдрийн мэдэгдэл, зураг төсөл, 000039434 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2019 оны 09 сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх гэрээ, Кадастрын зураг, Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны 12 сарын 04-ний өдрийн 02-03/4610 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 01 сарын 22-ны өдрийн 02-03/340 дугаартай албан бичиг, Нийслэлийн газрын албаны 2019 оны 02 сарын 28-ны өдрийн 02-06/683 дугаартай албан бичиг, Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 сарын 05-ны өдрийн 02-01/799 дугаартай албан бичиг, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 04 сарын 12-ны өдрийн 394 тоот албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 03/1348 дугаартай хариу хүргүүлэх тухай албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 07 сарын 17-ны өдрийн 03-06/3574 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын 2020 оны 12 сарын 25-ны өдрийн 03/3456 дугаартай албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 сарын 25-ны өдрийн 03-06/289 тоот албан бичгийн хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 01 сарын 26-ны өдрийн 01-04/315 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 03-04/446 дугаартай албан бичиг, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 09 сарын 23-ны өдрийн 02-06/5959 тоот албан бичгийн хуулбар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 10 сарын 20-ны өдрийн 02-06/6611 тоот албан бичгийн хуулбар, өнгөт гэрэл зураг, цахим сайт дээрх нийтлэлийн хуулбар, 2018 оны 08 сарын 30-ны өдрийн 016 дугаартай Авто зогсоолын автомат хаалт гүйцэтгэх гэрээ, Ш.Аийн 2018 оны 09 сарын 01-ний өдрөөс 2018 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх Хаан банкны дансны хуулгын хуулбар, зураг, гарааш болон авто хаалтын зураг, План зургийн хуулбар, мэдэгдлүүд хуулбар, / хх-ийн 3-34, 42, 84-93, 94-101, 102-115, 116-117, 124, 141/,

4. Хариуцагч талаас нотлох баримтаар: Эв Нэгдэл СӨХ-ны 2023 оны 04 сарын 27-ны өдрийн 23/10 дугаартай итгэмжлэл, Ш.Аийн 2023 оны 05 сарын 01-ний өдрийн итгэмжлэл, Улсын Дээд Шүүхийн 2021 оны 12 сарын 09-ний өдрийн 001/ХТ2021/01510 дугаартай тогтоолын хуулбар, /хх-ийн 116-117, 125-132/,

5. Шүүхээс нотлох баримтаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 18-ны өдрийн 128/ШШ2019/0441 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 сарын 11-ний өдрийн 221/МА2019/0475 дугаартай магадлал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 602 дугаартай магадлал, Улсын Дээд Шүүхийн 2022 оны 03 сарын 31-ний өдрийн 001/ШТ2022/00064 дугаартай тогтоол /хх-ийн 56-83/ зэрэг нотлох баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б-Ө хариуцагч ЭН-1, Ш.А нарт холбогдуулан өөрийн эзэмшлийн гаражийг 2018.09.03-ны өдрөөс 2022.11.30-ны өдрийг хүртэлх хугацаанд ашиглаагүй хохирол 6,592,950 төгрөг, үнэлгээ хийлгэсний төлбөр 120,000 төгрөг,

нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамж 2019.10.21-ний өдрийн 128,500 төгрөг, 2020.02.14-ны өдрийн 128,500 төгрөг; 2020.04.22-ны өдрийн 70,200 төгрөг тэмдэгтийн хураамж 327,200 төгрөг, нийт хохиролд 7,040,150 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангах нь зүйтэй байна.

3. Нэхэмжлэгч Л.Б-Ө нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 15141, Л.Лааганы гудамж Г95/6 тоотод орших 13 м.кв талбайтай гаражийн зорилалтай хөрөнгийн өмчлөгч мөн тус гаражийн хаягт орших газрын эзэмшигч болох нь үл хөдлөх эд хөрөнгийн эд хөрөнгийн Ү-2202019263 тоот гэрчилгээ, Нийслэлийн засаг даргын 2017 оны 11 сарын 16-ны өдрийн А/874 тоот захирамжаар олгосон газар эзэмших эрхийн 0000095642 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

4. Хариуцагч Эв нэгдэл -1 СӨХ, Ш.А нар нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Л.Лааганы гудамж 30А байрны гадна талбайд автомашины автомат хаалт хийж, манаачийн барьсан үйлдлийн улмаас нэхэмжлэгч Л.Б-Ө нь өөрийн эзэмшлийн гараж руу чөлөөтэй нэвтрэх боломжгүй болсон тухай үйл баримт нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 182/ШШ2020/00193 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 602 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 001/ШТ2022/00064 дугаар тогтоолоор тогтоогдсон байна.

5. Дээрх шүүхийн шийдвэрээр талуудын маргааны үйл баримтыг шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар дахин дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

6. Шүүхийн шийдвэрээр тогтоосон үйл баримтыг агуулгын хувьд үзэхэд нэхэмжлэгч нь тус орон сууцанд оршин суудаггүй хэдий ч өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хариуцагч талын барьсан автомат хаалт саад болж байгаа ба улмаар уг автомат хаалтаар нэвтрэх нөхцөлийг хангаагүй үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д  Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заажээ.

8. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгчид учирсан хохирол, хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх ба учирсан хохирлыг өмнөх байдалд нь сэргээх боломжгүй нөхцөлд мөнгөн төлбөрөөр нөхөн төлөх үүрэгтэй байна.

9. Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг 2018 оны 01 дүгээр сараас 2022 оны 11 дүгээр сар хүртэл хугацаанд сар тутамаар тооцож 2018 онд 430,950 төгрөг, 2019 онд 1,326,000 төгрөг, 2020 онд 1,560,000 төгрөг, 2021 онд 1,560,000 төгрөг, 2022 онд 1,716,000 төгрөг, нийт 6,592,950 төгрөгөөр тооцсон байх ба уг үнэлгээг тусгай зөвшөөрөлтэй эрх бүхий хуулийн этгээд гаргасан байна. /хх-ийн 19-28/

10. Харин Л.Б-Ө нь гаражийг өмчлөх эрхээ хэвийн хэрэгжүүлж чадаагүй улмаас учирсан хохирлыг 2018 оны 10 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01 хүртэл хугацаанд 2,708,000 төгрөгөөр нэхэмжилснийг тус шүүхийн 2020 оны 01 сарын 22-ны өдрийн хуралдаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэхүү шүүхийн шийдвэр нь 2021 оны 12 сарын 09-ний өдрийн дээд шүүхийн тогтоолоор хүчин төгөлдөр болсон байна.

11. Иймд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон хугацаанаас хойшхи буюу 2022 оны хохирол 1,716,000 төгрөг болон уг үнэлгээ хийхэд төлсөн төлбөр 120,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.

12. Харин нэхэмжлэлийн бусад шаардлага болох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,200 төгрөг нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоо тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

13. Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгч Д.Батбилэгт хуралдааны тов мэдэгдсэн хэдий ч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, зохигч талууд түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлтийг бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

14. Тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч ЭН-1, Ш.А нараас 2022 оны хохирол 1,716,000 төгрөг, үнэлгээний төлбөрт төлсөн 120,000 төгрөг, нийт 1,836,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Б-Өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,204,150 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Б-Өн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127,593 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ЭН-1, Ш.А нараас 44,326 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б-Өд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОН

 

ШҮҮГЧИД Ч.ДАВААСҮРЭН

 

О.ЦЭНД-АЮУШ