| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Цолмон |
| Хэргийн индекс | 182/2023/00181/И |
| Дугаар | 182/ШШ2023/01898 |
| Огноо | 2023-06-22 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 182/ШШ2023/01898
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цолмон даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ТБ ХК-д холбогдох,
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Г.О,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, Д.Халиун,
Гэрч Э.Гомбосүрэн,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэсувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тодорхойлж байна.
ТБ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022.11.30-ны өдрийн Б/1465 тоот тушаалаар миний биеийг Чулуун овоо тооцооны төвийн захирлын албан тушаалаас чөлөөлсөн. Тушаалын үндэслэл нь ирцийн зөрчил болон тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээ хэтрүүлсэн гэх хоёр үндэслэлийг заасан байдаг. Ирцийн хувьд 2022.08.18-ны өглөөний ирц, 2022.08.19-ний өглөөний ирц, 2022.08.26-ны өдрийн ирцийг бусдад дамжуулж бүртгүүлсэн нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн тухай хуульд заасан ноцтой зөрчил гэж, мөн зээлдэгч Б.Өүлэн-Үжинд амины орон сууцны зориулалттай зээлийг 2022 оны 06 сарын 14-ний өдрийн зээлийн хорооны шийдвэрээр олгохдоо тооцооны төвийн зээлийн эрхийг хэтрүүлсэн гэж үзсэн. Эдгээр зөрчлүүдийг Дотоод хяналт шалгалтаар тогтоосон гэдэг бөгөөд дотоод хяналт гэдэг бол Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн дагуу Монгол банк нь ТБ ХК-ийн тогтолцоо, эрх зүйн баримт бичигт нийцэж байгаа эсэхийг нягтлан шалгаад зөрчлөөс урьдчилан сануулдаг ба хэрэв зөрчил гарсан тохиолдолд үүрэг даалгавар өгөх ёстой байдаг. Уг хяналт шалгалтаар гүйцэтгэх захирлын тушаалд дурдагдаад буй 2022.08.18,19,26-ны өдрийн ирцийг тодруулсан.
Манай тооцооны төв нь 2022.07.22-ны өдрөөс 2022.08.022-ны өдрийг хүртэлх хугацаанд засварын ажилтай байсан. Бид тооцооны төвийн ашигт болон бусад ажиллагаа зэргийг харгалзан үзээд засварын ажлыг хугацаанаас өмнө дуусгаж, ашиглалтад оруулсан. 2022.08.18-ны өдөр тооцооны төв ажиллаагүй, харилцагчдад үйлчлээгүй, энэ нь касс хаах дэвтэрт бичигдсэн байгаа. Энэ өглөө бид зузаатгал захьсан, манайх гурван харилцааны менежертэй, Э.Гомбосүрэн цэвэрлэгээний ажлаа удирдаад ажил дээр үлдэж, харилцааны менежер н.Энхжаргал бид хоёр Зуун айл, Мишээл зэрэг барилгын материал худалдааны төвөөр явж, дутуу үлдсэн тохижилтын ажлын материал, хөшиг, харилцагчийн сандал зэрэг захиалгат ажлуудыг гүйцэтгэж яваад ирсэн байдаг. Ингээд орой нь зузаатгал хийж, мөнгөө хүлээж аваад ажил тарсан.
2022 оны 08 сарын 19-ний өглөө мөн тохижилтын ажил дутуу байсан тул бид кассаа нээж, гүйлгээ заалаа хэвийн ашиглалтад оруулсан, харин хойд талын өрөө буюу харилцааны менежер, захирлын өрөөний ажлууд дутуу байсан тул бид тавилга, сандал, хөшгөө аваад харилцааны менежер н.Энхжаргалын хамт ирсэн байдаг. Энэ өдөр хэвийн ажилласан. Бид гадуур ажиллахдаа гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт хэдэн цагт хаашаа явсан тухайгаа тэмдэглэл үйлддэг.
2022 оны 08 сарын 26-ны өдөр 09 цаг 30 минутад Үнэт цаасны төвлөрсөн төвийн захирал н.Лхагва, ерөнхий нягтлан бодогч н.Эрдэнэчимэг нартай эх үүсвэр байршуулах тухай уулзалтыг товлосон байсан. Энэ уулзалтыг гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт бүртгүүлсэн. Мөн 2022 оны 08 сарын 25-ны өдөр манай салбарын бойлер нь эвдэрсэн тул зуун айл худалдааны төв рүү явсан энэ тухай гадуур ажилласан бүртгэлийн дэвтэрт бүртгүүлсэн байдаг.
Бид гадуур ажиллаж, харилцагчидтайгаа уулзаж, чанаргүй зээлээ төлүүлдэг, сар бүр төлөвлөгөөтэй ажилладаг. Төлөвлөгөөгөө улирал, жилээр нь нэгтгэж, ашигт ажиллагаа гаргадаг. Ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.1.3-т гадуур уулзалтыг зааж өгсөн байдаг. Миний хувьд ажлын байрны тодорхойлолтын дагуу гадуур уулзалтын дэвтэрт бүртгүүлж, гадуур уулзалт хийсэн болно.
Зээлдэгч Б.Өүлэн-Үжинд амины орон сууц бариулах зориулалтаар 2022.06.16-ны өдөр 70,000,000 төгрөгийн зээлийг харилцааны менежер н.Отгонтуяа судалж, оруулж ирсэн ба тэрээр уг зээлийг олгох боломжтой, харилцагч өөрөө Улсын бүртгэлийн Ерөнхий газрын санхүү, хэлтсийн дарга, хамтран зээлдэгч нь мөн төрийн албан хаагч байна. Харилцагч нь Голомт банкинд 14,875,788 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үүнийг хаахаар судалж оруулж ирсэн. Ингээд бид 14,875,788 төгрөгийн зээлээ хаагаад 70,000,000 төгрөгийн зээлийн эрх үүсэх юм байна гэж шийдсэн. Энэ зээлийг шийдэхэд захиралд дангаар эрх олгоогүй.
ТБ ХК-ийн Зээлийн бодлогын журам, зээлийн хорооны ажиллах журмын дагуу тооцооны төвийн зээлийн хорооны гишүүдийг баталснаар манай төвийн зээлийн хороо нь захирал, харилцааны менежер 3, нарийн бичиг гээд таван гишүүнтэй. Ахлах теллер бол зээлийн хорооны нарийн бичиг ба саналын эрхтэй оролцдог. Судалж байгаа эдийн засагч нь саналын эрх бүхий зээлээ танилцуулна. Тус зээлийг шийдээд тооцооны төвийн хорооны хурлаар 100 хувийн ирцтэйгээр зээлдэгч Б.Өүлэн-Үжинд 14,875,788 төгрөгийн зээлийг нь хаалгаад 70,000,000 төгрөгийг нь олгох шийдвэр гарсны дагуу зээлийг олгосон байдаг. Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.4.1-т тооцооны төвийн зээлийн хорооны бүрэлдэхүүнд тооцооны төвийн зээлийн хороонд саналын эрхтэй гурван гишүүн байна гэж заасны дагуу зээлийн хороо 100 хувийн ирцтэйгээр, 100 хувийн саналаар Б.Өүлэн-Үжинд уг зээлийг олгохоор шийдсэн.
Дээрх хоёр үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн байдаг ба энэхүү тушаал үндэслэлгүй тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, энэ хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж өгнө үү гэв.
2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Г.Оыг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Тушаалд дурдсан гурван өдрийн ирцийг бусдаар дамжуулж бүртгүүлсэн, зээлийн эрхийн хэмжээг хэтрүүлсэн гэх хоёр зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил тул ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.4-т, хөдөлмөрийн дотоод журмын 15.2, 15.2.41, хөдөлмөрийн гэрээний 8.4.1, 8.4.41 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан. Уг хоёр зөрчлийг банкны дотоод хяналт шалгалтаар тогтоосон. Мөн эдгээр зөрчлүүд нь тайлан, ирцийн мэдээлэл, зээлийн гэрээ, хурлын шийдвэр гэх баримтуудаар нотлогдож байгаа тул ажил олгогчийн зүгээс Г.Оыг тооцооны төвийг удирдах боломжгүй гэж үзээд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5.1-т салбар, тооцооны төвийн зээл шийдэх эрхийн хэмжээ нь тухайн зээлдэгч, түүнтэй холбогдох этгээдийн бусад банк, банк бус санхүүгийн байгууллага дах зээлийн үлдэгдэл болон нэмж хүсч буй зээлийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заасан. ТБ ХК-ийн гүйцэтгэх захирлын Зээлийн эрхийн хэмжээг тогтоосон тушаалаар тооцооны төвийн эрхийн хэмжээг 70,000,000 төгрөгөөр тооцож өгсөн. Гэтэл тус тооцооны төв нь 2022.06.17-ны өдөр Б.Өүлэн-Үжинд 70,000,000 төгрөгийн зээлийг судалж олгох үед тэрээр 14.875.788 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан. Б.Өүлэн-Үжингийн нийт зээл 70,000,000 төгрөгөөс хэтэрч байвал дараагийн шатны зээлийн хороогоор хэлэлцүүлэх зохицуулалттай. Хэрэв салбар тооцооны төвийн зээлийн эрхийн хэмжээ хэтэрвэл зээлийн дэд хурлаар хэлэлцүүлнэ гэж заасан. Гэтэл тооцооны төвийн эрхийн хэмжээ хэтэрсэн байхад зээл олгох шийдвэр гаргаж, зээл олгосон. Нэхэмжлэгч зээлийг хаах талаар шийдвэртээ дурдсан гэж тайлбарлаж байгаа боловч Чулуун-Овоо тооцооны төвөөс Б.Өүлэн-Үжинд олгосон зээлийн хорооны шийдвэрт энэ 14,875,788 төгрөгийг хаалгах тухай гаргаагүй байна.
Мөн Монгол банкаас Б.Өүлэн-Үжингийн зээлийн мэдээллийн лавлагаагаар зээл судлах үед түүний 2021.06.30-ны өдөр авсан зээлийн үлдэгдэл 14.875.788 төгрөг байсан ба 2023.04.12-ны өдөр дуусаж хаасан байна. Иймд 2022.06.16-ны өдөр 70.000.000 төгрөгийн зээл олгох үед 14.875.788 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан нь тогтоогдож байна.
Ажлын байрны тодорхойлолтод тооцооны төвийн захирал бол тухайн зээлийн хорооны даргын үүргийг гүйцэтгэх бөгөөд удирдан зохион байгуулах, хэрэв хорооны шийдвэрээс гарсан нөхцөл биелэгдээгүй бол зээл олгохоос татгалзах бүрэн эрхтэй субъект юм. Гэтэл 14,875,788 төгрөгийг зээлийг хаагаагүй байхад 70.000.000 төгрөгийн зээлийг олгосон нь тооцооны төвийн захирал зээлийн хорооны эрхийн хэмжээг хэтрүүлсэн өөрт олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Ирц бүртгүүлсэн тухайд хэрэгт ирцийн мэдээллийн баримт авагдсан. Г.О нь тухайн өдрүүдэд өөрийн ирцийг бусдаар дамжуулан бүртгүүлсэн үйлдэл нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болно. 2022.08.17-ны өдөр барилгын ажил хүлээлцсэн актаар тухайн тооцооны төвийн засварын ажил дууссан. Ажилтан нь тухайн тооцооны төв засвартай байсан эсэхээс үл хамаарч ажлын байрандаа ирж засварын ажилд хяналт тавьж, өглөө, орой ирцээ бүртгүүлэх үүрэгтэй байна. Харин ирцээ бусдаар дамжуулан бүртгүүлсэн нь ноцтой зөрчил тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл болсон. Тийм учраас нэхэмжлэгчийн тайлбар хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдохгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар: ...Г.Оын иргэний үнэмлэхийн хуулбар, ТБ ХК-ийн захирлын 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/1467 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 3/21 тоот албан бичиг, Б.Өүлэн-Үжингийн зээлийн мэдээллийн лавлагаа, ТБ ХК-ийн Чулуун овоо тооцооны төвийн Гадуур ажлын бүртгэлийн дэвтэр, Чулуун овоо тооцооны төвийн засварын ажил гүйцэтгэх гэрээ, кассын бүртгэл, мемориалын баримт, 2022 оны 05 сарын 20-ны өдрийн Сүндэр Оргил ХХК-иас Төрийн ХК-д үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, Техникийн тодорхойлолт, 2022 оны 08 сарын 25-ны өдөр Чулуун овоо тооцооны төв нэмэлт ажил хийсэн ажлын акт, Сүндэр Оргил ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Г.Оын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, / хх-ийн 2-3, 5, 131-145/
4. Хариуцагч талаас нотлох баримтаар: ...ТБ ХК-ийн 2023 оны 02 сарын 28-ны өдрийн 01/1313 дугаар итгэмжлэл, 2023 оны 03 сарын 13-ны өдрийн хариу тайлбар, 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 01/953 дугаар итгэмжлэл, ТБ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 11 сарын 04-ний өдрийн А/419 дугаар ТБ ХК-ийн Комисс байгуулах тухай тушаал, 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 01/2190 дугаар итгэмжлэл, 2020 оны 06 сарын 29-ний өдрийн 55 дугаар ТБ ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, Төрийн ХК-ийн Зээлийн хорооны ажиллах журам, 2022 оны 03 сарын 25-ны өдрийн А/137 дугаар Төрийн ХК-ийн хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлах тухай тушаал, ТБ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 78 дугаар ТБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Зээлийн бодлогыг шинэчлэн батлах тухай тогтоол, ТБ ХК-ийн зээлийн бодлого, ТБ ХК-ийн 2022 оны 06 сарын 07-ны өдрийн А/237 дугаар Зээлийн үйл ажиллагааны журам шинэчлэн батлах тухай тушаал, ТБ ХК-ийн зээлийн үйл ажиллагааны журам, 2022 оны 06 сарын 16-ны өдрийн Амины орон сууцны зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2022 оны 06 сарын 16-ны өдрийн барьцааны гэрээ, Төрийн ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 08 сарын 16-ны өдрийн А/334 тоот Зээлийн хорооны эрх шинэчлэн тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, Г.Оын ирцийн мэдээлэл, 2022 оны 08 сарын 17-ны өдрийн Төрийн банкны барилга засварын ажлыг хүлээн авах комиссын акт, Төрийн банкны ажилтнууды үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны албан бичиг, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2017 оны 08 сарын 23-ны өдрийн Б/1201 дугаар Г.Оыг үндсэн ажилтнаар ажиллуулах тухай тушаал, Төрийн банкны гүйцэтгэх захирлын 2022 оны 03 сарын 04-ны өдрийн Б/227 дугаар Г.Оыг урьд нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилох тухай тушаал, 2022 оны 03 сарын 28-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт / хх-ийн 12, 17-20, 24-80, 146-155, 183-201/
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтаар: Монгол банкны 2023 оны 04 сарын 21-ний өдрийн Н/56 дугаар албан бичиг, Б.Өүлэн-Үжингийн зээлийн мэдээллийн лавлагаа, Г.Оын ажлын байрны тодорхойлолт, Чулуун овоо тооцооны төвд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын тайлан, ТБ ХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн Б/1478 дугаар М.Энхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ТБ ХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн Б/1479 дугаар Э.Гомбосүрэнд сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ТБ ХК-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн Б/1477 дугаар Ж.Отгонтуяад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, ТБ ХК-ийн 2022 оны 11 сарын 04-ний өдрийн А/419 дугаар комисс байгуулах тухай тушаал, 2022 оны 03 сарын 07-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Г.Оыг ажилд томилсон тухай тушаал, Зээлийн хорооны шийдвэр, Б.Өүлэн-Үжингийн зээлийн мэдээллийн лавлагаа, Б.Өүлэн-Үжингийн зээлийн өргөдлийн маягт, Төрийн банкны ажилтнуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооны лавлагаа, / хх-ийн 98-99, 102-129, 171-172/ зэрэг болно.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч ТБ ХК-д холбогдуулан Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, төлснийг баталгаажуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэн болон хуулийн этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн биеэр болон төлөөлөгчөөр дамжуулан оролцох эрхтэй. Хариуцагч ТБ ХК 2023 оны 02 сарын 02-ны өдрийн 01/953 тоотоор Н.Байгаль, 2023 оны 04 сарын 13-ны өдрийн 01/2190 тоот итгэмжлэлээр Б.Халиун нарыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон уг итгэмжлэл хүчин төгөлдөр байна. /хх-ийн 18, 24/
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-д Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ, ...158.2.2-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж,
Мөн хуулийн 154.2.1-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж тус тус зааснаар ажилтан ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авч, шүүхэд хуульд заасан хугацаанд гомдолоо гаргасан нь хуульд нийцсэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.3-д Хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ гэж заажээ.
Ажил олгогч ТБ ХК-ид хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс байгуулагдаагүй мөн тус дүүрэгт Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй болох нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 01 сарын 03-ны өдрийн 3/21 тоотоор тогтоогдож байна.
Иймд талуудын хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүхийн өмнөх шатанд шүүхийн эвлэрүүлэн зуучлалын журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэж, хэргийг хуралдаанаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч нь өөрийн ирцийг бусдаар бүртгүүлээгүй тухайн өдрүүдэд ажилласан, зээлдэгчийн үлдэгдэл төлбөрийг хааж, нэмж олгох шийдвэрийг багаараа гаргасан гэж, хариуцагч нь өөрийн ирцийг бусдаар дамжуулж бүртгүүлсэн нь хяналт шалгалтаар мөн тооцооны төвийн эрхийн хэмжээг хэтрүүлж зээл олгосон нь монгол банкны лавлагаагаар тус тус тогтоогдсон, эдгээр зөрчлүүд нь ноцтой зөрчил тул тушаал үндэслэлтэй гэж маргаж байна.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Төрийн банк ХХК-ийн захирлын 2022 оны 03 сарын 04-ний өдрийн Б/227 тоот тушаалаар Г.Оыг урьд эрхэлж байсан Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд тогтоож, 2022 оны 03 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулснаар тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
Төрийн банк ХХК-ийн захирлын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн Б/1467 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5 дах заалт, Төрийн банкны Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.1.1,15 дугаар зүйлийн 15.2.1, 15.2.41, 24 дүгээр зүйлийн 24.3.5 дах заалт, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.1, 8.4.41, 12 дугаар зүйлийн 12.4.5 дахь заалт, Хүний нөөцийн хорооны хурлын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 67/09 дугаартай шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүрэг салбарын Чулуун овоо тооцооны төвийн захирал Г.Оыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийг харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалжээ.
Тушаалд ажилтан Г.О нь 2022 оны 06 сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Өэлүн-Үжинд зээл олгохдоо Зээлийн бодлогын 7.6, Зээлийн үйл ажиллагааны журмын 8.2.2.ж, 10.6.4.а, Зээлийн хорооны ажиллах журмын 2.1 дэх хэсгийг зөрчиж тооцооны төвийн эрхийн хэмжээ 14,875,788 төгрөгөөр хэтэрсэн байхад хэлэлцүүлэн шийдвэрлэсэн нь Зээлийн хорооны ажиллах журмын 7.4, ажлын байрны тодорхойлолтын 3.1 дэх хэсгийн 6,7 -д заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй, зээлийн хорооны даргын хувьд хяналт тавих чиг үүргээ хэрэгжүүлээгүй, дээд шатны хорооны хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлээгүй,
мөн 2022 оны 08 сарын 18, 19, 08 сарын 26-ны өдрүүдэд өөрийн ирц бүртгүүлэх программын эрхээ бусдад дамжуулан бүртгүүлсэн ноцтой зөрчил нь Дотоод хяналт шалгалтын газрын шалгалтаар тогтоогдсон гэжээ.
Ажил олгогчийн дээрх тушаалын агуулга нь ажилтаны гаргасан дээрх 2 төрлийн зөрчил болох эрхээ хэтрүүлж зээл олгож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон гэж,
өөрийн ирцийг бусдаар дамжуулж бүртгүүлсэн нь мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, эдгээр зөрчлүүд нь 2022 оны 11 сарын 18-ны өдрийн хяналт шалгалтын тайлангаар тогтоогдсон гэж тайлбарлаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцалж байгаа тохиолдолд ажил олгогч нь тушаалын үндэслэлээ нотлох үүрэгтэй.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь нотлогдсон тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах боломжтой байна.
Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг хоёр буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгох бөгөөд зөрчил бүрт тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай.
Сахилгын зөрчил гэдэг нь түүний хөдөлмөрлөх явцдаа хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжил ажил үүрэгтэй холбоотой дүрэм, журам зэргийг зөрчих, мөн ёс зүйн алдаа гаргах зэргээр гэм буруутай, эс үйлдэхүй гэж ойлгоно.
Иймд ажилтны гаргасан зөрчил тус бүрийг шалгах нь зүйтэй байна.
3.1. 2022 оны 08 сарын 18, 19, 08 сарын 26-ны өдрүүдэд өөрийн ирц бүртгүүлэх программын эрхээ бусдад дамжуулан бүртгүүлсэн ноцтой зөрчлийн тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл гэжээ.
Төрийн банкны хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлд ажилтаны эрх үүргийг тодорхойлсон бөгөөд 9.2.35-д ажилтан өөрийн биеэр ирсэн, явсан ирцээ бүртгүүлэх бөгөөд ирц бүртгэлтийн системийн эрхийг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй байна.
Талуудын байгуулсан 2022 оны 03 сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд ажилтаны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох, цуцлах үндэслэлийн 8 дугаар зүйлд ноцтой зөрчлийг тухайлан заасан ба 8.4.1-д ...хоёр буюу түүнээс дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн... гэсэн үндэслэлийг заажээ.
Төрийн банкны дотоод хяналт, шалгалтын газар Баянзүрх дүүрэг салбарын харъяа Чулуун овоо тооцооны төв болон Баянзүрх тооцооны кассд хийсэн эрсдэлд суурилсан шалгалтын ажиллагаа явуулж 2022 оны 11 сарын 18-ны өдөр тайлан гаргажээ. Уг тайлангийн 5 дугаар зүйлд Нэгжийн ажилтнуудын цаг ашиглалтын талаар хэсэгт төвийн захирал Г.О нь өглөө ирсэн боловч бусад ажилтнаар ирц бүртгэлийг бүртгэсэн эсхүл өглөө ирэлгүй бусдаар ирцээ бүртгүүлсэн нь камерийн бичлэгээр нотлогдож байна гээд түүний 2022 оны 08 сарын 18-ны ирцийг М.Мөнхзаяа, 2022 оны 08 сарын 19-ны ирцийг Б.Цэвээндарь, 2022 оны 08 сарын 26-ны ирцийг Э.Гомбосүрэн нар бүртгэсэн гэжээ. /хх-ийн 107-116/
Хэрэгт авагдсан баримтаар ажилтан Г.Оын 2022 оны 08 дугаар сарын цагийн бүртгэлд 18, 19, 26-ны өдрийн ирсэн, тарсан цагийг бүртгэсэн баримт авагдсан хэдий ч хяналт шалгалтын тайланд тухайн өдрүүдийн ирцийг бусдаар бүртгүүлсэн болохыг тогтоосон гэж үзэж түүнийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн эрхлэлтийг харилцааг цуцалсан нь үндэслэл бүхий гэж үзэхээргүй байна. /хх155/
Тодруулбал хяналт шалгалтын тайланд Г.Оын ирцийг хүснэгтээр 08 сарын 18-нд М.Мөнхзаяагаар, 19-нд Б.Цэвээндариар, 26-нд Э.Гомбосүрэнгээр бүртгүүлсэн гэж тэмдэглэж, ирц бүртгэлийн талаар Э.Гомбосүрэнгээс тодруулахад ...2022.08.26-ны өдөр захирал Г.Оын ирцийг хийсэн гэсэн тайлбарыг дурдсан байна.
Гэтэл Г.Оын 2022 оны 08 сарын 26-ны өдрийн ирцийг бүртгэсэн гэх Э.Гомбосүрэн нь шүүхэд гэрчээр ...захирал Г.Оын ирцийг би бүртгээгүй, миний компьютерээр бүртгэл гарсан болохоор би бүртгэсэн гэж хэлсэн гэх мэдүүлгээс үзэхэд хяналт шалгалтын тайланг үнэн зөв эсэхэд эргэлзээтэй байна.
Мөн түүнчлэн хяналт шалгалтын тайланд дурдсан Г.Оын 2022.08.18, 2022.08.19-ний ирцийг бүртгэсэн гэх нэр бүхий этгээдээс тодруулга аваагүй байх ба тэрээр өөрийн ирцийг бусад этгээдээр бүртгүүлсэн гэх үйлдэл нь бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байна.
Шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан бөгөөд ажилтны энэхүү зөрчлийг тогтоосон гэх хяналт шалгалтын тайлан нь эргэлзээтэй байх ба 2022.08.18, 19-ний өдрийн ирцийг бусдаар бүртгүүлсэн гэх зөрчил нь бусад баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл ажил олгогч нь ажилтныг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил буюу хоёр буюу түүнээс дээш удаа ирц бүртгэлийн системд бусдаар ирцээ бүртгүүлсэн... гэж дүгнэсэн тушаалын үндэслэлийг нотлоогүй болно.
3.2. 2022 оны 06 сарын 16-ны өдөр зээлдэгч Б.Өэлүн-Үжинд эрхээ хэтрүүлж зээл олгож шийдвэрлэсэн зөрчлийн тухайд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд,
мөн талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.4.41-д өөрт эрх олгогдоогүй зээлийн хүсэлтийг судалсан, зээлтийг хүсэлтийг шийдвэрлэсэн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах үндэслэл гэж тус тус тодорхойлсон байна.
Төрийн банкны захирлын 2018 оны 08 сарын 16-ны өдрийн А/334 тоот тушаалаар зээлийн хорооны эрх шинэчлэн тогтоосноор Баянзүрх дүүргийн Чулуун овоо тооцооны төвийн эрхийг 70,000,000 төгрөг гэж, мөн Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлийн 10.5-д салбар тооцооны төвийн зээлийн хорооны зээл шийдвэрлэх эрхийн хэмжээ нь тухайн зээлдэгч түүнтэй холбогдох этгээдийн бусад банк, санхүүгийн байгууллага, банк дах зээлийн үлдэгдэл болон нэмж хүсэж буй зээлийн дүнгийн нийлбэрээр тодорхойлогдоно гэж заажээ. /хх-ийн 65, 153, 154/
Тус тооцооны төвийн зээлийн хороо 2022 оны 06 сарын 16-ны өдөр хэлэлцэж зээлдэгч Б.Өэлүн-Үжинд 70,000,000 төгрөгийн амины орон сууцны зориулалтаар зээл олгохоор шийдвэрлэж, тооцооны төвийн захирал Г.О, Б.Өэлүн-Үжин нарын хооронд зээлийн гэрээ байгуулж, уг зээлийг олгожээ. /хх-ийн 147-148/
Зээлдэгч Б.Өэлүн-Үжинтэй зээлийн гэрээ байгуулах 2022.06.16-ны өдрийн байдлаар тэрээр 2021.06.30-ны өдрийн зээлийн гэрээний 22,330,000 төгрөгийн зээлээс 14,875,788 төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийн хэвийн ангилалтай байсан ба уг үлдэгдэл төлбөрийг 2023.04.12 өдөр төлж дуусгасан болох нь Монгол банкны лавлагаагаар тогтоогдож байна. /хх-ийн 99, 127/
Энэ нь тус тооцооны төвийн захирал Г.О нь Зээлийн хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.1-д банкны зээлийн хорооны түвшин бүрэлдэхүүн, зээл шийдвэрлэх эрх мэдэл, хэлэлцэх асуудлын хувьд төрийн банкны зээлийн бодлогын 7, 12 дугаар зүйл, зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлд заасныг тус тус дагаж мөрдөнө гэж,
Зээлийн бодлогын 7 дугаар зүйлийн 7.6-д салбар тооцооны төвийн зээлийн хороо нь олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан салбар тооцооны болон харъяа нэгжийн зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх ба эрхээс давсан тохиолдолд зээлийн ерөнхий хороо, зээлийн дэд хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ гэж,
Зээлийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлд зээлийн ажилтны эрх, ёс зүй, үүрэг хэсгийн 8.2.2-д бүх шатны зээлийн хорооны дарга, гишүүн, зээлийн ажилтан эрх мэдлээ хэтрүүлэх, зээлийн хорооны шийдвэрийг зөрчих гэж 10.6.4.а-д олгосон эрх мэдлийн хэмжээнд багтаан зээлийн өргөдлийг хэлэлцэж шийдвэрлэх тус тус заасныг зөрчсөн гэж үзэхээр байх хэдий ч,
Зээлийн үйл ажиллагааны журмын 10 дугаар зүйлд зээлийн хорооны бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудлыг тодорхойлсон бөгөөд 10.6.1.д хэсэгт дараах харилцагчид зээлийн уян хатан нөхцөл тогтоох, тавигдах шаардлагад хөнгөлөлт үзүүлэх тохиолдлыг тусгасан ба 2 дугаар зүйлд банкны найдвартай зээлдэгч гэж тодорхойлжээ. /хх-ийн 28, 52, 64, 66, 67/
Нэхэмжлэгч нь өөрт олгосон эрхээ хэтрүүлж зээл олгосон гэж үзэхээр байх хэдий ч тухайн зээлдэгчийн хувьд төрийн жинхэнэ албан хаагч мөн банкны найдвартай зээлдэгч болох нь түүний зээлийн мэдээллийн лавлагаа болон зээлдэгчийн анкет зэрэг баримтаар тогтоогдож байх ба энэ нь зээлийн үйл ажиллагааны журамд зааснаар зээлийн уян хатан нөхцөлөөр зээлдэгчид зээл олгосныг буруутгах үндэслэлгүй гэж үзэхээр байна.
Иймд ажилтаныг дээрх хоёр үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн тушаал үндэслэлгүй байх тул түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж шийдвэрлэлээ.
4. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д ...Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж зааснаар нэхэмжлэгчийн 2022 оны 11 сарын 30-ны өдрөөс 2023 оны 06 сарын 22 хүртэл хугацааны ажилгүй байсан 140 хоногийн цалин хөлсний дундажийг 2021 оны А/192 тоот тушаалаар тооцоход нэг сарын дундын дундаж цалин хөлс 3,007,045 төгрөг, нэг өдрийн 139,862 төгрөг, нийт 19,580,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж олгох нь зүйтэй.
Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах нь ажил олгогчийн үүрэг гэж хуульд заасан байна.
5. Тэмдэгтийн хураамжийн хуульд зааснаар хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Оыг ТБ ХК-ийн Баянзүрх дүүрэг салбарын харьяа Чулуун овоо тооцооны төвийн захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагч ТБ ХК-иас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 19,580,680 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч ТБ ХК нь нэхэмжлэгч Г.Оын ажилгүй байсан хугацааны цалин хөлснөөс хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Г.О улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 255,853 төгрөг гаргуулан төсвийн орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОЛМОН