Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Өлзийжаргал |
Хэргийн индекс | 128/2022/0718/З |
Дугаар | 128/ШШ2023/0277 |
Огноо | 2023-03-24 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 128/ШШ2023/0277
2023 03 24 128/ШШ2023/0277
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ч.О /РД:ЧН/
Нэхэмжлэгч: Д.Ө /РД:ХЖ/
Нэхэмжлэгч: Ж.Х /РД:ХА/
Нэхэмжлэгч: Н.М /РД:ХА/
Хариуцагч: ******* Засаг дарга нарын хоорондын гражийн газар эзэмших маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэтэл 2022 оны 04 сард тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн огноотой, №200 дугаар бүхий шаардах хуудсыг гаражийн хаалган дээр наасан байх бөгөөд Газрын тухай хуулийн 27 дугаар зүйл, 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтыг тус тус үндэслэн газрыг чөлөөлөхийг шаардсан байна. Уг асуудлыг ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанаас тодруулахад
******* засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 03 сарын 14-НИЙ өдрийн ******* дугаартай захирамжийн 2.1 дэх заалтаар Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай дахь орц, гарц, явган хүний замыг хааж, хөдөлгөөнд саад учруулж байгаа, энэ захирамжийн хавсралтад заасан байршлуудад газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх ажлыг зохих журмын дагуу зохион байгуулах-ыг ******* газар зохион байгуулалтын албанд даалгасан байх бөгөөд уг захирамжийн 1 дүгээр заалтаар газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан, захирамжийг биелүүлж байгаа талаар мэдэгдсэн.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-дахь заалтын "захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг дараах байдлаар хуульчилсан.
Тодруулбал захиргааны байгууллага, албан тушаалтан шийдвэр гаргахдаа тус хуулийн 4.2 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хондсон захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-д "хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмуудыг баримтлах үүрэгтэй боловч хариуцагч ******* засаг даргаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хуульд заасан дээрх зарчмуудыг огт баримтлаагүй, иргэдийн хууль ёсны өмчлөх эрхэд бүдүүлгээр халдсан байна.
******* засаг даргаас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж буй этгээдүүдийн Оролцоог хангаагүй буюу сонсох ажиллагаа хийгээгүй, тайлбар, нотлох баримт гаргах боломжоор хангаагүй, иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан байна.
Маргаан бүхий гаражуудийн газар эзэших эрхийг 1999 оны 04 сарын 17-ны өдрийн A/47 тоот ******* засаг даргын захирамжийн нэг дүгээр заалтын 56 дугаарт "Г*******" ХХК-д ашиглуулахаар олгосон байх ба Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2000 оны 03 сарын 06-ны өдрийн 56 тоот мэдэгдлээр гаражийн зориулалтаар газар олгож, гэрчилгээ олгуулахаар шийдвэрлэсэн, ******* дүүргийн газрын албанаас газрын төлбөрийг олон жилийн турш актаар тогтоож төлүүлж, хорооны засаг даргаас гараж эзэмшигч гэсэн тодорхойлолт олгож байсан төрийн байгууллагын үйл ажиллагаанд итгэж гараж худалдан авч, хөрөнгө зарцуулсан иргэдийн итгэлийг үл хамгаалан, үндэслэлгүй шийдвэр гаргасан байна.
Засаг даргын хууль бус шийдвэртэй холбогдуулан иргэдээс уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар ******* засаг даргад 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хандсан боловч 2022 оны 04 сарын 04-ний өдөр нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан гаражуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа талаар хариу мэдэгдсэн тул Захиргааны Ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу Ерөнхий сайдад ******* засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгуулах 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хандсан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Хууль бус шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргасаар байтал ******* засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжийн дагуу 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр ******* дүүргийн газрын албанаас иргэдийн эзэмшлийн гаражуудыг хүч түрэн нураасан.
Гараж эзэмшигч Ч.О нь ******* дүүргийн газрын албанаас 2008 оны 10 01-ний өдөр "Газрын төлбөр тогтоох тухай" акт үйлдэж баталгаажуулсан, 2011 онд төлбөрийг шинэчлэн тогтоож баталгаажуулсны дагуу 2019 он хүртэл тасралтгүй хугацааг сунгуулж, актын дагуу газрын төлбөрийг төлж, илээр шударгаар газар эзэмшиж, түүн дээрх гаражийг ашиглаж байсан.
Газрын албанаас газрын төлбөр жил болгон авдаг мөртлөө иргэдийн газар эзэмших, ашиглах эрх авах хүсэлтийг шийдвэрлэж өгдөггүй байснаас маргаан бүхий гаражуудийг олон жилээр эзэмшиж, ашиглаж байсан иргэд гараж дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулж чадаагүй байсан боловч иргэн бүр гаражийг тодорхой цаг хугацаанд, хөрөнгө зарцуулан худалдан авсан байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь
үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ", 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.
Мөн уг газрыг "нийтийн эзэмшлийн зам, гудамж, талбай гэж тодорхойлж байх боловч аль хэдийн ******* дүүргийн газар зохион байгуулалтын албанд эзэмших эрх олгосон байгаа нь олон жилийн турш илээр, шударгаар газар, түүний дээрх гаражийг эзэмшиж байсан иргэдийн хөрөнгийг Төрийн эрх мэдлээр далайлган дээрэмдэж авч байгаатай адил үйлдэл болсон байна.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно", Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3- д "захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох", 106.3.7-д захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох гэж заасан.
Иймд ******* засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн ******* дугаартай захирамжийн зарим хэсэг буюу нэхэмжлэгч Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нарт холбогдох хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 48.1-д заасан сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т заасны дагуу Захиргааны хууль бус актын улмаас иргэн Ч.Од учирсан хохирол 12,120,000 төгрөг, иргэн Д.Өд учирсан хохирол 12,120,000 төгрөг, иргэн Ж.Хд учирсан хохирол 12,120,000 төгрөг, иргэн Н.Мд учирсан хохирол 12,120,000 төгрөгийг тус тус хариуцагч ******* засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч тус бүрт олгуулж өгнө үү.
гэжээ.
Иргэний хуульд заасны дагуу төрийн албан хаагч нь үүргээ зөрчсөн буруутай үйлдлээс учирсан хохирлыг төр хариуцан арилгадаг. ******* Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэг, 20.2.2-т газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах гэж заасны дагуу хуулиар олгогдсон эрхийн хүрээнд дээрх зөрчил арилгах тухай ******* дугаар захирамжийг гаргасан.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нар нь одоо маргаан бүхий газарт байрлаж буй тухайн гараашууд нь газар эзэмших эрхгүй тул Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасны дагуу газар чөлөөлөх арга хэмжээ авсан болно.
Иймд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Иргэн Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М, О.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******ын нэхэмжлэлтэй ******* Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. ******* Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.19, 66 дугаар зүйлийн 66.1, 77 дугаар зүйлийн 77.1, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.5, 20 дугаар зүйлийн 20.2.2, 23 дугаар зүйлийн 23.3.5, Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 9.1.5, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, ******* Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор баталсан ******* 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, ******* иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ******* оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд ******* дүүргийн 2 дугаар хорооны 1А байрны зүүн талд байрлах гражууд хамаарч байна.
3. Нэхэмжлэгч Ч.О нь 2008 онд ******* дүүргийн 2 дугаар хороо, 1а байрны зүүн талын 5 тоот гражийг, Д.Ө нь 2021 онд 4 тоот гражийг, Ж.Х нь 2019 онд 7 тоот гражийг, Н.М нь 2010 онд 15 тоот гражийг тус тус худалдан авсан гэж, одоогийн зах зээлийн үнэлгээг граж тус бүр нь 12,120,000 төгрөг гэж хохирол нэхэмжилсэн баримтуудыг шүүхэд гарган өгчээ. /1-р х.х-н 12-166/
4. ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр, Шаазан ваарын үйлдвэрийн агуулахын баруун талд нэхэмжлэгч нарын гражуудын байрлаж байсан газрыг анх гражийн барилгын зориулалтаар 1999 оны 4 сарын 17-ны өдрийн А/47 тоот ******* Засаг даргын захирамжаар Г******* ХХК-д 2 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэжээ. /2-р х.х-н 116, 120/
5. Үүнээс хойш уг гражийг иргэд хоорондоо худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсээр одоогийн эзэмшигч нарт ирсэн байна.
6. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ******* дүүргийн газрын албанаас газрын төлбөрийг олон жилийн турш актаар тогтоож төлүүлж байсан, худалдаж авсан гражийн өмчлөх эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан гэж маргаж байх боловч газрын төлбөр төлснөөр, граж худалдан авснаар түүний газар доорх газрын эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй юм.
7. Тодруулбал, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар иргэдэд газар эзэмшүүлэх шийдвэрийг тухайн шатны Засаг дарга гаргахаар заасан төдийгүй мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.3 Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4 Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заажээ.
8. Дээрх хуулийн дагуу нэхэмжлэгч нарт газар эзэмших, өмчлөх эрх байхгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл уг газрыг ашиглах эрх 2001 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болжээ.
9. Түүнчлэн хорооны Засаг даргын тодорхойлолт нь газар эзэмших, өмчлөх эрхийг олгосон шийдвэр биш байх тул хорооны Засаг даргаас граж эзэмшигч гэсэн тодорхойлолт олгож байсан төрийн байгууллагын үйл ажиллагаанд итгэж, граж худалдан авч, хөрөнгө зарцуулсан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй.
10. Дээрх гражууд байрлаж байсан газрыг ******* Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн А/663 дугаар захирамжаар ******* нутаг дэвсгэрийн орон сууцны хорооллын дундах тоосгон болон төмөр граж, контейнерыг цэгцэлж, иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ******* Ерөнхий төлөвлөгөөний газар, Өмчийн харилцааны газрын хамтарсан 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн Техникийн зөвлөлийн хурлын дүгнэлтийн дагуу ******* дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 1а дугаар байрны зүүн талд одоо байгаа гаражуудыг буулган 2537 м2 газарт давхар граж бүхий ногоон байгууламжийн зориулалтаар ******* дүүргийн Засаг даргын Тамгын газарт 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх эрх олгож, улмаар 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаар захирамжаар газар эзэмших гэрчилгээний хугацааг 15 жилээр сунгасан нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна. /1-р х.х-н 245-247/
11. Учир нь газрыг хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд эзэмшихийг хориглодог бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгч нарын эзэмшилд байгаагүй, төрөөс уг газрыг түр ашиглуулахаар шийдвэрлэсэн нь анх 2 жилийн хугацаагаар 1999 онд ашиглуулсан захирамж гарсан, нэхэмжлэгч нарыг тухайн газрыг эзэмшихээр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдлаас төрийн байр суурь тодорхой харагдана.
12. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг хэрэгжүүлэх ёстой гэж тайлбарлаж байх боловч энэ нь газар эзэмших эрх хууль ёсны дагуу үүссэн иргэдэд хамааралтай хуулийн зарчим юм.
13. Түүнчлэн сонсох ажиллагааг хийгээгүй гэж маргаж байх боловч Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх заалтыг тус тус зөрчиж, зохих зөвшөөрөлгүйгээр явган хүний болон автомашины замын зорчих хэсэг, орц, гарцыг хаасан, нарийсгасан, нийтийн эзэмшлийн газар, зам талбайд төрөл бүрийн хашаа хаалт, гарааш, контейнер ТҮЦ бусад обьект барьсан байгаа учир энэ тухай танд албан ёсоор анхааруулж 14 хоногийн дотор газар чөлөөлөхийг шаардаж байна гэсэн агуулга бүхий шаардах хуудсыг граж бүрийн хаалган дээр наасны дараа 5 сарын дараа Засаг даргын захирамж гарсан байх тул сонсох ажиллагааг явуулаагүй гэж үзэх үндэслэл байхгүй юм. /1-р х.х-н 121/
14. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасан арга хэмжээг хуулийн дагуу шат дараатайгаар авч хэрэгжүүлжээ.
15. Иймд Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй гэж заасан үүргээ хэрэгжүүлээгүй нэхэмжлэгч иргэдийн граж байгаа газрыг чөлөөлсөн ******* Засаг даргын дээрх захирамж нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөл байдалд тохирсон, үндэслэл бүхий шийдвэр байх тул нэхэмжлэгч Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М, О.Д******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д*******аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шүүх шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ******* Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нарт холбогдох хэсэг нь хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч тус бүрт 12,120,000 төгрөгийг ******* Засаг даргаас гаргуулж, олгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 835480 төгрөгийг төсвөөс буцаан гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ