Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 1202

 

 

 

 

 

 

 

 

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дүгээр шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй,  хариуцагч “Д-” ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ц нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.А- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Д-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Д-” ХХК-ийн Дотоод хяналтын албаны гишүүнийг томилох тухай 11/17 дугаар тогтоолыг үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Д-” ХХК-тай хөдөлмөрийн гэрээг туршилтын 3 сарын хугацаатай хийж, Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацаа дуусч ахин 3 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. Хөдөлмөрийн гэрээний туршилтын хугацааг сунгасан хугацаа дуусч “Д-” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Дотоод хяналтын албаны хянагчийг томилох тухай 21/18 дугаар тогтоолыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээг 3 сарын хугацаагаар байгуулан Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд орсон. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 сарын хугацаагаар үргэлжлүүлэн сунгасан. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 2/158 албан тоотыг надад өгч Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр дуусгавар болгосныг мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд улирал бүр гэрээг сунгаж байсан ба тухай бүр тайлан гаргаж, Дотоод хяналтын албаны ахлах хянагчаар дүгнүүлэн Төлөөлөн удирдах зөвлөл болон Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга бөгөөд Ерөнхий захиралд тайлагнаж байсан ба ажлын үр дүнгийн үзүүлэлт 98 хувиас дээш үзүүлэлттэй байсан. Ажиллаж байх хугацаанд зөрчил дутагдал гаргаж, байгаагүйн зэрэгцээ хамт олон байгууллагын зүгээс зохион байгуулж буй олон нийтийн ажилд идэвхи санаачилгатай оролцдог байсан. Хөдөлмөрийн хуулийн 23 дугаар зүйл 23.2.1-т байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй; гэж зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Мөн Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолд тайлбарласнаар энэ зүйлийн 23.2.2.-т “дээрх гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулж болохоор заасан нь ажилтан, ажил олгогчийн хэн алины санаачилгаар, тэдгээрийн харилцан тохиролцооны үндсэн дээр, тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд хамаарна. Энэ нөхцөлд тухайн шаардлага, шалтгааныг, мөн талуудын хүсэл зоригийн илэрхийллийг хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тодорхой тусгасан байвал зохино” гэж тайлбарласан байна. Эдгээр Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн гэрээг дуусгавар болгосон тул ажилд эгүүлэн тогтоож, ажилд эгүүлэн томилогдох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлж өгнө үү. Хамгийн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр оны эцсийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээний хугацаа дууссантай холбоотойгоор гэрээг хэлэлцэж, ажлын үр дүн, тайланг маань дүгнээгүй. Ахлах хянагчаар хянуулаад 98%-тай үнэлүүлсэн ба хамгийн сүүлийн ТУЗ-ийн хурлаар оруулах байсан боловч түүнийг үнэлж өгөөгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр миний гэрээг цааш үргэлжлүүлэх талаар хэлэлцээгүй. ТУЗ-өөс ямар ч шийдвэр гараагүй. Дотоод дүрэм журам дээр ТУЗ-ийн шийдвэр гарах хэлбэр нь тогтоол байдаг. Тийм байхад ямар ч албан ёсны тогтоол шийдвэр гараагүй. Миний асуудлыг хэлэлцээгүй гэрээг дуусгавар болсон гэсэн хуудас өгсөн. Үүнийг би хүчинтэй хуудас гэж үзэхгүй байна. Нэгдүгээрт ажлын цаг дууссан байхад өгсөн, хоёрдугаарт ТУЗ-өөс гарсан шийдвэр биш. Би ажилдаа дур сонирхолтойгоор, хариуцлагатайгаар ажилладаг байсан. Иймд буцаж ажилдаа орохыг хүсэж нэхэмжлэл гаргасан байгаа гэжээ.

 

Хариуцагч “Д-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Энх-Амгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.А-аас “Д-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээнд зайлшгүй тусгасан байх гол нөхцөлийг тодорхой заажээ. Тодруулбал, ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл тус тус хамаарч байна. Мөн зүйлийн 21.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед талууд энэ хуулийн 21.1 дэх хэсэгт заасан гэрээний гол нөхцөлийн аль нэгийг тохироогүй бол хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцохгүй гэж заасан байна. Иргэн Б.А- болон “Д-” ХХК-ийн хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлүүд туссан, мөн талууд харилцан тохиролцож байгуулсан тул гэрээг хууль зөрчиж байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуульд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурсан, мөн тодорхой асуудлаар саналаа зохих хугацаанд /үед/ гаргаагүй буюу илэрхийлээгүй бол гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр заасан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээ нь хугацаатай буюу хугацаагүй байна” гэж, мөн зүйлийн 23.2.2-т “хөдөлмөрийн гэрээг талууд харилцан тохиролцсоноор хугацаатай байгуулахаар” тус тус хуульчилсан байна. Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолын 6-д ... “хөдөлмөрийн гэрээний үргэлжлэх хугацааг хуанлийн он, cap, өдрөөр тооцож” болохоор заасан байна. Иргэн Б.А- нэхэмжлэлдээ ... ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй гэж дурдсан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан ажил олгогчийн эрх, үүрэгтэй хэрхэн нийцэж байгааг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа харгалзан үзэх шаардлагатай юм. Хуульд хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулах эрхийг талуудад олгосон байна. Талуудын хооронд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан 01/18 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.5-д Энэхүү Гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасныг үндэслэн Талууд харилцан тохиролцож 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулав гэж заасан байна. Энэ Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар тогтоолд заасан тайлбартай мөн нийцэж байна. Өөрөөр хэлбэл, талуудын харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан болох нь нотлогдож байна. Нэхэмжлэгч Б.А- нь 2015 онд Монголын хуульчдын холбоонд гишүүнээр элссэн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй тул дээрх заалттай холбоотой аливаа үл ойлголцол гараагүй гэж үзэж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тохиолдолд Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэлтэй гэж заасан байна. Хуулийн хүрээнд түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон юм. Талуудын хооронд байгуулсан Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж ажил олгогч Хөдөлмөрийн гэрээг цаашид сунгах, холбогдох чиг үүргийг Б.А-аар гүйцэтгүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгоно” гэж заасан тул Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон өдрөөс хойших хугацаанд ногдох цалин хөлс, зрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх үүргийг тус компани хариуцахгүй. Иймд иргэн Б.А-аас “Д-” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шүүхэд бичгээр гаргаж өгсөн тайлбараа бүрэн дэмжиж байгаа. ТУЗ-ийн үйл ажиллагаагаар хэлэлцэх шаардлагатай асуудлыг хэлэлцээд шийдвэрээ гаргаад явдаг. Хэлэлцэх асуудлыг ТУЗ-ийн гишүүдэд урьдчилаад цахимаар хүргүүлдэг. Гарсан шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэхгүй байгаа гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.2, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч “Д-” ХХК-ийн Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийлгүүлэх нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Б.А-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг ноцтой зөрчин, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэт нэг талыг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэх, мөн зүйлийн 40.3 дахь хэсгийн "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэх заалтаар тогтоосон нотлох баримт үнэлэх журмыг дараах байдлаар илтэд ноцтой зөрчсөнд гомдолтой байна. Шүүх хэрэгт авагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 сарын 22-ны өдрийн 104 дугаар тогтоолоор баталсан "Д-" ХХК-ийн Дүрэм"-ийн 12.1, 12.1.6 дахь заалт, Монгол Улсын Хөгжлийн   банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 69 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар баталсан "Д-" ХХК-ийн "Дотоод хяналтын журам"-ын 3.5, 3.6, 3.7 дахь заалтаар "Д-" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх Дотоод хяналтын албаны хянагчийн ажлын байр нь "Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан байнгын ажпын байр болох нь нотлогдсоор атал хуулийн шаардлагыг зөрчиж хийсэн 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээг хөдөлмөрийн хуулийг зөрчиж. хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн дуусгавар болгосон гэх тайлбар нь баримтаар нотлогдохгуй байна гэх нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн. /Шийдвэрийн 5 дахь хуудасны 9 дэх догол мөр/ 1.2.    Шүүх хариуцагч Хөдөлмөрийн түхай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад заасныг үндэслэн хөдөлмөрийн гэрээ 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/19 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна гэх дүгнэлтээ Хөдөлмөрийн тухай хуулийн 23.2.1-д заасан хөдөлмөрийн гэрээг мөн хуулийн   23.2.2-т  талууд   харилцан   тохиролцсоноор  хугацаатай   байгуулахаар зохицуулсан байхад уг гэрээг хугацаатай байгуулах болсон үндэслэл шаардлага тодорхойгүй нөхцөлийг нотлох баримтад үндэслээгүй дүгнэлтийг хийсэн./Шийдвэрийн 4 дэх хуудасны 4 дүгээр догол мөр/. Шүүх дээрх байдлаар хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу, хэт нэг талыг баримтлан үнэлсэний улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.3-т заасныг дараах байдлаар илтэд буруу тайлбарлан хэрэглэж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг хийн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх "Д-" ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/19 дугаартай "Б.А-ын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" тогтоолд бодитой үнэлэлт дүгнэлт өгөлгүй Хөдөлмөрийн тухай хуулийг дараах байдлаар буруу тайлбарлаж хэрэглэсэн. "Д-" ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/19 дугаартай тогтоолд Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөхдөө ажил хүлээлцэх хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-т заасан байнгын ажлын байранд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасан шаардлагыг зөрчиж байгуулсан гэрээний хугацааг дуусгавар болгон тогтоол гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн мэдэгдэл хүргүүлэх тухай гэх "Д-" ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийн гарын үсэггүй 2/158 тоот бүхий албан бичгийг гэрээний хугацаа дууссан нь мэдэгдлийн хуулбараар нотлогдож байна гэх дүгнэлт нь Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсэгт зааснаар "...Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн тоог компанийн дүрмээр тогтооно..." гэж зохицуулсан байхад гарын үсгээр баталгаажуулаагүй нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг бодитой гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй болсон. "Д-" ХХК-ийн ТУЗ-ийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 05/19 дугаартай тогтоолын үндэслэл болсон "ТУЗ-ийн үйл ажиллагааны журам"-ын 5 дугаар зүйлийн 5.6.3, Дотоод хяналтын журмын 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт тус тус зааснаар дотоод аудитыг томилох чөлөөлөх талаар хэлэлцсэн хурлын шийдвэр, тэмдэглэл, санал хураалт явуулсан тооллогын баримт хэрэгт авагдаагүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Ийнхүү шүүх хариуцагчийн Хөдөлмөрийн тухай хуулийг илтэд зөрчиж гаргасан шийдвэрийг үндэслэлтэй хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь илт үндэслэлгүй, нэг талыг хэт баримталсан шийдвэр болсон тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Хариуцагч “Д-” ХХК-д холбогдуулан нэхэмжлэгч Б.А- нь Дотоод хяналтын албаны хянагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талууд харилцан тохиролцож гэрээг хугацаатай байгуулсан тул нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргажээ. /хэргийн 1-2, 22-23 дугаар тал/

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч байгууллагын захирлын 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн № 05/19 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, Компанийн дүрмийн 11.9, 12.1.6, Төлөөлөн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журмын 5.6.3, Дотоод хяналтын журмын 3.7-д заасан үндэслэлээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ./1хх 5-6 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээний харилцаа байсан болох нь хэрэгт авагдсан хариуцагч байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11/17 тоот тушаал, 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна./хэргийн 11 дүгээр тал/

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3.-т “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” бол хөдөлмөрийн гэрээ дуусгавар болохоор заасан байна.

 

            Талууд 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 01/18 дугаартай хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл хугацаатай байгуулж, үргэлжлүүлэн 3 сарын хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогджээ. /хэргийн 4-7 дугаар тал/

 

            Түүнчлэн, талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 2.6-д “Талууд 9 дүгээр сарын 22-ны өдрөөс өмнө дүгнэж, гэрээний хугацааг сунгах, гэрээг цуцлах, дуусгавар болгох эсэх асуудлыг шийдвэрлэнэ” гэж тодорхой заасан байх тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний утга агуулгыг ойлгож, өөрөө гарын үсгээ зурж хэлцэл хийсэн гэж үзнэ. Иймээс уг хэлцлийн дагуу үр дагавар үүсэх бөгөөд хөдөлмөрийн гэрээ хугацаатай байгуулагдсан нөхцөл байдлыг илэрхийлнэ./хэргийн 12 дугаар тал/

 

            Хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд уг гэрээний хугацаа дууссанаар ажилтныг чөлөөлөх эрх ажил олгогчид байдаг. Улмаар хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусч, цаашид сунгагдахгүй болсон талаарх мэдэгдлийг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчид хүргүүлсэн байна./хэргийн 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч нь хариуцагч байгууллага “Хөдөлмөрийн тухай хууль, тогтоомжийг зөрчиж хөдөлмөрийн гэрээ байгуулж, мөн гэрээг дуусгавар болгосон” гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

            Талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 7-14 дүгээр тал/

 

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 181/ШШ2019/00939 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Т.ТУЯА

                   

                                                                                            С.ЭНХТӨР