Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/806

 

 

 

 

      2021           9           9                                                     2021/ДШМ/806

 

И.Г, Г.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ууганцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/783 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч И.Г, Г.Д нарт холбогдох 1908041810644 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И.Г нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ийн 2.1.29, 2.1.30-д заасныг тус тус зөрчин иргэн Г.Даас хууль бусаар эрчим хүч татаж авахдаа “зориулалтын тулгуурт газрын гадаргаас 4.5-6м өндөрт, хүний гар хүрэхээргүй тавигдах буюу хязгаарлагдсан байна” гэснийг зөрчин цахилгааны утсыг төмөр труба дундуур гүйлгэн холбосноос 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод бага насны Б.Б нь уг технологийн бус аргаар, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин холбосон цахилгааны утас гүйлгэсэн төмөр трубанд хүрч, цахилгаан гүйдэлд цохиулан, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт,

Г.Д нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ийн 2.1.29, 2.1.30-д заасныг тус тус зөрчин эрчим хүчээр хангах, борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулах үйл ажиллагаа явуулсан буюу иргэн И.Гад зөвшөөрөлгүйгээр, технологийн бус аргаар цахилгаан түгээж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зөрчсөнөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод бага насны Б.Б нь уг технологийн бус аргаар, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин холбосон цахилгааны утас гүйлгэсэн төмөр трубанд хүрч, цахилгаан гүйдэлд цохиулан, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: И.Г, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: И.Г, Г.Д нарыг бүлэглэж хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г, Г.Д нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.Г, Г.Д нарт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Г, Г.Д нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тэдэнд мэдэгдэж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч И.Г, Г.Д нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч И.Г, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/783 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна.

Г.Д нь зөвшөөрөлгүйгээр, технологийн бус аргаар цахилгаан түгээж, И.Г нь хууль, дүрэм зөрчин хууль бусаар эрчим хүч татан авсны улмаас 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр миний бага насны буюу 2 настай хүү Б.Б нь цахилгаан гүйдэлд цохиулан, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан.

П.З би 10 сар тээж төрүүлэн, 2 нас хүртэл нь хайрлаж эрүүл энх өсөн бойжиж байсан хүүгээ алдсаны улмаас сэтгэл санаа тогтворгүй болж, мартаж санах, аливаа зүйлийг дутуу ойлгох, уймрах, үс унах, шөнө зүүдлэх, ганцаардах зэрэг сэтгэл санааны маш их хэцүү нөхцөл байдалд байгаа бөгөөд хууль мэдэхгүй, буруу ойлгосны улмаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн нэхэмжлээгүй ба шүүгдэгч нар “сэтгэл санааны болон бусад хохиролгүй гээд хэлээд өгөөрэй, бүгдээрээ шүүх хуралдааны дараа харилцан тохиролцъё” гэсэн тул анхан шатны шүүх хуралдааны үед хохиролгүй хэмээн тайлбар гаргасан боловч шүүгдэгч нар одоо уулзахгүй, утсаар залгахаар дуудлага авахгүй байна.

Шүүгдэгч нар нь хэрэг болох үед хөрш, зэргэлдээ амьдардаг байсан ба нэг ч удаа уучлалт гуйгаагүй, эмгэнэл илэрхийлээгүй, бага насны хүүхэд нас барсныг мэдсээр байж тоохгүй байсан ба биеэр огт уулзаагүй, ажил явдал болоод 2 жил өнгөрсний дараагаар шүүх хуралдаан зарлагдахын өмнөхөн буюу 2021 оны 6 дугаар сарын 29-нд утсаар залгаж “дансаа явуулчих оршуулгын зардал шилжүүлье” хэмээн үл тоомсорлосонд туйлын их гомдолтой байгаа бөгөөд шүүхээс бага ял авахын тулд уучлалт гуйж, хохирол барагдуулсан мэт дүр үзүүлсэн.

Иймд шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс өгсөн тэнсэн харгалзах ял нь үйлдсэн хэрэгт тохирохгүй, бага байгаа ба сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан. Шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалд нийцсэн. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй гэж үзэж байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад 3.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Зд олгуулсан. Оршуулгын зардалтай холбоотой зардал байхгүй хэдий ч дээрх хохирлыг нөхөн төлж барагдуулсан. Сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 228 дугаар зүйлийн 228.1, 228.4 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

И.Г нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ийн 2.1.29, 2.1.30-д заасныг тус тус зөрчин иргэн Г.Даас хууль бусаар эрчим хүч татаж авахдаа “зориулалтын тулгуурт газрын гадаргаас 4.5-6м өндөрт, хүний гар хүрэхээргүй тавигдах буюу хязгаарлагдсан байна” гэснийг зөрчин цахилгааны утсыг төмөр труба дундуур гүйлгэн холбосноос 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод бага насны Б.Б нь уг технологийн бус аргаар, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин холбосон цахилгааны утас гүйлгэсэн төмөр трубанд хүрч, цахилгаан гүйдэлд цохиулан, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэг,

Г.Д нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03-ийн 2.1.29, 2.1.30-д заасныг тус тус зөрчин эрчим хүчээр хангах, борлуулах тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулах үйл ажиллагаа явуулсан буюу иргэн И.Гад зөвшөөрөлгүйгээр, технологийн бус аргаар цахилгаан түгээж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ зөрчсөнөөс 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод бага насны Б.Б нь уг технологийн бус аргаар, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин холбосон цахилгааны утас гүйлгэсэн төмөр трубанд хүрч, цахилгаан гүйдэлд цохиулан, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 20-25/, цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 26-28/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 29-32/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн “...Талийгаач Б.Б нь миний нөхөр Б.Б бид хоёрын бага хүүхэд. Бид хоёр эх, үрийн холбоотой. Миний талийгаач хүү Б.Б нь 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотын эх нялхсын эмнэлэгт төрсөн. Б.Б нь дээрээ /7 настай/ нэг эгчтэй. Төрсөн цагаасаа хойш бие нь өвдөж, эмнэлэгт хэвтэж байгаагүй. Хуваарьт вакцин болон үзлэгт тогтмол хамрагдаж байсан. Сэргэлэн цовоо, эрүүл энх өсөн торниж байсан. Мөн хэл ярианы хувьд ойр зуурын “ааваа, ээжээ” гэж хэлдэг байсан. ...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод байх гэрийнхээ гадаа тоглож байгаад манай гэрээс ертөнцийн зүгээр баруун талд байх 4-5 орчим метр зайд горхи дээрх турбайн дотор манай гэрийн зүүн талд байх айлын И.Гын татсан цахилгааны утсанд цахилгаанд цохиулж нас барсан. Миний хүү цахилгаанд цохигдож нас барсанд гомдолтой байна. ...Тухайн үед оршуулгатай холбоотой 3.000.000 төгрөгийн зардал гарсан. Надад уг зардалтай холбоотой баримт байхгүй, оршуулгын зардлаас өөр нэхэмжлэх зүйл байхгүй. ...” /1хх 39-40, 41/

гэрч Б.Бын “...Манай гэрийн баруун талаар нарийнхан горхи урсдаг. Тухайн горхинд хөндлөн төмөр турбан дотор тогны утас гүйлгэсэн байсан. ...Манай эхнэр П.З “манай гэрийн хажуу талын горхинд хөндлөн татсан төмөр труба тогтой байна. Би сая цохиулсан” гэхээр нь би хүүхдүүддээ “энэ голоор битгий тоглоорой, тогтой юм байна” гэж хэлж байсан. Тухайн төмөр трубагаар дамжуулан манай зүүн талын хашааны айл тог авдаг. Тухайн трубаг өнгөрсөн 2018 оны 9 дүгээр сард тавьж байсан. ...И.Гын цахилгааны утас горхины дээгүүр байрлуулсан төмөр труба орчимд миний хүү Б.Б тоглож байгаад цахилгаанд цохиулж нас барсан. ...” /1хх 42-45, 46-47/,

гэрч Б.Нгийн “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хэлтсээс “жижүүрийн ахлах байна. Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы задгай тоотод буюу Баруун салаа руу өгсдөг гүүрний ертөнцийн зүгээр зүүн урд талд горхины хажууд цахилгаанд хүүхэд цохиулсан байна. Манай хүмүүс үзлэг хийх гэхээр өөрсдөө цахилгаанд цохиулах эрсдэл үүсээд байна” гэж надад хэлсэн. Тухайн газар очоод урьдчилсан байдлаар нөхцөл байдлыг судлаад Шуурхай үйлчилгээний бригадад буюу хяналтын инженер Н.Бд энэ тухай хэлж дуудсан. ...уг цахилгаанд цохиулсан гэх горхиноос 5 орчим метр зайд задгай хашаагүй монгол гэр байх ба уг гэрийн ертөнцийн зүгээр баруун хойд талд горхи дээгүүр байрлуулсан 1-1,5 орчим метр урттай, 8 орчим сантеметрийн диаметртай төмөр труба байсан. Уг төмөр трубаны гадуур хар хуванцар хоолойтой цахилгааны утас бэхэлж горхи гаргасан, мөн уг трубаан дотор цахилгааны утас гүйлгэж горхи гаргасан байсан. Уг трубаны гадна бэхэлсэн байсан хар хуванцар хоолой нь ил горхиноос 5 орчим метр зайд байх монгол гэр рүү орж байсан. Харин хоолойн дотор гүйлгэсэн цахилгааны утас горхины хоёр талд газар булсан, ил харагдах байдалгүй байсан. Балжинням инженер бид хоёр зөвшөөрөлгүй цахилгаан салаалуулсан айлуудын цахилгааны утсыг салгасан. ...Цахилгааны утаснуудыг хурааж аваагүй. Ямар ч байсан эрчим хүчийг зөвшөөрөлгүй дамжуулах нь хууль бус. Энэ талаар Эрчим хүчний тухай хуульд байгаа. ...” /1хх 48-50/,

гэрч Н.Бын “...Уг 2 цахилгаан татсан утсанд хэмжилт хийхэд хар өнгийн хөндийрүүлэгийн хоолойн дундуур гаргасан цахилгааны утсанд хэмжилт газардлага үүсээгүй. Харин төмөр трубан дундуур гүйлгэж татсан цахилгааны утсанд газардлага үүссэн. Газардлагын хүчдэлийг хэмжиж үзэхэд багжинд 87.5 В хэмжилт зааж байсан. Үзлэгийн явцад горхины дээгүүр цахилгааны утас гүйлгэж байрлуулсан төмөр трубанд горхины усанд талийгаач хүрэхэд биеэр нь цахилгаан гүйдэл гүйсэн байсан. Горхины усан дээгүүр явуулсан цахилгааны утас бүхий төмөр трубан дундуур татаж авсан И.Г цахилгаан утас нь ямар нэгэн гэрээ байгуулаагүй, иргэд хооронд тохиролцож, нууцаар цахилгаан эрчим хүч татаж авсан үйлдэл байсан. Тухайн цахилгаан татаж авсан цахилгааны утас нь стандарт бус, горхины усан дээгүүр татсан цахилгааны утас нь трубан дотуур хөндийрүүлэгтэй байх ёстой байсан боловч зөрчсөн байна. ...” /1хх 51-52/,

насанд хүрээгүй гэрч С.Хын “...2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр ах, эгч хоёр ажилдаа яваад Мөнхзаяа, Б.Б хоёр дүүгээ гэрт нь харж үлдсэн. Манай хоёр дүү гэрийн гадаа, булагийн эрэг дээр найзуудтайгаа тоглож байсан. Би гэрт хоол хийж байсан. 18 цагийн үед Мөнхзаяа гаднаас уйлаад ороод ирэхээр нь би юу болсон талаар асуухад “Б.Б үхчихлээ” гэж надад хэлэхээр нь би гайхаад гэрээс гүйгээд гарахад гэрийн хажуугийн горхины дээгүүр тавьсан трубан дээр зүүн гар болон толгойгоороо наалдчихсан тал бие нь усан дотор орчихсон байсан. Тэгээд би Б.Бийг татаж гаргаж ирэх гээд хоёр суганаас нь татахад намайг тог цохьсон. Тэгэхээр нь трубан дээр наалдчихсан гарыг нь угзраад татахад гар нь салахаар нь тэвэрч аваад гэртээ оруулаад нагац ах Наянбаатар руу залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Тэгээд удалгүй түргэн тусламж болон цагдаа нар ирсэн. ...” /1хх 59-60/,

гэрч Д.Мын “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгч Ц.Ганбатын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрхан, задгай тоотод 2 настай эрэгтэй хүүхэд цахилгаанд цохиулж нас барсан гэх газарт горхины дээгүүр байрлуулсан төмөр трубан дундуур гаргасан цахилгааны утсанд үзлэг хийхээр хамт очсон тухайн үед цахилгааны утас цахилгаан гүйдэлтэй байх боломжтой байсан тул би аюулгүй байдлын үүднээс цахилгааны эх үүсвэрт очиход Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 24-9б тоотод оршин суух Г.Д гэх айлын цахилгаан татсан байсныг цахилгааны утсыг салгаж, аюулгүй болгосон. Цахилгааны утас салгасны дараа горхины дээгүүр байрлуулсан төмөр трубаг сугалж түүний дундуур гаргасан цахилгааны утсыг гаргаж ирэхэд уг цахилгааны утас нь төмөр трубан гол хэсэгтэй залгаастай хоёр цахилгааны утсыг хооронд нь холбож цахилгааны лентээр ороогоод гялгар уутаар гадуур нь зангидсан байдалтай байсан. Тухайн холбоос нь миний харснаар цахилгааны тодорхой мэдлэггүй хүн холбосон байх магадлалтай харагдсан. ...” /1хх 63-64/,

яллагдагч И.Гын “...Манайх Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы задгай тоотод амьдарч байхдаа хаягжилт байхгүй, цахилгаан эрчим хүч авах боломжгүй байсан болохоор ойролцоо амьдардаг цахилгаан эрчим хүчинд холбогдсон Г.Д гэх айлаас зохих байгууллагын зөвшөөрөлгүй, хоорондоо аман байдлаар тохироод горхины усан дээгүүр төмөр трубан дундуур цахилгааны утас татаж авсан. Уг цахилгааны утас нь дундаа залгаастай байсны улмаас цахилгаан масс үүсэж 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр горхины усан дээгүүр байрлуулсан төмөр трубан дундуур явуулсан цахилгааны утас бүхий трубанд гараараа хүрч тогонд цохиулж нас барсан үйл явдал болсон. Миний хувьд холбогдох хууль тогтоомж, цахилгаан эрчим хүчний тухай холбогдох дүрэм, журам мэдэхгүйн улмаас зөвшөөрөлгүй цахилгааны утас татаж авсны улмаас уг золгүй хэрэг гарсан. Миний хувьд болсон зүйлд маш их харамсаж байна. Цахилгааны утас татаж авах үед хүүхдийн хичээл хийлгэхэд хүндрэлтэй лааны гэрэлд хийж байсан болохоор Г.Даас гуйж цахилгаан эрчим хүч татаж авсан. ...” /1хх 88-90/,

яллагдагч Г.Дын “...Би өөрийн цахилгааны шийднээс ойролцоо амьдардаг цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй, Батзул, И.Г гэх айл өрхүүдэд надаас удаа дараа гуйгаад байсан учир цахилгаан эрчим хүч өгсөн. Би цахилгаан эрчим хүчний тухай хууль болон холбогдох хууль, дүрэм, журмын мэдлэг тааруу байсан учир миний цахилгаан эрчим хүч бусдад өгсөн нь буруу. Би өөрийн бурууг ойлгож маш их гэмшиж байна. ...” /1хх 98-99/ гэсэн мэдүүлгүүд,  

“...Талийгаачийн биед зүүн сарвууны эрхий хуруунд арьсны зулгаралт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь цахилгаан гүйдлийн улмаас үүссэн. Талийгаач нь цахилгаан гүйдэлд цохиулсны улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. ...” гэсэн 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1750 дугаартай /1хх 65-69/,

“...Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх /Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна./, 28.2 дахь /Иргэнтэй байгуулах эрчим хүчээр хангах гэрээнд хэрэглэх эрчим хүчний хэмжээ, чанар, төлбөр, тооцооны журам, гэрээ байгуулагч талуудын эрх, үүрэг, хариуцлага тооцох журам, эрчим хүчний шугам сүлжээний эзэмшлийн зааг, шаардлагатай бусад асуудлыг тусгана./ заалтуудын дагуу хангагч хэрэглэгчтэй гэрээ байгуулснаар цахилгаан эрчим хүч хэрэглэх эрх үүснэ. Иргэн Г.Д нь “УБЦТС” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчид үйлчлэх төвөөс 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 2061061 дугаартай түр кодоор цахилгаан эрчим хүчээр хангагдаж байсан байна. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйл, Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн холбогдох заалтуудын дагуу гэрээ байгуулж цахилгаан эрчим хүчээр хангагдаагүй байна. ...Хэрэгт авагдсан материалаас үзэхэд иргэн Г.Д нь хангах, хангуулах тусгай зөвшөөрөлгүйгээр бусдад цахилгаан эрчим хүчээр хангах, борлуулах үйл ажиллагаа явуулсан байна. Энэ нь Эрчим хүчний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх /Эрчим хүчээр зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлөөр хуулийн этгээдэд цахилгаан, дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тусгай зөвшөөрөл эзэмшигчээс цахилгаан, дулаан худалдан авах, цахилгаан импортлох, цахилгаан, дулааныг хэрэглэгчид худалдах эрхийг олгоно./ заалт зөрчиж байна. ...Хэрэгт авагдсан материалаас үзэхэд иргэн И.Г нь хангагч байгууллагатай цахилгаан эрчим хүч хэрэглэх гэрээ байгуулаагүй буюу зөвшөөрөлгүй холбогдсон байна. ...”Цахилгаан байгууламжийн дүрэм” БД43-101-03-ийн 2.1.29, 2.1.30-т заасны дагуу зориулалтын тулгуурт газрын гадаргаас 4.5-6 метр өндөрт, хүний гар хүрэхээргүй тавигдах буюу хязгаарлагдсан байна гэж заасан байдаг боловч иргэн И.Г нь цахилгаан дамжуулах утсыг газраар, төмөр трубанд сүвлэж татсан нь дээрх дүрмийн заалтыг зөрчиж байна. ...” гэсэн 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн /1хх 73-78/ шинжээчийн дүгнэлтүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч И.Г, Г.Д нарыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, И.Г, Г.Д нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згаас “...шүүгдэгч нарт анхан шатны шүүхээс оногдуулсан тэнсэн харгалзах ял нь үйлдсэн гэмт хэрэгт нь тохирохгүй байгаа ба сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгч И.Г, Г.Д нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэсэн нь  тэдний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. ...”, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно. ...”  гэж заасны дагуу шүүгдэгч И.Г, Г.Д нар нь буяны ажлын зардал буюу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хохирол болох 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, энэ талаар анхан шатны шүүхээс “хохирогчид төлөх төлбөргүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шүүхийн практик болон хуульд заасны дагуу шүүхийн хүчинтөгөлдөр шийдвэр гарсан тохиолдолд сэтгэл санааны хохирлыг олгох нь зүйтэй. Гэтэл өнөөг хүртэл сэтгэл санааны хохиролтой холбогдолтой хүчинтөгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй учир сэтгэл санааны хохирол нэхэмжилсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Харин Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдөр баталж, мөн оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс дагаж мөрдөж буй “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно. ...” гэх заалтад И.Г, Г.Д нарын үйлдсэн гэмт хэрэг хамаарч байх тул шүүхээс тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад “Өршөөлд хамруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөл”-ийг нэрлэн заасан бөгөөд үүнд И.Г, Г.Д нарын үйлдсэн гэмт хэрэг хамаарахгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...шүүгдэгч И.Г, Г.Д нарт үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн хугацаанд тус тус авч, тэнссэн хугацаанд хүлээсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд прокурорын дүгнэлтийг үндэслэн тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна. ...” гэсэн 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/783 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Згийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/783 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан И.Г, Г.Д нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тус тус тэнссэн хугацааг тус тус өршөөн хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулсугай.

3. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 2021/ШЦТ/783 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг тус тус хүчингүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ