Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2019/01342

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01248 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мнд холбогдох,

 

Баримтат кино хийсэн ажлын хөлс 2 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчтай тохиролцож өөрсдийн удирдлагад ажилладаг гүйцэтгэх захиралд үүрэг өгч гэрээ байгуулан баримтат кино хийлгэсэн. Бага зардлаар, богино хугацаанд киног дуусган гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгсөн. Гэрээнд заасан ажлын хөлс 2 000 000 төгрөгийг шаардахад дараа өгье, гүйцэтгэх захирлаас ав, гүйцэтгэх захирал нь УИХ-д нэр дэвших гэж байна хандивын мөнгө ороод ирэхээр өгье гэх шалтгаан хэлж холбоогүй болсон. Иймд баримтат кино хийсэн ажлын хөлс 2 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газраас 2016 онд Ц.Баатарсүрэн сэтгүүлчтэй Хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааны талаар баримтат кино хийхээр тохирч хэлцэл хийсэн. Ц.Баатарсүрэн баримтат кино гэж CD авчирч өгсөн боловч хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааг харуулаагүй, хуучны бичлэгүүдийн цуглуулга байсан учраас шаардлага хангаагүй, дахин өөрчлөн шинэчилж хийлгэх үүргийг удирдлагаас өгсөн юм. Үүнийг Ц.Баатарсүрэн мэдэж байгаа. Бид хамтран ажиллаж шаардлага хангасан баримтат киногоо хүлээн авч хэлцлийг дүгнэсэн нөхцөлд тооцоог хийх болно. Хариуцагч нь ашгийн бус байгууллага бөгөөд ямар нэг орлогогүй ТББ юм. Засгийн газраас Хэрэглэгчийн жил болгон зарлаж зардлыг Засгийн газрын 233-р тогтоолоор олгохоор заасан бөгөөд өр, авлага үүсээд одоог хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь манай байгууллагын буруу биш. Ц.Баатарсүрэн хэлцлээ дүгнэж баримтат киногоо хүлээлгэн өгсөн тохиолдолд Засгийн газрын олгох мөнгөнөөс бид төлбөрийг бүрэн төлж болох юм гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч М ТББ-аас 2 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ТББ-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 46 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У ТББ-д буцаан олгож, шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч А.Тунгалаг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчим зөрчигдсөн. Шүүх хуралдааны товыг хариуцагч талд албан ёсоор мэдэгдээгүй. Хариуцагч баримтат киног хүлээж авсан, гэрээг дүгнэсэн ямар ч баримт байхгүй байхад нэг талыг барьж зөвхөн нэхэмжлэгчийг оролцуулж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Нэхэмжлэгч “У” ТББ нь хариуцагч “М” ТББ-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “ажлыг чанарын доголдолтой гүйцэтгэсэн, зардлыг Засгийн газраас олгох ёстой боловч шийдвэрлэгдээгүй байгаа” гэж маргажээ. /хх-1-2, 21/

 

Талууд 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр “Уран бүтээлийн” гэх нэртэй гэрээ байгуулан тус гэрээгээр нэхэмжлэгч нь Монгол Улсад Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хөдөлгөөн үүсч хөгжсөний 25 жилийн ойд зориулж тус байгууллагын үүсэл, хөгжил, шинэчлэлт өөрчлөлтийг тусган харуулсан баримтат кино хийж 2016 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх, М ТББ нь баримтат кино хийх зардал 2 000 000 төгрөгийг өгөхөөр тус тус тохиролцжээ. Хэдийгээр талууд гэрээг “Уран бүтээлийн гэрээ” гэж нэрлэсэн боловч гэрээний агуулга, талуудын эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Энэ талаар дүгнэсэн анхан шатны дүгнэлт үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул мөн хуулийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажлын үр дүн гарсан, ажил гүйцэтгэгч түүнийг захиалагчийн өмчлөлд шил жүүлсэн байх тул нэхэмжлэгч ажлын хөлсөө шаардах эрхтэй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч хэдийгээр өөрийн татгалзалаа “баримтат кино нь хэрэглэгчийн жилийн үйл ажиллагааг харуулаагүй, хуучны бичлэгүүдийн цуглуулга байсан учраас шаардлага хангаагүй” гэж тайлбарлах боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгчийн ажлыг захиалагчид хүлээлгэн өгсөн гэх тайлбарыг хариуцагч баримтаар няцаагаагүй байх тул хариуцагчийг ажлын гүйцэтгэлийг хүлээж авсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар зохигч нэг талын гаргасан тайлбар, нотлох баримтын талаар эсрэг тал өөрийн тайлбараа холбогдох нотлох баримтын хамт гаргаж болох боловч хариуцагч тайлбар, түүнд холбогдох нотлох баримт гаргаагүй, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

 

Харин шүүх хуралдааны товыг хуульд заасны дагуу мэдэгдээгүй гэх хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна. Хариуцагчийн төлөөлөгч А.Тунгалагт 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр анхан шатны шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдааны тов мэдэгдэх баримтад хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан байна. /хх-31/ Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШШ2019/01248 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ТУЯА

 

                                         ШҮҮГЧИД                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                         Ш.ОЮУНХАНД