Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2021/ДШМ/807

 

 

 

 

      2021           9           9                                                     2021/ДШМ/807

 

О.П, О.Д нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Б.Батзориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Аянагүл,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг, Ш.Сарангэрэл,

шүүгдэгч О.П, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар,  

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,   

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж хийсэн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.П, түүнчлэн шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч О.П, О.Д нарт холбогдох 1929001370057 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. О.П нь О.Дтай бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Бын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 7 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Баянзүрх 4 дүгээр гудамжны 710 тоотод байрлах иргэн Н.Батхүүгийн хувийн байшингийн цонхыг хагалан дотогш нэвтрэн орж тухайн байшин дотор байсан насанд хүрээгүй хохирогч О.Н, Б.Н нарын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж аван дээрэмдсэн,

2018 оны 8 дугаар сарын дундуур машин механизм ашиглан Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх давааны энгэр” гэх газарт байрлах хохирогч Б.Эын бариатай байсан монгол гэрийг дотор нь байсан эд хөрөнгийн хамт нууцаар, хууль бусаар авч хулгайлан бусдад 1.950.400 төгрөгийн хохирол хохирол учруулсан,

2018 оны 8 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Хөх давааны энгэр” гэх газарт байрлах задгай тоотод иргэн Г.Агийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу гэрийн хаалганы цоожийг эвдэн орж Haier брендийн 32 инчийн зурагт ДДЭШ төхөөрөмж, аккумлятор хулгайлж бусдад 1.165.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

2. О.Д нь О.Птой бүлэглэн 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглан Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант баг Шандын хар чулуу гэх газарт нутаглах иргэн Б.Бын бууцан дахь гэр, граж, амбаарт хууль бусаар нэвтэрч 12 цагаантай мөнгөн эмээл, хулсан ташуур, 2 ширхэг мөнгөн хазаар, хурган дээл 2 ширхэг, хөөрөг 2 ширхэг, мөнгөн аяга 2 ширхэг гэх мэт олон тооны эд зүйл хулгайлж бусдад 28.111.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас: О.Пийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

О.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Отгонцэцэгийн О.П, Боржигон овогт Оюунцэцэгийн О.Д нарт Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч О.П, О.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч О.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрэмдэх гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Пийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар, О.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3/гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Пид оногдуулсан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 7 жилийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Пид оногдуулсан 7 жилийн хорих ял, О.Дд оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялыг тус бүр нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Пийн цагдан хоригдсон 549 хоногийг, О.Дгийн 62 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Поос 10.649.150 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, хохирогч Б.Эад 1.950.400 төгрөг, хохирогч Г.Ад 1.165.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүд 2.100.000 төгрөгийг тус тус олгож, шүүгдэгч О.Дгаас 7.533.750 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт 5.183.750 төгрөг, иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнд 100.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ц.Дамдиндоржид 150.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Цэндхүүд 2.100.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.П, О.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.П давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.П миний холбогдох хэрэгт эргэлзээтэй, бүрэн гүйцэд тогтоогдоогүй зүйлсүүд байдаг. Үүнд:

1. Гэмт хэргийг хамт үйлдсэн хэргийн холбогдогч Д.Мөнхсайхан гэх хүнийг хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотолсон байдаг боловч хэрэгт холбогдолгүй гэж үзсэн байдаг.

2. Хулгайлагдсан эд зүйлсийг худалдан авсан хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. Гэтэл хэргийн мөрдөгч Цагаанхүү хулгайн эд зүйлсийг хураан авч, хохирогчид буцааж өгөөгүй байдаг.

3. О.Д нь хэрэгт ямар ч холбогдолгүй, оролцоогүй, зөвхөн таксинд явж байсан боловч хэргийн холбогдогч гэж үзэн гэм буруутайд тооцсон байдаг.

4. 2021 оны 7 дугаар сарын 5-нд Налайх дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолд цагдан хоригдсон хугацаа, гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа гэх мэт цаг хугацааны зөрүү маш их байдаг. Эдгээрийг тодруулбал:

- 2018 оны 8 дугаар сарын дундуур Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Эын бариатай байсан 5 ханатай монгол гэрийг доторх эд зүйлсийн хамт хулгайлсан хэргийг Д.Мөнхсайханы хамт үйлдсэн байдаг. Энэ нь гэрч Н.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /3хх 155/, хохирогч Г.Агийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг /4хх 221/ зэргээр тус тус нотлогдсон.

Мөн 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд байрлах Б.Бын гэрээс 5 кг ноолуур, савхин дээл зэргийг хулгайлан авсан хэргийг мөн Д.Мөнхсайханы хамт үйлдсэн. Үүнийг хохирогч Б.Бын эгч Цагаан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад /О.П, Д.Мөнхсайхан нар автобус хүлээнгээ манайд ирсэн. Тэр хоёрыг дэлгүүр явсан хойгуур авч явсан цүнхийг нь үзсэн. Гэтэл манай дүүгийн эхнэр Г.Ариунгэрэлийн савхин дээл, мөн ууттай ноолуурын хамт байсан. Тэгээд би Г.Ариунгэрэлд утасдаж хэлсэн./ гэж гэрчлэн мэдүүлсэн байна.

Мөн 2019 оны 6 дугаар сард Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх давааны энгэр”-т байх айлаас 32 инчийн зурагт, ДДЭШ төхөөрөмж, аккумлятор хулгайлсан хэргийг мөн Д.Мөнхсайханы хамт үйлдсэн. Үүнийг хохирогч Г.А гэрчээр мэдүүлэг өгөхдөө гэрчилсэн байдаг /5хх 24-25/. Энэ мэтчилэн хавтас хэрэгт авагдсан зүйлсээр нотлогдож, гэрчлэгдэж байхад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын цагдаагийн ахлах мөрдөгч хошууч Б.Диваажигмэд нь хувийн ашиг сонирхлын зөрчилдөөнтэй хэрэгт хандаж танил талын харилцааг ашиглан Д.Мөнхсайханыг гэмт хэрэгт холбогдолгүй гэж хассан байна.

- Налайх дүүргийн цагдаагийн газрын эрүүгийн төлөөлөгч, ахмад Цагаанхүү нь 2018 оны 8 дугаар сарын дундуур Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хөх давааны энгэр”-ээс хулгайлагдсан монгол гэрийг худалдаж авсан Н.Энхтуяагаас хулгайн эд зүйл болох тус гэрийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгөөгүй байна.

Мөн 2019 оны 6 дугаар сард “Хөх давааны энгэр”-т байрлах гэрээс хулгайлсан зурагт хулгайлсан. Тус зурагтыг худалдаж авсан хүнээс 2020 оны 7 дугаар сарын 16-нд ахмад Цагаанхүү гэрчийн мэдүүлэг авсан ба хулгайн эд зүйлийг хулгайн эд зүйлсийг буцааж хурааж авах талаар хэлсэн байдаг боловч уг хулгайн эд зүйлсийг хохирогчид буцааж өгөөгүй байна.

            - О.Д нь тухайн үед юм хулгайлах талаар огт мэдээгүй, машинд ачиж байсан зүйлүүдийг миний эд зүйлс гэж бодож байсан ба тухайн хэрэгт огт холбогдолгүй юм. Надтай гэмт хэрэг үйлдэж байгаагүй талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн байдаг боловч шүүх үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэлгүй гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан байна.

            - Хохирогч Б.Г.Агийн эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийг 2019 оны 6 дугаар сард үйлдсэн байхад 2018 оны 8 дугаар сард үйлдсэн гэж шүүхийн тогтоолд бичсэн байна.

            Мөн тус тогтоолд намайг 2021 оны 1 дүгээр сарын 22-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж бичсэн байдаг боловч миний бие 2021 оны 2 дугаар сарын 24-нд гарсан. Энэ мэтчилэн он, сар, үг, үсгийн зөрүү маш их гарч байна.     

            Өмнөговь аймгийн Ханбогд сумын мөрдөгч, хошууч Б.Диваажигмэд 2019 онд үйлдсэн гэмт хэрэгт надад холбогдох хэргийн материалыг надад танилцуулаагүй, прокурорт шилжүүлэхдээ хэргийн холбогдогч нарт танилцуулж, гарын үсэг зуруулах, хэргийн тухай танилцуулсан тэмдэглэл үйлдэх зэрэг ажиллагаа хийгээгүй. Тус сумын хэрэгт хяналт тавьж байгаа прокурор В.Төгсбаяр нь О.П надад холбогдох хэргийн гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй.

            Мөн 2018 оны 8 дугаар сар, 2019 оны 5 дугаар сард үйлдсэн хэргүүдийг машин механизм ашиглан үйлдсэн байдаг боловч машин механизм ашигласан гэж зүйлчлээгүй байдаг. Энэ мэт бодит байдлыг илрүүлээгүй байдал их бий.

            Миний бие үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин надад холбогдох хэргийг шалгаж байгаа мөрдөгч, прокурор нар нь хэргийн бодит байдлыг бүрэн илрүүлэх ажиллагаа явуулаагүй, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа зүйлсийг хуулийн дагуу шийдвэрлээгүй байх тул хэргийг хуулийн дагуу үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие уг хэрэгт холбогдон шалгагдаж эхэлснээс хойш өөрийн зүгээс өгөх шаардлагатай мэдүүлгийг үнэн зөвөөр өгч шалгуулсан ба Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор В.Төгсбаяр нь 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр О.Д намайг уг хэрэгт холбогдолгүй болохыг нотлох тогтоож, хэрэгсэхгүй болгосон байдаг.

            Гэтэл хэргийн холбогдогч О.П нь 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ханбогд сумын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэрэгт 4 жилийн хорих ял авсан байдаг ба тус оны 10 дугаар сарын 23-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа “хохирол, эд зүйлсийн үнэлгээг буруу тогтоогдсон, мөн О.Д уг хэргийг хамт үйлдсэн” гэсэн байдаг. Миний бие уг хэргийг үйлдээгүй бөгөөд зөвхөн таксинд явж байсан болохоо 9 удаагийн мэдүүлэгтээ үнэн зөвөөр хэлсэн.

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ариунгэрэлийн өгсөн “О.Пийн гутлын мөр гэрийн гадаа гарсан, өөр хүний мөр байгаагүй” гэж нотлон мэдүүлсэн /2хх 135-136/. Түүнчлэн, хулгайн эд зүйлсийг худалдаж авсан иргэний нэхэмжлэгч Н.Бямбасүрэнгийн “жанжин малгайтай, дээлтэй өндөр залуу ганцаараа ирж эд зүйлсийг зарсан” гэх мэдүүлэг /1хх 36/, мөн хэргийн холбогдогч О.Пийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн /1хх 163-165/ зэрэг нь намайг энэ хэрэгт холбогдолгүй болохыг нотолж байна.

            2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр урьдчилсан хэлэлцүүлэгт орохдоо шүүгдэгч О.П нь уг хэрэгт намайг холбогдолгүй /2хх 197-198/, хэргийг мөрдөн байцаалтад буцаахын тулд худал мэдүүлсэн болохоо хэлсэн байдаг. Үүнийг Ерөнхий шүүгч Х.Ганболд дүгнэхдээ “хэргийн холбогдогч бүрэн тогтоогдоогүй байна. О.Дг хэрэгт холбогдолтой эсэхийг дахин шалгаж, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах нь зүйтэй” гэж үзэж хэргийг прокурорт буцаасан байдаг.

            Гэтэл Ханбогд сумын Сум дундын хяналтын прокурор В.Төгсбаяр нь шүүхээс өгсөн чиг үүргийг биелүүлэлгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүйгээр дахин шүүх рүү хэргийг шилжүүлсэн байна. Энэ дутуу хийсэн ажиллагаанаас болж 2021 оны 7 дугаар сарын 5-ны шүүх хуралдаанд дан ганц О.Пийн өгсөн худал мэдүүлгийг үндэслэн О.Поос 2.000.000 төгрөг авсан гэх, мөн надад утсан дээрээсээ хохирогч Б.Бын эмээлийн зургийг үзүүлсний улмаас хамт гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж гэм буруутайд тооцож, 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэсэн. Хэрвээ прокурор В.Төгсбаяр нь шүүхийн өгсөн чиг үүргийг биелүүлж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бол О.Поос намайг 2.000.000 төгрөг авсан эсэхийг юугаар нотолж байгааг, мөн надад О.П эмээлийн зургийг үзүүлэх боломжгүй Nokia загварын гар утастай байсныг, О.Пийг ажиллуулж байсан хохирогч Б.Б, Г.Ариунгэрэл нараас гэрчийн мэдүүлэг авч, уг эргэлзээтэй байдлыг арилгаж, тодорхой болгож шийдвэрлэсэн бол миний бие О.Д нь өөрийн хийгээгүй хэрэгт хорих ял авахгүй байсан. Хэрвээ миний бие уг гэмт хэргийг хамт хийсэн бол хохирол болох 7.533.750 төгрөгийг шалгагдаж байх 2 жилийн хугацаанд бүрэн төлөх боломжтой байсан билээ. Дан ганц яллагдагчийн мэдүүлгээр болон урьд нь ял шийтгэл эдэлж байснаар нь дүгнэж яллах гэж хэтэрхий нэг талыг барьж байгаад миний бие маш их гомдолтой байна. Иймд хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.

            2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт миний өгөөгүй мэдүүлгийг шүүхийн тогтоолд оруулсан байсан. ...” гэв.

            Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх О.Пийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулсан байдлаар дүгнэлт хийж чадаагүй. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт О.Дг гэм буруутайд тооцохдоо хавтас хэрэгт авагдсан бичгийн бүх нотлох баримтуудыг дурдан гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Учир нь, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн нь бүрэн нотлогдоогүй байхад О.Дг гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Анхнаасаа миний үйлчлүүлэгч нь тухайн гэмт хэрэгт холбогдолгүй гэж мэдүүлсээр ирсэн байдаг.

            Шүүгдэгч О.П нь энэ хэрэгт О.Д огт хамааралгүй, би таксины мөнгийг нь тохиролцоод түүнийг аваад явсан гэж удаа дараа мэдүүлсэн бөгөөд сүүлдээ О.Дг хамааралтай, надтай хамт хулгай хийсэн гэх мэтээр тогтворгүй мэдүүлгийг өгсөөр ирсэн. Мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2 удаагийн шүүх хуралдаанд О.П нь мэдүүлэхдээ “О.Д нь надтай хамт хулгайн хэрэг үйлдээгүй, би тухайн үед урьд хийсэн хэргээ задлах гээд ийм мэдүүлэг өгсөн” гэж удаа дараа мэдүүлсэн байдаг.

            Хавтас хэрэгт О.Поос өөрөөр О.Дг хамт хулгай хийснийг нотлох баримт байдаггүй, зөвхөн О.Пийн мэдүүлгийг үндэслэж миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

            Иймд О.Дд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйл нь ерөнхий зохицуулалттай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5, 3.7 дугаар зүйл байх уу гэдэг нь асуудал байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан зохицуулалтын хувьд бүлэг гэсэн зохицуулалт байхгүй. Бүлэглэж гэж дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг хамааруулна гэж үзэж байвал тус хуулийн 3.1 дүгээр зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийг хэрэглэвэл санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдсон байх ёстой. Хавтас хэрэгт цугларсан баримтаар О.Д, шүүгдэгч О.Птой санаатай нэгдсэн үйл баримт тогтоогдоогүй. Шийтгэх тогтоолыг яллах үндэслэл болж байгаа хохирогч, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч О.Пийн мэдүүлэг байдаг. О.Пийн мэдүүлгээс бусад байдлаар 2 шүүгдэгчийг урьдчилан үгсэж тохиролцсон байдал тогтоогдохгүй байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд О.Пийн гаргасан давж заалдах гомдолд энэ агуулга байдаг. Шүүгдэгч О.П өөртөө давуу байдал үүсгэж хэрэгт хамааралгүй хүмүүсийг татан оролцуулж байна. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч О.Дд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Пийн өмгөөлөгч Г.Наранбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүгдэгч О.П давж заалдах гомдол гаргасан. Шүүгдэгч О.Пийн давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. ...” гэв.

            Прокурор Д.Аянагүл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Пийн хувьд шалгагдаж байх хугацаандаа удаа дараа мэдүүлэг өгч байсан. Ингэхдээ дандаа мэдүүлгээсээ зөрдөг. Хийсэн хэргээ хийгээгүй эсвэл нэмж хэрэг хийсэн гэж мэдүүлэг өгч байсан. Жишээлбэл, Налайх дүүрэгт үйлдэгдсэн хэргээ хийсэн гэж мэдүүлэг өгсөн боловч мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй тусгаарлагдаж буцаад Налайх дүүргийн прокурорын газарт ирсэн тохиолдол байдаг. Шүүгдэгч О.П хуулийн байгууллагыг төөрөгдөлд оруулж удаа дараа худал мэдүүлэг өгдөг гэж дүгнэхээр байна. Шүүгдэгч О.Дгийн хувьд шүүгдэгч О.Птой хамтран хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдож байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдож тогтоогдож байна. Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгч О.П, О.Д, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, шүүгдэгч О.П, О.Д нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол  хууль ёсны, үндэслэлтэй болж чадаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг яаж үйлдсэн/ болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэгт хамтран оролцох” буюу хамтран оролцооны хэлбэрийг зөв тогтоож, яллах дүгнэлтэд тодорхой дүгнэсний дараа шүүх уг үйл баримтад гэм буруугийн талаар дүгнэлт хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ.

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн ирүүлэхдээ О.П, О.Д нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан ямар хэлбэрээр хамтран оролцсон талаар дүгнээгүй байна.

            Өөрөөр хэлбэл, О.П, О.Д нар нь уг гэмт хэргийн гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигч аль нь болохыг прокуророос яллах дүгнэлтдээ дүгнэж ирүүлээгүй байна.

            Мөн яллах дүгнэлтэд “...О.П, О.Д нар нь бүлэглэж 2019 оны 5 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж. ...” гэжээ.

            Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад уг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл хэний өмчлөлийнх болохыг тогтоогоогүй, тухайн тээврийн хэрэгслийг битүүмжилж, эд зүйлийн үнэлгээг гаргуулах зэрэг ажиллагааг хийлгүй орхигдуулжээ.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна. ...”, 5 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. ...” гэж тус тус заасан ба тухайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэж яллах дүгнэлтэд дурдсан тээврийн хэрэгсэл хэний өмчлөлийг болохыг тогтоож, хэрэв шүүгдэгч О.Дгийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдвол хураан авч, хэрэв бусдын өмчлөлийн тээврийн хэрэгсэл болох нь тогтоогдвол уг тээврийн хэрэгслийг битүүмжилж, тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийлгэх нь хуулийн заалтад нийцнэ.

            Шүүгдэгч О.П, О.Д нар нь өмнө удаа дараа ял шийтгэгдэж байсан  болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан гэжээ.

Гэтэл хавтас хэрэгт шүүгдэгч О.П, О.Д нарыг 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Эрүүгийн хуулийн тэгшитгэлд хамрагдан суллагдсан гэх баримт авагдаагүй бөгөөд ямар баримтыг үндэслэж ийнхүү тодорхойлсон нь тодорхойгүй байх тул эдгээр нотлох баримтуудыг хэрэгт заавал хавсарган ирүүлэх шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, магадлалд заасан үндэслэлүүдээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэв.

Магадлалд заасан үндэслэлүүдээр хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч О.П, О.Д, шүүгдэгч О.Дгийн өмгөөлөгч Г.Мөнгөнцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Мөн хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.П, О.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, О.П, О.Д нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын Сум дундын прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол О.П, О.Д нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ