Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0286

 

 

 

 

2023 03 28 128/ШШ2023/0286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Г /РД:ЧС/

Хариуцагч: Засаг дарга,

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Р.А /РД:ЦБ/ нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, Л.Г, гуравдагч этгээд Р.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэл гаргагч Д.Ггээс Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Р.Ад 597 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2. Нэхэмжлэгч Д.Г тус шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний гэр бүл, хүүхдүүд 1999 оноос өнөөг хүртэл 23 дахь жилдээ зусч, амьдарч байгаа зуслангийн хашааны газрын бусдад эзэмших эрхийн гэрчилгээ олгож, өмчлүүлсэн захиргааны байгууллагын шийдвэр (*******-ийн Засаг даргын 2009 оны *******-р захирамжийг 2022.09.22-ны өдөр олж мэдээд *******-ийн газар зохион байгуулалтын албанд хандсан)-ийг хууль бус гэж үзэж, гомдол гарган Эрхэм шүүгч танд хандаж байна. Өмнө нь Захиргааны хэргийн шүүхэд хандсан ба нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байсан тул нэхэмжлэлээ би татаж авсан юм. Ингээд Засаг Дарга, *******-ийн Засаг дарга нарт урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу өргөдөл гаргасан.

Би өргөдөлдөө, иргэн Р. Аы газар эзэмших эрхийн гэрчилгээ авах, өмчлөх хүсэлт, өргөдөл бүрдүүлсэн материалын бүрдлийг газар дээр нь биечлэн тулгаж, бодит үнэн байдлыг тогтоож, холбогдох захирамжуудыг хүчингүй болгуулахыг хүссэн билээ.

Гэтэл нийслэл, дүүргийн Засаг дарга нар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 19.3 ...ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр хариу өгнө, түүнчлэн мөн хуулийн 7.1.3 өргөдөлд дурдсан асуудал бүрийг эрх мэдлийнхээ хүрээнд хянан үзэж, үндэслэлтэй шийдвэрлэх гэсэн хуулийн заалтыг биелүүлсэнгүй, доод шатны байгууллагад шилжүүлж, өргөдөл бүрдүүлсэн материалын бүрдлийг нэг бүрчлэн шалгах, захирамжийг хүчингүй болгох талаар миний өргөдөлд дурдсан асуудлыг шийдсэнгүй, харин газар зохион байгуулалтын албанаас ...хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариу өгсөн байна.

Манайхыг Чингэлтэй дүүргийн (хуучнаар 19-р хороо) 24-р хороо, Я*******ын зусланд 1999 оноос хойш зусч, амьдарч байгааг мэдэх хүмүүс баримт бий. (гэрчээр оролцуулж болох иргэдийн нэр, утас, УБЦТС ХК-ийн иргэдэд үйлчлэх төв (Я*******ын зуслангийн)-ийн хэрэглэгч Дгийн Ггийн дансны 2011-2022 оны дэлгэрэнгүй тайлан, хавсралт-3)

Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар Захирамжийн иргэн Ргийн Ад 597 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хууль бус шийдвэр гэж үзэж байна. Учир нь:

  1. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 21.1. Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр захирамж гаргана, мөн хуулийн 19.2.3-... газрын төлөв байдал, чанарын баталгаа хийлгүүлэх гэсэн заалтыг зөрчиж, олон жил эзэмшиж амьдарч буй эзэнтэй газрыг ямар ч судалгаа, нотолгоогүйгээр өмчлөх эрх олгосон нь хууль бус шийдвэр гэж үзэх үндэстэй байна.
  2. Түүнчлэн Иргэний хуулийн 85.2. ...газартай салшгүй бэхлэгдсэн байшин барилга, байгууламж болон бусад эд зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасан байхад, 5м x 6м хэмжээ бүхий байшин (миний үл хөдлөх хөрөнгөтэй)-тай газрыг бусдад өмчлүүлэх шийдвэр гаргасан нь газрын маргаан үүсэх нөхцөл бүрдүүлсэн. Иргэн Р. А газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 19.2.4. "...бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн, мөн Аы эзэмшиж байгаа газрын зохион байгуулагч, байцаагч нар газар дээр нь судалж дүгнэлт гаргасан бол Д. Г миний ашиглаж буй газрын асуудал зайлшгүй хөндөгдөж байсан бөгөөд Газрын тухай хуулийн 31.3. ...хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэг хэмжээгээр давхцахгүй байна гэсэн заалтыг мөн зөрчсөн байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай ******* дүгээр захирамжийг хууль бус шийдвэр гэж үзэж байгаа. Учир нь :

*******-ийн Засаг даргын 2008 оны ******* дүгээр захирамжаар иргэн Ад түүний эзэмшиж буй хашааны 300м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ олгож, улмаар жилийн дараа буюу 2009 онд өргөтгөн миний амьдарч буй газрыг оруулан дээр дурдсан 2009 оны ******* дүгээр захирамжаар 597м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ад дахин олгосон байна.

Дүүргийн газрын албанаас иргэн Ад газар эзэмших эрхийн гэрчилгээ дахин олгохдоо нэмэгдүүлж байгаа талбайг эзэнгүй хоосон газар, миний байшинг хүсэлт гаргагчийнх гэж ойлгосон явдал нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн байх үндэстэй. Иргэний хуулийн 115.1. ...эзэмшлээсээ татгалзсан эд хөрөнгийг эзэнгүй эд юмс гэнэ гэсэн бий. Гэтэл миний бие уг газрыг эзэмшихээсээ татгалзаагүй бөгөөд өнөө хир нь тэнд амьдарсаар байна.

Түүнчлэн миний бие ашиглаж байгаа газрын кадастрын зураг (Д. Ггийн ашиглаж байгаа газрын кадастрын зураг, хавсралт-6)-ийг хийлгэсэн боловч, газрын албанд бүртгүүлж, баталгаажуулаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй байсан нь хууль бус шийдвэр гарахад бас нөлөөлсөн. Гэхдээ иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээгүй бол уг газарт байнга амьдарч байгааг үл харгалзан уг газрыг бусдад эзэмшүүлж болох эрх зүйн зохицуулалт байхгүй гэж үзэж байгаа болно.

Газар эзэмших эрхийн гэрчилгээг иргэн Ад хууль бусаар олгосны улмаас миний газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, бусдад хөөгдөж, дарамтлуулж, зуслангийн газартаа зуны 2 сар тайван амгалан зусаж чадахгүй болоод байна.

Иргэн газар өмчлөх нь сайн дурын хэрэг бөгөөд зуслангийн хашааны газрынхаа эрхийн гэрчилгээ аваагүй айлууд нийслэл, аймаг, сумдад олон байгаа билээ.

Цаашдаа энэ арга хэмжээ өргөжихийн хэрээр зальтай, газраар бизнес хийж ашиг олох шуналтай, тухайлбал, иргэн А (газраа зарах гэж байгаа тухай мэдээлэл бий) мэтийн этгээд олшрох вий гэдгийг энэ дашрамд онцлон хэлээд түүний хэрэг, явдлыг таслан зогсоохыг эрхэм шүүгч танаас хүсэж байна. гэжээ.

3. Нэхэмжлэгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: Миний бие 1992 онд Хөдөлмөрийн яамд ажиллаж байхдаа манай яам бүх ажилчдадаа зуслангийн газар үнэгүй хувьчилж өгсөн. Тэр сууцаа хот руу ойртуулах зорилгоор 1999 онд Яргатын зусланд байраа зөөж ирсэн. Түүнээс хойш 24 дэх жилдээ тэнд амьдарч ирсэн. Гэтэл сүүлийн үед тухайлбал 8 сард над руу нэг хүн залгаж энэ газраас байшингаа холдуул эсвэл шатаана шүү гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд би газрын албанд хандахад Гуравдагч этгээд кадастрын зураг хийлгэсэн байна гэж хэлээд энэ хүнийг олж ир гэсэн. 2011 онд би бас нэг удаа газрын албанд очиж байсан. Тэр үед бас кадастрын зураг хийлгэсэн байна гэж хэлсэн. Би зуслан дээр гараагүй, өөр хүмүүс гардаг байсан. Намайг залгахад утсаа аваагүй, би зурвас хүртэл үлдээсэн. Тэрнээс хойш очоогүй, би нэг хэсэг орхисон.Энэ шийдвэр хууль бусаар гарсан гэдгийг тухайн өнгөрсөн оны 09 сарын 22-ны өдөр мэдсэн. Би газрын албанд хандахад энэ газрын танд өгөхгүй гэж хэлсэн. Ямар хүн энэ газрыг авсан юм бэ гэхэд иргэний материалыг танд өгөхгүй гэсэн. Би дүнжингаравын нэгдсэн мэдээллийн төвд очиж, тэндээс хууль бус шийдвэр гарсныг олж мэдсэн. 2008 онд ******* дүгээр тоот захирамжаар иргэн Р.А өөрийн эзэмшиж байгаа 306 м.кв газраа эзэмших эрхийн гэрчилгээ авсан байгаа юм. Жилийн дараа 2009 онд ******* дүгээр захирамж гараад өмнөх захирамжаа хүчингүй болгуулаад миний эзэмшиж байгаа газрыг оруулаад 597м.кв газрын хэмжээг өөрчлүүлээд авсан байсан. Би энийг хууль бус байна гэж анх мэдсэн.

Миний газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж үзэж захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн материалтай танилцахад 2 өргөдөл орж ирсэн байсан. Нэг нь гуравдагч этгээдийн эгч Р.Мы бичсэн өргөдөл, 2 дахь нь Р.Аы бичсэн өргөдөл байсан. Миний газрыг хоосон газар эсвэл садан төрлийн газар гэж авсан байж магадгүй. Би энэ талаар мэдээлэл олохгүй байна. Гэтэл эгчийн газар гэж авсан байсан. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд юу гэж бичсэн бэ гэхээр би энэ Я*******ын зусланд нийт 597м.кв газрыг эзэмшиж байгаад 2009 онд 306 м.кв газрыг нь эзэмшихээр болсон юм, үлдсэн 297м.кв газрыг нь эгчдээ эзэмшүүлэхээр өгсөн байснаа одоо эгчийнхээ газрыг нэмж авах хүсэлттэй байна гэж бичсэн байсан. Эгч нь өөр өргөдөл бичсэн бөгөөд миний энэ 297 м.кв газар бол миний газар, миний байшин, манай 2 байшингийн газар. Бид 2 гэрээрээ энд амьдарч байсан юм. Иймд би үлдсэн 297 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авах хүсэлттэй байна гэсэн байгаа юм. Гэтэл газрын алба Р.Мы өргөдлөөр биш гуравдагч этгээдийн өргөдлөөр өөрчлөх, нэмэгдүүлэх шийдвэр гаргаад 306 м.кв газар олгосон байсан Засаг даргын 2008 оны ******* тоот захирамжийг хүчингүй болгосон байсан.

Иргэн Р.А Монгол улсын холбогдох хууль тогтоомжийг илэрхий зөрсөн байна. Нэгдүгээрт газар өмчилж авахдаа газрын төлөв байдлын талаар үнэлгээ хийлгэх ёстой. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасан газар өмчлүүлэх эрхийн бичиг баримтыг үнэн зөв бүрдүүлнэ гэж заасныг зөрчсөн. Миний газар, миний эгчийн байшин гэж бичсэн өргөдөл байгаа. Энэ газар хоосон газар юм уу, хэний газар юм, газар дээр юу байна вэ гэх үнэлэлт дүгнэлт хийлгэх ёстой байсан. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38.1-д газар өмчлөгч иргэдэд бусдад этгээдүүд ямар нэгэн саад учруулахыг хориглоно гэж байгаа. Гуравдагч этгээд миний газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд үнэхээр саад болж байна. Энэ бол миний эгчийн байшинтай газар гэж өргөдөл бичиж байгаа хэр нь байшингаа зайлуул гэдэг шаардлага тавьж байгаа. Энэ хүний өргөдөл бичиг баримтыг тухайн үеийн мэргэжилтэн байцаагч нар судлаагүй, хариуцлагагүй хандсан. Учир нь наад зах нь түлхүүр өгөөд та онгойлго гээд шалгах боломж байсан. Мөн тэнд эргэн тойронд миний таньдаг хүмүүс байгаа. 2 дугаар дунд сургуулийг хамт төгссөн н.Э, н.Э гэж эгч дүү 2 байдаг. Мөн манай доод талд н.О гээд залуу байгаа. Сая 09 сард гэрч болъё гээд тайлбар тодорхойлолт хийж өгсөн. Төрийн захиргааны байгууллагад нотлох баримт цуглуулах үүрэг байсаар байтал дүүргийн газрын алба энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Шууд иргэний өргөдөлд үндэслэж энэ газрыг олгосон байгаа юм. Чиний байшин байсан юм бол яагаад хөөж байгаа юм бэ. Миний буруу гэвэл би эзэмших эрхийн гэрчилгээ аваагүй, 2011 онд кадастрын зураг л хийлгэсэн. Нөгөө талаас төрийн захиргааны байгууллагын хувьд хариуцагч тал хэд хэдэн хуулийг зөрчсөн. Иргэний хуулийн 85.2-д Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна гэж заасны дагуу газрыг өмчлөх гэж байгаа бол дээр нь байгаа байшин барилгыг хамтад нь ярих ёстой.

Гэтэл газрын албаны хүмүүс байшинг биш зөвхөн газрыг өмчилнө гэж ойлгосон болохоос дээр нь байгаа юмыг нэг ч үзээгүй гэж байгаа юм. Үзсэн бол хавтаст хэрэгт ямар нэгэн нотлох баримт байхгүй. Засаг дарга шийдвэр гаргахын өмнө нотлох баримтыг цуглуулж, үнэлэлт дүгнэлт өгч байж шийдвэрээ гаргана гээд хуульд заачихсан байгаа. Тэр үүргийг захиргааны байгууллага хариуцна гэж заасан. Энэ газар нь Р.Аы газар мөн эсэхийг төрийн захиргааны байгууллага нотолно гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгвэл Р.Аы газар мөн гэж нотолсон бичиг хавтаст хэрэгт байхгүй, тийм материалыг судалсан ч олдоогүй. Өргөдлөөс өөр баримтгүйгээр энэ шийдвэрийг гаргасан байна. Ингэснээрээ миний газар эзэмшихтэй холбогдсон хууль ёсны эрх зөрчигдөж байна гэж би гомдол гаргасан. Энэ гомдлыг минь хүлээн авч шийдвэрлэж өгнө гэж төрдөө итгэж байна. гэжээ.

4. Хариуцагч Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ггийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны ******* дүгээр захирамжаар иргэн Р.Ад 300 м.кв газар эзэмшүүлж, тус дүүргийн Засаг даргын 2009 он 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар талбайн хэмжээнд өөрчлөлт оруулж 597 м.кв газар эзэмшүүлсэн.

Дээрх захирамжийг үндэслэн, иргэнээс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар иргэн Р.Ад Чингэлтэй дүүргийн Я*******ын 5 дугаар гудамжны 503 тоотын 597 м.кв газрын өмчлөх эрх олгосон болно.

Иймд нийслэлийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны едрийн ******* дугаар захирамж нь үндэслэл бүхий захиргааны акт тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Б.С би. Иргэн Д.Ггийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг Даргад холбогдох "Дүүргийн засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах" хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа билээ. Маргаан бүхий газрыг иргэн Р овогтой Ад дүүргийн Засаг Даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 19 дүгээр хороо Я*******ад 306 метр квадрат газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн.

Мөн иргэн Р.А, Р.М нарын "1991 онд зуслангийн байраа хувьчлан авч одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд эзэмшүүлэх талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтээ газрын албанд гаргаж, дүүргийн Засаг даргын 2003 оны об дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар нэгж талбарын 18******* дугаар бүхий 597 м.кв газарт талбайн хэмжээг нэмэгдүүлэн эзэмших эрхийн гэрчилгээг олгосон.

Мөн дээрх газрыг иргэн Р.А нь өмчлөх хүсэлтээ газрын албанд гаргаж, Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар 597 м.кв газрыг өмчилжээ.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт "Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу нэг байршлын нэгж, талбарын газрыг хоёр этгээдэд нэгэн зэрэг эзэмшүүлэх боломжгүй.

Дүүргийн Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамж нь хууль ёсны үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангасан, бусдын эрхийг хязгаарлаагүй болно.

Иймд Д.Ггийн "Дүүргийн засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Газар эзэмшүүлэх эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Гуравдагч этгээд Р.А тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Иргэн Р овогтой А миний бие нэхэмжлэгч Д.Ггийн нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэхтэй холбогдох хэрэгт гуравдагч этгээдээр оролцож буйн хувьд тус нэхэмжлэхтэй танилцан дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие хүүхэд байх цагаасаа Чингэлтэй дүүргийн 19-р хороо "Я*******" зусланд зусаж ирсэн. Миний аав Бын Р нь тухайн үед Соёлын яаманд урлаг, утга зохиол судлаачаар ажиллаж байсан тул тухайн яамны харьяа зуслангийн байрыг хууль ёсоор худалдан авч эзэмшиж байсан нь тухайн үеийн Соёлын яамны сгийн баримтаар нотлогддог. Тухайн үед иргэнд зуслангийн газрыг эзэмшүүлэх шийдвэр гарч зусаж байсан газраа эзэмшихийн тулд жагсаалтын дагуу зохих ёсны нотлох баримтуудыг бүрдүүлж хүсэлт өгөх шаардлагатай байсан ба хамгийн чухал нотолгоо болох аавынхаа зуслангийн байрыг худалдан авсан баримтыг Соёлын Яамны архиваас /яам татан буугдсан байсан/олж авсан. Уг баримтыг үндэслэн миний бие 2008 онд Чингэлтэй дүүргийн газрын албанд хуульд заасны дагуу шаардагдах баримт бичгийг бүрдүүлэн өгч, хүсэлт гаргаснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны ******* тоот захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан. Мөн Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд заасны дагуу шаардагдах баримт бичгийг бүрдүүлж, хүсэлт гаргаснаар засаг даргын 2017 оны ******* дугаар захирамжаар газар өмчлөх гэрчилгээг авсан. гэжээ.

7. Гуравдагч этгээд Р.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ зуслан ганцхан минийх биш. Миний аав 5 хүүхэдтэй, 5 хүүхдэдээ энэ газрыг эзэмшүүлж өгөхдөө үр удмаараа энд байна гэж бодсон бөгөөд энэ бол нандин түүхтэй газар юм. Би анх ухаан орохдоо энэ газар байсан учраас энэ бол манай зуслангийн газар, дээрээс нь манай аав Соёлын яамд ажилладаг байхдаа хууль ёсны дагуу газраа худалдаж авсан юм. Нэг л өдөр Д.Г ах шууд байшингаа манай урд авчраад буучихсан. Тэр үед газар хувьчлах хууль гараагүй, зуслангийн газрыг бидэнд эзэмшүүлээгүй байсан. Би утсаар яриад шатаана гэж хэлсэн зүйл байхгүй, надад тийм хүмүүжил байхгүй. Бид айл сахалт байсан, миний аав ийм асуудал үүснэ гэж таагаагүй байх. Бид тавуулаа Соёлын яамны зуслан байхад бид ээлжлээд амьдарч байсан. Миний түүхтэй, дурсамжтай, юугаар ч үнэлэхгүй газар юм. Нэхэмжлэгч гомдолтой байгаа байх гэхдээ би бүх юм аа хууль ёсны дагуу авсан. Намайг танил талаараа энэ газрыг авсан гэж маргаад байна, ерөөсөө тийм зүйл болоогүй. Учир нь тухайн үед газрыг эзэмшихэд ямар материал шаардлагатай байсан тэр бүх материалыг бүрдүүлж өгөөд эзэмшиж авч байсан. Хувьчилж авахын хувьд энэ манай эгчийн байшин гэж хэлээгүй, газрын алба ийм зүйлийг сонсохгүй. Төрийн байгууллага хуулийн дагуу газар олгохоос биш би эгчийнхээ байрыг аваад, би танд түлхүүрийг үзүүлье гэж хэлээгүй.

Би бүх хууль ёсны дагуу өмчлөх эрхээр нь өмчилж авсан. Энэ газар миний нэр дээр боловч энэ бол миний аавын үнэ цэнэтэй газар, миний 5 хүүхдийн бүгдийнх нь өмч юм. Би Д.Г ахыг зусланд гарч байхыг би ерөөсөө мэдэхгүй байна. Охин нь байж байх үед гардаг байсан. Одоо яагаад ийм зүйл хэлж байна вэ. Би бол хууль ёсны дагуу авсан. Хэрэв энэ хүн 1999 оноос хойш хууль ёсны дагуу бүх бичиг баримтаа бүрдүүлж авсан бол өдийд газраа хувьчлаад авах боломжтой байсан байх. Гэтэл тийм боломж нь Д.Г ахад яагаад ч гарахгүй. Таньдаг хүн яривал хамгийн их таньдаг хүнтэй нь би. Миний аав Соёлын яамд хар залуугаараа ажиллаж байсан. Шатаах байсан бол хажууд байгаа байшинг би хэзээ ч шатаах боломжтой. Намайг гуравдагч этгээдээр дуудаж байгаа шиг Д.Г ахыг гуравдагч этгээдээр дуудаж болох байсан. Энэ хүний эзэмшил дээр газар чинь байгаа бол давхцал нь яагаад үүсэхгүй байна вэ.

Гэтэл энэ хүн энэ газрыг нэг ч удаа эзэмшиж байгаагүй. Би хүний юм булааж аваад утсаар ярьж дарамтлаад ёс суртахуунгүйгээр аашилсан зүйл байхгүй. Би өөрийгөө хууль зөрчсөн гэж бодохгүй байна. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Д.Ггийн нэхэмжлэлтэй Засаг дарга, Чингэлтэй дүүргийн Засаг даргад тус тус холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт тулгуурлан дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэл гаргагч Д.Ггээс Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Р.Ад 597 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

3. Иргэн Р овогтой Ад Чингэлтэй дүүргийн Засаг Даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* дүгээр захирамжаар 19 дүгээр хороо Я*******ад 306 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлжээ./х.х-н 194-196/

4.Мөн иргэн Р.Ад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжаар өмнө эзэмшиж байсан талбайн хэмжээг нэмэгдүүлэн нэгж талбарын 18******* дугаар бүхий 597 м.кв газарт эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна./х.х-н *******-205/

5.Мөн дээрх газрыг Р.Ад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны ******* дүгээр захирамжид үндэслэн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжаар 597 м.кв газрыг өмчлүүлжээ. /х.х-н 219-222/

6. Д.Ггээс Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр өргөдөл гаргасны дагуу Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01-11/5394 дугаар албан бичгээр ...иргэний өмчийн газарт холбогдсон эд хөрөнгийн маргаантай асуудлаа хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгчээ. /х.х-н 23-30/

7. Гуравдагч этгээд Р.Аы 2008 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн өргөдөлд ...1980 оноос аавынхаа ажлын газрын зусланд гарч байгаад 1991 онд зуслангийн байраа Соёлын яамнаас хувьчлан авч одоог хүртэл зусаж байгаа. Иймээс зуслангийн харьяаны газраа эзэмшихийг хүсэж байгааг харгалзан үзэж эрхийн бичиг олгоно уу. гээд Я*******, Амартайван үзсэн 306 м.кв гэсэн тэмдэглэгээг үйлджээ. /х.х-н 84/

8. Уг өргөдлөөс үзвэл Р.А нь анхнаасаа 306 м.кв газар эзэмшдэг болох нь харагдана.

9. Гэтэл иргэн Р.Мы 2009 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн газрын албанд гаргасан өргөдөлд ... 1991 онд зуслангийн байраа хувьчлан авч одоог хүртэл 2 гэрээрээ зусаж байгаа билээ. Манай 2 байшингийн нийт 597 м.кв газрыг дүү Р.Аы эзэмшилд байлгаж байгаад 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ******* тоот захирамжаар анхны кадастрын зурагт өөрчлөлт оруулж 306.4 м.кв талбайгаар тасалж дүү маань эзэмшдэг болсон юм. Тиймээс нөгөө тал болох 290,6 м.кв талбайг Р.М би өөрийн нэр дээр эзэмшихийг хүсэж байгаа тул эрхийн бичиг олгоно уу. гэж, /х.х-н 102/

10. Мөн гуравдагч этгээд Р.Аы 2009 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн өргөдөлд ... 306 м.кв талбайг эзэмшдэг бөгөөд Чингэлтэй дүүргийн газрын албанд тэмдэглэгдсэн кадастрын зургийн дагуу 594 м.кв талбай болгож газар эзэмших гэрчилгээг сунгаж өгнө үү. гэжээ./х.х-н 91/

11. Дээрх өргөдлүүдээс үзвэл, гуравдагч этгээд Р.А нь 306 м.кв газрыг 1 байшингийн хамтаар эзэмшдэг байсан байх бөгөөд иргэн Д.Ггийн өмчлөлийн байшинг оролцуулан 2 байшин эзэмшдэг гэж худал өргөдөл гаргасан, газрын албанд тэмдэглэгдсэн зургийн дагуу гэсэн хүсэлт нь үндэслэлгүй, уг үндэслэлээр нэмж газрыг эзэмшүүлэх хуулийн зохицуулалт байхгүй.

12. Түүнчлэн нэхэмжлэгч Д.Ггийн зуслангийн байшин Р.Аы зуслангийн байшингийн хажууд байрлалтай, тухайн газарт 23 жилийн турш зусландаа гарч амьдарсан, Д.Ггийн өмчлөлийнх гэдэгт талууд маргадаггүй.

13. Хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл нэхэмжлэгч Д.Г нь өөрийн зуслангийн байшин байгаа газраа эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмын дагуу гаргаж эзэмшээгүйгээс гуравдагч этгээд газрын талбайн хэмжээг нэмж эзэмшсэн үйл баримт тогтоогдлоо.

14. Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт Хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба нягтлан хянаж, шаардлага хангаагүй бол энэ талаархи үндэслэлийг хүсэлт гаргагч этгээдэд мэдэгдлээр өгч, бүртгэлээс хасна. гэж заажээ.

15. Гэтэл Чингэлтэй дүүргийн газрын алба /тухайн үеийн/-аас маргаан бүхий газарт хээрийн судалгаа хийгээгүй, өргөдөлд бичигдсэн зүйлийг нягталж шалгаагүйгээс тухайн газарт өөр хүний өмчлөлийн байшин байсаар байтал гуравдагч этгээдэд газрын хэмжээг нэмэгдүүлж олгосон нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, Чингэлтэй дүүргийн Засаг даргын буруутай үйл ажиллагаа байна.

16. Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсэг хууль бус байх тул түүнийг үндэслэж гарсан Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсэг хууль бус захиргааны акт байна гэж шүүх дүгнэлээ.

17. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсэг, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 хуульд үндэслэх, 4.2.5 зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно. гэж зааснаар хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шүүх шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Ггийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2009 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ******* дүгээр захирамжийн иргэн Р.Ад холбогдох хэсэг, Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар захирамжийн иргэн Р.Ад 597 м.кв газрыг өмчлүүлсэн хэсгийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.   

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ӨЛЗИЙЖАРГАЛ