Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2023/01496

 

 

 

 

2023 5 16 181/ШШ2023/01496

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ..........байрлах, ХХХХК /Регистрийн дугааар./,

Нэхэмжлэгч: ..... хаягт байрлах, СГ ХХК /Регистрийн дугаар:./ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ....тоотод байрлах, КИББСБ ХХК /Регистрийн дугаар:5399912/,

Хариуцагч: . оршин суух, С.О /Регистрийн дугаар:...1/ нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 дугаар байр, 147 хаягт байршилтай, 72 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөрС.Оы нэр дээр шилжсэн болохыг тогтоолгох, орон сууцны үнэ 118.800.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, Э.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ХХХХК, СГ ХХК нар нь хариуцагч КИББСБ ХХК,С.О нарт холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 байр, 147 хаягт байршилтай, 72 мкв талбайтай, орон сууц 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөрС.Оы нэр дээр шилжсэн болохыг тогтоолгох, орон сууцны үнэ 118.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Ц.Ж ХХ ХХК, СГ ХХК болон бусад аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, хувьцааг нь эзэмшиж, захирлаар нь ажилладаг болно. ХХ ХХК-ийн захирал Ц.Ж нь иргэн Т.Чинбатаар зуучлуулан Кингдом инвест ББСБ ХХК-иас 2008 оны G-320 benz, 2008 оны Ford Raptor, 2012 оны Land Rover range гэсэн 3 ширхэг авто машин худалдан авсан. Дээрх авто машинуудыг худалдан авсны дараа худалдах, худалдан авах гэрээ байгуулах ёстой байхад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаартай хуурамч зээлийн гэрээ байгуулсан байна. Гэсэн хэдий боловч Ц.Ж худалдах, худалдан авах гэрээний төлбөрийг барагдуулахын тулд өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар нь ажилладаг СГ ХХК-ийн барьсан 3 ширхэг байрыг, 15 сая төгрөгийн хамт тухайн банк бус байгууллагын нэр дээр шилжүүлэхээр анх Кингдом инвест ББСБ ХХК-ийн машиныг манайд зарахаар зуучилж иргэн Т.Чинбатаар дамжуулан хүлээлгэн өгөхөөр, холбогдох хүсэлт, нотлох баримтын хамт явуулсан.

Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 дугаар байрны 136 тоот 61 мкв орон сууц, мөн мөн хаягт байрлах 47 дугаар байрны 147 тоот 72 мкв орон сууц, Баянгол дүүргийн 4-р хороо, 202 дугаар байрны 136 тоот 56.21 мкв орон сууц /нийт 3 орон сууц/. Гэтэл Кингдом инвест ББСБ ХХК иргэн Т.Чинбаттай хуйвалдан 1 байрыг аваагүй мэтээр нэхэмжлэл гаргаж шүүхийг болон манай компанийг төөрөгдүүлсэн байна. Ингэхдээ нотлох баримтыг нуун дарагдуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үнэн зөв тайлбар, мэдүүлэг гаргах үүргээ биелүүлээгүй. Тодруулбал, нэхэмжлэгч шүүхэд 2 байр авсан мэтээр нэхэмжлэл гаргаж байсан. Гэтэл Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс авсан 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23 тоот лавлагаанд дурдсанаар 3 ширхэг байрыг бүгдийг нэхэмжлэгч КИББСБ ХХК болонС.О хүлээн авсан болох нь тогтоогдсон. Ийнхүү нэхэмжлэгч КИББСБ ХХК болонС.О шүүхийг хуурч, иргэн Т.Чинбаттай хуйвалдан өөрийн хүлээн авсан 72 мкв орон сууцыг нуун дарагдуулж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2712 дугаар шүүгчийн захирамж гаргуулсан.

Иймд КИББСБ ХХК болонС.Оыг үндэслэлгүй хөрөнгөжсөн болохыг тогтоож Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна", мөн зүйлийн 493.2 дахь хэсэгт Үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 47 дугаар байрны 147 тоот, 72 мкв орон сууцыг гаргуулах эсхүл 118.000.000 төгрөгийг КИББСБ ХХК,С.О нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Уг орон сууц гуравдагч этгээдийн өмчлөлд шилжсэн нь тогтоогдсон тул орон сууцны үнийг гаргуулна.

Манай байгууллагын зүгээс 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс авсан 23 тоот лавлагаагаар энэхүү орон сууцС.Оы өмчлөлд шилжсэн болохыг олж мэдсэн бөгөөд тухайн оны 5 сард нэхэмжлэлээ гаргасан. Иймд Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж 47 дугаар байрны 147 тоот, 72 мкв орон сууц 2017 он 02 дугаар сарын 16-ны өдөр КИББСБ ХХК-ийн захиралС.Оы өмчлөлд шилжсэн болохыг тогтоож өгнө үү. Бизнесийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэхийн тулд тухайн компанийн хувьцаа эзэмшигчээр орж байж итгэлцэл үүсч хөрөнгө оруулдаг, ажил явдаг. Тэгтэл Сипоко ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэг гэдгээр нэг орон сууцыг манайх эгүүлэн өгсөн гэсэн үг биш гэв.

 

2.Хариуцагч КИББСБ ХХК,С.О нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд иргэн Т.Чинбат гэх хүнийг танихгүй, өөрсдийг нь КИББСБ ХХК болон иргэнС.Отай хамтран хууран мэхэлсэн мэтээр бичжээ. Анх 2015 онд сонгуулийн ажилд автомашин хэрэгтэй байгаа тул 3 ширхэг автомашин зээлээр авмаар байна гэсэн хүсэлт гарган, ХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр нар ХХ ХХК-ийн дотоод асуудал бусад холбогдох асуудлыг зохицуулдаг менежер гэх Т.Чинбатыг дагуулан ирж бид анх Т.Чинбат гэх хүнийг харсан байдаг. Улмаар ХХ ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 19/2015 дугаар зээлийн гэрээ байгуулж, 310.000.000 төгрөгийг 3 ширхэг автомашины төлбөрт зориулан зээлсэн. Уг зээлийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул манай байгууллага Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж талууд харилцан тохиролцож эвлэрснийг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар шүүгчийн захирамжаар баталгаажуулж, энэхүү захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх процесс холбогдох хуулийн хүрээнд явагдсан. Хэн нэгнийг хууран мэхэлж, хохироосон зүйл байхгүй болно.

 2017 оны 02 дугаар сард ХХ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ж, санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр, мөн менежер гэх Т.Чинбат нартай манай компани дээр хамт ирээд манай компани зээлээ төлөх боломжгүй байна, барьж байгаа барилгууд банкны зээлийн барьцаанд байгаа тул зарагдахаар нь банк шууд мөнгийг нь аваад байна, компанид ч бас мөнгө хэрэгтэй байна, танайд өртэй тул танайх руу шилжүүлэхэд банк зөвшөөрнө. Тэгэхээр холбоотой компаниасаа танайд 3 ширхэг байр шилжүүлж, 1 байрыг нь буцааж авч зараад компани бэлэн мөнгө гаргаж авна. Үлдсэн 2 ширхэг байрыг тус бүр 85 сая төгрөгөөр тооцож зээлийн төлбөрт суутгуулъя, үгүй бол ямар ч байр шилжүүлж чадахгүй гэх нөхцөл тулгасан. Үүний дагуу Т.Чинбат нь 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хуучин 1 ширхэг байрыг, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 2 шинэ байрыг хэлбэрийн төдий худалдах, худалдан авах гэрээ байгуулан шилжүүлсэн бөгөөд тэр өдөртөө 1 байрыг нь менежер Т.Чинбат өөрийн нэр дээрээ буцаан шилжүүлэн авсан. Гэрээнүүд бүгд хэлбэрийн төдий байсан ба тус гэрээг бидэнд огт өгөөгүй. Шинээр орон сууц шилжүүлэх гэрээнд ХХ ХХК-ийн санхүү эрхэлсэн захирал Ц.Мөнхбаяр СГ ХХК-ийг төлөөлж гарын үсэг зурсан байсан. Т.Чинбат үндсэн зээлийн төлбөрт 2 ширхэг байр тооцуулсан тухай дараа нь КИББСБ ХХК-иас албан бичиг авч явсан. Харин манайд тооцоо нийлсэн тухай хариу бичиг өгөхийг ХХ ХХК-иас удаа дараа шаардсан боловч өгөөгүй. Тус компанийн санхүү хариуцсан захирал Ц.Мөнхбаяр нь ХХ ХХК-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Нөгөө талаас холбоотой этгээд болох СГ ХХК-иас КИББСБ ХХК-ийн захиралС.Од 2 ширхэг байр шилжүүлэх гэрээнд мөн гарын үсэг зурсан.

2017 оны эвлэрлийн гэрээний дүн Ц.Мөнхбаярын хийсэн гэрээнүүдийн дүн ба тооноос өөр байгааг хүлээн зөвшөөрсөн нь ХХХХК-ийн санхүү хариуцсан захирал Ц.Мөнхбаяр түүгээр уламжлан гүйцэтгэх захирал гэх Ц.Ж нар тухайн үедээ энэ асуудлыг мэдэж байсан нь тодорхой байна.

Дээр дурдсан 1 ширхэг байрыг манай компанид шилжүүлээгүй буюу Т.Чинбатын нэр дээр буцаан шилжүүлсний дараа ХХ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч манай КИББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ярилцан тохиролцсоны үндсэн дээр эвлэрлийн гэрээг байгуулж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байхад 1 ширхэг байрыг шилжүүлээгүй талаар мэдээгүй байсан гэдэг нь ор үндэсгүй худал юм.

Энэхүү маргаан үүсэж буй Улсын бүртгэлийн Ү-2205065356 дугаартай, Баянгол дүүргийн 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 47 байр, 147 тоот хаягт байршилтай, 72 мкв талбай бүхий орон сууцыг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр КИББСБ ХХК-ийн захиралС.Оы өмчлөлд бүртгүүлсэн хэдий ч тухайн өдрөө 212 дугаар нотариатчийн гэрчилсэн худалдах, худалдан авах гэрээг үндэслэн ХХ ХХК-ийн менежер гэх Т.Чинбатын өмчлөлд шилжсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгө эрхийн бүртгэлийн газар, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11-1367323 дугаар албан тоот, мөн өдрийн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрынС.Оы эд хөрөнгөтэй эсэх талаарх лавлагаа зэрэг албан ёсны баримтуудаар тогтоогдож байгаа.

Дээрх нөхцөл байдлаас харахадС.О болон КИББСБ ХХК нь бусдын хөрөнгийг хууль бусаар олж авсан гэсэн үйл баримт тогтоогдохгүй болно. Манай компанийн зүгээс ХХ ХХК-ийн тавьсан саналын дагуу тэдний нөхцөл байдлыг харгалзан үзсэний үндсэн дээр зээлийн гэрээний хүүг багасгаж эвлэрсэн боловч одоог хүртэл эвлэрлийн гэрээнд заасан төлбөрийг барагдуулалгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дээр дурдсан үндэслэл, асуудлаар явуулахгүй саад учруулсаар байгаа нь цаг хугацаа алдагдуулах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг санаатайгаар удаашруулж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Т.Чинбатыг танихгүй гэдэг ч хэрэгт авагдсан баримтаар Т.Чинбат нэхэмжлэгчийн компанид ажилладаг байсан болох нь тогтоогдсон. Т.Чинбатын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн Сипоко ХХК-ийн эцсийн өмчлөгч нь нэхэмжлэгч компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч адил байгаагаар тогтоогдоно гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19/2015 тоот зээлийн гэрээ, түүний хавсралт, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 19/2015 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ, түүний хавсралтууд, Ү-2205065356 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар шүүгчийн захирамж, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн СГ ХХК-ийн албан тоот, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 23, 24 тоот албан бичиг, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 9/830 тоот албан бичиг, тус шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/04392 дугаар шүүгчийн захирамж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн мэдэгдэл зэргийг ирүүлжээ. /хх 6-32, 103, 109, 133, 146, 2хх 29, 30/

Хариуцагч нараас нотлох баримтаар: шүүхэд төлөөлөх эрх олгосон итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 11-1367323 тоот албан бичиг, Орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ,С.Оы төлбөр төлөлтийн хуваарь, захиалгын байрны байршлын схем, 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 85 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, Ү-2205065356 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, тус шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШЗ2019/01615 дугаар шүүгчийн захирамж, 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШТ2019/00121 дүгээр шүүхийн тогтоол, 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШЗ2019/04392 дугаар шүүгчийн захирамж зэргийг ирүүлжээ. /1хх-36, 40, 46, 48-63, 106-107, 134, 135, 148, 149/

Шүүхийн журмаар: хариуцагчийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2021/14094 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6/9240 тоот хариу, түүний хавсралтууд, 181/ШЗ2022/00783 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4-143/2527 тоот албан бичиг, 181/ШЗ2022/02920 дугаар шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн шүүхийн Тамгын газрын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 305 тоот албан бичиг, түүний хавсралт, 181/ШЗ2022/08150 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийгмийн даатгалын Ерөнхий газраас ирүүлсэн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/1225 дугаар албан бичиг, түүний хавсралтууд, гэрч В.Олягийн мэдүүлэг,

181/ШЗ2023/04166 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 9/2585 тоот хариу, түүний хавсралтууд, Шүүхийн тусгай архиваас ирүүлсэн 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 1/857 тоот хариу, түүний хавсралтууд, хариуцагч КИББСБ ХХК-иас ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 23/02/03 тоот хариу зэргийг бүрдүүлжээ. /1хх 150-170, 194, 204-205, 231-235, 242-250, 2хх 1-6, 29-30, 47-85, 99/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч ХХХХК, СГ ХХК нь хариуцагч КИББСБ ХХК,С.О нарт холбогдуулан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 байр, 147 хаягт байршилтай, 72 мкв талбайтай орон сууцыг 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөрС.Оы нэр дээр шилжсэн болохыг тогтоолгох, орон сууцыг эсхүл орон сууцны үнэ 118.800.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад орон сууц гуравдагч этгээдэд шилжсэн тул үнийг гаргуулах шаардлагаа дэмжиж тайлбарласан.

2.Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: зээлийн төлбөрт КИББСБ ХХК-д 3 ширхэг орон сууц шилжүүлсэн байхад үүнээс 72 мкв талбайтай 1 орон сууцыг хүлээн аваагүй гэж шүүхээр маргаан үүсгэн уг сууцны үнийн дүнгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тул орон сууцны үнийг гаргуулна, орон сууцыгС.Оы өмчлөлд шилжүүлсэн үйл явдлыг тогтоолгоно гэж тайлбарлав.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: анх төлбөрт 3 ширхэг орон сууц өгөхөөр ярилцсан боловч маргаанд хамаарах нэг орон сууцыг нэхэмжлэгч байгууллага өөрийн компанийн ажилтан Т.Чинбатын нэр дээр тухайн өдөртөө буцаан шилжүүлж авсан, үйл явдал тогтоолгосноор эрх зүйн ямар үр дагавар үүсэх тодорхойгүй гэж тайлбарлав.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.КИББСБ ХХК болон ХХХХК нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Зээлдүүлэгч болох КИББСБ ХХК нь зээлдэгчид 310.000.000 сая төгрөгийг биет бус хэлбэрээр буюу 3 ширхэг автомашинаар тооцож олгохоор, Зээлдэгч 310.000.000 төгрөгийг хүүгийн хамт буцаан төлөхөөр 19/2015 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулжээ. /1хх 7-14, 2хх 76-79/

Кингдом кидс ХХК болон ХХХХК нарын хооронд мөн өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Бэлтгэн нийлүүлэх гэрээг байгуулжээ. Энэ гэрээгээр: Худалдагч болох ХХХХК нь КИББСБ ХХК-тай байгуулсан 19/2015 тоот зээлийн гэрээний үнэ болох 310 сая төгрөгийн арматур нийлүүлэх, мөнгийг зээлд тооцохоор тохирсон гэрээг байгуулжээ. /2хх 80-81/ Зохигчид зээлийн гэрээний зээлийг эргүүлэн төлөх үүргийг, худалдах худалдан авах гэрээний үнэ төлөх үүргээр Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар харилцан тохиролцож үүрэг солихоор анх тохиролцсон ч арматур нийлүүлээгүй, Кингдом кидс ХХК, КИББСБ ХХК компаниуд харилцан хамааралтай үйл баримтад маргаагүй.

4.2.КИББСБ ХХК болон ХХХХК нар шүүхэд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Зээлдэгч ХХХХК нь 150 сая төгрөг төлөхөөр тохиролцсныг тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02712 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталгаажуулж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Дээрх эвлэрлийг шүүхээс баталгаажуулах үед нэхэмжлэгч болох КИББСБ ХХК-иас шүүхэд гаргасан 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн нэхэмжлэл, зээл хүү тооцсон тооцоолол, 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 20/17 тоот мэдэгдэл зэрэгт зээлийн төлбөрт тооцон 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 2 ширхэг орон сууцыг тус бүр 85 сая төгрөг, нийт 170 сая төгрөгт тооцон төлсөн талаар дурджээ.

Зохигчдын тайлбараар КИББСБ ХХК нь дээрх хоёр ширхэг орон сууцны үнэ 170 сая төгрөг төлөх үүргээ, ХХХХК нь зээл төлөх үүргээр харилцан тохиролцож сольсон үйл баримтад мөн маргаагүй. /2хх 68-70, 83-85/

4.3.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар маргааны зүйл болсон эрхийн улсын бүртгэлийн Ү-2205065356 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс /16100/, Москвагийн гудамж, 47 байр, 147 хаягт байршилтай, 72 мкв талбайтай, 3 өрөө орон сууц анх СГ ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөрС.Оы өмчлөлд шилжиж бүртгэгдсэн,С.О болон Т.Чинбат нарын хоорондох 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн худалдах худалдан авах гэрээгээр Т.Чинбатын өмчлөлд мөн өдрөө шилжсэн, Т.Чинбатаас В.Олягийн өмчлөлд 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээгээр шилжсэн болох нь тогтоогдож байна. /1хх 150-170/

4.5.Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар хөрөнгийн өмчлөлийг өөртөө шилжүүлж авсан Т.Чинбатын ажил олгогч байгууллага болох Сипоко ХХК-ийн эцсийн өмчлөгч П.Хурц нь нэхэмжлэгч СГ ХХК-ийн эцсийн өмчлөгч, 100 хувийн хувьцааг эзэмшдэг, ХХХХК-ийн үүсгэн байгуулагч, 45 хувийн хувьцааг эзэмшдэг, тус хуулийн этгээдүүд хамаарал бүхий хуулийн этгээдүүд болох нь тогтоогдож байна. Мөн хариуцагчС.О нь КИББСБ ХХК-тай харилцан хамааралтай, тус компанийн гүйцэтгэх удирдлага байсан нь тогтоогдсон.

5.Харин эрхийн улсын бүртгэлийн Ү-2205065356 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг шилжүүлэх болсон үндэслэлд талууд маргасан.

Хэргийн баримтаарС.О болон СГ ХХК нарын хооронд орон сууцны барилгын захиалга, хөрөнгө оруулалтын 3 тоот гэрээг байгуулжээ. Энэ гэрээнд маргааны зүйл болсон 11 давхарын 147 тоот 72 мкв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэхээр, Худалдан авагч нь үнэ 118.800.000 төгрөгийг СГ ХХК-д төлөхөөр гэрээний 2.4-т тусгагджээ.

Маргаанд хамаарах энэ орон сууцыг ХХХХК, КИББСБ ХХК нарын хоорондох 2015 оны зээлийн төлбөрт тооцож шилжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан зээл хүү тооцсон тооцоолол болон талуудын тайлбараар тогтоогдсон. Мөн энэ гэрээний дагуу аливаа төлбөрийг хариуцагчС.Оаас СГ ХХК-д төлөөгүй гэдэгт маргаагүй, хуралдааны явцад хүлээн зөвшөөрсөн.

Хариуцагч: нэхэмжлэгч тал өөрийн ажилтан Т.Чинбатыг дагуулж ирээд зээлийн төлбөртөө тооцож 2 орон сууц өгөхдөө нэг орон сууцыг нэмж шилжүүлээд тухайн өдөртөө өөрийн ажилтан Т.Чинбатын нэр дээр буцаан шилжүүлж авсан. Тухайн өдөрт нь буцааж өгсөн гэж тайлбарласан.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. Мөн Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид эсхүл ... гэрээнд заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэн өгөх-өөр, 211.2-д үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн бол үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж тус тус заажээ.

Хэргийн баримтаар Худалдан авагч болохС.О орон сууцны үнийг төлсөн байдал тогтоогдоогүй, хариуцагч үнэ төлөөгүй гэдэгт маргаагүй хүлээн зөвшөөрсөн. Хөрөнгийн өмчлөлийг нэхэмжлэгч хэлсний дагуу Т.Чинбатад буцаан шилжүүлсэн гэж тайлбарласан ч тухайн орон сууцыг түүнд шилжүүлэх талаар СГ ХХК-иас хүсэл зоригоо илэрхийлсэн баримт, эрх олгосон итгэмжлэл, эсхүл хүсэлт, зөвшөөрөл гэх зэрэг дэмжих баримт хэрэгт авагдаагүй. Иймд Т.Чинбатыг үүргийг хүлээн авах эрх бүхий этгээд гэдгийг хариуцагч нотлож чадаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзлээ. Түүнчлэн Т.Чинбатын ажил олгогч компани нь нэхэмжлэгч СГ ХХК-ийн эцсийн өмчлөгч, хувьцаа эзэмшигч байгаа явдал үүргийг эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн гэж үзэх үндэслэл болохгүй байна. Мөн хэргийн баримтаар Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцох байдал тогтоогдоогүй болно.

Иймд орон сууцны үнэ болох 118.800.000 төгрөгийг хариуцагчС.Оаас гаргуулж нэхэмжлэгч СГ ХХК-д олгох нь зүйтэй. Хариуцагч хөрөнгийг цааш дамжуулан шилжүүлсэн Т.Чинбатаас жич хохирлоо шаардах нь зүйтэй.

Харин нэхэмжлэгч ХХХХК, КИББСБ ХХК нар дээрх худалдах худалдан авах гэрээний оролцогч талууд биш, түүнчлэн тэдгээрийн хоорондох зээлийн гэрээний үүрэгт худалдах худалдан авах гэрээний үүргийг харилцан тохиролцож солилцсон байдал тогтоогдоогүй тул холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов. Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон ч талуудын хооронд худалдах худалдан авах гэрээний үүрэг үүссэн тул үндэслэлгүйг дурдав.

6.Нэхэмжлэгчийн гаргасан 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн өмчлөлийнС.Од шилжүүлсэн болохыг тогтоолгох тухай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин мөнгө гаргуулах шаардлагын үндэслэлд хамаарахыг дурдав.

7.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухайд: Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хуралдааны эхэнд нэхэмжлэгч мөнгө гаргуулах шаардлагаасаа татгалзсан ч хэлэлцүүлгийн явцад мөнгө гаргуулах шаардлагаа дэмжиж тайлбарласан, энэ нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

8.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлин 243.1-д зааснаар хариуцагчС.Оаас 118.800.000 /нэг зуун арван найман сая найман зуун мянган/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч СГ ХХК-д олгож, нэхэмжлэгч ХХХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч КИББСБ ХХК-д холбогдох хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 822.150 /751.950+70.200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчС.Оаас 751.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч СГ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ