| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 307/2025/0501/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/573 |
| Огноо | 2025-11-07 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/573
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/0501/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж, шүүгч Б.Ихтамир, Б.Бат-Амгалан нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунцэцэг,
Иргэдийн төлөөлөгч ******,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******, түүний өмгөөлөгч А.Мөнхбат,
Шүүгдэгч ******, түүний өмгөөлөгч Д.****** нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ****** ургийн овогт ****** ******ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2518000000467 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ****** ургийн овогт ****** ****** (РД: ******), ****** оны ****** дүгээр сарын ******-ны өдөр ****** төрсөн, ****** настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ******-д ******ч ажилтай, ******1, ****** аймгийн ****** оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор ****** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч ****** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ****** мэдүүлэхдээ: “...Өглөө босоод үлдэгдэл архиа хувааж уусан. Намайг цохиод байхаар нь би гурван удаа зугтах гэж оролдсон. Миний нүд, ам руу цохиод хэл амаар доромжлоод намайг гаргаагүй. Миний үснээс зулгаагаад чирээд заазуур аваад миний хоолой руу тулгаад “өнөөдөр чамайг ална” гээд байсан. Тухайн үед чичрээд айгаад, дөрвөн хүүхэд нүдэнд харагдаад байхаар нь хутга аваад хутгалсан. Би талийгаачийг нэг удаа хутгалсан. Талийгаач намайг байнга зоддог байсан. Би 10 цагийн үед эмнэлэгт дуудлага өгсөн. Талийгаачийг хутгалж амь насыг нь хохироосон гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний хэргийн зүйчлэлийг өөрчилж өгнө үү.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** мэдүүлэхдээ: “...Амь хохирогч нь миний бага хүү. Би зургаан хүүхэдтэй. Дархан-Уул аймагт ирээд олон жил болсон. Миний хүүхдийн буруу байгаа л байх. Яах аргагүй миний хүүхдийн амь нас хохирсон. Буяны ажилд мөнгө зарцуулсан. Тухайн буяны ажлын мөнгө 13,185,125 төгрөгийн зардал гарсан. Оршуулгын зардлаас гадна сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ****** нь 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 07 цагийн орчимд ****** ****** дүгээр гудамжны ******од байх гэртээ хамтран амьдрагч ******тэй маргалдаж улмаар хамтран амьдрагч ******ийн баруун бугалгын өмнөд дээд хэсэгт нэг удаа хутгалж, баруун бугалгын нэвт хатгагдсан шарх, бугалгын дотор тараагуур судасны салааны бүрэн тасрал, бугалгын мэдрэлийн хагас тасрал, бугалгын тараагуур судасны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас хохирогч ****** нь их хэмжээний цус алдаж нас барсан буюу хүний алах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Амь хохирогчийн үхлийн шалтгааныг тогтоохоор цогцост задлан шинжилгээ хийсэн бөгөөд Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр баруун гарын бугалгын нэвт хатгагдсан шарх, бугалгын дотор тараагуур судасны салааны бүрэн тасрал, бугалгын мэдрэлийн хагас тасрал, бугалгын тараагуур судасны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан гэж дүгнэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдлийн улмаас ******өд гэмтэл учирч болохыг ухамсарлан ойлгож байсан боловч амь хохирогчийн эрүүл мэндэд зориуд халдаж түүнийг алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй гэж үзэхээр байна. Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь хамтран амьдрагч ******тэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ маргалдаж улмаар хамтран амьдрагч түүний баруун бугалгын өмнөд дээд хэсэгт нэг удаа хутгалж, баруун бугалгын нэвт хатгагдсан шархны улмаас их хэмжээний цус алдаж, цус алдалтын шоконд орж нас барсан болох нь хэрэгт авагдсан гэрч *****, *****, шинжээч эмч Г.Ганпүрэвийн мэдүүлэг болон 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 118 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. Шүүгдэгч ****** нь өөрийн үйлдлийн хууль бус улмаас үхэлд хүргэх гэмтэл учирсан гэдгийг ухамсарлаж ойлгомжтой буюу хохирол хор уршигт зориуд хүргэж уг гэмт хэргийг хүсэж үйлдсэн гэж үзэхээр байна. Иймд шүүгдэгч ******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэм буруугийн шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч ******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас ******ийн амь нас хохирсон. Хүний амь нас хохирсон асуудал хэзээ ч сэргэх боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс оршуулгын зардалд 13,185,125 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүгдэгч нь төлж барагдуулаагүй. Хэрэгт авагдсан Дархан-Уул аймгийн бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн шинжээч эмч О.Бүжин, С.Нармандах нарын дүгнэлтээр хууль ёсны төлөөлөгч ****** /РД: ******/-ын сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлтийг гаргасан байгаа учир Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолын Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож олгохоор заасан байна. Иймд хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг үндэслэж уг аргачлалын дээд хэмжээгээр буюу 792,000 төгрөгийг 22.99-ээр үржүүлж нийт 18,280,000 төгрөгөөр тооцож, оршуулгын зардал болох 13,185,125 төгрөгийг нэмж нийт 31,393,205 төгрөгийг шүүгдэгч ******ээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөгч ******т олгох саналыг тус тус гаргаж байна...” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлттэй санал нэг байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд зүйлчлэл өөр байсныг прокурорын шатанд зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхэд маргаж, мэтгэлцээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өмгөөлөл явуулах эрхтэй боловч хуулийн дагуу байх ёстой. Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэдэг нь санаа сэтгэл маш богино хугацаанд хүчтэй цочрон давчидсан байх ёстой. Үүнийг юугаар илэрхийлэх бэ гэхээр хүндээр доромжлогдсон, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байхыг хэлнэ. Энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт байхгүй. Шүүгдэгчийн мэдүүлэг дангаараа нотлох болохгүй. Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдахыг үгүйсгэсэн нотлох баримт нь гэрч ***** болон тухайн дэлгүүрийн худалдагчийн мэдүүлгээр хоёр удаа хутгалсан гэж *****т мэдүүлсэн, мөн гаднаас хүн орж ирээд хутгалсан шүү гэх байдлаар хэлээрэй гэх мэдүүлэг, түргэн дууд гэх үгийг ***** хэлсэн байдаг. Тэгэхээр санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний амь насыг хохироосон гэх асуудал гэрч нарыг мэдүүлгээр үгүйсэгдэж байна.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй. Ховд аймгийн харьяат малчин гаралтай айл байсан. Нөхөр нь нас барсны дараагаар талийгаачтай 1 жил 6 сар хамт амьдарсан. Хүүхдүүдтэйгээ байхаар хэрүүл гараад байсан учир хүүхдүүдээ тусад байлгадаг байсан. Талийгаачийн хувьд уухаараа агсам хүн байсан нь үнэн. Надтай хүртэл маргалдаж байсан. Миний эмзэглэж байгаа асуудлын хувьд насанд хүрээгүй хүүхдүүд байгаа. Хэрэв асран хамгаалагч тогтоовол эгчээс нь өөр хүн байхгүй. Хүүхдийн эрхийн маш их хөндөгдөж байгаа учир эгч нь шүүх хуралдаанд ирсэн. Мөн хүүхдийн мөнгийг зориулалтын бусаар хэрэглэж болохгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй гээд олон асуудал байгаа. Миний хувьд хуулийн зүйчлэлийг зөвшөөрөхгүй байгаа. Учир нь сэтгэл санаа цочрон, давчидсан үедээ бусдын амь насыг хохироосон гэх заалт байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд хүндээр доромжлуулсан, хууль бус ажиллагаа явуулсан, эрхшээлд нь байсан. Талийгаачийн хувьд том, өндөр биетэй залуу, миний үйлчлүүлэгчийн хувьд жижиг биетэй. Үүгээрээ хэлэх гээд байгаа зүйл нь Улсын дээд шүүхийн тогтоол болох сэтгэл санаа цочрон давчидсан үйл баримт байгаа. Хэрэгт авагдсан баримтаас харахад амь хохирогч хүч хэрэглэсэн, хүзүү хэсэгт нь цус хуралт үүссэн, заазуур тулгасан талаарх баримт авагдсан. Хүүхдүүдийг тусдаа байлгасан шалтгааны хувьд бага насны хүүхдийг хашаа давуулаад шидсэн, хүч хэрэглэсэн талаарх баримт нотлох баримтад мөн авагдсан. Мөн миний үйлчлүүлэгч талийгаачтай хамт байгаад байсан шалтгааны нөхцөлийн хувьд зугтахаар нь араас очоод байдаг. Энэ талаар эгч нь мэдүүлэх гэхээр мөрдөн байцаагч хүлээж авахгүй байсан. Улсын яллагчийн тухайд хэргийг хоёр талын үйл баримтыг цуглуулах ёстой. Шинжээчийн дүгнэлтийн хувьд шүүгдэгч нь харваас ярьж чадахгүй байхад хэвийн гэж дүгнэсэн. Энэ хэргийн тухайд яллах талаа барьж нотлох баримтыг цуглуулсан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэх зүйчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд Улсын дээд шүүхийн тогтоол болох санаа, сэтгэл хүчтэй цочрон давчидсан учир хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү. Хохирол, төлбөрийн тухайд өмнөх саналаа дэмжиж байна...” гэв.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэв.
Шүүгдэгч ******т холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч ****** нь 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 07 цагийн үед ****** ****** дүгээр гудамжны ****** гэртээ хамтран амьдрагч ******тэй согтууруулах ундаа хэрэглэн харилцан маргалдаж ******ийн баруун бугалгын өмнө дээд хэсэгт нэг удаа хутгалж нэвт хатгагдсан шарх, бугалгын дотор тараагуур судасны салааны бүрэн тасрал, бугалгын мэдрэлийн хагас тасрал, бугалгын тараагуур судасны бүрэн тасрал бүхий гэмтэл учруулж цочмог цус алдаж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 2-4, 5-7 дахь тал),
Эд зүйлд үзлэг хийсэн тухай: “...Хэргийн газрын үзлэгээр хураан авсан шаргал өнгийн бариултай заазуурт үзлэг хийхэд тухайн заазуурын нийт урт 27.5 см, ажлын хэсэг 15.5х6.7см хэмжээтэй байх бөгөөд заазуурын бариул хэсэг нь эвдрэлтэй байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Уг заазуурын ажлын хэсэг шороо мэт зүйлээр болон хоолны үлдэгдэл мэт зүйлээр бохирлогдсон байна. Шинжээч, ахмад Ш.Батзоригоор заазуурын бариул болон ажлын хэсгээс гарын мөр илрүүлэхээр нунтаг бодис түрхэн үзэхэд гарын мөр илрээгүй болно. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хар өнгийн бариултай хутганд үзлэг хийхэд тухайн хутганы нийт урт 25.5 см, ажлын хэсэг 13.4х2.5см хэмжээтэй байх бөгөөд хутганы бариул хэсэг болон ажлын хэсэг орчимд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Шинжээч, ахмад Ш.Батзоригоор хутганы бариул болон ажлын хэсгээс гарын мөр илрүүлэхээр нунтаг бодис түрхэн үзэхэд гарын мөр илрээгүй болно. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан фудволконд үзлэг хийхэд фудволкны зүүн цээж орчим хэсэгт The RedFace гэх бичиглэлтэй, дугуй захтай, шар өнгөтэй байх хэдий ч цус мэт улаан хүрэн зүйлээр нэлэнхийдээ бохирлогдсон, нойтон байдалтай байна. Уг фудволкны баруун ханцуйны урд хэсэгт 7.5см хэмжээтэй ташуу хөндлөн урагдсан байдалтай байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 13-18 дахь тал),
******ийн биед үзлэг хийсэн тухай: “...Гадна үзлэгээр дээгүүрээ цэнхэр өнгийн Transform change begine гэх бичигтэй богино ханцуйтай фудволк, доогуураа бүдэг ягаан өнгийн өвдөгний дээгүүр татсан богино шорттой, доогуураа хар өнгийн углааштай, зүүн гарын ядам хуруундаа цагаан өгийн бөгжтэй, 154см орчим өндөртэй, толгойдоо хар бор хүрэн өнгийн үстэй эмэгтэй хүн байв. Гадна хувцсыг тайлуулж биед үзлэг хийхэд биед ямар нэгэн шивээс байхгүй, биеийн ерөнхий хөгжил зөв, мах мариа дунд зэрэг, үзэгдэх дээд баруун хоёр, зүүн хоёр, доод зүүн хоёр шүд үгүй, буйл мөлгөр бусад шүд бүрэн, зүүн эрүүнд 0,5 см зулгаралттай, баруун бугалгын гадна доод хэсэгт 2.2х2, зүүн шууны гадна дээд хэсэгт 5х6, дотор дунд хэсэгт 2.5х2 хүрэн ягаан өнгийн цус хуралттай, зүүн тавхайн ар хэсэгт 1 см, баруун тавхайн ар хэсэгт 1.2 см зулгаралттай, хоёр сарвууны хуруунуудын үзүүр, хоёр тавхайн өсгийн ул хэсгээр улаан хүрэн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон байна. Гарын сарвууны урд хэсгээс болон тавхайн өсгийний ул хэсгээр улаан хүрэн өнгийн цус мэт үйлээр бохирлогдсон хэсгээс ДНХ-ын харьцуулсан шинжилгээнд арчдас авахаар тогтов. Үзлэгээр ******ийн өмсөж буй цэнхэр өнийн Transform гэх бичиглэлтэй фудволк, бүдэг ягаан өнгийн шорт, бүдэг ягаан өнгийн дотуур хувцас, хар өнгийн углааш зэргийг хураан авав. Биед ил харагдах гэмтэл шарх үгүй... ” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 19-20, 21-26 дахь тал),
Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 31-33 дахь тал),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******ын мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...Миний хүү ****** гэх эмэгтэйтэй одоогоос 5-6 жилийн өмнөөс ханилж хамт амьдарч байгаа гэж хэлж байсан. Би энэ хоёрын харилцааг огт мэдэхгүй. .Талийгаач ****** нь миний 6 хүүхдийн 5 дахь хүү нь байсан юм. Хүүхэд насандаа бусдын адил цэцэрлэг сургуульд суралцан боловсрол эзэмшсэн. Харин их дээд сургуульд сурч байгаагүй. Миний хүү талийгаач ****** нь архи согтууруулах ундааны зүйл уудаг, тэгэхдээ яг байнга уудаг уу эсхүл хаяа уудаг үгүйг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд тусдаа байдаг учир тэр бүр холбогдож уулзаад байдаггүй. Миний хүү ****** нь ****** гэх хүнтэй хамт амьдраад 2 орчим жил болж байгаа байх. Тэгэхдээ гэр бүлээ албан ёсоор батлуулаагүй мөн дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй байсан. Гэр бүлийн харилцааны талаар нь би огт мэдэхгүй. Талийгаач хүү ****** нь эрүүл архи уугаагүй үедээ хэвийн хэнтэй ч үг хэлээ ойлголцоод явчихдаг, согтчихоороо муухай ааш гаргадаг юм шиг байгаа юм. Тэгэхдээ надаас хол байдаг учир надад тэгж муухай ааш гаргаж байгаагүй. Муухай ааш гаргадаг талаар хүн л ярьдаг, яг юу гэж ярьдаг талаар нь би санахгүй байна. Миний зүгээс хэрэгт 13,185,125 төгрөгийг баримтаар нэхэмжилж байна. Уг 13,185,125 төгрөгт би талийгаач хүүгийнхээ буяны ажил болон оршуулгын зардал, мөн Цагдаагийн байгууллагад ирэх очих зардал орсон байгаа юм. Миний хувьд гомдолтой байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42, 44 дэх тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...******, ****** нарын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэдэг уухаараа ер нь л байнга хоорондоо хэрэлдэж маргалдаж зодолддог. Миний мэдэхээр өнөөдөр 2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 07 цагийн үед байх би гадуур хог лааз түүж яваад гэрийнх нь хашааны үүдэнд очсон. Тэгэхэд ******, ****** нар зодолдож маргалдаад байгаа бололтой орилж хашхираад байсан. ****** мөн ёолоод байгаа бололтой орилж байсан. ******ийн дуу нэлээд чанга хашхирч сонсогдож байсан. Тухайн үед би гэрээр нь орж хараагүй, өөрийн нөхөр ******тай явж байсан учир бид хоёр ******, ****** нарыг архи уугаад согтуу байгаа юм байна гэж бодоод гэр лүү нь оролгүй явсан. Харин гэрийнх нь гадаа хэн нэгэн хүн харагдаагүй. Бид хоёр ч цаашаа юм бодолгүй явсан. ...******ийн хувьд хамтран амьдрагч ******ийгээ байнга л хардаж зоддог байсан. Ингээд архи ууxaapaa үүнээсээ болоод зодолддог. Одоогоос нэг жилийн өмнө ******т ****** нь гарандаа хутгалуулчихсан гээд манай гэрт ирж байсан. Би тухайн үед нь чи байнга зодоод байхаар тэгж байгаа юм гэж хэлж байсан. ****** нь ******тэй архи уухаараа харилцан зодолдоод байдаг, хамт нийлээд архи уучихдаг. Мөн гэртээ гаднаас хүн цуглуулаад ч хамаагүй архи уучихдаг юм.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 63 дахь тал),
Гэрч ******ын мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдөр мэдүүлсэн: “...******, ****** хоёр архи согтууруулах ундаа хэтрүүлээд хэрэглэчихдэг юм. Уусан үедээ хоорондоо маргалдаж зодолдоод байдаг. Өнөөдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цаг болж байхад эхнэр Ч.Бадамсүрэн бид хоёр ******ийн гэрийн ойролцоо лааз түүгээд явж байсан юм. Тэгээд явж байтал эхнэр ******ийн гэр рүү явж байгаад буцаад ирсэн. Ингэж ирэхдээ ****** болон ****** нар архи уучихсан бололтой хоорондоо маргалдаж зодолдоод байх шиг байна гэрээр нь орсонгүй гээд хүрээд ирсэн. Миний хувьд хол зайтай байсан учир нарийн зүйлийг нь сайн сонсоогүй. Манай эхнэр маргалдаж зодолдоод байх шиг байна гэж хэлж байсан. Харин гэрийнх нь гадаа хэн нэгэн хүн огт харагдаагүй, би шууд дэргэд нь байдаг байрны хогийн цэг рүү лааз түүхээр явсан юм. ******, ****** хоёр уух бүртээ нэг нэгнээ хардаж зодолдоод байдаг. ****** нь ******ийг архи уухаараа “чи дуугай бай” гээд л алгадаад байдаг, нөгөөх нь ч мөн өөдөөс нь уурлаж үүнээсээ болоод зодолдоод байдаг. Энэ талаар би өмнө ч харж байсан. ******ийн хувьд архи уухаараа ер нь л их ааш муутай хүн, ******ийн хувьд ч мөн л ялгаагүй муухай ааш зан гаргадаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал),
Гэрч *****ын мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 23, 06 дугаар сарын 30-ны өдөр мэдүүлсэн: “...Би гэр лүүгээ алхаж яваад замдаа Дэвшилд байдаг ******, ****** нарын гэрээр нь орсон юм. Тухайн үед яг цаг хэд болж байсныг би санахгүй байна. Би согтуу байсан. Намайг гэрт нь ороход ******, ****** нар байсан өөр хүн байгаагүй. Би гэрт нь ороод шууд л газраар унтаад өгсөн. Тэгээд унтаж байгаад сэрээд нойл орох гэхэд гэрээр нил цус болчихсон байсан. Харин ****** газар доошоо хараад хэвтэж байсан. Би юу болсон талаар асуухад ****** надад хэлэхдээ “****** үхсэн юм шиг байна” гэхээр нь би очоод татаж үзэхэд ямар ч ухаан мэдрэлгүй байсан. Ингээд би ******т энэ чинь болохоо байлаа цагдаа, түргэн хурдан дууд гэж хэлсэн. Тэгээд ****** гэрээс яваад цагдаа эмнэлэг дуудсан. Би ******т “чи хүн алчихсан юм биш үү” гэхэд орилоод уйлаад байсан. ******, ****** нар байнга л хэрэлдэж маргалдаж байдаг. Надад хэлэхдээ хөлд нь нэг хутгалсан мөн гарт нь нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Яагаад хутгалсан гэдгээ надад хэлээгүй. Маргалдаж байгаад л хутгалсан гэж хэлсэн. Намайг гэрт ороход яг ямар байдалтай байсныг би сайн санахгүй байна. Тухайн үед нэлээд согтуу байсан учир санахгүй байна. Хэрэв намайг унтаж байхад уг хоёр хүн маргалдаж зодолдсон бол би сэрэх байсан. Намайг орохоос өмнө л болсон юм шиг байгаа юм. Намайг гэрт нь ороход ******, ****** нараас өөр хүн байгаагүй гэдгийг бол мэдэж байна. Би ороод л шууд гэрийн гол хэсэгт хэвтээд өгсөн юм аа. Сэрээд л гэрт нил цус болсон байсныг нь би мэдээд орон дээр хэвтсэн. Мөн намайг Цагдаа, Түргэн дууд гэхэд ****** нь “чи гаднаас нэг хүн орж ирсэн гэж хэлнэ шүү” гэж надад хэлсэн. Энэ үг нь өөр хүн гаднаас орж ирээд ******ийг хутгалсан гэж хэлээрэй л гэсэн үг гэж би ойлгосон. Удалгүй эмнэлэг ирээд ******ийг нас барсан гэдгийг хэлээд Цагдаа ч мөн ирсэн. Цагдаа ирсний дараа ****** нуусан хутгаа зааж өгч байсан. Ингээд бид хоёрыг эрүүлжүүлсэн юм аа. Урд өмнө буюу одоогоос 1 жил гаруйн өмнө ****** нь ******тэй маргалдаад хөлөн дээр нь халуун ус асгаж түлж байсан гэдгийг нь би мэднэ. Үүнийг би ******өөс сонсож байсан. ****** нь архи уухаараа нэлээд агсам зантай, өөрийгөө хянах чадваргүй болчихдог. Би олон удаа хамт ууж байсан нь үнэн. ****** ч мөн ялгаагүй агсам зантай хүн. Энэ хоёр хүн нийлээд архи уучихдаг, уухаараа хоорондоо маргалдаж зодолдоод байдаг юм аа. Урд өмнө ингэж нэг нэгнээ хутгалж байсан үгүй талаар би мэдэхгүй байна. Мөн намайг унтаад сэрэхэд миний баруун хөлийн гутал хоншоор хэсэг нь нэлэнхийдээ цус болчихсон байсан. Уг гутал цусан дээр таараад л хэвтчихсэн юм шиг байна лээ. Миний өөр бусад хувцас цус болоогүй байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 70-72, 76 дахь тал),
Насанд хүрээгүй гэрч О.Баасандэлгэрийн мөрдөн байцаалтад 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мэдүүлсэн: “...Хэрэг болсны дараа ээжтэйгээ уулзаж болсон асуудлын талаар асуухад ээж хэлэхдээ ****** заазуур бариад хоолойнд нь тулгахаар нь биеэ хамгаалаад хутга аваад гарыг нь хальт зүсчихсэн юм. Түүнээс амь насыг нь хохирооно гэж бодоогүй. Биеэ хамгаалсан гэж ярьсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 84 дэх тал),
Гэрч ***** мөрдөн байцаалтад 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн: “...Би Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай түргэн тусламжийн тасагт хүний их эмчээр ажилладаг. 2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 08 цагаас ээлж хүлээн авч би дуудлагад явж байсан. Тус өдөр 13 цаг 32 минутад Дархан сумын ***** Дэвшилийн 1-****** хаягт ухаангүй хүн байна гэсэн дуудлага мэдээллийг 7037103 дугаар утсанд ****** дугаарын утсаар эхнэр нь гэх эмэгтэй хүн нэрээ хэлэлгүй дуудлага өгсөн. Дуудлагын дагуу 13 цаг 45 минутад тухайн хаягт очиход хашаан дотор ганц Монгол гэр байсан ба гэр дотор орж үзэхэд гэрийн дотор орчинд нэлэнхийдээ цусаар бохирлогдсон байдалтай байсан ба амь хохирогч нь гэрийн баруун хойд хэсэгт газар доош харсан байдалтай хэвтэж байсан. Биед нь үзлэг хийхэд баруун гарын бугалга хэсэгт ир үзүүртэй зүйлээр гүн зүсэгдсэн ил шархтай, шархнаас цус гарч байсан ба уг хүн нас барсан байдалтай, мөчид хөрсөн, захад пүүлс тэмтрэгдэхгүй, хүүхэн хараа гэрлийн урвалгүй, амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон байсан. Нас бараад 1-2 цаг орчим хугацаа өнгөрсөн байдалтай байсан. Мөн намайг очиход гэрт амь хохирогчоос гадна эрэгтэй, эмэгтэй хоёр хүн согтуу байдалтай байсан ба согтуу эрэгтэй нь гэрийн баруун талд байх орон дээр унтаж байх шиг байсан эмэгтэй нь эхнэр нь гэж өөрийгөө хэлж байсан, харин нэрээ хэлээгүй гацаж түгдчиж яриад байсан. Юу болсон талаар асуухад өөрийгөө хутгаар гэмтээчихлээ, өглөө биржээс гэртээ ирээд газар унаад өгсөн 3 хоног архи уусан гэсэн зүйл л ярьж байсан. Мөн эхнэр нь гэх эмэгтэйн бие цус болсон байсан үгүй талаар би мэдэхгүй. Уг эмэгтэй согтуу байсан учир хаягаа сайн зааж өгч чадахгүй байсан ба гэрээсээ гарч ирээд зам зааж өгч байж би очсон юм. Мөн гэрийн дотор орчныг харахад гэр дотор ил хутга мэс харагдаагүй. Ингээд Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм... ” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал),
Гэрч ****** мөрдөн байцаалтад 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мэдүүлсэн: “...Их мөрөн хүнсний дэлгүүртээ байхад гаднаас зүс таньдаг архи уугаад байдаг эмэгтэй согтуу байдалтай орж ирээд "утсаараа нэг яриулчих түргэн дуудах гэсэн юм манай нөхөр цус алдаад үхэх гээд байх шиг байна гэхээр нь би яриулсан. Яагаад цус алдсан юу болсон талаар нь би тодруулж асуугаагүй. Ингэж орж ирэхдээ яг хэдэн цагийн үед гэдгийг нь би сайн санахгүй байна. Өглөөгүүр л байсан байх гэж бодож байна. Миний мэдэхээр уг эмэгтэй нөхөр нь гээд мөн өөрийнх нь үеийнх нь эрэгтэй хүнтэй байнга хамт явж манай дэлгүүрээр орж ирээд архи байнга авдаг. Тэр болгондоо л хоорондоо маргалдсан зодолдсон байдалтай явдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 131 дэх тал),
Шинжээч Г.Ганпүрэвийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Талийгаач ****** нь баруун бугалгын өмнөд дээд хэсэгт дээрээс доош чиглэлтэй ташуу байрлалтай хутганы мөр тал нь 5 цагийн чиглэлд ир тал нь 10 цагийн чиглэлд, 5 см урт, 1.5 см өргөн, 7 см гүн ангайсан, зах ирмэг тэгш хутгалагдсан шархны улмаас арьс, өөхөн давхарга, булчин, судас, мэдрэл гэмтсэн байна. Бугалгын гол артер болох Brachial artery гэмтэж, их хэмжээний цус алдаж, цус алдалтын шокт орж нас барсан байна. Харин баруун бугалгын дотор дээд хэсэг болон зүүн өвдөгний гадна хажуу хэсэгт байрлах зүсэгдсэн шарх нь нас барсан шалтгаанд нөлөөлөхгүй, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байсан. Эмнэлгийн яаралтай тусламж авсан тохиолдолд ч амь нас аврагдах боломжгүй. Brachial artery гэмтсэнээр судаснаас их хэмжээний цус тасралтгүй олгойдож гарах учир цусны даралт унаж, хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Их хэмжээний цус алдсанаар цус алдалтын шок хурдан үүснэ.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137 дахь тал),
******ийн мөрдөн байцаалтад 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сэжигтнээр мэдүүлсэн: “...Би өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 22-ны өглөө өөрийн гэртээ хамтран амьдрагч ******тэй өглөө 07 цагийн үед сэрсэн. Тухайн үед бид хоёроос өөр хэн нэгэн байгаагүй. Бид хоёр урд өдөр нь гэртээ хоёулаа архи уучихсан байдалтай унтаад өглөө сэрсэн. Өглөө 07 цагийн үед сэрээд ****** над руу уурлаж маргалдсан. Маргалдсан учир нь би өглөө сэрээд ******өд хандаж чи одоо наад архи дарсаа уухаа боль гэж хэлтэл чамд ямар хамаатай юм гэж уурлаад гараараа миний зүүн талын нүд рүү нэг удаа цохисон. Ингээд ****** гэрийн шүүгээнд байсан шар өнгийн иштэй заазуур барьж над руу далайж дайраад байсан. Би ч тухайн үед нь заазуур байсан шүүгээнээс хар өнгийн хуванцар иштэй хутга аваад гар руу нь нэг удаа хатгасан. ****** надад хутгаар хутгалуулсны улмаас гараас нь нэлээн их цус гарч байсан ба би даавуугаар боож өгөхөд боолтыг нь аваад хаячихсан. Тэгээд эмнэлэг түргэн дуудъя гэхэд яах юм гээд байсан. Тэгээд би хэсэг байж байгаад гэрээс гараад дэлгүүр орж утсаар яриад түргэн дуудсан. Уг асуудал болсны дараа гэрт найз ****** гаднаас гэрт орж ирсэн. Тухайн үед ****** гаднаас нэг шил архитай орж ирсэн ба уг архинаас нь би нэг удаа уучхаад дэлгүүр орж эмнэлэг дуудсан. ****** гэрт орж ирээд юу болсон талаар асуухад нь ****** бид хоёр хоорондоо маргалдаад ****** намайг хутгаар зүссэн гэж хэлж байсан. Намайг эмнэлэг дуудах гээд гэрээс гараад явахад ****** ****** нар гэрт архи уугаад сууж байсан. Эмнэлэг дуудчихаад буцаад ороод ирэхэд ****** газар хэвтчихсэн байсан. Би орж ирээд наад хүн чинь уначихсан байна гээд татаж үзэхэд архи уугаад тасарчихсан байх гэж байсан. Тэгээд түргэн тусламж ирээд нас барсан талаар нь би мэдсэн. ****** бид хоёр ер нь л архи уухаараа хоорондоо маргалдаад байдаг. ****** бид хоёрын хувьд урд өмнө ингэж хутга барьж маргалдаж зодолдож байгаагүй. Намайг заазуураар гэмтээгээгүй. Миний хоолойнд нэг тулгаад л буцаагаад авсан. Би дараа нь хутга аваад зүсчихсэн. Хоолойнд заазуур тулгаж байхад миний гарт хутга байгаагүй. Би дараа нь босож очоод хутга аваад хатгачихсан юм. Хутгаар хатгахдаа би зүүн гар руу нь нэг удаа хатгасан. Өөр газарт нь хатгаагүй. Тухайн үед бид хоёр урд шөнө нь ууж байсан архины үлдэгдэл архийг өглөө босоод хувааж уусан халамцуу байсан.” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 139-141 дэх тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн: “...Амь хохирогч ******ийн цогцост баруун гарын бугалганы нэвт хатгагдсан шарх, бугалганы дотор тараагуур судасны салаа /А. Collateralis ulnaris/-ны бүрэн тасрал, бугалганы мэдрэл /N.Radialis/-н хагас тасрал, бугалганы тараагуур судас /A.Brachialis/-ны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. Амь хохирогчид хийсэн 2025 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээгээр нас бараад 9-11 цаг болсон байх боломжтой. Амь хохирогчийн цогцост баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, бугалганы дотор тараагуур судасны салаа /A.Collateralis ulnaris/-ны бүрэн тасрал, бугалганы мэдрэл /N.Radialis/-н хагас тасрал, бугалганы тараагуур судас /A.Brachialis/-ны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн шилбэнд өнгөц зүсэгдсэн шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсгэгдсэн гэмтлүүд байна. Амь хохирогчийн биед учирсан баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, бугалганы дотор тараагуур судасны салаа /A.Collateralis ulnaris/-ны бүрэн тасрал, бугалганы мэдрэл /N.Radialis/-н хагас тасрал, бугалганы тараагуур судас /A.Brachialis/-ны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт, дух, цээж, зүүн шилбэнд өнгөц зүсэгдсэн шарх гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтэл байна. Зүүн нүдний зовхинд цус хуралт, 2 шилбэнд зулгаралт гэмтлүүд нь хуучин гэмтлүүд байна. Дээрх баруун бугалганы нэвт хатгагдсан шарх, бугалганы дотор тараагуур судасны салаа /A.Collateralis ulnaris/-ны бүрэн тасрал, бугалганы мэдрэл /N.Radialis/-н хагас тасрал, бугалганы тараагуур судас /A.Brachialis/-ны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.8-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь үхэлд хүргэсэн болно. Амь хохирогчид хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн биед бусадтай тэмцэлдсэн ул мөр тогтоогдсонгүй. Амь хохирогчид хийсэн химийн шинжилгээгээр цусанд 1.6 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэргийн үзүүлэлт болно. Амь хохирогчид хийсэн шүүх биологийн шинжилгээгээр О/I/ бүлгийн цустай байна. Амь хохирогч нь гэмтэл авснаас хойш эмнэлгийн яаралтай тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй.” гэх 118 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 148-152 дахь тал),
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДАР0825/012 дугаартай: “...Хууль ёсны төлөөлөгч ****** /РД:******/-ын сэтгэцэд гэмт хэргээс шалтгаалан уй гашуугийн үеийн сэтгэл хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. Цаашид сэтгэцийн болон сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 161-163 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн ЕГ0325/4627 дугаартай “Яллагдагч ******ийн хэрэг учрал болох үед өмсөж байсан хувцсанд үзлэг хийж, хураан авсан ягаан өнгийн богино шорт, цэнхэр өнгийн Transform rex бичиглэлтэй ханцуйтай фудволк, ягаан өнгийн дотоож, ягаан өнгийн хөхний даруулга, зүүн хөлийн тавхайн өсгийн ул хэсгээс авсан арчдас 1 ширхэг, баруун гарын сарвууны урд хэсгээс авсан арчдас 1 ширхэг, мөн хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн баруун хөлийн "N" гэх бичиглэлтэй пүүз, цус мэт зүйлээр бохирлогдсон улаан хүрэн өнгийн хивснээс тасалж авсан хэсэг, мөн эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас тасалж авсан хэсэг, шар өнгийн богино ханцуйтай подволк, мөн үзлэгээр хураан авсан 25,5 см нийт урттай хар өнгийн хуванцар иштэй хутга зэргээс цус илэрсэн. Хар өнгийн хос углаашаас биологийн гаралтай ул мөр илрээгүй. Баруун гарын сарвуунаас авсан арчдасаас илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй байна. Бусад илэрсэн цуснууд шинжилгээнд тэнцэж байна. Амь хохирогч ******, яллагдагч ****** нарын биеэс авсан цус нь шинжилгээнд тэнцэж байна. Ягаан өнгийн хөхний даруулгаас бусад объектоос илэрсэн цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь ****** гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. Ягаан өнгийн хөхний даруулгаас илэрсэн цуснаас холимог ДНХ-ийн тогтоц тогтоогдсон нь ******, ****** гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 170-172 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЕГ0125/1854 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн шар өнгийн цамцны баруун ханцуйнд зүсэгдэлт хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Зүсэгдэлтийн баруун доод ирмэг мөртэй, зүүн дээд ирмэгт иртэй байх тул зүсэгдэлт шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутгаар үүссэн байж болно. Зүсэгдэлтийн уртын хэмжээнээс хамааран хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй байна.” гэх шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 185-186 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс өөрт нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж амь хохирогчийн эрүүл мэндэд учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн хохирол учруулж амь насыг хохироосон гэх агуулгаар мэдүүлж, мэтгэлцэж байгаа боловч мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бодит байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм.
Харин дээрх хуульд зааснаар гэрч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх, шинжээч худал дүгнэлт гаргасан бол хуульд заасан хариуцлага хүлээх үүрэгтэй бөгөөд шүүгдэгчийн мэдүүлэг нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
“Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдах” гэж өөрөө болон ойр дотны хүн нь бусдад хүчээр дарлагдсан, хүндээр доромжлогдсон, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлсэн зэрэг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгоно.
Амь хохирогч, шүүгдэгч нар нь хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ харилцан маргалдаж бие биедээ халдах явцдаа ******ийн эрүүл мэндэд эрүү, хоёр тавхайн ар хэсэг, баруун бугалга, зүүн шуунд цус хуралт гэмтэл учирсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 620 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал)-ээр, ******ийн биед баруун гарын бугалганы нэвт хатгагдсан шарх, бугалганы дотор тараагуур судасны салаа /А. Collateralis ulnaris/-ны бүрэн тасрал, бугалганы мэдрэл /N.Radialis/-н хагас тасрал, бугалганы тараагуур судас /A.Brachialis/-ны бүрэн тасрал, орчны булчин зөөлөн эдэд цус хуралт гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан болох нь Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 148-152 дахь тал)-ээр тус тус нотлогдож байгаа боловч хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” болгон өөрчлөх үндэслэлгүй байна.
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирдог бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой байх шинжийг шаарддаг.
Гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.
Шүүгдэгч нь хохирогчийг хутгалах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас эрүүл мэндэд нь гэмтэл учрах, амь нас хохирох боломжтойг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэм буруугийн хэлбэртэй, гэм буруутай үйлдэл, түүний улмаас учирсан хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд ******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ДАР0825/012 дугаартай дүгнэлтээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******т гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг гуравдугаар зэрэглэлээр тогтоожээ.
Дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ****** нь амь хохирогчийн оршуулгын зардал 13,185,125 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр 10,296,000 төгрөг, нийт 23,481,125 төгрөгийг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлөөгүй байна.
Иймд шүүгдэгчээс оршуулгын зардал 13,185,125 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /792,000 төгрөг/-г 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тооцож 10,296,000 төгрөг, нийт 23,481,125 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******т олгохоор шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, хохирол, хор уршгийг төлж барагдуулаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Ял, эрүүгийн хариуцлагын хувьд тусгайлан гаргах саналгүй.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: “...Хохирогчид хүндээр доромжлуулж, дарлагдсан асуудал байгаа учир шүүх анхаарч хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгчийн тухайд насанд хүрээгүй дөрвөн хүүхэдтэй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид боломжоороо хохирол төлбөрийг барагдуулаарай гэж хэлье.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, Шүүх сэтгэц эмгэг судлалын 118/25 дугаартай магадалгаагаар хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй хувийн байдалтай байна.
Шүүгдэгч ******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч ******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийн насанд хүрээгүй 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн ******ийн ******, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ******, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ***** нарын ашиг сонирхлыг хамгаалахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын Засаг даргад даалгав.
Шүүгдэгч ******ийн 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 137 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн богино шорт 1 ширхэг, цэнхэр өнгийн Transform rэх бичиглэлтэй богино ханцуйтай фудволк 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн хос углааш, хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн баруун хөлийн "N" гэх бичиглэлтэй пүүз 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон улаан хүрэн өнгийн хивснээс тасалж авсан хэсэг 1 ширхэг, эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас тасалж авсан хэсэг 1 ширхэг, шар өнгийн богино ханцуйтай фудволк 1 ширхэг, мөн үзлэгээр хураан авсан 25,5 см нийт урттай хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, 27,5 см урттай шар өнгийн бариултай заазуур 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** ургийн овогт ****** ******ийг хүнийг алсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийг 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******т шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 137 хоногийг эдлэх ялд нь оруулан тогтоосугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.4 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ээс оршуулгын зардалд 13,185,125 төгрөг, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршиг /хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ/ 10,296,000 төгрөг, нийт 23,481,125 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******т олгосугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******ийн насанд хүрээгүй 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр төрсөн ******ийн ******, 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ******, 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн ***** нарын ашиг сонирхлыг хамгаалахыг Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргад даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ягаан өнгийн богино шорт 1 ширхэг, цэнхэр өнгийн Transform rэх бичиглэлтэй богино ханцуйтай фудволк 1 ширхэг, ягаан өнгийн дотоож 1 ширхэг, ягаан өнгийн хөхний даруулга 1 ширхэг, хар өнгийн хос углааш, хэргийн газрын үзлэгээр хураан авсан саарал өнгийн баруун хөлийн "N" гэх бичиглэлтэй пүүз 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон улаан хүрэн өнгийн хивснээс тасалж авсан хэсэг 1 ширхэг, эрээн өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон даавуунаас тасалж авсан хэсэг 1 ширхэг, шар өнгийн богино ханцуйтай фудволк 1 ширхэг, 25,5 см нийт урттай хар өнгийн хуванцар иштэй хутга 1 ширхэг, 27,5 см урттай шар өнгийн бариултай заазуур 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч ******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
ШҮҮГЧ Б.ИХТАМИР
ШҮҮГЧ Б.БАТ-АМГАЛАН