Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2023/01532

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 5 22 181/ШШ2023/01532

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 дугаар байр 9 тоотод бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж, 16 тоотод оршин суух, Тугтан овогт Жамбалын Нямгэрэл /Регистрийн дугааар:УЕ71013175/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гэрч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Ж.Нямгэрэл миний бие 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22022 тоот Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мэдэгдлийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 17 цаг 30 минутад, үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч дараах гомдлыг гаргаж байна.

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК болон******* нараас 425.615.493 төгрөгийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан******* миний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамьян гүний гудамж 16 тоотод байрлах 969 мкв талбайтай 3 давхар үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу хөндлөнгийн шинжээчээр үнэлгээг тогтоолгож 4.349.054.172 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22022 тоот мэдэгдлээр 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр мэдэгдсэн.******* миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлж үнэлгээ гаргаж байгаад гомдолтой байна.

Олон нийтийн зараас жишээ татан харуулахад ижил төстөй 600 мкв объект л гэхэд 4 тэрбум төгрөгийн үнэтэй байхад 969 мкв хөрөнгийг адилхан үнэээр үнэлсэн нь үнэлгээ бага байгааг харуулж байна. Түүнчлэн үнэлгээ хийсэн аргачлал нь тодорхой бус хэт их нуршсан дүгнэлт гаргасан нь ойлгомжгүй. Дүгнэлтэд орлогын хандлагаар үнэлэхдээ 7 тэрбум төгрөг гэж тогтоосон хэрнээ ганцхан зах зээлийн жишиг хандлагын аргаа илүүд тооцож үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Иймд Сэлэнгэ эстимэйт ХХК-н дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд:

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК,******* нараас 425.615.493 төгрөгийг гаргуулж Хас банкинд олгохоор шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч-хуулийн этгээд,******* нар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан*******ийн өмчлөлийн эрхийн улсын Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Жамъян гүний гудамж 16 тоотод байрлах 969 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн, хураасан.

Төлбөр төлөгч-хуулийн этгээд болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, төлбөр авагч барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг гаргахдаа харилцан тохиролцоогүй бөгөөд төлбөр авагч талаас үл хөдлөх эд хөрөнгийн бодит үнэлгээг тогтоолгохоор шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд талууд тохиролцоогүй тул 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/358 дугаар шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч******* үнэлгээ тогтоосон.

Эд хөрөнгийн үнэлгээг талуудад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22023, 4-184/22022, 4-184/22021 тоот албан бичгээр тус тус мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байна. Урьд шийдвэрийг албадан биелүүлэхээр ажиллагааг явуулж анхны болон хоёр дах албадан дуудлага худалдаанд оруулсан ч хөрөнгө худалдан борлогдоогүй тул төлбөр авагчид санал болгосон ч авахаас татгалзсан тул гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаасан. Дахин төлбөр авагчаас хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дахин үүсгэсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: үнэгүй.мн зарын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэр, 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 4505 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн гүйцэтгэх хуудас, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22023 дугаар үнэлгээний мэдэгдэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тухай мэдэгдэл, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн тайлан, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2022/16663 дугаар шүүгчийн захирамж, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 4-184/23705 тоот мэдэгдэл, зэргийг ирүүлжээ. /хх 5-28, 31, /

Хариуцагчаас нотлох баримтаар: төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, 2009 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 309 тоот шүүхийн гүйцэтгэх хуудас, 2009 оны 8 дугаар сарн 27-ны өдрийн 4505 дугаар шүүгчийн захирамж, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэр, 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/10 тоот гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах тухай тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, өмчлөх эрхийн гэрчилгээ, 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний 4-184/8452 дугаар албан бичиг, 2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлэх тухай тогтоол, хуулийн этгээдийн мэдээлэл, 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 4-184/8803 тоот албан тоот, 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 201025041557/05-184 дугаар хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоол, Сүхбаатар дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 657 тоот хариу, 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 201025041557/07 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, зарлан дуудах мэдэгдэл, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, Хасбанкны 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2Б/4159 дугаар албан тоот, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 201025041557/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 4-184/16916 дугаар мэдэгдэл,*******ийн гаргасан тайлбар, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 201025041557/12 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, Алтайн их уулс ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн итгэмжлэл, Алтайн их уулс ХХК-ийн үнийн санал,*******ийн үнийн санал, Хасбанкны 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2Б/5092 дугаар албан бичиг, 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/358 дугаар шинжээч томилох тухай тогтоол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22023, 4-184/22022, 4-184/22021 дугаар үнэлгээний мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэргийг ирүүлжээ. /хх 38, 41-120/

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

2.Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулахаар шаардсан.

Шаардах эрхийн үндэслэлээ: Сэлэнгэ эстимэйт ХХК-иас хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэв.

3.Хариуцагч татгалзлын үндэслэлээ: шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан, гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэв.

4.хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

4.1.Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 547 дугаар шийдвэрээр Алтайн их уулс ХХК,******* нараас 423.392.531 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

4.2.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж төлбөр авагчид санал болгосон худалдан борлогдоогүй хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан үндэслэлээр 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4/10 тоот тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаажээ.

Улмаар дахин 2009 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн албадан гүйцэтгэх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичигт үндэслэн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 201025041557 тоот тогтоолоор дахин үүсгэжээ. /хх 41-46/

Тус газар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх тухай мэдэгдэж, 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 201025041557/10 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Жамьяан гүний гудамж 16 тоотод байрлах 969 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай гурван давхар хөрөнгийг битүүмжилж, 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 201025041557/12 тоот эд хөрөнгө хураах тогтоолоор хураажээ. /хх 48-73/ Дээр дурдсан ажиллагаанд нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.

5.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу төлбөр төлөгч, өмчлөгч болон төлбөр авагч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Алтайн их уулс ХХК-иас дээрх хөрөнгийг 12.125.999.000 төгрөгөөр, төлбөр төлөгч, өмчлөгч болох*******ээс 14.265.895.000 төгрөгөөр тус тус үнийн саналаа ирүүлснийг төлбөр авагчаас банкнаас эс зөвшөөрч шинжээч томилж, үнэлгээ хийлгэх хүсэлтийг ирүүлжээ. /хх 76-78/

Тус газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан харилцан тохиролцоогүй үндэслэлээр 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11/358 тоот тогтоолоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин*******ыг шинжээчээр томилжээ. /хх 79-82/

6.Шинжээчээс эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй дээрх хөрөнгийг 4.349.054.172 төгрөгөөр үнэлжээ. /хх 83-115/

Үнэлгээний тайланг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4-184/22023 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч бөгөөд өмчлөгч*******д, мөн өдрийн 4-184/22022 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Алтайн их уулс ХХК-д, мөн өдрийн 4-184/22021 тоот мэдэгдлээр төлбөр авагч талд тус тус мэдэгдэж, энэ тухай тухайн мэдэгдлүүдийн доод хэсэгт гарын үсэг зуруулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулжээ. /хх 116-120/

7.Нэхэмжлэгчээс үнэлгээ хийсэн аргачлал тодорхойгүй, дүгнэлтэд орлогын хандлагаар хөрөнгийг үнэлэхдээ 7 тэрбум төгрөг гэж тогтоосон хэрнээ ганцхан зах зээлийн жишиг хандлагын аргаа илүүд тооцож хэт багаар үнэлсэн, харьцуулалт хийсэн 600 мкв хөрөнгө 4 тэрбум байхад 969 мкв талбайтай хөрөнгийг адилхан үнээр үнэлсэн, түүнчлэн биет байдлаар очиж үзсэн эсэх эргэлзээтэй гэж тайлбарлаж байна.

Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон үнэлгээний тайланг гаргасан Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээчин*******аас үнэлгээний тайланг би хийсэн, харьцуулалт хийсэн гурван обьектоос 600 мкв-ыг 4 тэрбум төгрөгөөр зарах тухай зар үнэгүй.мн-д байсан ч тухайн зарын хувьд газартайгаа хамт худалдахаар зарласан. Харин нэхэмжлэгчийнх газаргүй зөвхөн дээрх обьектыг үнэлэх байсан тул үнэд тохируулга хийж багасгасан, үнэлгээний зорилго өөрөө дуудлага худалдаанд оруулж худалдан борлуулахаар үнийг тогтоох байсан тул орлогын хандлагын аргад ач холбогдол өгөөгүй, харин зах зээлийн жишиг хандлагад 100 хувийн ач холбогдлыг өгч үнэлгээний тайланг гаргасан, мөн биет байдлаар очиж үзсэн гэрэл зургуудыг тайланд хавсаргасан гэж мэдүүлж байна.

Хэрэгт баримтаар авагдсан үнэлгээний тайланд хөрөнгийн доторх, гаднах байдлыг харуулсан гэрэл зургууд хавсаргагдсан, тайланд үзлэгийг 2022 оны 11 дүгээр сарын 09, 10-ны өдрүүдэд хийсэн тухай тусгагдсан байна. Иймд нэхэмжлэгчийн энэ талаарх тайлбар үндэслэлгүй.

Дээрх үнэлгээний тайланд үнэлгээний зорилгоо зааж, олон улсын стандартад нийцсэн байдал, үнэлгээний хандлага болон аргыг сонгосон үндэслэл болоод үнэлж буй хөрөнгийн төлөв байдал /байршил, зориулалт, хэмжээ, ашиглалтад орсон он г.м/ зэрэг мэдээллийг тусгасан, хөрөнгийн үнэ цэнийг хэрхэн тооцож гаргасан тухай тодорхой дурдсан, улмаар уг үнэлгээний тайлан Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 8.3-т заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8.Харин хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн тухай хариуцагчийн тайлбар үндэслэлгүйг дурдав.

9.Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203016908 дугаарт бүртгэлтэй хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч*******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 5 22 181/ШЗ2023/08943

 

 

Хүсэлт шийдвэрлэх тухай

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 33 дугаар байр 9 тоотод бүртгэлтэй ч, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, Жамьянгүний гудамж, 16 тоотод оршин суух, Тугтан овогт Жамбалын Нямгэрэл /Регистрийн дугааар:УЕ71013175/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, гэрч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэнд-Аюуш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Үнэлгээг зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн гэж гомдол гаргасан байгаа тул шүүхийн журмаар тухайн хөрөнгийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтэй байна. Мөн тус обьектийн нэг өрөөг түрээслэгч Ю.Баярмагнайгийн зүгээс хэлэхдээ ямар нэг хүн ирж үнэлгээ хийхээр ирээгүй гэж тайлбарласан. Иймд түүнийг гэрчээр оролцуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийг хангахгүй орхиж хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч******* нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах, гэрч оролцуулах тухай хүсэлтийг гаргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан боловч шүүх хуралдааны үед гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай гэж шүүх үзвэл түүнийг хүлээн авч ...хуралдааныг нэг удаа хойшлуулж болно гэж заасан. Хариуцагч дээрх хүсэлтийг өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан явдал хүндэтгэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл техникийн зэргээр тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд зохигчийн хүсэлтээр шинжээч томилохоор заасан. Харин нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан тус шүүхэд гомдол гаргасан, хариуцагч байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан арга журмын дагуу ажиллагааг явуулсан эсэхийг шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдахгүй тул шинжээч томилуулж үнэлгээ хийлгэх тухай хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй. Гэрчээр Ю.Баярмагнайг оролцуулах хүсэлт гаргасан ч гэрчийн оршин суух хаяг тодорхой бус тул хүсэлтийг мөн хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар зохигч нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг бүрдүүлэх, гаргаж өгөх үүргийнхээ хүрээнд үнэлгээг бага гэдгээ өөрөө нотлох үүрэгтэйг дурдав. Иймд хүсэлтийг хангахгүй орхиж, хуралдааныг үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 123 дугаар зүйлийн 123.3-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Шинжээч томилуулах, гэрч оролцуулах тухай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д заасан зохицуулалтад хамаарахгүй тул зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  О.ОДГЭРЭЛ