2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Цагаатгах тогтоол

2025 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2352

 

           

 

 

    2025        10           14                                    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Нансалмаа, хохирогч “***” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, гэрч Ч.Э, шүүгдэгч ***, нарийн бичгийн дарга О.Галмандах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2210025521297 дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, , *** /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн түгээлтийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд тус компанийн орлого болох 2,663,128 төгрөгийг бэлнээр авч завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С: “...Шүүгдэгч нь манай компанид ажилд орсон, 18 харилцагчийн төлбөрийг аваад явсан, огт төлбөр төлөгдөөгүй, цалин буухаар төлчихнө гээд яваад байдаг, сүүлд утасны дугаар авахаа больсон, компанийн зүгээс хохирлоо барагдуулах, зохих хариуцлагыг үүрүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа...” гэв.

 

          Гэрч Ч.Э: “...Тухайн өдөр хагас сайн, бүтэн сайн өдөр болж таарсан, шүүгдэгч нь тухайн албан тушаалд туршилтын хугацаанд ажиллаж байсан, нэг сар ч болоогүй байсан, ажиллаж байхад нь нүүр царайг нь харж байгаагүй, нийт 18 харилцагчийн төлбөрийг аваад явсан, компанид тушаах ёстой байсан тушаагаагүй....” гэв.

 

          Шүүгдэгч ***: “...2022 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдөр ажиллаад бэлнээр авсан мөнгийг алдчихсан, 17-ны өдөр ажиллах ёстой байсан, би ажилдаа өглөө оччихоод гараад явчихсан, тэр өдөр ажиллаагүй, нийтээрээ амардаг өдөр байсан, өмнөх өдрийн түгээлтийг тарааж амжаагүй, амардаг өдөр нь би өөрөө ганцаараа ажиллаад тараагаад дуусгая гэж бодож байсан. Сүүлийн дэлгүүр дээрээсээ гар утас, бэлэн мөнгө 1,900,000 төгрөгийг алдсан, гэтэл надаас 2,663,128 төгрөг нэхэмжлээд байгаа...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.И мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...*** нь манай компанид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр түгээлтийн жолоочоор ажилд ороод туршилтын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн харилцагчийн барааны төлбөр нийт 2,663,128 төгрөгийг хувьдаа завшаад өнөөдрийг хүртэл ажилдаа ирэлгүй холбоо тасраад байна. Түгээлтийн жолооч нь харилцагчид барааг хүргэж өгч, төлбөрийг хүлээн аваад улмаар компанийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт дэх агуулахын байранд агуулахын няравт тушаах үүргийг ажлын байрны тодорхойлолтын дагуу хүлээсэн байдаг. Гэтэл *** нь харилцагчдын төлбөр тооцоог бэлнээр аваад компанид төлөөгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан тул хэргийг шалгаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү...” /хавтаст хэргийн 38-40 дэх тал/ гэсэн,

 

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай компанид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** түгээлтийн жолоочоор ажилд орсон. Ингээд *** ажлаа хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч 18 дэлгүүрээс барааны төлбөр болох 2,663,128 төгрөгийг авсан, уг мөнгөө компанийн агуулахын няравт тушаах ёстой байсныг тушаалгүй хувьдаа авч ашиглаад дахин ажилдаа ирээгүй. *** ажлаа хаяад ажилдаа ирэлгүй алга болсон учраас манай компанийн зүгээс цагдаагийн байгууллагад хандсан.

...Аудитын дүгнэлт ирүүлэх тухай албан бичигтэй танилцсан, албан бичиг хүлээж авснаас хойш уг албан бичгийн дагуу аудитын компаниудтай холбогдож хандсан боловч яг мөнгийг хүлээн авсан талаарх баримт байхгүй зэргээр өнөөдрийг хүрээд байна. Эд хөрөнгийн хариуцлагын гэрээний талаар тусдаа зохицуулалт байхгүй, хөдөлмөрийн гэрээнд энэ талаар тусгасан байгаа. Аудитын дүгнэлт гаргаагүй байна, энэ дүгнэлтийг гаргахад бэрхшээл, асуудлууд байгаа, тухайлбал *** нь харилцагч дэлгүүрээс дандаа бэлнээр мөнгө авсан байх бөгөөд тухайн үеийн санхүүгийн баримтуудаас одоо олж авах гэхээр дэлгүүрүүд нь байршил дээрээ бахгүй, байсан ч эзэд нь солигдсон учраас холбогдох баримтууд байхгүй. Хоёр жилийн өмнө болсон учраас баримтуудыг нь аваагүйн улмаас олдохгүй байгаа...” /хавтаст хэргийн 46, 48, 158 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ч.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Манай “***” ХХК нь өдөр болгон түгээлтийн жолооч нартай тооцоо нийлдэг, энэ тооцоогоор тухайн өдөр түгээлтийн жолооч нарын харилцагч байгууллагаас бэлнээр авсан тооцоог компанийн кассад тушаасан эсэхийг шалгадаг, тэгтэл *** нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх компанийн бэлнээр авсан орлогыг кассад тушаалгүй хувьдаа аваад ажилдаа ирэлгүй алга болсон. *** нь дараах арван найман дэлгүүрээс бараа бүтээгдэхүүний төлбөрийг бэлнээр авсан байдаг. Үүнд: Баялагсан ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 12,100 төгрөг, Түвшин нум эмийн сан ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 286,357 төгрөг, Угтах нарны ирээдүй ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 178,413 төгрөг, Юу Ар Жи ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 84,160 төгрөг, Бемцэ ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 205,224 төгрөг, Гэрэлт Мишээл ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 35,270 төгрөг, Харуулын алтан ам ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 121,157 төгрөг, Асу ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 293,474 төгрөг, Таван уул гэрэлт ирээдүй ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 193,556 төгрөг, Налайх таван эрдэнэ ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 99,642 төгрөг, Зөв сайхан ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 51,167 төгрөг, Батбиелэх индистра ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 60,411 төгрөг, Эко сити март ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 243,120 төгрөг, Алтайн гуранз ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 126,621 төгрөг, Баян сувдан сондор ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 111,740 төгрөг, Шинэ ашид эрдэнэ ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 33,828 төгрөг, Дэлгэрзуун ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 106,980 төгрөг, Арвайн жимс ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 419,908 төгрөгийг бэлнээр тус тус авсан ба нийт 2,663,128 төгрөг болсон байдаг. Энэ санхүүгийн падааны баримтаар тогтоогддог...” /хавтаст хэргийн 50 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн яллагдагчаар мэдүүлэгтээ: “...Би “***” ХХК-д 2022 онд түгээгчээр ажилд орсон, уг компанид 2 сарын хугацаанд түгээгчийн ажлыг хийсэн, 2022 оны 09 дүгээр сарын яг хэдэн байсныг сайн санахгүй байна, компанийн бараа бүтээгдэхүүнийг түгээлтээр хүргэж өгөөд төлбөрийн мөнгийг бэлнээр авсан. Тэгээд төлбөрийн мөнгийг машин дотроо тавьсан байж байгаад гар утасны хамт алдсан. Ингээд би төлбөрийг нь өгөөгүй, компанийн унаж явсан машиныг авчирч өгөөд эргэж ажилдаа ирээгүй, би төлбөр мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн цалин дээрээсээ төлж барагдуулна...” /хавтас хэргийн 57-58 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Гомдол /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

- Итгэмжлэл /хавтаст хэргийн 31, 42 дахь тал/,

- Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 80, 81 дэх тал/,

- Хувьцаа эзэмшигчийн шийдвэр, компанийн дүрэм /хавтаст хэргийн 82, 83-84 дэх тал/,

- Гүйцэтгэх захирлын тушаал, анкет, ажлын байрны тодорхойлолт /хавтаст хэргийн 86, 87, 88 дахь тал/

- Борлуулалтын анхан шатны баримтууд /хавтас хэргийн 97-115 дахь тал/,

- Хөдөлмөрийн гэрээ /хавтас хэргийн 89-94 дэх тал/,

- “***” ХХК-ийн тайлбар /хавтаст хэргийн 156 дахь тал/,

- “Б Энд С аудит” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 164 дэх тал/,

- Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 60 дахь тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 61 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 63 дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 64-67, 68-70 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас ***ийг Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” ХХК-ийн түгээлтийн жолоочоор ажиллаж байх хугацаандаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд тус компанийн орлого болох 2,663,128 төгрөгийг бэлнээр авч завшсан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, ***ийн холбогдсон хэрэгт хууль ёсны болон шударга ёсны зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч нь ...хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, бусад оролцогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар, ...мэдүүлэг авч болно гэж, 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэж тус тус заажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С: “...*** ажлаа хийж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр харилцагч 18 дэлгүүрээс барааны төлбөр болох 2,663,128 төгрөгийг авсан...” гэсэн, гэрч Ч.Э: “...*** нь 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх компанийн бэлнээр авсан орлогыг кассад тушаалгүй хувьдаа аваад ажилдаа ирэлгүй алга болсон. *** нь 18 дэлгүүрээс бараа бүтээгдэхүүний төлбөрт нийт 2,663,128 төгрөгийг аваад алга болсон. Энэ санхүүгийн падааны баримтаар тогтоогддог...” гэсэн мэдүүлэг, “***” ХХК-ийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдолд “...Манай компанид 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *** түгээлтийн жолоочоор ажилд ороод туршилтын хугацаанд ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2022 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн харилцагчдын барааны төлбөр нийт 2,663,128 төгрөгийг хувьдаа завшаад, өнөөдрийг хүртэл ажилдаа ирэлгүй, холбоо тасраад байна...” гэснээс дүгнэхэд хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч байгууллагын гомдол зэрэг баримтууд нь хуульд заасны дагуу бусад баримтаар буюу эх сурвалжтай шинжээчийн дүгнэлт, санхүүгийн баримтуудаар давхар нотлогдох шаардлагатай байхад мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлт гараагүй нь гэмт хэргийн улмаас “***” ХХК-д 2,663,128 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлохоор заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч “***” ХХК-д хохирол учирсан талаарх аудитын дүгнэлт гаргах ажиллагаа хийгдээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тогтоож чадаагүй гэж үзэх үндэслэл  тогтоогдоно гэж шүүхээс дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хуульд заасны дагуу шалгаж, тогтоож чадаагүй нь гэмт хэрэг гарсан байдлыг нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул ***ийг бусдын итгэмжлэгдэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэж үзэх тухайн гэмт хэргийн үндсэн шинж үгүйсгэгдэж байна гэж шүүхээс дүгнэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хавтаст хэрэгт “***” ХХК-ийн дүрэм, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, гэрчилгээний хуулбар, хувьцаа эзэмшигчийн шийдвэр зэрэг баримтууд авагдсан, “***” ХХК тодорхой хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд санхүүгийн анхан шатны баримтууд болон санхүүгийн болон татварын тайлан зэргээр хохирогч “***” ХХК-д хэдэн төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоох бүрэн боломжтой, энэ ажиллагааг хийгээгүй, хийх боломжгүй талаар хавтаст хэргийн 156 дахь талд авагдсан “***” ХХК-ийн тайлбар, “Б Энд С аудит” ХХК-ийн албан бичиг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэг нь энэ гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэрэгсэхгүй болгож, ***ийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр ***ийг цагаатгаж шийдвэрлэсэн тул хохирогч “***” ХХК-ийн нэхэмжилсэн 2,663,128 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, “***” ХХК өөрт учирсан хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэйг тэмдэглэж байна.

 

Эрүүгийн 2210025521297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9 дүгээр зүйлийн 1, 2, 5, зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***эд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, ***ийг цагаатгасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хохирогч “***” ХХК-ийн нэхэмжилсэн 2,663,128 /хоёр сая зургаан зуун жаран гурван мянга нэг зуун хорин найм/ төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай.

 

3. Эрүүгийн 2210025521297 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, цагаатгагдсан этгээд энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол ***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.АЛТАНЖИГҮҮР