2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2182

 

                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Д.Агар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***, түүний өмгөөлөгч Л.Цэнддоо, шинжээч Э.Дарханбаяр, шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Цолмон-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303004830411 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол улсын иргэн, *** /РД: ***/.

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны шөнийн 22 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3”-ын урд уулзвар дээр “Тоуоtа Нагriег” маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” мөн дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно“ гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***г мөргөж амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр зуслан дээр манай гэрийнхэн цугласан. Орой 21 цагийн үед хот руу манай авга ах Г төрсөн дүү Б нар гэр бүлийн хамт талийгаачтай цуг хот руу явсан. 2023 оны  07 дугаар сарын 14-ний өглөө 6 цагийн үед ээжээс дуудлага ирж, дүү чинь эмнэлэг дээр байна гэж хэлсэн. Би 7 цагийн үед Гэмтлийн эмнэлэг дээр очиход осол нэгэнт болчихсон байсан, гомдолтой байна, хохиролд 49,415,294 төгрөг авсан, сэтгэцийн хохирлоо баримтаа бүрдүүлэн нэхэмжилнэ...” гэв.  

 

          Шүүгдэгч ***: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Миний хүү Монгол Телевизэд ажилладаг, наадмын шөнө буюу 12-оос 13-нд шилжих шөнө ажлаасаа буугаад явж байхад нь би, охин, хүргэний хамт Цэцэг төвийн тэндээс ***г аваад Яргайтын зуслан явцгаасан. Би хүүхдүүдтэйгээ хорхог, хуушуур хийж идэцгээж, наргиж тоглож байгаад тухайн өдрийнхөө буюу 2023 оны 07 дугаар сарын 13-ны орой 21 цагийн орчимд бүгдээрээ машинтай хөдөлцгөөсөн. Хүү *** нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Лавай захын ойролцоо гэр нь байдаг бөгөөд тухайн үед авга ах Гн машинд сууж явсан. Уг машин нь зүг нийлэх байсан учир суулгаад, манай бага хүү Б, эхнэр хүүхдийнхээ хамт сууцгаасан. Би охин Е-р гэртээ хүргүүлснийхээ дараа 22 цаг 32 минутын орчимд хүү *** рүү харьсан уу гэж асуух гээд залгахад хүү *** гар утсаа аваагүй, утас нь дуудаад байсан. Тэгээд хамт явсан дүү нь болох Брүү залгаад асуухад ***г гэрийнх нь гадаа буулгаад баяртай гэж хэлээд явсан гэж хэлэхээр нь би гэртээ амарсан. Маргааш өглөө би ажилтай байсан ба 07 цаг 30 минутын орчим над руу цагдаагийн газраас яриад осол болсон талаар хэлээд гэмтлийн эмнэлэг дээр яаралтай яваад очоорой гэж хэлэхээр нь би охин Е яриад охин, хүргэн нартай хамт гэмтлийн эмнэлэгт очиход ***г сэхээн амьдруулах тасаг руу оруулсан байсан. Эмчтэй нь уулзахад танай хүү авто осолд орсон, маш хүнд байна, найдваргүй шүү гэж хэлсэн. Тэр цагаас хойш би өнөөдрийг хүртэл хажуугаас нь ерөөсөө холдоогүй, хүүгээ сахиж байгаа, маш их гомдолтой байна, хүүгээ эрүүл саруул болгож, хөл дээр нь босгож авмаар байна. ...Хүү *** ер нь бол надтай хамт Баянзүрх дүүрэгт амьдардаг, найз охинтойгоо Лавай захын ойролцоо байр түрээслээд ирж очин байгаа гэсэн, би сайн мэдэхгүй байна. Би найз охиных нь талаар сайн мэдэхгүй. ...Тэр өдөр миний хүү *** ямар нэгэн согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Хар хөх өнгийн шорт, шар өнгийн резинен тавчиктай, малгайтай хар цамцтай, хар өнгийн пасктай явж байсан. ...Манай хүү *** хүүхэдгүй, гадуур шөнө оройгоор явдаггүй, ямар хүмүүстэй нийлдгийг нь мэдэхгүй байна. ...Хүүгээ ухаан ороосой гэж бодож байна, өөр ямар ч бодол алга, гомдолтой байна...” /1 хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн ослын талаар мэдэх зүйл надад байхгүй, осол болсон өдрийн 15 цагийн орчимд манай зуслан дээр манай хамаатан, ах дүү нар цугласан, тэндээ хоол идээд, даалуу тоглож байгаад орой 21 цагийн орчим ах дүү нар маань гэр гэртээ харихаар болж явцгаасан. Манай дүү *** ах Гн машинаар явсан. Г ахын машинд дүү Б, эхнэрийн хамт, талийгаач дүү ***, Г ахын эхнэр, хүүхдүүд суугаад явсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим манай ээж Э над руу залгаад дүү чинь осолд орсон байна гэж хэлсэн. Зуслан дээр байхдаа Б, түүний эхнэр, манай эхнэр гээд хүмүүс нэг, нэг шар айраг уусан байх. Би талийгаачид нэг лааз шар айраг задалж өгсөн. Ууж байхыг нь хараагүй, би гадаа хоол хийж байсан, талийгаач дүү маань наадмын өдрүүдэд шууд дамжуулгатай гээд төв цэнгэлдэх хүрээлэн дээ 3 хоног ажилласан, их ядарсан байсан...” /2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/ гэсэн,

 

            Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр эхнэр, хүүхдүүд болон зээ дүү Б нарыг өөрийнхөө машинд суулгаад Санзайн тийшээ талийгаач ***гийн ахынх нь зуслан дээр очсон. Тухайн үед бид нарыг очиход *** ирсэн байсан, тэндээ бид нар хорхог, хуушуур хийж идээд тоглож наадаад хэсэг байж байгаад оройны 21 цагийн орчимд өөрийнхөө машиндаа Б, түүний эхнэр, хүүхдийг, манай эхнэр хүүхдүүд, мөн ***г суулгаад Улаанбаатар хот руу харихаар хөдөлсөн. Замдаа бид нар юм ярьцгааж явсаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эрэлийн баруун талын гэрлэн дохиотой уулзварын наана зогсоод ***г буулгасан. Бид нар цааш яваад Бг эхнэр хүүхдийн хамт Нисэх дээр буулгаад цааш гэртээ харьцгаасан. Маргааш өглөө нь манай эхнэр лүү бэр эгч Эрдэнэчимэг осол болсон талаар хэлсэн. ...Эрэлийн баруун талын буюу цахилгаан станцын урд талын гэрлэн дохионы зүүнээс баруун зүгт явдаг замын нэгдүгээр эгнээнд буюу гэрлэн дохионоос зүүн тийш 2 машины зайтай газарт буулгасан, *** архи ууж, тамхи татдаггүй, замдаа ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, *** эрүүл буусан...” /1 дүгээр хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн,

 

            Гэрч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчим манай ээж Э залгаад ахын зуслан буюу Ялгайтад цугларч, гэр бүлээрээ хоол унд хийж идье гэж хэлсэн. Манай авга ах Г био-гоос эхнэр хүүхдүүдийн хамт машинтайгаа гараад замаараа манай гэр бүлийг Нисэхээс аваад шууд Яргайтын зуслан явцгаасан. Бид нарыг очиход манай ах нар болон ээж, дүү талийгаач *** нар бүгдээрээ ирцгээсэн байсан, бид нар хуушуур, хорхог хийж идээд, амарч байгаад оройны 21 цагийн орчимд Г ахын машинд ирсэн хүмүүс бүгд суугаад дээрээс нь ах *** нэмэгдэж суугаад хөдөлсөн. Яргайтын зуслангаас хөдлөөд зогсохгүй явсаар хамгийн эхэнд ***г Эрэлийн баруун талын буюу Лавай захын хойд талын уулзварын наана нь буулгаад чигээрээ хөдөлсөн. Бид нарыг буулгахад улаан гэрэл ассан байсан, яг ахыг буулгасны дараа ногоон гэрэл асахаар нь шууд хөдлөөд чигээрээ явцгаасан. Тэгээд нисэх дээр манай гэр бүл буугаад, Г ах гэр бүлээрээ цаашаа явцгаасан. Маргааш өглөө нь манай ээж залгаад ***г осолд орсон байна, гэмтэл дээр яаралтай ир гэж дуудсан. ...Орой 22 цаг 30 минутын орчим машинаас буусан, ах уг нь ээжтэй хамт амьдардаг, тэр өдөр эхнэр Ж тай уулзана гээд тэнд буусан, манай ах эхнэртэйгээ 10 гаруй жил болж байгаа ч тусдаа гараагүй байсан. ...Манай ах архи ууж, тамхи татдаггүй, эрүүл саруул буугаад үлдсэн, бид нар замаар гарахыг нь хараагүй, чигээрээ явцгаасан...” /1 дүгээр хавтас хэргийн 38 дахь тал/ гэсэн,

 

            Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны оройны 21 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, 234 дүгээр пост буюу Лавай захын хойд талын дөрвөн замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байгаад машиндаа суугаад байж байтал тас гэсэн чимээ гарсан. Тэр машин зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөсөн байсан ба осол гаргасан машиныг чигээрээ явчихлаа гэж бодоод хөдлөөд баруун эргэтэл осол гаргасан машин зогссон байсан, намайг хөдлөөд баруун эргэхэд зам дээр явган зорчигч мөргүүлсэн газар хэвтэж байсан, би мөргөсөн машины ард нь очиж зогсоход жолооч нь машинаасаа бууж ирсэн, машиныг нь унтраалгаад, түлхүүрийг нь авсан. Тэгээд би станцаараа жижүүрт мэдэгдсэн. ...Тэр явган зорчигч мөргүүлээд, шидэгдэж байхыг харсан...” /1 дүгээр хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн,

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз С, ***, түүний хүү Нэ манай охин С нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ***ийн Тоёото Хариер маркийн /улсын дугаарыг мэдэхгүй/ тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэндээсээ 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд бид нар буцаж Улаанбаатар хот руу хөдөлсөн. Хөдлөхдөө *** тээврийн хэрэгслээ жолоодоод хөдөлсөн. ...Улаанбаатар хотод ирэхэд цаг ойролцоогоор 22 цаг өнгөрч байсан байх. *** ойролцоогоор 5-6 цаг тасралтгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон байх, гэхдээ дундаа хэд хэдэн удаа зогссон, тэгээд Яармагийн гүүрний доод замаар ороод МЗМ-ын урд замаар ертөнцийн зүгээр зүүн чиглэлд ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтайгаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан санагдаж байна. Тухайн үед зам түгжрэлгүй байсан ба гэнэтхэн түс тас хийх чимээ гарч тээврийн хэрэгсэл зогссон. Юу болов гээд машинаасаа буугаад хартал *** тээврийн хэрэгслээрээ явган зорчигч мөргөсөн байсан. Тэгээд би өөрийн гар утсаараа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгсөн. Би тухайн үед гар утсаа оролдоод явж байсан учраас ***ийг тухайн ТЭЦ 3-н урд уулзварыг яаж нэвтэрснийг мэдэхгүй. Уулзварын гэрэл дохио ямар өнгөөр ассан байсныг мэдэхгүй, уулзварт ирээд зогсож байгаад хөдөлсөн үү, эсхүл зогсолт хийлгүйгээр шууд уулзварыг нэвтэрсэн үү гэдгийг мэдэхгүй, санахгүй байна. Тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн явган зорчигч хаанаас хаашаа чиглэлтэй зам хөндлөн гарч явсныг хараагүй, мэдэхгүй байна. Би тухайн осол болохыг хараагүй. Тухайн үед би гар утсаа оролдоод Сарангэрэл болон 2 хүүхэд унтаад явж байсан. ***ийн анхаарал сарних асуудал байгаагүй...” /2 дугаар хавтас хэргийн 82 дахь тал/ гэсэн,

           

            Гэрч Э.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 07 дугаар 10-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу нөхөр ***, хүү Н, найз А, түүний охин С нарийн хамт Тоёото Хариер загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. Тээврийн хэрэгслийг нөхөр *** бид хоёр ээлжлэн жолоодоод явсан. Тэгээд Архангай аймагт байж байгаад 2023 оны 07 дугаар сарын 13-ны өглөө 07 цагийн орчимд Улаанбаатар хот руу хөдөлсөн, Улаанбаатар хот руу *** тээврийн хэрэгслийг жолоодоод хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 09 цагийн орчимд /хаана гэдгийг нь мэдэхгүй байна/ амрахаар зогссон ба буцаж хөдлөхдөө би тээврийн хэрэгслийг жолоодоод *** арын суудалд суугаад хөдөлсөн. Тэгээд би тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад элсэн тасархай дээр очиж хэсэг хугацаанд амарсны дараа *** тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот руу хөдөлсөн. Тэгэхэд цаг 16 цаг болж байсан. Тэгээд явсаар байгаад оройн 22 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирсэн. *** тасралтгүйгээр 6 цаг орчим тээврийн хэрэгсэл жолоодсон. Би элсэн тасархайгаас хөдөлсөн цагаас эхлээд унтаад, сэрээд, унтаад, сэрээд явж байсан, хаагуур ямар замаар явж байсныг нь мэдэхгүй, гэнэтхэн түс, тас хийх чимээ гарч, тээврийн хэрэгсэл зогссон. Тэгээд би машинаас буугаад хартал манай машинд явган зорчигч мөргүүлсэн байсан. Мөргүүлсэн явган зорчигч ухаангүй, найз Ариунзаяа эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би явган зорчигч хаанаас явж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлснийг хараагүй, мэдэхгүй байна...” /2 дугаар хавтас хэргийн 84, 149 дэх тал/,

Шинжээч Э.Дарханбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “ДЦС-3”-ын урд замд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 45 минутын орчимд Тоёото Хариер маркийн ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн осол гаргаж буй дүрс бичлэгт үндэслэн хэргийн газрыг сэргээн дүрслэх шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнд “FАRО”, Virtual Car crash, sketchup, amped 5 гэх техник програм хангамж ашигласан. Тухайн “Fаго” гэх төхөөрөмж нь гадна, дотно, объектын бодит ЗД дүрслэл болон хэмжээс авдаг тусгай зориулалтын төхөөрөмж юм. Осол болсон гэх “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “ДЦС-3”-ын урд зам”-ыг төхөөрөмжийн тусламжтай ЗД зураглал болон хэмжээс авах зорилгоор сканердаж авсан.Тухайн сканердаж авсан дүрслэл болон хэмжилтээс шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгслийн байршил, замын хэмжилтийг гаргаж авсан. Уг гаргаж авсан мэдээлэл дээр тулгуурлан дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хурд болон хугацааг тогтоох зорилгоор “amped 5” гэх программ ашиглан дүрс бичлэгийг кадр бүрээр салгаж “Fаго” төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн зайд ямар нэгж хугацаа зарцуулж байгааг олж тогтоосон. Дээрх программ хангамж ашиглан хугацаа, хэмжилтийн үр дүнд үндэслэн явган зорчигч тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлж, Осол гарсан “А” цэг дээр хугацаанд тулгуурлан огтлолцол үүсэх боломжтой, боломжгүй байсан эсэхийг тогтоосон шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээнд ашигласан техник, программ хангамжууд олон улсын шүүх шинжилгээний байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой арга, аргачлалын дагуу ашиглагддаг сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи. Virtual car crash Sketchup программ хангамжуудаар гэрэл зургийн үзүүлэлт хийхэд ашигласан...” /2 хавтас хэргийн 135 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчимд би өөрийн эзэмшлийн Тоёота Хариер маркийн ***улсын дугаартай хар өнгийн машинтай эхнэр, өөрийн хүү, найз Ариунзаяа болон түүний охин нарын хамт Архангай аймгаас Улаанбаатар хотод орж ирээд зорчигч нараа буулгах гээд Моносын уулзвараар урагшаа эргээд ТЦС-ын урд замаар яваад Яармагийн гүүрний нүхэн гарцаар гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү ороод Мишээл худалдааны төвийн зүг баруунаас зүүн чиглэлд Дулааны цахилгаан станц 3-ын урд талын уулзвар руу дөхөөд явж байхад миний урд явж байсан машинууд ногоон өнгийн гэрлээр уг уулзвар руу нэвтэрч ороод чигээрээ явж байсан. Би араас нь уулзвар руу ногоон гэрлээр хурдаа хасаж ороод эхний явган хүний гарцаар гараад явж байхад эсрэг талд машинууд зогсож байгаа харагдсан. Би уулзвараар ногоон гэрлээр нэвтэрч ороход явган хүний гарцан дээр ямар ч хүн байгаагүй, харагдаагүй. Тэгээд уулзварын зүүн талын явган хүний гарц руу орох үед уг явган хүний гарцын цаахна талд замын хойд буюу зүүн гар талаас нэг юм сүүмэлзэх шиг болоод тас гэсэн чимээ гарсан. Би хүн мөргөснөө мэдээгүй чигээрээ баруун дараад хурдаа сааруулаад зогссон. Би машинаа зогсоогоод хамт явсан эхнэрээсээ асуухад мэдэхгүй гэхээр нь би машинаасаа буугаад эргэн тойрноо хараад мөн арагшаа харахад замын баруун хаяанд нэг хүн хэвтэж байсан. Би тэр хүн рүү гүйх гэтэл урдаас машин хүрээд ирсэн. Тэр машинаас нэг цагдаа бууж ирээд түргэн дууд гэж надад хэлсэн. Би тэр хүнийг ойртоод үзэх гэсэн боловч намайг машиндаа суугаад бичиг баримтаа бэлдээд байж бай гэж хэлсэн. Тэгээд тэр цагдаа манай эхнэрийг дуудаж уулзсан. Дараа нь цагдаагийн машин ирээд түүний араас түргэн ирсэн. Би ногоон гэрлээр нэвтэрч орсон. Намайг уулзвар руу дөхөж очиход ногоон гэрэл асаж байсан, би уулзвар руу дөхөж очоод хурдаа сааруулаад ногоон гэрлээр орсон...” /1 хавтас хэргийн 145 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 8932 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. ***гийн биед гавлын баруун зулай, чамархай, суурийн хөндийн хугарал, баруун хацар ясны нум, ухархайн хажуу ханын хугарал, баруун чамархай хэсэгт тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархай хэсэгт тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, гүүр хэсэг, баруун тал бөмбөлгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун хажуугийн ховдол, гуравдугаар ховдлын цус харвалт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, гуянд шарх, баруун хавирганы нум, аюулхайн баруун хэсэг, хүйсний баруун доод хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /1 хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

- Мөн газрын шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 3146 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “*** 34 эр ХII/132357” гэж хаягласан 21793961 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн “*** 34 эр ХII/132357” гэж хаягласан цусанд 2,2 промилли спирт илрэв. Цусан дахь 2,2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” /хавтас хэргийн 58-60 дахь тал/ гэсэн,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2016 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач ***гийн цогцост толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, гавлын баруун чамархайн урд хэсгээс доош суурийн баруун дунд хонхорын урд, ухархайн араар үнэрийн мэдрэлийн ялтас хүрсэн, зүүн чамархайн дунд хэсгээс чулуулгийн урдуур турк эмээл хүрсэн хугарал, хатуу хальсны дээрх баруун чамархай, суурийн баруун дунд хонхорын, хатуу хальсан доорх зүүн зулай, чамархай хэсгийн нимгэн цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн хажуу ховдол орчмын эдийн няцрал, баруун чамархай, хөмсөг, гуянд шарх, дух, эрүү, цээж, хэвлий, хоёр хөлөнд зулгаралт, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ.

5. ГССҮТ-ийн ЭЭТ-ийн 10594 дугаартай өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 202З оны 07 дугаар сарын 26-ны 00 цаг 25 минутад нас баржээ.

6. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

7. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна...” /1 хавтас хэргийн 63-67, 68-71 дэх тал/ гэсэн,

 

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: “...Хариулт 1. Тоёото маркийн Харрьер загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал нь стандартын шаардлага хангахгүй байна.

Хариулт 2. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд баруун ойрын гэрэл асахгүй, баруун дохио асахгүй, баруун ухрах асахгүй, баруун хойд зорчигчийн бүс ажиллахгүй, урд буфер баруун булан хагарсан, баруун их гэрэл хагарсан, баруун урд туслах гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлээс шалтгаалан өнгө үзэмж нь стандартын шаардлага хангахгүй байна.

Хариулт 3. Уг гэмтлүүд нь осол болоход үүссэн шинэ эвдрэл гэмтэл бөгөөд баруун хойд зорчигчийн бүс ажиллахгүй байгаа нь хуучин эвдрэл гэмтэл байна.

Хариулт 4. Шингэн дамжуулгатай ABS системтэй. Тоормосны систем хэвийн ажиллаж байна.

Хариулт 5. Тоормосны систем нь шингэн дамжуулгатай ABS-тэй тул дээрх тоормосны системүүдийн үед тээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.

Хариулт 6. Уг тээврийн хэрэгслийн спидометр нь хэвийн ажиллаж байна. Спидометр нь зам тээврийн осол гарахад ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй...” /1 дүгээр хавтас хэргийн 80-84 дэх тал/ гэсэн,

 

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3188 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн CD нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа автомашины хурдыг тогтоох боломжгүй...” /1 хавтас хэргийн 231-234 дэх тал/ гэсэн,

 

- Мөн газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 959 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “07.13.00.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг болон осол гарсан газрын нарийвчилсан цэгийн скан хийгдсэн файл дээр үндэслэн хэмжилт хийхэд “А” цэг нь замын гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна. 2. “А” цэг нь явган хүний гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна.

3. Дүрс бичлэгийн 00:00:06 секундэд дүрслэгдэх явган зорчигчийн хөл хэсэгт туссан гэрлийн зайг тодорхойлохын тулд ***гэх тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгалын зайг туршилтаар хэмжихэд 20 метр байна. Тээврийн хэрэгслийн жигд хурд болон хугацаагаар хүн болон тээврийн хэрэгсэл хоорондын зайг тооцоолоход 17 метр байх боломжтой.

4. ***гэх тээврийн хэрэгсэл нь 10 метр зайнд 64.26км/ц хурдтай 0.56с хугацаанд явж байгаа дүрс дүрслэгдэж байна.

5. ***гэх тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд явж байгаа дүрс дүрслэгдэж байна. Уг дүрс бичлэгийн 216 болон 217 дахь кадрын шилжилтийн дүрслэлд баруун талын их гэрлийн тусгал халхлагдаж байна. Иймд баруун талын их гэрэл талаар мөргөсөн байна.

6. ***гэх тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөхөөс өмнө зогсоох арга хэмжээ авсан дүрс дүрслэгдэхгүй байна.

7. ***гэх тээврийн хэрэгслийн дүрслэгдэх 228 болон 229 дэх кадрын шилжилтийн дүрслэлээс явган зорчигчийг мөргөсний дараа зогсоох арга хэмжээ авсан байна.

8. Осол болсон газрын нарийвчилсан хэмжилт болон дүрс бичлэгт тулгуурлан ослын үеийн хэмжилтийн үр дүнд тооцоолол хийхэд 7 метрийн өргөнтэй замыг 10км/ц жигд хурдтай явахад 2+0.41=2.41 с хугацаанд туулах байсан. ***гэх тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцаас “А” цэг хүртэлх 4.4 метр зайг 64.26км/цагийн жигд хурдтай явахад 0.24 секунд хугацаа зарцуулсан байна” зэрэг бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд 4.4 метр зайг 2.41 с+0.240=2.65 секунд хугацаа зарцуулсан бол явган зорчигч зам хөндлөн гарах боломжтой байна...” /2 хавтас хэргийн 122-131 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 хавтас хэргийн 3 дахь тал/,

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хэргийн 4-12 дахь тал/, 

- Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 17-20 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 21-24 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас хэргийн 74-76 дахь тал/,

- Мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/,

- Өвчний түүх /1 дүгээр хавтас хэргийн 91-119 дэх тал/,

- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал, төлбөрийн мэдээлэл /1 дүгээр хавтас хэргийн 127 дахь тал/,

- Хохирлын баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 129-185, 200-202 дахь тал, 2 дугаар хавтас хэргийн 4-7, 9-34 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /1 дүгээр хавтас хэргийн 187-199 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 155 дахь тал, 3 дугаар хавтаст хэргийн 46-51 дэх тал/,

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас хэргийн 203 дахь тал/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтас хэргийн 204 дэх тал/,

- Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, “ДЦС-3”-ын урд уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим, /1 дүгээр хавтас хэргийн 219-220 дахь тал/,

- Техникийн шинжээчийн дүгнэлт /1 хавтас хэргийн 249-250 дахь тал/,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 276 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтас хэргийн 93-98, 99-104 дэх тал/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас хэргийн 115-116 дах тал/,

- Шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 44, 45 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 224, 225 дахь тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 46 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтас хэргийн 47 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтас хэргийн 48 дахь тал/, гэрч С.Энхбаатарын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 151 дэх тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

1. Шүүгдэгч *** нь 2023 оны 07 дугаар сарын 13-ны шөнө 22 цаг 45 минутын орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3”-ын урд уулзвар дээр “Тоёото Хариер” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн, мөн дүрмийн 12.4-д заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно“ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч ***г мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эийн: “...Хүү *** рүү харьсан уу гэж асуух гээд залгахад гар утсаа аваагүй, утас нь дуудаад байсан. Тэгээд би хамт явсан дүү Б рүү залгаж асуухад ***г гэрийнх нь гадаа буулгаад баяртай гэж хэлээд явсан гэж надад хэлэхээр нь би гэртээ амарсан. Маргааш өглөө 07 цаг 30 минутын орчим над руу цагдаагийн газраас яриад осол болсон талаар хэлээд гэмтлийн эмнэлэг дээр яаралтай яваад очоорой гэхээр нь би охин Есүйтэй яриад замдаа охин, хүргэн нартай хамт гэмтлийн эмнэлэг дээр очиход ***г сэхээн амьдруулах тасаг руу оруулсан байсан. Эмчтэй нь уулзахад танай хүү авто осолд орсон маш хүнд байна, найдваргүй шүү гэж хэлсэн...” /1 дэх хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы: “...Осол болсон өдрийн 15 цагийн орчимд манай зуслан дээр манай хамаатан, ах дүү нар цугласан, тэндээ хоол идээд, даалуу тоглож байгаад орой 21 цагийн орчим ах дүү нар маань гэр гэртээ харихаар болж явцгаасан. Манай дүү *** ах Гн машинаар явсан. Тэгээд 2023 оны 07 дугаар сарын 14-ний өглөө 07 цагийн орчим манай ээж Эрдэнэчимэг над руу залгаад дүү чинь осолд орсон байна гэж хэлсэн...” /2 дугаар хавтаст хэргийн 71 дэх тал/ гэсэн, гэрч Г.Г: “...Замдаа бид нар юм ярьцгааж явсаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Эрэлийн баруун талын гэрлэн дохиотой уулзварын наана зогсоод ***г буулгасан. Бид нар цааш яваад Бг эхнэр, хүүхдийн хамт Нисэх дээр буулгаад цааш гэртээ харьцгаасан. Маргааш өглөө нь манай эхнэр лүү бэр эгч Эрдэнэчимэг осол болсон талаар хэлсэн. ...*** архи ууж, тамхи татдаггүй, замдаа ямар нэгэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, *** эрүүл буусан...” /1 хавтас хэргийн 35 дахь тал/ гэсэн, гэрч Э.Б: “...Оройны 21 цагийн орчимд Г ахын машинд ирсэн хүмүүс бүгд суугаад дээрээс нь ах *** нэмэгдэж суугаад хөдөлсөн. Яргайтын зуслангаас хөдлөөд зогсохгүй явсаар хамгийн эхэнд ***г Эрэлийн баруун талын буюу Лавай захын хойд талын уулзварын наана нь буулгаад чигээрээ хөдөлсөн. Бид нарыг буулгахад улаан гэрэл ассан байсан, яг ахыг буулгасны дараа ногоон гэрэл асахаар нь шууд хөдлөөд чигээрээ явцгаасан. Маргааш өглөө нь манай ээж залгаад ***г осолд орсон байна, гэмтэл дээр яаралтай ир гэж дуудсан. ...Манай ах архи ууж, тамхи татдаггүй, эрүүл саруул буугаад үлдсэн, бид нар замаар гарахыг нь хараагүй, чигээрээ явцгаасан...” /1 хавтас хэргийн 38 дахь тал/ гэсэн, гэрч Э.Гүнбилэгийн: “...2023 оны 07 дугаар сарын 12-ны оройны 21 цагийн орчим би Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо 234 дүгээр пост буюу Лавай захын хойд талын дөрвөн замын уулзвар дээр үүрэг гүйцэтгэж байгаад машиндаа суугаад байж байтал тас гэсэн чимээ гарсан. Тэр машин зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөсөн байсан ба осол гаргасан машиныг чигээрээ явчихлаа гэж бодоод хөдлөөд баруун эргэтэл осол гаргасан машин зогссон байсан, намайг хөдлөөд баруун эргэхэд зам дээр явган зорчигч мөргүүлсэн газар хэвтэж байсан, би мөргөсөн машины ард нь очиж зогсоход жолооч нь машинаасаа бууж ирсэн, машиныг нь унтраалгаад, түлхүүрийг нь авсан. Тэгээд би станцаараа жижүүрт мэдэгдсэн. ...Тэр явган зорчигч мөргүүлээд, шидэгдэж байхыг харсан...” /1 хавтас хэргийн 50 дахь тал/ гэсэн, гэрч Ц.А: “...Би 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр найз Сарангэрэл, ***, түүний хүү Нэгүүн манай охин Солонго нарын хамт Улаанбаатар хотоос Архангай аймаг руу ***ийн Тоёото Хариер загварын тээврийн хэрэгсэлтэй явсан. ...Тэгээд Яармагийн гүүрний доод замаар ороод МЗМ-ын урд замаар ертөнцийн зүгээр зүүн чиглэлд ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтайгаар зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байсан санагдаж байна. Тухайн үед зам түгжрэлгүй байсан ба гэнэтхэн түс тас хийх чимээ гарч тээврийн хэрэгсэл зогссон. Юу болов гээд машинаасаа буугаад хартал *** тээврийн хэрэгслээрээ явган зорчигч мөргөсөн байсан. Тэгээд би өөрийн гар утсаараа эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага мэдээллийг өгсөн. ***ийн анхаарал сарних асуудал байгаагүй...” /2 хавтас хэргийн 82 дахь тал/ гэсэн, гэрч Э.С: “...Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймаг руу нөхөр ***, хүү Нэгүүн, найз Ариунзаяа түүний охин Солонго нарийн хамт Тоёото Нариер загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй явсан. ...Тэгээд явсаар байгаад оройн 22 цагийн орчимд Улаанбаатар хотод орж ирсэн. ...Би элсэн тасархайгаас хөдөлсөн цагаас эхлээд унтаад, сэрээд, унтаад, сэрээд явж байсан, хаагуур ямар замаар явж байсныг нь мэдэхгүй, гэнэтхэн түс, тас хийх чимээ гарч, тээврийн хэрэгсэл зогссон. Тэгээд би машинаас буугаад хартал манай машинд явган зорчигч мөргүүлсэн байсан. Мөргүүлсэн явган зорчигч ухаангүй, найз Ариунзаяа эмнэлэг, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би явган зорчигч хаанаас явж байгаад тээврийн хэрэгсэлд мөргүүлснийг хараагүй, мэдэхгүй байна...” /2 хавтас хэргийн 84 дэх тал/, шинжээч Э.Дарханбаярын: “...2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийх тогтоолыг үндэслэн “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, “ДЦС-3”-ын урд замд 2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 45 минутын орчимд Тоёото Хариер маркийн ***улсын дугаартай” тээврийн хэрэгслийн осол гаргаж буй дүрс бичлэгт үндэслэн хэргийн газрыг сэргээн дүрслэх шинжилгээ хийсэн. Уг шинжилгээнд “FАRО”, Virtual Car crash, sketchup, amped 5 гэх техник программ хангамж ашигласан. Тухайн “Fаго” гэх төхөөрөмж нь гадна, дотно, объектын бодит ЗД дүрслэл болон хэмжээс авдаг тусгай зориулалтын төхөөрөмж юм. Осол болсон гэх “Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “ДЦС-3”-ын урд зам”-ыг төхөөрөмжийн тусламжтай ЗД зураглал болон хэмжээс авах зорилгоор сканердаж авсан.Тухайн сканердаж авсан дүрслэл болон хэмжилтээс шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгслийн байршил, замын хэмжилтийг гаргаж авсан. Уг гаргаж авсан мэдээлэл дээр тулгуурлан дүрс бичлэгт дүрслэгдэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хурд болон хугацааг тогтоох зорилгоор “amped 5” гэх программ ашиглан дүрс бичлэгийг кадр бүрээр салгаж “Fаго” төхөөрөмжөөр хийсэн хэмжилтийн зайд ямар нэгж хугацаа зарцуулж байгааг олж тогтоосон. Дээрх программ хангамж ашиглан хугацаа, хэмжилтийн үн дүнд үндэслэн явган зорчигч тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлж, Осол гарсан “А” цэг дээр хугацаанд тулгуурлан огтлолцол үүсэх боломжтой, боломжгүй байсан эсэхийг тогтоосон шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээнд ашигласан техник, программ хангамжууд олон улсын шүүх шинжилгээний байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдсөн тодорхой арга, аргачлалын дагуу ашиглагддаг сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологи. Virtual car crash Sketchup программ хангамжуудаар гэрэл зургийн үзүүлэлт хийхэд ашигласан...” /2 хавтас хэргийн 135 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч ***ийн: “...2023 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 22 цаг 40 минутын орчимд би өөрийн эзэмшлийн Тоёота Хариер загварын ***улсын дугаартай хар өнгийн машинтай эхнэр Сарангэрэл, өөрийн хүү Нэгүүн /2 настай/, найз Ариунзаяа болон түүний охин Солонго /З настай/ нарын хамт Архангай аймгаас Улаанбаатар хотод орж ирээд зоригч нараа буулгах гээд Моносын уулзвараар урагшаа эргээд ТЦС-ын урд замаар яваад Яармагийн гүүрний нүхэн гарцаар гараад Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр рүү ороод Мишээл худалдааны төвийн зүг баруунаас зүүн чиглэлд Дулааны цахилгаан станц 3-ын урд талын уулзвар руу дөхөөд явж байхад миний урд явж байсан машинууд ногоон өнгийн гэрлээр уг уулзвар руу нэвтэрч ороод чигээрээ явж байсан. Би араас нь уулзвар руу ногоон гэрлээр хурдаа багасгаж ороод эхний явган хүний гарцаар гараад явж байхад эсрэг талд машинууд зогсож байсан харагдсан. Би уулзвараар ногоон гэрлээр нэвтэрч ороход явган хүний гарцан дээр ямар нэгэн хүн ерөөсөө харагдаагүй. Тэгээд уулзварын зүүн талын явган хүний гарц руу орох үед уг явган хүний гарцын цаахна талд замын хойд буюу зүүн гар талаас нэг юм сүүмэлзэх шиг болоод тас гэсэн чимээ гарсан. Би хүн мөргөснөө мэдээгүй чигээрээ баруун дараад хурдаа сааруулаад зогссон. Би машинаа зогсоогоод хамт явсан эхнэрээсээ асуухад мэдэхгүй байна гэхээр нь би машинаасаа буугаад эргэн тойрноо хараад мөн арагшаа хартал замын баруун хаяанд нэг хүн хэвтэж байсан. Би тэр хүн рүү гүйх гэтэл урдаас машин хүрээд ирсэн. Тэр машинаас нэг цагдаа бууж ирээд түргэн дууд гэж надад хэлсэн. Би тэр хүнийг ойртоод үзэх гэсэн боловч намайг машиндаа суугаад бичиг баримтаа бэлдээд байж бай гэж хэлсэн. ...Намайг уулзвар руу дөхөж очиход ногоон гэрэл асаж байсан, би уулзвар руу дөхөж очоод хурдаа сааруулаад ногоон гэрлээр орсон...” /1 хавтас хэргийн 41-42 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 8932 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: ***гийн биед гавлын баруун зулай, чамархай, суурийн хөндийн хугарал, баруун хацар ясны нум, ухархайн хажуу ханын хугарал, баруун чамархай хэсэгт тархины хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн зулай, чамархай хэсэгт тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, гүүр хэсэг, баруун тал бөмбөлгийн эдийн няцрал, тархины аалзан хальсан доорх цус харвалт, баруун хажуугийн ховдол, гуравдугаар ховдлын цус харвалт, баруун дээд, доод зовхинд цус хуралт, баруун хөмсөг, гуянд шарх, баруун хавирганы нум, аюулхайн баруун хэсэг, хүйсний баруун доод осэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна /1 хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

- Мөн газрын 2023 оны 3146 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “*** 34 эр ХII/132357” гэж хаягласан 21793961 гэсэн дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ирүүлсэн “*** 34 эр ХII/132357” гэж хаягласан цусанд 2,2 промилли спирт илрэв. Цусан дахь 2,2 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээний дээжийн хэмжээ хүрэлцэхгүй байгаа тул шинжилгээ хийх боломжгүй байна...” /хавтас хэргийн 58-59 дэх тал/ гэсэн,

- Мөн газрын цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2023 оны 2016 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Талийгаач ***гийн цогцост толгойн хуйхан доорх баруун чамархай хэсгийн цус хуралт, гавлын баруун чамархайн урд хэсгээс доош суурийн баруун дунд хонхорын урд, ухархайн араар үнэрийн мэдрэлийн ялтас хүрсэн, зүүн чамархайн дунд хэсгээс чулуулгийн урдуур турк эмээл хүрсэн хугарал, хатуу хальсны дээрх баруун чамархай, суурийн баруун дунд хонхорын, хатуу хальсан доорх зүүн зулай, чамархай хэсгийн нимгэн цусан хураа, тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэн, хоёр тал бөмбөлгийн хажуу ховдол орчмын эдийн няцрал, баруун чамархай, хөмсөг, гуянд шарх, дух, эрүү, цээж, хэвлий, хоёр хөлөнд зулгаралт, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс гавал тархины гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. ГССҮТ-ийн ЭЭТ-ийн 10594 дугаартай өвчний түүхэнд дурдсанаар талийгаач нь 202З оны 07 дугаар сарын 26-ны 00 цаг 25 минутад нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь хоёрдугаар бүлгийн цустай байна...” /1 хавтас хэргийн 63-67 дахь тал/ гэсэн,

- Авто тээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлтэд: “...Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд баруун ойрын гэрэл асахгүй, баруун дохио асахгүй, баруун ухрах асахгүй, баруун хойд зорчигчийн бүс ажиллахгүй, урд буфер баруун булан хагарсан, баруун их гэрэл хагарсан, баруун урд туслах гэрэл асахгүй зэрэг эвдрэл, гэмтлээс шалтгаалан өнгө үзэмж нь стандартын шаардлага хангахгүй байна. Уг авто тээврийн хэрэгсэл Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0.5 мм, (стандарт 5мм) 1 дүгээр тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 3,68кН, баруун талдаа 3,9кН зөрүү нь 6,0% (стандарт <20%), 2 дугаар тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 2,38кН, баруун талдаа 2,89кН зөрүү 18% (стандарт <30%), байгаа нь стандартын шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. БНСУ-д үйлдвэрлэгдсэн МQD-ЗС маркийн Неаdlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 41800cd, ойр дээрээ 1800cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 7500сd, ойр дээрээ 0cd, (стандарт 10000-10000 cd) байгаа нь зүүн, баруун талын холын болон ойрын гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй байна. Автомашиныг суваг дээр үзлэг хийж үзэхэд мотор хроп явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл гэмтэлгүй байна. Автотээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн хээний гүний хэмжээг штангенциркуль багажаар хэмжилт хийж үзэхэд 3-5мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1.6мм-ээс багагүй байх) дугуйны хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна...” /1 хавтас хэргийн 80-82 дахь тал/ гэсэн,

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 3188 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн CD нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгт дүрслэгдэж байгаа автомашины хурдыг тогтоох боломжгүй...” /1 хавтас хэргийн 231-232 дахь тал/ гэсэн,

- Мөн газрын 2024 оны 959 дугаартай дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн “07.13.00.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг болон осол гарсан газрын нарийвчилсан цэгийн скан хийгдсэн файл дээр үндэслэн хэмжилт хийхэд “А” цэг нь замын гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна.

“А” цэг нь явган хүний гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна. Дүрс бичлэгийн 00:00:06 секундэд дүрслэгдэх явган зорчигчийн хөл хэсэгт туссан гэрлийн зайг тодорхойлохын тулд ***гэх тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгалын зайг туршилтаар хэмжихэд 20 метр байна. Тээврийн хэрэгслийн жигд хурд болон хугацаагаар хүн болон тээврийн хэрэгсэл хоорондын зайг тооцоолоход 17 метр байх боломжтой.

***гэх тээврийн хэрэгсэл нь 10 метр зайнд 64.26км/ц хурдтай 0.56с хугацаанд явж байгаа дүрс дүрслэгдэж байна.

***гэх тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд явж байгаа дүрс дүрслэгдэж байна. Уг дүрс бичлэгийн 216 болон 217 дахь кадрын шилжилтийн дүрслэлд баруун талын их гэрлийн тусгал халхлагдаж байна. Иймд баруун талын их гэрэл талаар мөргөсөн байна.

***гэх тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөхөөс өмнө зогсоох арга хэмжээ авсан дүрс дүрслэгдэхгүй байна.

***гэх тээврийн хэрэгслийн дүрслэгдэх 228 болон 229 дэх кадрын шилжилтийн дүрслэлээс явган зорчигчийг мөргөсний дараа зогсоох арга хэмжээ авсан байна.

Осол болсон газрын нарийвчилсан хэмжилт болон дүрс бичлэгт тулгуурлан ослын үеийн хэмжилтийн үр дүнд тооцоолол хийхэд 7 метрийн өргөнтэй замыг 10км/ц жигд хурдтай явахад 2+0.41=2.41 с хугацаанд туулах байсан. ***гэх тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцаас “А” цэг хүртэлх 4.4 метр зайг 64.26км/цагийн жигд хурдтай явахад 0.24 секунд хугацаа зарцуулсан байна” зэрэг бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд 4.4 метр зайг 2.41 с+0.240=2.65 секунд хугацаа зарцуулсан бол явган зорчигч зам хөндлөн гарах боломжтой байна...” /2 хавтас хэргийн 122-131 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /1 хавтас хэргийн 3 дахь тал/,  зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтас хэргийн 4-12 дахь тал/, жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15-16, 17-20 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас хэргийн 21-24 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтас хэргийн 74-76 дахь тал/, мөрдөгчийн магадалгаа /1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дахь тал/, Замын Хөдөлгөөний удирдлагын төвийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө, “ДЦС-3”-ын урд уулзварын гэрлэн дохионы ажиллах ерөнхий горим, /1 хавтас хэргийн 219-220 дахь тал/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтас хэргийн 115-116 дах тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч *** нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүний үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, ялын хугацаанд түүний оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *** нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол гарсан өдрөөс буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолох хууль зүйн үндэслэлтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч ***гийн амь нас хохирсон мөрдөн шалгах ажиллагааны явцад болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд 22,249,419 төгрөг, сэтгэл санааны хохиролд 85,000,000 төгрөг, бусад зардалд 21,538,137 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь мөрдөн шалгах, прокурор, шүүхийн шатанд оршуулгын болон бусад зардалтай холбоотой 49,415,294 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ы нэхэмжлэлээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт 85,000,000 төгрөг, бусад гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Их хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулагджээ. Тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь шинжилгээний байгууллагын бүрэн эрхэд хамаарна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу арилгахаар заасан боловч Иргэний хуулийн энэхүү зүйл, хэсэгт  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан тохиолдолд түүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох журмыг зохицуулсан. Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох, зайлшгүй шинжилгээ хийх үндэслэлийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хуульчилсан тул шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэх боломжгүй юм.

 

Эрүүгийн 2303004830411 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалах, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, жолооч ***ийн №1089217 дугаартай үнэмлэх хэргийн хамт ирүүлсэн бөгөөд уг үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, Б.Цолмон-Эрдэнэ нараас “...Шинжээчийн дүгнэлтээр ослын шалтгаан нь явган зорчигч нь Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн нь осол болох шалтгаан болсон гэж үзэх үндэслэлтэй. Давуу эрхийн асуудал яригдана, хөдөлгөөнөө зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр үргэлжлүүлж байсан тээврийн хэрэгслийн жолооч давуу эрхтэй юм, иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, ***ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.

 

Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 959 дугаартай дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн “07.13.00.mp4” гэсэн нэртэй дүрс бичлэг болон осол гарсан газрын нарийвчилсан цэгийн скан хийгдсэн файл дээр үндэслэн хэмжилт хийхэд “А” цэг нь замын гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна. 2. “А” цэг нь явган хүний гарцаас 4.4 метр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн тусгаарлах цагаан зурааснаас 5.8 метр байна.

3. Дүрс бичлэгийн 00:00:06 секундэд дүрслэгдэх явган зорчигчийн хөл хэсэгт туссан гэрлийн зайг тодорхойлохын тулд ***гэх тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгалын зайг туршилтаар хэмжихэд 20 метр байна. Тээврийн хэрэгслийн жигд хурд болон хугацаагаар хүн болон тээврийн хэрэгсэл хоорондын зайг тооцоолоход 17 метр байх боломжтой.

4. ***гэх тээврийн хэрэгсэл нь 10 метр зайнд 64.26км/ц хурдтай 0.56с хугацаанд явж байгаа дүрс дүрслэгдэж байна.

5. ***гэх тээврийн хэрэгсэл нь 2 дугаар эгнээнд явж байгаа дүрс дүрслэгдэж байна. Уг дүрс бичлэгийн 216 болон 217 дахь кадрын шилжилтийн дүрслэлд баруун талын их гэрлийн тусгал халхлагдаж байна. Иймд баруун талын их гэрэл талаар мөргөсөн байна.

6. ***гэх тээврийн хэрэгсэл нь явган зорчигчийг мөргөхөөс өмнө зогсоох арга хэмжээ авсан дүрс дүрслэгдэхгүй байна.

7. ***гэх тээврийн хэрэгслийн дүрслэгдэх 228 болон 229 дэх кадрын шилжилтийн дүрслэлээс явган зорчигчийг мөргөсний дараа зогсоох арга хэмжээ авсан байна.

8. Осол болсон газрын нарийвчилсан хэмжилт болон дүрс бичлэгт тулгуурлан ослын үеийн хэмжилтийн үр дүнд тооцоолол хийхэд 7 метрийн өргөнтэй замыг 10км/ц жигд хурдтай явахад 2+0.41=2.41 с хугацаанд туулах байсан. ***гэх тээврийн хэрэгсэл нь явган хүний гарцаас “А” цэг хүртэлх 4.4 метр зайг 64.26км/цагийн жигд хурдтай явахад 0.24 секунд хугацаа зарцуулсан байна” зэрэг бичгийн нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Иймд 4.4 метр зайг 2.41 с+0.240=2.65 секунд хугацаа зарцуулсан бол явган зорчигч зам хөндлөн гарах боломжтой байна...” /2 хавтас хэргийн 122-131 дахь тал/ гэсэн дүгнэлт, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Э.Дарханбаярын мэдүүлгээр шүүгдэгч *** Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүйн дээр гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халтар овогт Энхбаатарын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид шийтгэсэн зорчих эрхийг хязгаарлах 2 /хоёр/ жилийн ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Шүүгдэгч ***ид шийтгэсэн 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оос хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***д 49,415,294 /дөчин есөн сая дөрвөн зуун арван таван мянга хоёр зуун ерэн дөрөв/ төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** сэтгэцийн хор уршигт учирсан хохирол болон бусад гарсан зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

7. Эрүүгийн 2303004830411 дугаартай хэрэгт хураагдан ирүүлсэн ***ийн №1** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.

 

8. Эрүүгийн 2303004830411 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** гомдолтой гэснийг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.АЛТАНЖИГҮҮР